| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0567/э |
| Дугаар | 596 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Солонго,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч П.М/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Н.Отгонням оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П.М-д холбогдох эрүүгийн 1811017320646 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б овогт П.М, Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Animal home” амьтны дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнж 8-316 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд: 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.
Шүүгдэгч П.М нь 2018 оны 6 дугаар сарын 3-ны өглөөний 5 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Отгоннямын зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр нүдний зовхинд дотор булан хэсгээр цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.М-ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2018 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө бид нар найзынхаа тоглолтыг үзчихээд гарч яваад караокед сууж байгаад гарсан. Тэгээд тарахад хохирогч Н.Отгонням нь манай эхнэр Халиунтай зүй бус харицаад замын голд салаавч өгөөд, орилоод зогсоод байсан. Би эхнэрийгээ өмөөрч Н.Отгоннямтай муудалцсан” гэв.
Яллагдагч П.М-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 6 дугаар сарын 2-ны орой тоглолт тараад эхнэр Халиун, Баярмөнх, Отгонням, Мягмардорж, Уянга өөр ганц нэг хүмүүстэй Найман шаргын хойно байрлах караокед орсон. 2 цаг дуулах явцад Отгонням манай эхнэрийг нэг найзыгаа дуудчих, гичий гээд янз бүрийн үгээр доромжлоод салаавч гаргаад байсан. Баярмөнхийг цохичих уу гээд байсан. 04 цагийн үед караокеноос гараад хамт байсан хүмүүс таксинд сууж яваад Баярмөнх, Отгонням, манай эхнэр Халиун бид дөрөв үлдсэн. Караокены гадаа Отгонням замын голд зогсчихоод манай эхнэрийг янз бүрийн үгээр доромжилж салаавч гарган намайг чи хүүхэд байхдаа тавьсан банди байсан биз дээ гэж хэлсэн. Би Отгоннямын дэргэд очиход Отгонням намайг боож аваад нүүр рүү цохихоор нь би эргүүлээд шанаа руу нь 2 удаа цохьсон. Бид хоёр хоорондоо заамдалцаад Отгоннямыг түлхээд явж байтал Отгонням хойшоо унаад толгойгоороо замын боржур цохисон. Би зүүн хацарт 2 удаа цохиж газарт унасан байхад нь зүүн шанаа хэсэгт нь нэг өшиглөсөн. Баярмөнх, Отгоннямыг цохиогүй. Бид хоёрыг заамдалцаад Отгонням газарт унах үед хажуунаас ирээд намайг татаж салгасан ...” гэх мэдүүлэг /хх-28х/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Отгонням мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 2-ны орой бид нар найзынхаа тоглолтыг үзчихээд явах гэхэд П.Мявуулахгүй “хамт караокед жаахан сууж байгаад явъя” гэсэн. Миний хувьд эхнэрийг нь янз бүрээр доромжилсон асуудал бол байхгүй. Гарч ирээд тоглоом, шоглоом хийгээд явж байсан. Тэгээд би маргааш нь ажилтай байсан учраас явлаа гэхэд П.Мманайд очиж хамт архи ууя гээд байхаар нь би явахгүй гэдгээ хэлсэн. Тэрнээс янз бүрийн маргаан болоогүй. П.Мтакси зогсоочихсон би суух гээд очиход намайг ямар ч үгийн зөрүүгүй цохьсон. Яаж байгаа юм бэ гэхэд хажуунаас Баянмөнх гэх найз нь орж ирээд 2-уулаа намайг зодсон. Би цохиж амжаагүй. Тухайн үед өмсөж явсан савхин куртик урагдсан, зүүж явсан цаг эвдэрсэн. Хамрын салст гэмтэж, тархи хагарч би оёдол тавиулсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөр нэхэмжилж байгаа” гэв.
Хохирогч Н.Отгоннямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2018 оны 6 дугаар 2-ны орой 22 цаг өнгөрч байхад Мягмарцэрэн намайг тоглолт үзье гэж дуудсан. Тэнгис кинотеатрын баруун талд байдаг Амрита бааранд иртэл Мягмарцэрэн найзуудтайгаа байсан. Амрита баарнаас 02 цаг өнгөрч байхад гараад Бөртэ хувцасны үйлдвэрийн эсрэг талд байрлах Хан хөхий караокед ороод 4 цаг өнгөрч байхад караокеноос гарсан. Ихэнх хүмүүс такси бариад явцгаасан. Би явлаа гэсэн чинь Мягмарцэрэн манайд очиж архи ууя гэхээр нь би үгүй гээд явах гэсэн чинь Мягмарцэрэн намайг шууд цохисон. Би яаж байгаа юм бэ гээд эргээд хартал Мягмарцэрэнгийн найз Баярмөнх намайг цохиж зодсон. Тэгээд би болъё гэхэд үргэлжлүүлж зодож байгаад больсон. Эхлээд Мягмарцэрэн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Дараа нь Баярмөнх хажуунаас орж ирээд миний толгой руу цохиод тэрнээс хойш тэр хоёр нийлээд толгой руу хэд хэдэн удаа цохьсон. Намайг газар унасан байхад нуруу, биеийн бүх хэсэг рүү өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-13-15х/,
Гэрч Б.Баярмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 2-ны орой найзуудтайгаа тоглолт үзээд 01 цаг өнгөрч байхад гарч ирээд Бөртэ хувцасны үйлдвэрийн эсрэг талд байдаг караокены газарт орсон. Караокеноос 04 цаг өнгөрч байхад гараад найзуудыгаа явуулаад Мягмарцэрэн, Халиун, Отгонням бид дөрөв үлдсэн. Отгонням замын голд зогсчихоод Халиунааг элдэв үгээр доромжлоод намайг нааш ир пизда минь гээд байсан. Мягмарцэрэн яах гээд байгаа юм бэ гээд Отгоннямын дэргэд очсон чинь Отгонням Мягмарцэрэнг заамдаж аваад цохьсон. Тэгээд Мягмарцэрэн зөрүүлээд Отгоннямыг 2 удаа цохиж нэг удаа өшиглөсөн. Тэгээд Мягмарцэрэн Отгоннямыг заамдсан байдалтай хойш нь түлхэж явж байхад нь би наанаас нь очтол Мягмарцэрэн намайг цаашаа бай гээд түлхсэн. Би Отгоннямыг цохиогүй. Дамдинсүрэн байцаагчийн өрөөнд Отгонням намайг чи цохисон гээд хэлчих тэгвэл би өргөдлөө өгөхөө болилоо гэж хэлэхээр нь би нэг удаа цохьсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Гэрч Э.Шүрэнцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 6 дугаар сарын 2-ны орой би найзуудтайгаа Тэнгис кинотеатрын баруун талд нэрийг нь мэдэхгүй байна, нэг клубт тоглолт үзсэн. 6 дугаар сарын 3-ны 03 цагийн үед Халиун, Мягмарцэрэн нарыг буцаж ирээд авъя гээд гэр рүүгээ явсан. 5 цаг өнгөрч байхад Халиунаа залгаад бид нар дуусчихлаа ирээд авчих гэхээр нь Найман шаргын хойно зам дээр такситай иртэл зам дээр зодоон болж байсан. Зодоон болж байхад Мягмарцэрэнг эхлээд цагдаа нар аваад явах гэтэл зодуулсан гэх залуу зодооныг салгасан залуу руу дайраад цээжээрээ түлхээд байхаар нь цагдаа нарт хэлэхэд тэр зодуулсан залууг бас цагдаа нар хэлтэс рүү авч явсан ...” гэх мэдүүлэг /хх-22-23х/,
Гэрч Н.Халиунаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ 2018 оны 6 дугаар сарын 2-ны орой манай найзууд тоглолт үзээд 03 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд хэсэг найзуудтайгаа Найман шаргын хойд талд байдаг караокед орсон. Караокед байхад Отгонням намайг хэл амаар доромжилж найз 5 охидуудаа дууд гээд дэлгэцний урд талд гарчихаад би танай нөхөрт хүүхэн олж өгч байсан, занданг нь тайлсан гээд орилоод байсан. 4 цаг өнгөрч байхад караокеноос гараад хамт байсан хүмүүс таксинд суугаад явсан. Отгонням, Мягмарцэрэн, Баярмөнх бид дөрөв үлдээд найз Шүрэнцэцэгийг хүлээгээд байж байтал Отгонням замын голд зогсчихоод намайг янхан, гичий гэх мэтээр хэл амаар доромжилсон. Манай нөхөр Отгоннямыг чи болио гэж Отгоннямын хажууд очиход манай нөхрийг заамдаж цохисон. Тэгээд тэр хоёр хоорондоо ганц нэг цохилцоход нь Баярмөнх салгах гэж очих хооронд нь Отгонням хальтирч унахдаа замын боржур мөргөөд толгойгоо хагалсан. Баярмөнх миний хажууд байж байгаад тэр хоёрыг цохилцоод байхаар нь салгах гэж очих зуур нь Отгонням хальтирч газар унасан ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,
Гэрч Н.Дамдинсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 3-ны өглөө саатуулах байрнаас Мягмарцэрэн, Баярмөнх, Мягмарцэрэнгийн эхнэрийн хамт 2 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд авч очсон. Тухайн үед Отгонням нь цагдаагийн хэсгийн өрөөнд найз Мягмарцэрэн болон Баярмөнхийг та хоёр хоёулаа намайг цохисон гээд хэлчих тэгвэл би гомдол саналгүй гээд салъя гэж байсан. Мягмарцэрэн нь Баярмөнх чамайг цохиогүй ш дээ гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-26х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн 7071 тоот дүгнэлтэнд:
“1. Н.Отгоннямын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр нүдний зовхинд дотор булан хэсгээр цус хуралт, дагзны хуйханд шарх, зүүн чамархайн хуйх, дух, зүүн хацарт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-30х/,
Шүүгдэгч П.М-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-50х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-60х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.М нь 2018 оны 6 дугаар сарын 3-ны өглөөний 5 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Отгоннямын зүй бус харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, хоёр нүдний зовхинд дотор булан хэсгээр цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Эд зүйлийн үнэлгээний дүнгээр гарсан 955.000 төгрөгийг шүүгдэгч П.Мягмарцэрэнгээс гаргуулж хохирогч Н.Отгоннямд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 9-ний дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх-11х/-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 9-ний дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч П.М-ээс хохирлын 955.000 /есөн зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Отгоннямд олгосугай.
6. Хохирогч Н.Отгонням нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи /хх-11х/-г хэрэгт хадгалсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН