Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/61

 

                                                                                         

                                  Ш.Э*******ад холбогдох

                                  эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Э******* хөтөлж,

Прокурор Р.М*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ү******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч  Л.Э, шүүгч Р.Б нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.Э*******ад холбогдох эрүүгийн *********** дугаартай, ************* индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч******* овогт Ш******* Э*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр З******* аймгийн ,******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа айлын мал малладаг, ам бүл 1, Д аймаг * дүгээр баг, Б ***** хороолол * дугаар гудамж ** тоотод бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, урьд 1 удаа ял шийтгүүлсэн,

- З******* аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай (РД: ИК**********)

Шүүгдэгч Ш.Э******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19-21 цагийн үед С****** аймаг Х сум М * дугаар баг "** ***" гэх газар хөдөө тоотод байрлах малын өвөлжөөний гадна хамтран амьдрагч С.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэрийн хугархай унь модоор түүний толгойн зүүн чамархай хэсэгт цохиж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ш.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Ч******* овогт Ш******* Э******* /РД: ИК************/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүнийг алах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч******* овогт Ш******* Э*******ыг /РД: ИК***********/-ыг 11 / арван нэгэн/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Э*******ад оногдуулсан 11 /арван нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 99 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд нь оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э*******аас 5,227, 232 /таван сая хоёр зуун хорин долоо мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нийн М******* /РД: НУ********/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирсон С.Дгийн насанд хүрээгүй хүүхдүүдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах болон насанд хүрээгүй хүүхдүүдэд олгогдох гэм хор учруулсны төлбөрийг шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн куртик 1 ширхэг, өмд 1 ширхэг, хантааз 1 ширхэг, хугарсан гэрийн унь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой асуудал шийдвэрлэгдээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гардуулахыг шүүгчийн туслахад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Э*******ыг "Хүнийг алах" гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Ш.Э******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцсон ба мөрдөн байцаалтын үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тогтвортой мэдүүлэг өгч ирсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйл ангид 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай ба шүүгдэгч Ш.Э*******ын хувийн байдлын хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй ба хувиараа хөдөлмөр эрхлэн зундаа ногооны ажил, өвөлдөө айлын туслах малчин зэрэг ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг хүн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэтгэцийн хөнгөн хомсдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэн анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялын хугацааг багасгаж, хорих ялыг 8 жилийн хугацаатай болгож хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч ирсэн. Ш.Э******* нь ганцаараа амьдардаг, өөрийн мал хөрөнгөгүй, өвлийн улиралд айлын мал маллаж, зундаа бусдын ногоон дээр ажиллаж амьдарлаа залгуулдаг хүн. Оюуны хөнгөн хомсдолтой буюу өөрийгөө бусдад илэрхийлэх чадваргүй хүн байгаа юм. Ар гэрээсээ олон жилийн өмнө гарсан учраас хохирол төлөх төлбөр хөрөнгөгүй хүн байгаа юм. Тийм учраас шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг шүүгдэгч Ш.Э*******ын зүгээс төлж барагдуулахаа илэрхийлж байна  гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э*******ад оногдуулсан 11 жилийн ялыг хэвээр нь үлдээх саналтай байна. Яагаад гэвэл 2 хүүхэд нэг нь 13 настай, нэг нь 14 настай юм. Шүүгдэгч хүүхдүүдийг яачих ч юм билээ би мэдэхгүй гэв.

Прокурор Р.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Шүүгдэгчийн хувьд хэдий гэм буруугийн асуудлаар маргадаггүй ч  хохирол төлбөр нь төлөгдөөгүй нөхцөл байдалтай байна. Нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэж байгаа боловч бодитой ямар хөрөнгөөр хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдал байна. Анхан шатны шүүхээс 11 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.Э*******ад холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

3. Шүүгдэгч Ш.Э******* нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний оройн 19-21 цагийн үед С******* аймаг Х сум М * дугаар баг "** ***" гэх газар хөдөө тоотод байрлах малын өвөлжөөний гадна хамтран амьдрагч С.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэрийн хугархай униар  түүний толгойн зүүн чамархай хэсэгт цохиж амь насыг хохироосон буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан

-Гэрч Ц. н “... Болсон явдлын талаар ярихад өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:28 цагт "********" тоот дугаарын утсаар Э******* над руу залгаад "Д*** нүдээ аниад, ам нь хөдлөхгүй байна" гэж хэлсэн. Сумын төвөөс гараад 23:00 цагийн үед мал байдаг гэртээ очиход гэрийн баруун талын орон дээр талийгаач хөнжлөөр хучигдсан, дээшээ харсан байрлалтай ухаангүй хэвтэж байсан ба манай эхнэр хөнжлийг нь сөхөж үзээд харвачихсан хүн шиг байна, би сайн ойртож чадахгүй байна, эмнэлэг дуудъя гэж хэлсэн. ...2024 оны 12 дугаар сарын 31-ний шөнөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 01:00-02:00 цагийн орчимд сумын эмч, жолоочийнхоо хамт ирж талийгаачийг үзээд нас барчихсан байна, цагдаад дуудлага өг гэж хэлээд явсан. Би эмнэлэгт дуудлага өгчхөөд эмнэлгийг хүлээж байх үедээ Э*******аас талийгаачийг яагаад ухаангүй болсон талаар асуухад "Намайг хонинд яваад ирэх үед гэрт хоол хийчихсэн байсан. Тэгээд хоолоо идэж дуусаад малын тэжээлээ өгчхөөд үхрүүдээ уях гэж байхад хоёр үхэр мөргөлдөөд байхаар нь салгах гээд модоор цохих үед талийгаачийн толгойн тус газарт нь цохичихсон гэж хэлсэн. Тэгээд цохисон чинь газарт унахаар босгоод гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлчхээд буцаж гараад үхрүүдээ уясан. Тэгээд гэртээ ороод ирэхэд талийгаач нүдээ аниад, амаа ангайлгасан байдалтай байхаар нь дуудтал сэрэхгүй байхаар нь морио унаад айл руу явж утсаар нь над руу залгасан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/,

-Гэрч Ц.н дахин өгсөн “... Би тухайн үед талийгаачийг хараад их балмагдаж айсан байсан. Э*******аас талийгаачийг яагаад ухаангүй байгаа болсон талаар асуухад үхрүүдээ хаших гэж байхдаа үхрийн өвөлжөөний хажуу талд цохисон гэж хэлсэн ч байж магадгүй. Ямар ч байсан талийгаачийг модоор цохисон гэж надад хэлсэн. Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн мэдүүлэгтэй Э*******ыг үхэртэй холбоотой юм яриад байхаар нь үхрүүдээ салгах гэж байхдаа цохисон гэж ойлгоод тийм мэдүүлэг өгсөн. Тухайн үед Э*******тай сайн уулзаж ярилцаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р тал/,

-Гэрч Д.Тын “... Би С******* аймгийн Х сумын эрүүл мэндийн төвд 2008 оноос хойш дүн бүртгэл, бага эмчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. ...Болсон явдлын талаар ярихад Х сумын 2 дугаар баг "** ***" гэх газарт байдаг гэх айлаас дуудлага 2025 оны 01 дүгээр сарын 01-ний 00:08 цагт сувилагчид ирээд сувилагч надад 00:10 цагт мэдэгдэж би жолоочоо аваад 2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 00:15 цагт сумын төвөөс хөдлөөд гийн гэрт 01:00- 01:30 цагийн хооронд очсон. ...талийгаачийг үзэхэд гэрийн баруун талын орон дээр дээшээ харсан, 2 нүд нь аниастай, уруул нь бага зэрэг хавдсан биеийн ил харагдах хэсэгт ямар гэмтэл шарх харагдаагүй ба гаранд нь аппарат хийх гээд зүүн гарыг барихад талийгаачийн гар алганы ар хэсэгтэй хөхөрсөн юм шиг харагдсан. Тэгээд тухайн эмэгтэй нь нас барчихсан болохоор би өөр үзлэг огт хийгээгүй ба нас барчихсан байна гэж хэлээд гарсан. Жолооч бид хоёр гийн гэрээс гараад сүлжээ ороод сумын цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р тал/,

-Гэрч Д.Дын "... Манай нөхөр өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21-22 цагийн орчимд хүнтэй утсаар яриад "за за" гэж хэлээд намайг хоёулаа хамт явъя гэж хэлсэн. Тэгээд машинд суугаад нөхрөөсөө "хэнтэй ярьсан юм бэ" гэж асуухад "манай туслах малчны эхнэр нь амаа ангайгаад нүдээ нээхгүй байна" гэж ярьсан талаар надад хэлсэн. Тэгээд хөдөө гэртээ 22-23 цагийн үед очиход гэр дотор талийгаач болон Э******* хоёр байсан ба талийгаач гэрийн баруун талын орон дээр хөнжил дотор дээшээ харсан ухаангүй хэвтэж байсан. Хөнжил нь талийгаачийн цээж хэсгийг дарсан байсан ба би хөнжлийг нь сөхөөд харахад ямар ч хөдөлгөөнгүй байхаар нь айгаад эмнэлэг рүү залгахаар болсон. ...сумын эмнэлгийн яаралтай тусламжийн дугаар руу залгаж тусламж дуудсан. Дуудлага өгөөд эмнэлэг 2024 оны 12 дугаар сарын 31-ний шөнөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-ний 01-02 цагийн үед эмч Т, жолоочийн хамт ирээд талийгаач үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р  тал/,

-Гэрч Н.Сгийн “... Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өглөө би С****** аймгийн Х сумын төвд байрлах гэртээ ээж, 2 дүүгийнхээ хамт байсан. Манай аав хөдөө гэрээс өчигдрийн 11-12 цагийн үед ирсэн. Тэгээд аав гэртээ хоол унд идээд манай гэр бүл шинэ жилээ тэмдэглэхээр хүлээж байтал аавд хөдөө гэрт байсан туслах малчнаас 21 цагийн үед дуудлага ирсэн. Тэгээд ээж, аав хоёр хөдөө гэр рүү явсан. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23:50 цагийн орчимд хөдөө гэрээс аав над руу залгаад "сумын төвийн эмнэлэг рүү очоод яаралтай тусламжийн дугаар авчих" гэж хэлсэн. Тэгээд яг шинэ он гараад удаагүй байхад би эмнэлэг дээр очиход сувилагч нь байсан ба аав хөдөөнөөс тухайн сувилагчтай ярьж дуудлага өгсөн. Тэгээд би аавын хувийн мэдээллийг сувилагчид хэлээд дуудлага бичүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-р  тал/,

-Гэрч Ш.Цгийн ".... Би С******* аймгийн Х сумын эрүүл мэндийн төвд 2024 оны 01 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл ээлжийн сувилагчаар ажиллаж байна. Болсон явдлын талаар ярихад өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний 17:00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 09:00 цаг хүртэл 16:00 цагийн жижүүр сувилагчаар ажиллаж байсан. Тэгтэл 2025 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 00.08 цагт Х сумын 2 дугаар баг Ар урт гэх газраас гэх хүн залгаад "Манай малчны эхнэр ухаан алдсан байна, хурдан гараарай яаралтай дуудлага шүү" гэхээр нь та ухаангүй байгаа хүнийхээ регистрийн дугаарыг өгөөрэй гэж хэлтэл "би сайн мэдэхгүй байна над дээр дуудлагаа биччихээ, аль болох хурдан гараарай яаралтай дуудлага шүү" гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн жижүүр эмчээр гарч байсан Т рүү залгаад "алсын яаралтай дуудлага ирлээ, хүн ухаан алдсан байна шүү" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-р тал/,

-Гэрч Ч.Оын “... Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн үед малаа уячихаад дөнгөж гэртээ орж ирээд байж байхад гийнд малчин хийдэг Х /Э*******/ энгийн байдалтай гэрт орж ирээд сандал авч суухаар нь би шинэ оны мэнд гэтэл "шинэ оны мэнд яах вэ ээ эхнэрийн бие муудаад ахтай ярих гэсэн юм гэхээр нь байхгүй байгаа юм уу гэж асуутал "сумын төвд байгаа гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр өөрийнхөө утсаар тухайн залууг руу яриулсан. Тэгтэл руу "эхнэрийн бие муу байна гэж яриад үгийн зөрүүгүй гэрээс гараад явсан. Тэгээд бид нар унтаад өгсөн. Манай гэрт юнителийн сүлжээ орж гаран барьдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р тал/,

-Гэрч А.Нын “...С******** аймгийн цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж, ажлын хэсэг дуудуулаад, би өөрөө цагдаагийн дэд ахлагч Д.Бгийн хамт тухайн газар руу явсан. Намайг очиход өөрийн эхнэрийнхээ хамт мөн түүний туслах малчин Э******* болон талийгаач нар байсан. гийн гэрийн баруун талын орон дээр талийгаач нь дээшээ харсан байдалтай, ухаангүй, зүүн талын толгой хэсгээс нь цус мэт зүйл болоод хатсан байдалтай байсан..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-р тал/,

-Гэрч Д.Бгийн “... Манай хэсгийн төлөөлөгч бид 2 Ш.Э*******тай уулзаад юу болсон талаар асуухад "манай эхнэр намайг утас авсан гээд малаа хашиж байхад малын баас шидэхээр нь уур хүрээд гартаа барьсан байсан хугархай гэрийн униар толгой хэсэгт нь нэг удаа цохисон" гэж хэлсэн. Тэгээд би тухайн хэргийн газрыг хамгаалалтад авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 2-7-р тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-11-р тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 12-14-р тал/, Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 8-р тал/, Талийгаачийн нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 22-р тал/, С****** аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №27 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107-108-р тал/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 170-177- р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №12 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 135-138-р тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ЕГ0325/904 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 124-125-р тал/ гэх дээрх баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна. 

4.Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу, хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг явуулсан байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “...хувийн байдлын хувьд өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй ба хувиараа хөдөлмөр эрхлэн зундаа ногооны ажил, өвөлдөө айлын туслах малчин зэрэг ажил хөдөлмөр эрхлэн амьдардаг хүн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, сэтгэцийн хөнгөн хомсдолтой зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэн анхан шатны шүүхээс оногдуулсан 11 жилийн хорих ялын хугацааг багасгаж, хорих ялыг 8 жилийн хугацаатай болгож хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгч Ш.Э*******ын гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 11 жилийн хорих ял оногдуулж, түүнийг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

5.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж “шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С******** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/83 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ                                                                                                                                                                                                                     

                           ШҮҮГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ