Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2018/00017

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2018/00017

 

 

Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, хариуцагч М.******* хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөлийн долгион радио редакцид холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 548,203.5 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/30 тоот тушаалыг үндэслэн шалгахад Хөвсгөлийн долгио радио редакци нь 2009 оны 9 дүгээр сард ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг баталгаажуулсан боловч 365,469 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365,469 төгрөг, алданги 182,734.5 төгрөг, нийт 548.203,5 төгрөгийг******* редакциас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөлийн долгион радио редакциийн захирал М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Радио телевизийн нэгдсэн редакцид ажиллаж байсан Д.Ганчимэг, Ж.Эрдэнэцэцэг, Д.Гангаа, Ц.Бэхчулуун нарын нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлөх төлбөр болох 365,469 төгрөгийг******* редакциар төлүүлэхээр Нийгмийн даатгалын хэлтсээс акт тогтоосон. Дээрх 4 хүний нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагаас төлөх төлбөрийг манай байгууллага төлөх үндэслэлгүй.

Дээрх хүмүүст олгосон тэтгэмжийн эх үүсвэр Төрийн сангаас гарсан тул байгууллагаас төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар Мөрөн телевизийг хувьчилсан орлогоос дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой.

Тухайн үед******* редакци бие даасан үйл ажиллагаа явуулаад бараг 2 сар орчим болж байсан ба тэтгэмжийн эх үүсвэр, олгосон тэтгэмж нь манай байгууллагатай хамааралгүй юм. ... Нийгмийн даатгалын хэлтсээс улсын байцаагчийн акт тавьсан гэж мэдэгдсэн, би тус актыг зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй, надад гардуулж өгөөгүй.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөг, түүнд тооцсон алданги 182.734,5 төгрөг, нийт 548.203,5 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1047 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөлийн долгио радио редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182.734,5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548.203,5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулах тухай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба шүүхийн дүгнэлт нь нэг талын эрх ашгийг хамгаалсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүх манай байгууллагын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот актыг нотлох баримтад үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэтэл улсын байцаагчийн акт танилцуулах үед тэрээр зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гарын үсэг зураагүй болохоо тайлбарласан байгааг шүүх анхаарч үзээгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ... шалгалт хийж нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365.469 төгрөг, алданги 182.734 төгрөг ногдуулах тухай акт тавьсан болох нь тус хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот улсын байцаагчийн акт, ажил олгогчийн өглөг авлагын тайлбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн мөртлөө нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзсэн нь ойлгомжгүй, харилцан уялдаагүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн гаргасан ... нотлох баримтууд нь манай улсын байцаагчийн гаргасан актанд тавигдсан өр, алдангитай ямар ч хамааралгүй. Гэтэл шүүх хариуцагч тал манай актыг зөвшөөрөхгүй талаарх нотлох баримтыг шүүхэд өгөөгүй байхад манай байгууллагыг хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэж байна.

Шүүх манай байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй болох талаар дурьдаж хэргийг шийдвэрлэсэн байна. ...шүүх уг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй бол хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.

... Хариуцагч тал актыг зөвшөөрөхгүй тохиолдолд хуульд заасны дагуу гомдлоо гаргах эрхтэй ба өнөөдрийг хүртэл хугацаанд гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч байгууллагаас улсын байцаагчийн актын дагуу хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангийг нэхэмжилсэн байхад шүүх уг актын хуулийн хүчинтэй эсэх талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Хөвсгөлийн долгион радио редакцид холбогдуулан 2009 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365,469 төгрөг, алданги 182,734.5 төгрөг, нийт 548,203.5 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...4 хүний нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагаас төлөх төлбөрийг манай байгууллага төлөх үндэслэлгүй. ...Мөрөн телевизийг хувьчилсан орлогоос дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой. гэж маргасан байна.

Анхан шатны шүүх ...улсын байцаагчийн актыг нотлох баримтад үнэлэх боломжгүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага болох Радио телевизийн нэгдсэн редакц нь 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо нийлж, 2009 оны 1-9 сард 365,469 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл дутуу төлсөн нь тогтоогдсон байх ба энэ нь хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, шимтгэл төлөлтийн тайлан, тооцоогоор /хх-ийн 39-44 дүгээр хуудас/ нотлогдож байна.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор радио телевизийн нэгдсэн редакцийг******* редакц болгон өөрчлөн зохион байгуулж, аймгийн засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар захирамжаар Мөрөн телевизийн сурвалжлагч Д.Ганчимэг, Ж.Эрдэнцэцэг, Д.Гангаа, Ц.Бэхчулуун нарт 2009 оны 2 дугаар сарын 12 хүртэл 48 хоногийн цалин, ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмж, ээлжийн амралтын мөнгөний зөрүүг бодож олгох-ыг РТНР-ийн эрхлэгч М.*******, нягтлан бодогч Т.Мягмар нарт үүрэг болгожээ.

Гэтэл******* редакц нь ажилтнуудын төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлж, ажил олгогчоос төлөх 2009 оны нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу 365,469 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй нь нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт /хх-ийн 2 дугаар хуудас/, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх улсын байцаагчийн актанд******* редакцийн захирал М.*******гийн гарын үсэг зурагдаагүй, тус байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй, актын хувийг хүргүүлээгүй гэсэн үндэслэлээр улсын байцаагчийн актыг үнэлээгүй орхисон нь буруу болжээ. Учир нь хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд алданги тооцох тухай улсын байцаагчийн акт тавьсныг хариуцагчид танилцуулахад актыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр гарын үсэг зураагүй нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаагийн дээр хариуцагч улсын байцаагчийн актын талаар маргаагүй, акттай холбоотой гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч******* редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 365,469 /гурван зуун жаран таван мянга дөрвөн зуун жаран ес/ төгрөг, алданги 182,734.5 /нэг зуун наян хоёр мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг, нийт 548,203.5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав/ төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын санд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоогоогүй, нийгмийн даатгалын эдийн баялагтай холбоотой харилцаа нь захиргааны хууль тогтоомжоор зохицуулагддаг учир энэ харилцаанд Иргэний хууль үйлчлэхгүй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл шаардах эрх хугацаагаар хязгаарлагдахгүй тул нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын шимтгэлийн өр нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэв.

Төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд давж заалдах гомдол мөн хамаарах тул Нийгмийн даатгалын хэлтсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17096 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1047 дугаар шийдвэрт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/.Шийдвэрийн 1 дэх заалтыг 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөлийн долгион радио редакциас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 548,203.5 /таван зуун дөчин найман мянга хоёр зуун гурав төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын сангийн дансанд оруулсугай. гэж өөрчилсүгэй.

б/ Шийдвэрт 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Хөвсгөлийн долгион радио редакциас улсын тэмдэгтийн хураамжинд 17096 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай. гэсэн 3 дахь заалт нэмсүгэй.

2. Шийдвэрийн 3 дахь заалтын дугаарыг 4 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 17096 /арван долоон мянга ерэн зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ