Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

        Б.*******д холбогдох

                  эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.******* хөтөлж,

Прокурор Б.Очгэрэл /цахим/

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/50 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, халх, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, **** мэргэжилтэй гэх, "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ****** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум ***** баг, Мандал хотхоны ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй (РД: *******)

Яллагдагч Б.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд "*******" ХХК-иас 17 ширхэг падаанаар 581,009,682 (таван зуун наян нэгэн сая, есөн мянга, зургаан зуун наян хоёр) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,100,963 (тавин найман сая, нэг зуун сая, есөн зуун жаран гурав) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Очгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 25020000000042 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Очгэрэл нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №29 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэрэг Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийн тоо хэмжээг санаатайгаар бууруулсан гэж татвар ногдох орлого, орлогоос бусад хуульд хэсэг заасан зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, тайлан мэдээ, орлого, татвар тодорхойлох хуудсанд санаатай багасган тусгах, орлогоо багасгаж харуулахын тулд засварлах замаар хуурамч баримт бичиг үйлдэх. зардлаа хуурамчаар өсгөх буюу орлогоо зохиомлоор багасгах үйлдлийг ойлгоно. ...Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлтээр огт үйл ажиллагаа явуулдаггүй Анар ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-д 17 ширхэг падаанаар 581,009,682 (таван зуун наян нэгэн сая, есөн мянга, зургаан зуун наян хоёр) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан гүйцэтгэсэн мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг хийж өгч худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 58,100,963 (тавин найман сая, нэг зуун сая, есөн зуун жаран гурав) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон болохыг тогтоосон.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Оюунгэрэлийн мэдүүлэгт "...Баталгаажаагүй буцаалт гэдэг нь борлуулалт хийсэн тал буюу “*******” ХХК нь борлуулалтаа буцаая гэсэн хүсэлтийг худалдан авагч талууд руугаа явуулахад худалдан авагч нь буцаалтыг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Иймээс уг үнийн дүн бүхий баталгаажаагүй буцаалтыг борлуулалт гэж үзсэн... Мөн 5,6,7,8 дахь хэсэгт дээрх борлуулалтын баталгаажаагүй буцаалт, харилцахад орж ирсэн орлогод шивсэн бодит орлогоос үүссэн зөрүүгээр "*******” ХХК-ийн аж ахуйн нэгж байгууллагад олгосон И-баримтуудын үнийн дүн нэмэгдэж байгаа. Иймээс шинжээчийн дүгнэлтийн хавсралт 2-т авагдсан 10 сая төгрөг, 50 сая төгрөгийн орлогоор ялгасан аж ахуйн нэгж болон иргэний борлуулалтын дүн нь зөрүүтэй гарсан буюу мөрдөгчийн магадалгаа дээрхээс нэмэгдэж тооцогдсон байгаа...” гэж мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт хоорондын зөрүүг үндэслэл бүхий тайлбарласан байна.

Прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ буюу яллах талын нотлох баримтуудыг жагсаан дурдахдаа мөрдөгчийн магадалгааг оруулаагүй, яллах талын нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн дээрх шүүгчийн захирамжид дурдсан Сэлэнгэ аймгийн Татварын газрын татварын Улсын байцаагчийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №НА-13240000014 дугаартай "Акт" нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтооход огт холбоогүй, тухайн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******" ХХК нь урьд татварын байгууллагын хяналт шалгалтаар зөрчил илэрч түүнд Захиргааны байгууллага буюу Татварын байгууллагаас тухайн байгууллагад чиглэсэн захиргааны акт юм.

"Нөхөн ногд ногдуулалтын акт”-ыг Татварын ерөнхий хуулийн 6.1.14-т "татварын албанаас тодорхойлсон нөхөн ногдуулалт, торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичиг” гэж тодорхойлсон болохыг тайлбарлая.

Хэрэв шүүхээс анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судалж, шинжээчийг оролцуулан тодруулсан ч дээрх зөрөө арилах боломжгүй, зайлшгүй дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд талуудын зөвшөөрснөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар дахин шинжилгээ хийлгэх боломжийг хуульд заасан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн талаар нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бус шүүх хуралдааны явцад нотолж болохоор зохицуулсан тул мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой.

Прокурорын зүгээс шүүх яллагдагчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд хангалттай бөгөөд, хүрэлцээтэй гэж үзэж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/50 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“*******” ХХК-тай холбоотой асуудал нь үндэслэлгүй учраас захирамжид заагдсан ажиллагааг хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй бөгөөд прокурорын гаргасан эсэргүүцэл нь үндэслэлгүй байна. Мөн миний зүгээс энэ хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй тайлбараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас Б.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 2.Яллагдагч Б.*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2025/ШЗ/47 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.   

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, 12-д “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 2025/ШЗ/50 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасан байхад 2025/ШЗ/47 болон 2025/ШЗ/50 тоот захирамжууд нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдээс бүрдсэн байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн алдаатай байгааг дурьдаад цаашид энэ төрлийн алдааг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/50 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                                         

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ