Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00671 дүгээр шийдвэртэй

 Нэхэмжлэгч Донжидийн *******гийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч Дагвасамбуугийн *******д холбогдох

Орон сууц захиалан бариулах гэрээний илүү төлсөн төлбөр 3.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.*******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батбаатар, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Донжидийн *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Д.*******тай 2015 оны 08 сарын 15-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, тухайн байрны 1мкв-ийг 1.100.000 төгрөгөөр үнэлж, 39.2 мкв талбайтай 2 өрөө бүхий орон сууцыг нийт 43.120.000 төгрөгөөр худалдан авсан. Манайх тус байранд 2015 оны 11 сард нүүж орсон бөгөөд одоог хүртэл амьдарч байгаа. Тус байр нь 2 өрөө буюу сууцны зориулалттай талбай нийт хэмжээ нь 39,2 м,кв юм. Монгол улсын стандарт буюу орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлалын дагуу талбайг тооцоход тухайн байр нь 39.2 мкв биш болж байна. Манай зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагаар хэмжилт хийлгүүлэхийг хүсэхэд манайх хэмжилт хийдэггүй, Баянхонгор аймагт зураг төсөв хийхэд зөвшөөрөгдсөн ганцхан компани байдаг. Ингээд Цэсда ЗБН-д хандаж зураг төсөл, хэмжилтийг хийлгэхэд 3,3 мкв-ийн зөрүү гарсан тул мкв-ийн зөрүү болох 3.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дашдаваа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Бид нар байрыг үзээд үнэ дээр нь тохирохгүй байсан тул худалдан авахаа болих гэж байхад О.Батбаатар нь утсаар яриад манайх банкны төлөлт хийх болоод танайх гучин сая төгрөг төлчих үнэ нэмэхгүй гэсэн тул бид ярилцаж тохирсон билээ.

Манай орсон байр фойлуураар халдаг, халаалт муутай. Манайхыг нүүж ороход фойлуур нь ажилдаггүй, сольж өг гэж 2 жил гуйсан. Одоо надад үлдэгдэл 350.000 төгрөг нь байгаа. Энэ байрны үнийн үлдэгдэл юм. Манай байрны нийт хэмжээг 39.2 мкв гэж бодоод мөнгийг нь төлсөн байгаа. Одоо хэмжилт хийлгэсэн чинь 36.84 квм байсан учир зөрүү мөнгө болох 2.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.000.000 төгрөгнөөс нь татгалзаж 2.300.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Дагвасамбуугийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Д.******* нь 2015 оны 07 сард орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан 93 дугаар байрны 4 тоот 39.2 мкв байрыг худалдан авсан. Ингэхдээ тухайн үедээ 1мкв-ийг 1.100.000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн үнээр худалдан борлуулж байхад үнийг бөөнөөр нь өгнө 1.000.000 төгрөгөөр тооцоог нь хийе гэж биднээс гуйж тохиролцсон. Тухайн үед төлбөр тооцоо нь хийж дуусаагүй шүүхэд эвлэрүүлэн зуучлагчаар шийдүүлж байсан. Мөн уг барилгын мкв-т зөрүү гарсан асуудлыг манайхаас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Учир нь уг барилгын зураг, байрны мкв зэргийг зургийн компани гүйцэтгэж, уг зургийн дагуу манай компани гүйцэтгэж барьсан болно. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газраас улсын комисс, тухайн зургийн дагуу мкв-аар барьсан. Гэтэл Д.******* нь өөрөө хувиараа хэмжилт хийлгэж, мкв-ийг багасгасан дүгнэлт гаргуулж 3.300.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******аас 2.300.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгуулж, Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 67.750 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас 51.750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анх Д.******* нь тус байрыг авахдаа зах зээлийн үнэлгээ нь 1.100.000 төгрөг байсан байрыг 7 хоногийн дотор төлбөрийг нь төлнө гэж хэлээд 1.000.000 төгрөгөөр үнэлж байрыг авсан. Мөн тус байр байрны үнэнд орсон 750.000 төгрөгийн өртөгтэй волконы вакум хаалтны үнийг манайд төлөөгүй, суутгаагүй юм.

Тухайн үед Мэргэжлийн хяналтын газар, байрны мкв-ыг хэмжээд хүлээгээд авсан байхад шинжээчийн дүгнэлтээр тухайн байрны мкв-ын зөрүү гарсан байсан. Тухайн мкв-ын зөрүүг манайх мэдэхгүй байна. Өрөө тусгаарласан хананууд болох 00-ын өрөөний 4 м, унтлагын өрөөний 6 м, нийт 10 м хананы 0,15 см буюу нийт 1,5 см хананы хэмжээ шинжээчийн дүгнэлтээр хасагдсан байсан. Эдгээр мкв нь тухайн айлын байрны хэмжээнд орох ёстой юм. Гэтэл буруу гаргасан шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Манайх Д.*******д 2.300.000 төгрөг өгөх байтугай, тэднийхээр мөнгө авахаар байхад буруу шийдсэнд гомдолтой байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.*******гаас хариуцагч Д.*******аас орон сууц захиалан бариулах гэрээний илүү төлсөн төлбөр 3.300.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна. Анхан шатны шүүх 2.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгууллагджээ.

Иргэн Д.******* нь 2015 оны 07 сард Баянхонгор сумын төвд байрлах 93 дугаар байрны 4 тоот 2 өрөө бүхий талбайн хэмжээ нь 39.2 мкв гэсэн хэмжээтэй байрыг худалдан авчээ.

Гэтэл явцын дунд Монгол улсын стандарт буюу орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлалын дагуу талбайг тооцоход тухайн байр нь 39.2 мкв биш болж байна гэж нэхэмжлэгч талаас тайлбарлажээ.

Хариуцагч Д.*******аас тус 93 дугаар байрны 4 тоот байрны мкв-ын хэмжилтыг шүүхээс мэргэжлийн шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж, шинжээч томилж дүгнэлт гаргуулжээ.

Мэргэжлийн шинжээчээс /хх-ийн 50 дугаар тал/ Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 93 дугаар байрны 4 тоот байранд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS 6058:2009 “..Орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал..” стандартын дагуу хэмжилтийг хийхэд тус байрны нийт талбай / 36,81 мкв / байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар эд хөрөнгийн хувьд бүхэлдээ доголдолтой биш ч гэрээнд зааснаас тоо хэмжээ, чанарын хувьд дутуу эд хөрөнгө худалдан авагч талд нийлүүсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тухайн орон сууцны мкв-ын үнийн зөрүүг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна

Хариуцагч Д.******* нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гарсан шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 8 дугаар сарын 28-ний өдөр танилцсан /хх-ийн 56 дугаар тал/ бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаан болох хүртэлх нэг сарын хугацаанд шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэг гомдол гаргаагүй мөртлөө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо буруу гаргасан шинжээчийн дүгнэлтээр хэрэг шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.          

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Д.*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.   

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2017/00671 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Г.УЛАМБАЯР