| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531000000006 |
| Дугаар | 2025/ДШМ/40 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/40
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд /цахим/-ыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Г.*******ад холбогдох эрүүгийн 2532000000006 дугаартай, 149/2025/0016/Э/208/2025/0027 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ***** настай, ****эгтэй, ******* боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******** хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум ****** баг, ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** баг, ******** тоотод түр оршин суудаг, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, (РД: *******)
Шүүгдэгч Г.******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 09 дүгээр багийн нутаг ахуйн үйлчилгээний байр орчимд 2.58 хувийн согтолттой, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ******* ******* улсын дугаартай, "х-соната-6" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг, хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Г.*******ад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 06 сарын хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдаж,
Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувд 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №04 дугаартай эсэргүүцэлдээ:
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг тодорхойлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атал Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно." гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй байгаа нь шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг тогтоох заалт нэмж оруулж зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Г.*******ад холбогдох эрүүгийн 2531000000006 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн 2024/ЗШ/591 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Мандал сумын 9 дүгээр баг ахуйн үйлчилгээний байрны орчимд ******* ******* улсын дугаартай х-соната-6 загварын тээврийн хэрэгслийг 2.58 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэрч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...би өдрийн эргүүл ахлагч Г.Сүхбат болон олон нийтийн цагдаа Н.Дөлгөөн нарын хамт Мандал сумын 9 дүгээр багийн нутаг ахуй үйлчилгээний байр орчим тээврийн хэрэгсэл шалгаж байх хугацаанд ******* улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тус тээврийн хэрэгслийн жолооч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Тухайн үед би Г.*******ыг тээврийн хэрэгслээс буулгах үед Г.******* нь явганаар зугтааж гудамжнаас барьж авсан. Улмаар иргэн Г.*******ыг замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд 2.58% согтолтой байсан бөгөөд ******* улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг Мандал сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд саатуулж, иргэн Г.*******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тухайн үед би Г.*******ын бичиг баримтын дугаарыг цагдаагийн байгууллагын дотоод сүлжээгээр шалгаж үзэхэд эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 8-р тал)
-Шүүгдэгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө сансар захын хажууд хөл *******той хамт нэг ширхэг хараа нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архи уусан. Улмаар бид хоёр дээрх архиа ууж дуусгаад хөл ******* гэгчийг замын хойшоо гэрт нь хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ард явж байхад цагдаа зогсоож шалгаад намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэж хэлээд замын цагдаагийн пост руу хүргэж согтуурал шалгадаг багажаар намайг шалгаж үзэхэд 2.58 хувийн согтолттой байсан. Тэгээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгч миний машиныг журмын хашаанд хийсэн. Надтай хамт архи уусан хөл ******* гэгч замдаа буугаад гэр рүүгээ явсан. ... Би 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авч байсан бөгөөд сая 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 01 жилээр эрхээ хасуулж 15 хоногийн баривчлах шийтгэл авч байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р тал)
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ж.*******ийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр үүрэг гүйцэтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа гэмт хэргийг илрүүлсэн талаарх тэмдэглэл (хх- ийн 01-р тал),
-Эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Г.*******ын согтуурал "Алкотесть-6820" багажаар шалгахад 2.58 хувийн согтолт илэрсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-4-р тал)
-Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системээс Г.*******ын жолоочийн мэдээлэлд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 01 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа (хх-ийн 06-р тал),
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №591 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 29-30-р тал) болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг 06 сарын хугацаагаар оногдуулж, хязгаарлалтын хэмжээг Мандал сумын нутаг дэвсгэрээр тогтоон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
5.Давж заалдах шатны шүүхээс прокурорын “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг тогтоох заалт нэмж оруулж зөвтгүүлэх” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хэрхэн тооцох талаар шийтгэх тогтоолд заалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа юм.
Түүнчлэн дээрх шийтгэх тогтоолын биелэлт буюу шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлтийг хэзээнээс хэрхэн тооцох нь тодорхойгүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар “Тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” бүлэгт заагдсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн этгээдүүдэд 7.2, 7.3 дугаар зүйлүүдэд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ авахаар заагдсаныг давхар хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гэж үзнэ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлүүдэд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээг шүүгдэгч зөрчсөн нөхцөлд шийтгэх тогтоолын тухайн заалтыг хүчингүй болгож, хорих ял оногдуулахаар заасан бөгөөд зорчих эрхийг хязгаарлах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ял дээр нэмэлтээр дээрх арга хэмжээнүүдийг давхар хэрэглэх нь нэг гэмт хэрэгт хэд хэдэн удаа ял шийтгэл хүлээлгэж байгаа нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны” зарчмуудыг хуульчилсан бөгөөд 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4-р заалтад өөрчлөлт оруулж, 5 дахь заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
4 дэх заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Г.*******ад оногдуулсан 02 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэж өөрчлөлт оруулан тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай. гэж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ