Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/62

 

 

                                       Т.О*******д холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Т******* хөтөлж,

Прокурор Б.С*******,

Шүүгдэгчийн Т.О******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.М************* даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Т.О*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай, *********** индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш******* овогт Т******* О*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт С***** аймгийн С******* сумын * дугаар баг *-*** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа

- С********** аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 19** оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 50,000 төгрөгөөр торгох ял,

-С******** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, С********** аймгийн С******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарах зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай (РД: B3********)

Шүүгдэгч Т.О******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С****** аймгийн С******* сумын 3 дугаар дугаар баг Салхитын аманд үйл ажиллагаа явуулдаг "Хархорин" дэлгүүрийн орчимд "**-** СБА" улсын дугаартай "Toyota BB" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Т.О*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Ш******* овогт Т******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.О*******ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч Т.О*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.О******* энэ тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 6 сарын хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2-д зааснаар С****** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1- т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сарыг ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тус тус тооцон,

Шүүгдэгч Т.О******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, …гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С****** аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

...Ар гэрийн байдал, эхнэр О***** овогтой Ө******* унаж татаж байдаг бага сургуулийн 2 хүүхэдтэй тул асарч харгалзах хүнгүй байгаа мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн хэлбэрээр шийтгэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

... Эхнэр группт байгаа учраас хүүхдээ сургуульд нь хүргэж өгч чаддаггүй нөхцөл байдалтай байна гэв.

Прокурор шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Т.О******* нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Ял эдэлж байх хугацаандаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эхнэрийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, машинтай явж байх үедээ цагдаагийн байгууллагад саатуулагдсан гэх талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эхнэртэйгээ хамт согтууруулах ундааны зүйл хэрэглээд явж байсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруудаа үнэлэлт дүгнэлт хийдэггүй. Мөн 3 дахь удаагаа эрүүгийн хариуцлага хүлээсэн хэдий ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ таслан зогсоодоггүй. Иймд гэмт хэргийн нийгмийн хор уршиг, шинж чанар зэргийг нь харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Т.О*******д холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Т.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Шүүгдэгч Т.О******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр С****** аймгийн С******* сумын 3 дугаар дугаар баг Салхитын аманд үйл ажиллагаа явуулдаг "Хархорин" дэлгүүрийн орчимд "**-** СБА" улсын дугаартай "Toyota BB" загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт. гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Тээврийн хэрэгсэл жолоодож явсныг согтуурал хэмжих багажаар шалгахад 2,5 хувийн согтолттой байсан гэх согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р тал/,

-Гэрч Г.Э*******ы "... 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би хуваарийн дагуу хөдөлгөөнт эргүүлээр С****** аймгийн С******* сумын 3 дугаар баг буюу Салхитын амын Хархорин дэлгүүрийн орчим үүрэг гүйцэтгэж байсан. 21 цаг 40 минутын үед "**-** СБА" улсын дугаартай "Тоёота ВВ" загварын тээврийн хэрэгсэл зогсоож ... улмаар тандагчаар үлээлгэхэд улаан гэрэл ассан тул би уг хүнийг цагдаагийн төв байран дээр авчран согтуурал шалгагч "алкотест 7510" багажаар үлээлгэхэд 2,5 хувийн согтолттой байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р тал/

-Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа /хх-ийн 25 -р тал/,

-Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 -р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “1.Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

5-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүхээс улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал оруулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, түүнийг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/99 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ