Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Т.Э/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811011360433 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Т.Э, 1981 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43-25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, РД:/.................. /,

 

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах Үсчиний газарт ажилладаг хохирогч М.Амартүвшингийн Самсунг Альфа загварын 120.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарахын урьд өдөр нь би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үсчний газраар би дандаа үйлчлүүлдэг. Тэр өдөр үсээ засуулах гэж ороод утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд буцаж орж ирнэ гэдгээ хэлэхгүйгээр явчихсан. Тэндээс гараад утсыг нь зарчихаад нэг шил архи аваад эргээд очтол үсчний газраа хаагаад явчихсан байсан. Би хохирогчоос албан ёсоор уучлал гуйгаад хохирол төлбөрийг төлсөн байгаа” гэв. 

Хохирогч М.Амартүвшин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Энхболд ирж надаар үсээ зээлээр засуулсан. Тэгээд надаас утсаа өгч байгаач хүн рүү залгачихаад өгье гээд миний утсыг аваад залгаад байсан. Би тухайн үед үйлчлүүлэгчтэй байсан ба нэг харсан чинь миний гар утсыг аваад гараад явсан байсан. Тэгээд өөрийн 89062027 дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. Тухайн өдрөө би хажуугийн 2 дэлгүүрийн камер шүүж үзэхэд дэлгүүр рүү ороогүй, камерт бичигдээгүй байсан. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надтай яг манай хажуугийн дэлгүүрийн урд талд таарсан. Миний гар утсаар нэг хүн рүү ярьчихаад өгье гэж авсан. Тэгтэл тэр чигээрээ аваад явчихсан байна. Миний гар утсыг аваад явчихна гэж бодоогүй. Надаар үйлчлүүлдэг байсан болохоор итгээд гар утсаа өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-10х/,

             Гэрч Г.Мөнгөнзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Яагаад холбогдохгүй байгаа юм гэж мессеж бичсэн чинь манайхаар байнга үйлчлүүлдэг залуу миний гар утсаар яриад өгье гэж хэлээд тэр чигтээ муриад аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Амартүвшинтэй гар утсыг нь авч явсан залуу тааралдаад цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг. /хх-15х/,

              Эд зүйлийн үнэлгээ /хх-20х/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах Үсчиний газарт ажилладаг хохирогч М.Амартүвшингийн Самсунг Альфа загварын 120.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүнтэй утсаар яриад өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан авсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хохирогч М.Амартүвшин нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 480 (дөрвөн зуун ная) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 (дөрвөн зуун наян мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 19-ний дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН