| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0528/э |
| Дугаар | 610 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Агар,
Шүүгдэгч Ц.Ч/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч С.Алдармаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Ч-д холбогдох эрүүгийн 1811003430568 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Б овогт Ц.Ч, Монгол Улсын иргэн, 1971 оны 9 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын 2-04 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алдармаагаас хүү Д.Баттулгыг нь “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 5.000.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ч-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Алдармаагаас авсан 5.000.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан” гэх мэдүүлэг /хх-40-41х/,
Шүүгдэгч Ц.Ч-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч С.Алдармаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний хүү Баттулга нь Оросын Холбооны Улсын Эрхүү хотын техникийн их сургуульд суралцаад 2017 онд сургуулиа төгссөн юм. Ингээд Оюу толгой ХХК-нд ажилд оруулах хүмүүсээс асууж байсан юм. Ингээд Баттулгатай Орос улсад хамт сурч байсан Цолмон гээд залуутай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуурын орчимд уулзаад Оюу толгой ХХК-нд ажилд оруулах боломж байна уу гээд асуухад эхлээд Эрдэнэт үйлдвэрт оруулах боломж байна гэсэн. Тэгэхээр нь орохгүй Оюу толгой ХХК-нд ажилд орох хүсэлтэй байна гэж хэлсэн. Ингээд Оюу толгой ХХК-нд оруулах боломж байна уу судалж үзье гэсэн. Тэгээд 7 орчим хоногийн дараа байх Цолмон өөрийн 99062414 дугаарын утаснаас залгаад эгчээ танай хүү Оюу толгой ХХК-нд оруулах хүнтэй ярьчихлаа гэхдээ дам дамаа хүн дамжиж байгаад ажилд орох боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 8 дугаар сарыг 21-ний өдөр байх Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Broadway зоогийн газар хүү Баттулгын хамт очиход Цолмон гээд залуу нь Чинбат гээд залуугийн хамт ирээд бид 4 хамт хоолонд орсон. Хоолонд орж байхдаа хүүхдээ ажилд оруулах талаар хэлэхэд Чинбат нь бичиг баримтуудаа маргааш гэхэд өгчих гэж хэлээд хоолонд ороод салцгаасан юм. Ингээд маргааш нь Чинбаттай 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шангрилла зочид буудлын нэг давхарт уулзсан. Тэгэхэд Чинбат нь бичиг баримтаа аваад Оюу толгой ХХК-ний хүний нөөцийн ажилтантай уулзаад манай хүүгийн бичиг баримтыг өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд орой 18 цагийн орчим одоо мөнгөө шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь одоо банк хаалттай байна маргааш өглөө уулзаад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь экспрэсс банкаар мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Ингээд би Баттулгын хамт явж байхдаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтжин бөмбөгөр худалдааны төв дотор байдаг АТМ машинаас Чинбат 5127066020 дугаарын данс руу өөрийнхөө Хаан банкны 5007923505 дугаарын данснаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараа Чинбат утсаар яриад мөнгө шилжүүлээд ороод ирлээ гэж хэлээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хүүхэд чинь ажилтай болчихно гэж хэлсэн. Ингээд 9 сарын 01-ний өдөр болсон чинь Чинбат өөрөө утсаар яриад хүүгийнхээ иргэний үнэмлэхний хуулбарыг аваад ир гэж ярьсан. Тэгээд Чинбатын тогтоосон хугацаа хүртэл ажилд оруулаад өгчих байх гэж хүлээсэн. Ингээд ажилд оруулах нь худлаа боллоо хүүхдээ гадагшаа явуулах болчихлоо мөнгөө авъя гээд хэлсэн. Тэгсэн чинь Чинбат нь танай хүүхдийг ажилд оруулах гэхээр нь өөрсдөө явлаа гээд байх юм гэж хэлсэн. Ингээд танай мөнгийг өгье хүүхдийнхээ оронд оруулах хүн байна уу гээд асуухаар нь байхгүй мөнгөө авъя гэдгээ хэлсэн. Ингээд 7 орчим хоногийн дараа байх Чинбат дахин залгаад хүүхдийн чинь оронд өөр хүн олсон, мөнгийг удахгүй гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Чинбатын утас руу залгаад ярьсан чинь шинэ он гаргаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Мөн Чинбат нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хилчин хотхонд сургуулийн хундам цутгаж байгаа мөнгө орж ирэхээр өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш өөрийнхөө утсыг ч авахгүй алга болсон. Тухайн үед би зээл аваад мөнгийг Чинбатад өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Хохирогч С.Алдармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүүгээ Оюутолгой компанид ажилд оруулахаар Цолмон гэх хүнээр дамжуулж Ц.Чинбаттай холбогдсон. Тэгээд АТМ-нээс мөнгө шилжүүлж өгсөн. Хэрэг гарсанаас бүтэн жилийн дараа цагдаагийн байгуулллагад хандсан. Одоо хүртэл асуудлыг маань шийдэж өгөөгүй. Өчигдөр авсан 5.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг, өглөө 400.000 төгрөгийг шүүх хурал болохоос өмнө өгсөн. Одоо 2.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа” гэв.
Гэрч И.Цолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ОХУ-д цуг надтай сурч байсан Баттулга 2017 оны намар надтай гар утсаар ярьж та намайг ажилд оруулж өгөх боломж байна уу гэж асуухаар нь би асууж сураглъя гээд танил Чинбат ах руу залгаад надтай цуг сурч байсан Баттулга гэдэг дүү ажил хайгаад байна, ажилд оруулах боломж байна уу гэж асуусан чинь Чинбат ах надад “Оюу толгой” ХХК-нд манай дүү хүний нөөцөд ажилладаг юм болох талаас нь хөөцөлдөөд өгье гэсэн. Тэгээд тэрнээс хойш би Баттулга руу залгаад нэг боломж байна, чи ээжийгээ дагуулаад ир ээжтэй чинь цуг уулзалдъя гэсэн бөгөөд тэр үед би Улаанбаатар хотод явж байсан учир маргааш өдөр нь Улсын Их Дэлгүүрийн хажуу талын ресторанд Баттулга, Баттулгын ээж нь Чинбат ах бид нар уулзаад хоорондоо танилцаж Баттулгыг ажилд оруулах талаар ярилцсан бөгөөд Чинбат ах Баттулгын ээжтэй яриад бичиг баримтыг нь аваад урьдчилгаа 5 сая төгрөг аваад “Оюу толгой” ХХК-нд засварчнаар ажилд оруулаад ажилд орсоны дараа 10 сая төгрөг авахаар тохирсон юм. Маргааш өдөр нь Баттулга өөрийнхөө болон найз охиныхоо бичиг баримтыг цуг бүрдүүлж Чинбат ахад өгсөн гэж Баттулга надад ярьж байсан. Маргааш өдөр нь шиг санагдаж байна, Баттулгын ээж нь Чинбат ах руу мөнгө шилжүүлсэн гэсэн хэдэн төгрөг шилжүүлснийг нь мэдэхгүй. Би энэ талаар Баттулгаас сонсож байсан юм ...” гэх мэдүүлэг /хх-36х/,
Гэрч Б.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Ц.Чинбат, С.Алдармаа гэж хүнийг танина. Энэ хүнтэй таарахдаа мэндтэй явдаг хүн байгаа. Найз нөхдийн холбоо байхгүй. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Би Чинбат гэж хүнийг бол танина. Гэхдээ дотно найз нөхдийн холбоо байхгүй. Энэ хүнтэй хааяа таарахаараа мэндтэй өнгөрөөд явдаг хүмүүс байгаа юм. Би Чинбатаар дамжуулан Алдармаа гэж хүний хүүхдийг “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулахаар ярилцсан ямар нэгэн зүйл байхгүй. Мөн Чинбат гэж хүнээс 5 сая төгрөг авсан асуудал байхгүй. Чинбат “Оюу толгой” ХХК-нд хүн ажилд оруулна гэж надтай нэг ч удаа уулзаж байгаагүй. Би энэ асуудлын талаар мэдэхгүй юм байна, Манай гэр бүл хамаатан садангийн хүмүүсээс нэг ч хүн “Оюу толгой” ХХК-нд ажилладаггүй ...” гэх мэдүүлэг /хх-31х/,
Ц.Чинбатын Хаан банкны 5127066020 дугаартай депозит дансны хуулга /хх-51х/,
Шүүгдэгч Ц.Ч-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-74х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ч нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Алдармаагаас хүү Д.Баттулгыг нь “Оюу толгой” ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийг залилан авсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь шүүхийн шатанд хохирогч С.Алдармаад учруулсан гэм хорын хохирлын 5.000.000 төгрөгнөөс 2.400.000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 2.600.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чинбатад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хохирлын үлдэгдэл болох 2.600.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхийг үүрэг шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч мэхлэн 5.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг хохирлын үлдэгдэл болох 2.600.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөхийг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-аас хохирлын 2.600.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Алдармаад олгосугай.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН