| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2234004340315 |
| Дугаар | 2025/ДШМ/39 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/39
2025 6 05 2025/ДШМ/39
Ц.Т-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Уянга
Шүүгдэгч Ц.Т
Шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч Л.Намнансүрэн
Иргэний хариуцагч П.Дн өмгөөлөгч Д.Ганбат
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т-гийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Т-д холбогдох эрүүгийн 2234004340315 дугаар хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Б овогт Ц Т, 1995 оны 8 дугаар сарын 21-нд Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, ... тоотод оршин хаяг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлж байгаагүй,
2. Ц.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 6688 УНҮ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2-н “д” буюу “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Уушгийн хөтөл гэх газар хатуу хучилттай асфальтан замд зам тээврийн осол гарч 1919 УБМ улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгсэл, 3300 АРА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 6688 УНҮ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгсэл, 6034 УББ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, 3989 УНУ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөж, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн Прокурорын газраас Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ц Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хот Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн, эсхүл биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-гээс 5.065.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б, 4.024.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б, 1.158.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т тус тус олгож, хохирогч Б-өд шүүгдэгч Ц.Т, иргэний хариуцагч Д нараас гаргуулах хохирол төлбөргүйг дурдаж, иргэний хариуцагч Д-н 12.181.200 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдан шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нийт дөрвөн үндэслэлийн хүрээнд давж заалдах гомдол гаргасан.
Үүнд: Анхан шатны шүүх “1.4. Эрх зүйн дүгнэлт:” гэх хэсэгтээ дараах дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит үйл баримтад нийцсэн үнэн, зөв шударга дүгнэлтийг хийж чадаагүй, үйл баримтын зарим хэсгийг орхигдуулан дүгнэлт хийж гэмт хэргийн шууд шалтгаан нөхцөлийг буруу тодорхойлж дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр алдаатай болсон, гэм буруутай зарим яллагдагчийн үйлдлийн талаар шударгаар дүгнэлт хийхгүй орхигдуулсны улмаас гэм буруугийн талаар үнэн зөв, бүрэн дүгнэлт хийж чадаагүй, улмаар бусдад ял завших хууль бус боломж бүрдүүлсэн шийдвэр гаргасан, осол болсон “А” цэг болон түүнээс цааш үргэлжилсэн ослын бодит байдалд үнэн зөв, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Уг хэсэгтээ: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 81 дугаар дүгнэлтээр “...хохирогч Б биед баруун шаант ясны зөрүүгүй далд хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сариулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн хүндэвтэр гэмтэл учирсныг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Т-гийн Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд дээрх үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Тухайлбал, энэхүү хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж, харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн /үедээ/ үйлдсэн нь хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон юм.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд тээврийн хэрэгслийн жолоодох эрх хасуулсан үедээ /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн/ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглосон үйлдлийг буюу тухайн замын ачаалал хязгаарлагдмал замд гүйцэт түрүүлэх үйлдэл хийж Ж.Б жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур анхаарал болгоомжгүй орсон зэрэг нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Т нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй болсон байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэргийн бодит үйл баримтын талаар дараах алдаатай дүгнэлтүүдийг өгч хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй.
Үүнд: Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 81 дугаар дүгнэлтээр тогтоогдсон “хохирогч Б биед учирсан хүндэвтэр гэмтэл” шүүгдэгч Т-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоо байхгүй байхад энэ талаар буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн алдаатай болсон.
Өөрөөр хэлбэл 2 тусдаа яллагдагчийн 2 тусдаа үйлдэл холбогдлоос аль үйлдэл холбогдолтой шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б биед хүндэвтэр хохирол учирсан болох талаар зөв зааглан ялгаж шударга дүгнэлт хийж чадаагүй.
Яллагдагч Д буруутгаж байгаа хууль зүйн үндэслэлтэй шууд шалтгаант холбоотойгоор буюу түүний шууд мөргөсөн портер маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Б биед хүндэвтэр гэмтэл учирсан байгаа талаар хэргийн бодит байдлыг зөв олж тогтоож чадаагүй.
Нөгөө талаас нь тодруулж дүгнэвэл, хохирогч Б сууж явсан портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ц.Т мөргөөгүй, шүүгдэгч Т-гийн хувьд гүйцэт түрүүлэн эгнээ байраа эзлэх үед болон эзэлсний дараа түүний өмнөх болон хойно нь явж байсан тээврийн хэрэгслүүд хоорондоо ямар нэгэн байдлаар мөргөлдөж, шүргэлцсэн зүйл огт байдаггүй бөгөөд энэ нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Т-гийн үйлдлээс шууд шалтгаант холбоотойгоор аваар, осол болоогүй болох нь хангалттай тогтоогдож байгаа болно.
Харин эсрэгээрээ дээрх тээврийн хэрэгслүүдийн цувааны хамгийн ард явсан яллагдагч Д нь хохирогч Б сууж явсан портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар портер маркийн тээврийн хэрэгсэл нь мөргүүлсний улмаас өмнөх тээврийн хэрэгслүүдийг тэр хүчээрээ мөргөж, хойноосоо урагш чиглэлтэйгээр өмнөх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн замын хөдөлгөөний осол болсон болох нь хэргийн газрын үзлэгээр хангалттай тодорхой байдлаар ямар нэгэн эргэлзээгүй байдлаар тогтоогддог болно.
Тиймээс ч ослын “А” цэгийг П.Д-н унаж явсан тээврийн хэрэгсэл хохирогч Б сууж явсан портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн цэгээс тогтоож хэргийн газрын үзлэгээр бэхжигдсэн, энэ нь гэрч нарын мэдүүлгээр өгсөн байгаа үйл баримтын дарааллаар тогтоогддог болно.
Түүнчлэн хаанаас, хэн эхэлж мөргөсөн болохыг яллагдагч П.Д-н тээврийн хэрэгсэлд сууж явсан гэрч өөрийн мэдүүлгээрээ тодорхой мэдүүлдэг. Хэргийн энэхүү бодит байдлыг зөв тогтоож шийдэхгүйгээр хэргийн үйл баримтын дарааллыг тогтоогдсон “А” цэгийн эсрэг дүгнэлт өгсөн нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүйн тодорхой жишээ юм.
Улсын яллагч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хэргийн бодит байдлыг буруу дүгнэсэн алдаанаас үүдэлтэйгээр яллагдагч П.Д-н үйлдэл холбогдлыг хууль буруу хэрэглэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн хувь заяаг бүрхэгдүүлж, нэг талдаа ял завших хууль бус боломжийг бүрдүүлж, нөгөө талдаа Ц.Т-д ял оногдуулсан хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэсэн. Үүнийг анхан шатны шүүх нь залруулах ёстой байтал залруулж чадаагүй төдийгүй ял завших, ял оногдуулсан шийдвэрийг гаргасанд маш их гомдолтой байна.
Тэр ч бүү хэл анхан шатны шүүх нь П.Д-н үйлдэл холбогдлыг хууль бусаар хэрэгсэхгүй болгосон үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн дээрх гажуудуулсан дүгнэлттэй холбоотойгоор хохирол, хор уршгийг шийдвэрлэхдээ шууд буруутай үйлдлээрээ мөргөж бусдад учруулсан П.Д-н хохирлыг бүхэлд нь Ц.Т-гээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй бөгөөд П.Д-д хууль бус давуу байдал олгосон шийдвэрийг гаргасан.
Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх уг зам тээврийн осол шүүгдэгч Ц.Т-гийн буруугаас үүдэлтэй гэдгийг тогтоосон. Тухайн үед замаар зорчин явсан машинууд хөдөлгөөний ачааллаас үүдэн удаашралтай цуваад явж байхад Ц.Т гүйцэт түрүүлэх үйлдэл хийн мал ачиж явсан портер маркийн тээврийн хэрэгслийн урдуур орсон бөгөөд портер машины жолооч түүнийг мөргөхгүйн тулд тормос гишгэсэн хэмээн мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд Д иргэний хариуцагчаар татсан, шүүх түүний тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг өөрт нь хариуцуулан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.
7. Иргэний хариуцагч П.Д-н өмгөөлөгч Д.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн байдлаар энэ хэрэг гараад 2 жил 11 сарын хугацаа өнгөрч байна. Хэрэгт авагдсан нотлох баримт болох хэргийн газрын үзлэг алдаатай болсон буюу “А” цэг буруу тогтоогдсон. Үүнийг залруулж өгнө үү хэмээн шүүхэд хандсан боловч хүсэлтийг хангаагүй. Харин хэргийн үйл баримтын талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул манай талаас хүндэтгэлтэй хандан давж заалдах гомдол гаргаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
8. Шүүгдэгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2022 оны 6 дугаар сард болсон. Анхнаасаа шударга бус зүйл явагдаад байсан учир өмгөөлөгчөө сольсон. Миний хувьд жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь буруу. Анхан шатны шүүх П.Д-н үйлдлийн талаар огт дүгнэлт өгөөгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлын дагуу Ц.Т-д холбогдох эрүүгийн 2234004340315 тоот хэргийг тус шүүх 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд заасны дагуу бүхэлд нь хянан үзлээ.
2. Ц.Т-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалган тодруулсан байх бөгөөд уг нотлох баримтуудыг цуглуулан бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байна.
3. Прокуророос Ц.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн 6688 УНҮ улсын дугаар бүхий Тоёота Харрер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр, “Уушгийн хөтөл” гэх газрын хатуу хучилттай асфальтан замд замын хөдөлгөөнд оролцон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг болон мөн дүрмийн 13.2-н “д” “...гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас 1919 УБМ улсын дугаартай “Тоёота Ланд 200” маркийн тээврийн хэрэгсэл, 3300 АРА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 6688 УНҮ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн тээврийн хэрэгсэл, 6034 УББ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, 3989 УНУ улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн зам тээврийн осол гарч, 3300 АРА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б, гэрч Б.Баярсайхан, Ж.Наранцэцэг, Ё.Дагиймаа, иргэний нэхэмжлэгч Э.Баттулга, Б.Байгалмаа, Ч.Төрхүү, иргэний хариуцагч П.Д, шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 81 болон Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг дүгнэсэн ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11/17, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05/13 дугаар шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй, материаллаг бүрэлдэхүүнтэй, жолоодох эрх хасуулсан үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, жолооч гүйцэт түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг, гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй гүйцэж түрүүлэхийг хориглосон үйлдлийг буюу тухайн замын ачаалал хязгаарлагдмал замд гүйцэт түрүүлэх үйлдэл хийж Ж.Б жолоодож явсан тээврийн хэрэгслийн урдуур анхаарал болгоомжгүй орсон зэрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
5. Тодруулбал: Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болон хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох;
Хохирогч Б“...2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр ахын хүүхэд Э.Баттулга мөн түүний хадам ээж Ж.Наранцэцэг нарын хамтаар Улаанбаатар хот орохоор Архангай аймгийн Батцэнгэл сумаас дүү Э.Баттулгын Х.Портер маркийн 3300 АРА улсын дугаартай автомашинтай явж байгаад тухайн өдрийн 16 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын орчим зам тээврийн осолд орсон. ...Манай машиныг хар өнгийн Харрьер маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн эсрэг талын зүүн гар талаар гүйцэт түрүүлж манай машины өмнүүр орж хурдаа хасан тоормос гишгэсэн. Манай дүү Э.Баттулга дагаад мөн хурдаа хасаад тоормос гишгэсэн, тэгтэл тас гээд хүчтэй манай машины араас машин мөргөх шиг дуу гарсан. Манай машин засмал зам дээр чиг хойд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. ...буугаад хартал манай машин урдаас мөргүүлсэн байдалтай чихэгдсэн байсан. Манай машины зүүн урд талд хар өнгийн Харрьер маркийн машин..., ...засмал замын урд талд хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Харрьер маркийн тээврийн хэрэгсэл урдаа явсан Т.Приүс маркийн машиныг мөргөсөн байдалтай байсан, харин манай машиныг осолд ороод засмал зам дээр хөндөлсөж байх үед урдаас ирж мөргөсөн эсрэг урсгалд явж байсан гэх ногоон өнгийн Истана маркийн машин засмал замын хойд тал руу засмал замаас буусан байдалтай зогсож байсан. ...Би тухайн ослыг харсан. Манай машиныг гүйцэт түрүүлж нэг хар өнгийн Харрьер машины өмнө тоормос гишгэж хурдаа хассан. Тэгтэл манай дүү Э.Баттулга Харрьер машиныг араас нь мөргөхгүйн тулд мөн тоормос гишгэсэн, тэгтэл удалгүй араас тас гэх хүчтэй дуу чимээ гарсан. ...Ослын улмаас миний баруун талын хөлийн шилбэ яс хугарч, зүүн хөл шагай хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. ...Э.Баттулга маш бага 30-40км цагийн хурдтай явж байсан байх...” /хх-ийн 1-р хавтас 53-54-р тал/ гэх,
Ч.Төрхүүгийн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн “...Би өмнө ослын талаар өөрийн мэдэх /6034 УББ улсын дугаартай Т.Приус-20 маркийн машинтай өөрийн төрсөн охин Т.Түмэннасантай... явж байсан. ...голын толинд хартал хар өнгийн Харрьер маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж миний машины баруун талын хойд хэсэг рүү мөргөсөн..., ...машинаас бууж иртэл ар талд олон машин мөргөлдсөн аваар гарсан байсан. ...Портер машины жолооч тухайн үед миний машины өмнүүр хар Харрьер машин гүйцэт түрүүлж дарж орсон. Тэгсэн миний араас Ланд-200 машин мөргөчихлөө гэж ярьж байсан. ...20-30 км/цагийн хурдтай явж байсан /хх-ийн 1-р хавтас 49-51-р тал/ зүйлийн талаар мэдүүлсэн...” гэх болон,
Мөн түүний гэрчээр мэдүүлсэн “...6688 УНҮ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн автомашин нь миний жолоодож явсан автомашины ардаас буюу баруун хойд тал руу мөргөсөн. Би нэг л удаа мөргөлт мэдэрсэн...” /хх-ийн 1-р хавтас 58, 70-р тал/ гэх,
Иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын “...тухайн үед хөдөлгөөний эрчим ихтэй автомашинууд цуваанд ороод ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Тэгтэл миний зүүн гар талаар 6688 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлээд урд орж ирээд нам зогссон. ...Би шууд зогсоох арга хэмжээ аваад тоормос гишгээд хурдаа сааруулаад бараг зогсож байтал ардаас тас гээд яваад өгсөн. Би эсрэг урсгалд эргээд зогсчихсон. ...Хэрвээ ардаас Ланд-200 маркийн автомашин мөргөөгүй бол би Харрьер маркийн автомашиныг мөргөхгүйгээр зогсож чадах байсан. ...Миний жолоодон явсан автомашины ардаас Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд би мөргүүлсэн эрчиндээ Харрьер маркийн автомашиныг мөргөөд эсрэг урсгалд орж Истана маркийн автомашинтай мөргөлдсөн. ...Харрьер маркийн автомашин Приүс-20 маркийн автомашиныг мөргөсөн юм шиг байна лээ...” /хх-ийн 1-р хавтас 61-р тал/ гэх,
Гэрч Б.Баярсайханы “...3989 УНУ тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Архангай аймаг руу явах замд 16 цаг 30 минутын үед Төв аймгийн Аргалант сумыг дамжин өнгөрөх гээд явж байтал гэнэт эсрэг урсгалаас цэнхэр өнгийн ачаатай Х.Портер машин өөдөөс урсгал сөрж гарч ирээд миний машины жолооч талын хаалга хэсэг рүү мөргөсөн...”
“...3300 АРА улсын дугаартай Х.Портер маркийн автомашиныг 1919 УБМ улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин мөргөөд мөргүүлсэн эрчиндээ гулгаад Портер эсрэг урсгалд миний жолоодож явсан автомашиныг мөргөсөн...” /хх-ийн 1-р хавтас 72-73, 75-р тал/ гэх,
Гэрч Ж.Наранцэцэгийн “...3300 АРА улсын дугаартай автомашинтай..., ...осолд орсон. Би тухайн осол болох үед машин дотор унтаж явсан. Тэгтэл тас гээд хүчтэй дуу гарахаар цочоод сэртэл манай машин засмал зам дээр хойд зүг рүү харсан байдалтай зогсож, манай хүргэн Э.Баттулга машины үрүүл сандал хоёрынхоо дунд хавчуулагдсан байсан. ...Машинаас буугаад хартал манай машин урдаас мөргүүлсэн байдалтай чихэгдсэн, машины зүүн хойд талд хар өнгийн Харрьер маркийн машин, засмал замын урд талд хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Харрьер маркийн тээврийн хэрэгсэл урдаа явсан Т.Приүс-20 маркийн машиныг мөргөсөн байдалтай байсан. Харин манай машиныг осолд ороод засмал зам дээр хөндөлсөж байхад эсрэг урсгалд явж байсан гэх ногоон өнгийн Истана маркийн машин засмал замын хойд тал руу засмал замаас буусан байдалтай зогсож байсан...” /хх-ийн 1-р хавтас 77-78-р тал/ гэх,
Гэрч Ё.Дагиймаагийн “...П.Дн эзэмшлийн хар өнгийн Ланд-200 маркийн машинтай өглөөний 11 цагийн үед хөдөлсөн. ...Ланд-200 маркийн 1919 УБМ улсын дугаартай машины өмнө хонь ачсан цэнхэр өнгийн Х.Портер маркийн машин явж байсан. ...Тэгээд удалгүй Харрьер маркийн машин манай машины өмнө явж байсан цэнхэр өнгийн Х.Портер маркийн машины урдуур дарж ороод тэгтэл удалгүй тар няр дуугарсан. Тухайн үед юу болов гээд орилтол манай машины жолооч Д тоормос гишгээд Х.Портер маркийн машиныг араас нь мөргөөд баруун гар тийшээ зам чөлөөлөөд зогссон..., ...50-60 км цагийн хурдтай явж байсан...” /хх-ийн 1-р хавтас 80-81-р тал/ гэх,
Иргэний хариуцагч П.Дн “...1919 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзэр-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй би өөрөө жолоо барьж Улаанбаатар хот руу хөдөлсөн. ...замын ачаалал их удаашралтай, машинууд цувсан байдалтай явж байхад 6688 УНҮ улсын дугаартай хар өнгийн Харрьер маркийн машин намайг гүйцэт түрүүлсэн. ...Харрьер маркийн машин том машинтай мөргөлдөхгүйн тулд миний урьд явж байсан Приүс-20 маркийн машиныг мөргөж зогссон ба хойно нь явж байсан Портер маркийн машин гэнэт тоормосолсон. ...би шууд тоормосоо гишгэсэн бөгөөд миний машин зогсохгүй болохоор урд талын Портер маркийн машиныг мөргөхгүйн тулд замын хажуу руу буюу баруун гар тал руугаа үрүүлээ дартал амжилгүй өөрийнхөө зөв талаар Портер маркийн машины баруун хойд талыг мөргөсөн..., ...Портер эсрэг урсгал руу орж Истана маркийн машинтай мөргөлдсөн байдалтай байсан..., ...би 50-60 км цагийн хурдтай явж байсан...” /хх-ийн 1-р хавтас 67-68-р тал/ гэх мэдүүлгүүд,
Шинжлэх ухааны техникийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны 11/17 тоот “...Хариулт 1. “...Т.Ланд-200 маркийн 1919 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт буюу “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг ... мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын ... зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэснийг зөрчсөн байна...”,
“Хариулт 3. “...Т.Харьер маркийн 6688 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...”, 13.2 “д”-р заалт буюу “гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд ... гүйцэж түрүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна... ”,
“Хариулт 6. “Т.Ланд-200 маркийн 1919 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Днь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалт, Т.Харьер маркийн 6688 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 болон 13.2 “д”-р заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна...”,
“Хариулт 1.3. “...Хавтаст хэрэгт авагдсан “А” цэг нь Тоёота Ланд Круйзер-200 маркийн автомашины дугуйн чиг өөрчлөгдсөнийг заасан бөгөөд энэ нь үндэслэлтэй зөв тогтоогдсон гэж үзэж байна...”,
“Хариулт 1.4. “Хавтаст хэрэгт авагдсан материал, хэмжилтийн бүдүүвч зураг, автомашинуудад үүссэн эвдрэл гэмтэл зэргээс үзэхэд 3300 АРА улсын дугаартай Портер маркийн болон Тоёота Ланд Круйзер маркийн тээврийг хэрэгслүүд нь эхэлж мөргөлдсөн байна...” /хх-ийн 1-р хавтас 148-151-р тал/ гэх,
Мөн сургуулийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийсэн “...Т.Харьер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-н “д”-д заасныг, Т.Ланд-200 маркийн 1919 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д мөн дүрмийн 11.4-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна...” гэх 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05/13 дугаар /хх-ийн 1-р хавтас 155-156-р тал/ шинжээчийн дүгнэлтүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 29-40-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл;
2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт II дугаар баг “Уушгийн хөтөл” гэх газрын Улсын чанартай асфальтан замын хөдөлгөөний эрчим удааширсантай холбогдуулан Ч.Төрхүү 6034 УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 20-30 км цагийн, түүний араас Э.Баттулга 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 30-40 км цагийн, түүний араас Д1919 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 50-60 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцон явсан.
Энэ үед Ц.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ өөрийн эзэмшлийн 6688 УНҮ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Э.Баттулгын жолоодон явсан 3300 АРА, П.Д-н жолоодон явсан 1919 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэн Ч.Төрхүүгийн жолоодон явсан 6034 УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн болон Э.Баттулгын жолоодон явсан 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслүүдийн голоор орсон.
Үүнээс үүдэн Э.Баттулга өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээр Ц.Т-гийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөхгүйн тулд хурдаа хасан тоормос гишгэх үед түүний ард зорчин явсан Д өөрийн жолоодон явсан 1919 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр Э.Баттулгын жолоодон явсан 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөснөөс үүдэн Э.Баттулга 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Ц.Т-гийн жолоодон явсан 6688 УНҮ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөн улмаар араасаа мөргүүлсэн эрчиндээ замын эсрэг урсгалаар өөдөөс нь ирж байсан Б.Баярсайханы жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байсан 3989 УНУ улсын дугаартай Стана маркийн автомашинтай тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөлдөн 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б эрүүл мэндэд “баруун шаант ясны зөрөөгүй далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан.
Ц.Т жолоодон явсан 6688 УНҮ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн тээврийн хэрэгслийг Э.Баттулгын жолоодон явсан 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд араасаа мөргүүлсний улмаас мөн Ч.Төрхүүгийн жолоодон явсан 6034 УББ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн үйл баримтуудын талаар тусгагджээ.
6. Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон нийгэмд аюултай хор уршиг хооронд тогтсон объектив зайлшгүй харилцан хамаарлыг гэмт хэргийн шалтгаант холбоо хэмээн үздэг ба гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа нөхцөл байдал, зэвсэг хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг байдаг. Объектив талын үндсэн шинж тодорхой гэмт хэрэгт заавал байх ёстой шинжүүд бөгөөд уг шинж байхгүй бол гэмт хэрэг үгүйсгэгддэг учиртай.
7. Дээрх нотлох баримтуудад тусгагдсан үйл баримтуудыг дүгнэн үзвэл;
7.1. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.5-р зүйлд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг сахин биелүүлдэг байвал зохино хэмээн заасан хэдий ч Ц.Т2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тухайн зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож мөн дүрмийн 13.1, 13.2-н “д”-д заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон ч энэ нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэхээр байна.
8. Харин иргэний хариуцагч Д1919 УБМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дээр дурдсан Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр мөн дүрмийн 11.14-т “...жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэж заасныг зөрчин Э.Баттулгын жолоодон явсан 3300 АРА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эхэлж мөргөснөөс үүдэн хохирогч Бэрүүл мэндэд хүндэвтэр болон Ч.Төрхүү, Э.Баттулга, Б.Баярсайхан нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүдэд хохирол учирсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Т-гийн иргэний нэхэмжлэгч Ч.Төрхүү, Э.Баттулга нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүдийн дундуур замын хөдөлгөөний дүрэм зөрчин гүйцэж түрүүлэн үйлдэл хийн орсон үйлдэл нь иргэний хариуцагч П.Дн Замын Хөдөлгөөний дүрэм зөрчин, замын нөхцөл байдалд тааруулан урдаа яваа тээврийн хэрэгслийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зай барин хурдаа тохируулан яваагүйн улмаас Э.Баттулгын жолоодон явсан тээврийн хэрэгслийг араас нь мөргөсөн, үүнээс үүдэн Э.Баттулга нь Ц.Т болон Б.Баярсайхан нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөн хохирогч Б эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ.
9. Иргэний хариуцагч П.Дн жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд зорчин явсан тээврийн хэрэгслүүд 20-40 км/цагийн хурдтай явж байхад тэрээр 50-60 км/цагийн хурдтай явснаас улбаалан Ц.Т-г замын хөдөлгөөний дүрэм зөрчих үед өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслээ зогсоож чадахааргүй нөхцөл байдалд хүрч уг зам тээврийн осол гарсан гэж үзэхээр байгаа ч прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар түүнийг яллагдагчаар таталгүй/хх-ийн 1-р хавтас 177-р тал/ орхигдуулж, иргэний хариуцагчаар татсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.
10. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч ханган, Ц.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан /гэмт хэргийн шинжгүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
11. Хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийн цагаатган шийдвэрлэсэн тул Ц.Тд холбогдох эрүүгийн 2234004340315 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зүйтэй.
12. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг байхад анхан шатны шүүхээс “гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг” хэмээн дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглээ бөгөөд мөн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэг хэмээн бичин хэрэглэж байгаа нь “Хууль тогтоомжийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлд заасантай нийцэхгүй болохыг дурдав.
13. Давж заалдах шатны шүүхээс Ц.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан хэдий ч эрх бүхий байгууллагаас цагаатгагдсан этгээд Ц.Т болон иргэний хариуцагч Д нарт холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, бусдад учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар Төв аймгийн прокурорын газраас Ц.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, Ц.Т-гийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн 2234004340315 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу цагаатгагдсан этгээд Ц.Т-д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
М.МӨНХДАВАА