Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00007

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00007

 

 

 

 

Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02649 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Номин даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н.Наранцэцэгт холбогдох

Гэм хорын даатгалын төлбөрт гаргуулсан 635 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Наранцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх ТБД андууд худалдааны төвийн зүүн урд талын замд зам хөндлөн гарч явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.4-а явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах З.9өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах-д заасан явган зорчигчдод хориглох заалтуудыг зөрчиж буюу хүнд зэргийн согтолттой байхдаа гарцгүй газраар зам хөндлөн гүйж гарахдаа зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас тус компанид даатгалтай иргэн н.Доржпагамын эзэмшлийн 48-19 УБД улсын дутаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд 625 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хохирлын хэмжээг даатгалын хохирол үнэлэх эрх бүхий байгууллага болох Кости Эстимейт ХКК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 896 тоот хохирлын үнэлгээний тайлангаар, зам тээврийн осол гаргасан гэм бурууг Замын цагдаагийн газрын 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн акт зэргээр тус тус тогтоосон байна. Номин Даатгал ХКК нь замын цагдаагийн газрын акт, даатгуулагч болон тус компанийн хооронд байгуулсан 30607 тоот даатгалын гэрээ, хохирлын үнэлгээний тайлан, даатгуулагчийн хүсэлтийг үндэслэн 635 000 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид бүрэн төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт зааснаар Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төг шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар Даатгалын гэрээн даасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэгч даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасныг үндэслэн даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь Номин Даатгал ХКК-д бүрэн шилжсэн бөгөөд буруутай этгээд нь нөхөн төлбөрийг даатгагчид буцаан төлөх үүрэгтэй. Иймд бусдад учруулсан гэм хорын даатгалын нөхөн төлбөр 635 000 төгрөгийг Н.Наранцэцэгээс гаргуулж Номин Даатгал ХКК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр осолд орсон нь үнэн. 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 45 хоногийн акт авч шүүх эмнэлгийн хүндэвтэр гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тэрнээс хойш тархи толгой өвдөж өвчин намдаах эмийг өдрийн 3 ширхгээр ууж байгаад одоо өдрийн 1 ширхгээр ууж байна. Ажиллах чадвараа 45 хувиар алдсан. Эмчилгээний зардалд 2 000 000 гаруй төгрөг гаргаж өөрийгөө эмчилсэн. Машиныг жолооч зогсоох арга хэмжээ аваагүйд би гомдолтой байдаг. Би 3 дугаар эгнээнд явж байхад намайг мөргөж, салхины шил нь хагарч, зүүн гарынхаа тохойн тус газар оёдол тавиулсан. Н.Золжаргалын машин гэсэн. Одоо харин нэр нь өөрчлөгдсөнийг ойлгохгүй байна. Би хохирсон тжл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Наранцэцэгээс гэм хорын даатгалын төлбөрт 635 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номин Даатгал ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Буянжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443.1, 443.7 дах хэсэг болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг баримталж шийдвэр гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дах хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэсэн хуулийн зохицуулалт байхад энэ хэрэгт хамаарахгүй болохыг шүүх шийдвэртээ тайлбарлаагүй. Мөн энэ заалтаас үзэхэд бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой төлсөн нөхөн төлбөрөө даатгалын компани буцаан нэхэмжилж болохыг хуульчилсан зохицуулалт болох нь харагдаж байна. Тухайн заалтын бусад хуулийн этгээд гэдэгт даатгалын компани хамаарна. Гэтэл Иргэний хуульд ийм зохицуулалт байхад уг зохицуулалтыг шүүх хэрэглээгүй. Даатгалын компани автомашинд учирсан хохирол буюу эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн тул энэ зохицуулалтын дагуу буцаан нэхэмжлэх эрх үүсэхгүй талаар хуульчилсан байхад шүүх анхаараагүй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэсэн зохицуулалт нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн амь нас эрүүл мэндэд гэм хор учирсантай холбогдолтой тохиолдолд л шилжихээс биш харин эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлөхөд хамаарахгүй учраас хуулийн энэ заалтыг зөрчсөн даатгалын гэрээний заалт хүчин төгөлдөр бус юм. Иймд даатгалын компани нь даатгалын тохиолдол бий болж, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд гэм буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхгүй. Энэ нь даатгалын компанийн эрсдэл болж, даатгалын хураамжаар бүрдүүлсэн сангаасаа төлбөрийг гаргаж, эрсдэлийг компани хариуцах нь зүйтэй юм. Мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар заахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 700 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн атлаа хариуцагчаас 60 458 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Н.Наранцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авто осолд орж, хүндэвтэр зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон. Тухайн үед гарцгүй газраар зам гарсан гэдэг үндэслэлээр хохирогчийг буруутгаж, эмчилгээний төлбөр зардлаа ч авч чадахгүй хохирсон. Зам тээврийн осол бол жолооч болон явган зорчигчийн хэн алины болгоомжгүй үйлдлээс үүдэн бий болсон, Хариуцагч зориуд санаатайгаар уг автомашиныг эвдэлж гэмтээгээгүй. Жолооч явган зорчигчийг зам хөндлөн гарч явахыг хараад зогсоох арга хэмжээ авсан бол явган зорчигч гэмтэж, автомашин нь эвдрэхгүй л байсан зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлөх мөнгөн дүнг буруу бичсэн байх тул залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Номин даатгал ХХК нь хариуцагч Н.Наранцэцэгт холбогдуулан даатгалын төлбөрт төлсөн 635 000 төгрөгийг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н.Наранцэцэг нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг ТБД андууд худалдааны төвийн зүүн урд замд согтуугаар гарцгүй газар зам гарч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.4а, 3.9 дэх хэсэгт заасныг зөрчсний улмаас иргэн Б.Доржпагамын тээврийн хэрэгсэлд 635 000 төгрөгийн хохирол учирч, Б.Доржпагам, Номин даатгал ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол бий болсон тул даатгуулагч нь даатгагч Номин даатгал ХХК-аас хохирлоо гаргуулан авсан зэрэг үйл баримт нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2015 оны 12 сарын 03-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын гомдлын хариу, 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Кости Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээ, 2015 09 дүгээр сарын 20-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл, автомашины хохирлын мэдүүлэг, даатгалын гэрээ, автомашины нөхөн төлбөрийн шийдвэр, иргэн Б.Доржпагамд нөхөн төлбөрийн мөнгө шилжүүлсэн төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х 7-17-р хуудас/

Номин даатгал ХХК нь иргэн Б.Доржпагамд буюу даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан хохирол 635 000 төгрөгийг даатгалын гэрээний дагуу төлж барагдуулсан тул гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрх Номин даатгал ХХК-д Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт зааснаар бүрэн шилжсэн гэж үзнэ.

Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамааралгүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч Н.Наранцэцэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар гэм хор учруулсан түүний буруугаас болоогүй гэдгээ нотолж чадаагүй байна.

Иймээс шүүх хариуцагч Н.Наранцэцэгээс даатгалын төлбөрт төлсөн 635 000 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгч Номин даатгал ХХК-д олгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 700 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 60 458 төгрөг гэж буруу бичсэнийг залруулах нь зөв болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02649 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын ... 60 458... гэснийг ... 19 700 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ