Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/42

 

                                      М.*******д холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,

Прокурор Г.Тунгалаг /цахим/

Шүүгдэгч М.******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбаатар нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор М.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 149/2025/0002/Э/208/2025/0030 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын *******, Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, **** настай, *****эгтэй, ***** боловсролтой, ******мэргэжилтэй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймаг Мандал сумын ***** баг, *******ийн ******тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай (РД: )

Шүүгдэгч М.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, *******ийн 1-18 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон түүний биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны 1,2-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалгын ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн 2-р хавирга зөрүүтэй, 3,4,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулж хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас: М.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь эсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан М.*******ийг 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.*******д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Х.*******гийн толгойны хэсэг хар үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, улаан шигтгээтэй мөнгөлөг өнгийн ээмэг 1 ширхгийг хохирогч Х.*******д буцаан олгох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.*******өөс эмчилгээний болон бусад зардалд 9,623,872 төгрөгийг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4 дүгээр зүйлийн 2 дугаар зэрэглэлд заасныг баримтлан М.*******өөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 5,280,000 төгрөгийг тус тус гаргуулж Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянбүрдийн 2-211 тоотод оршин суух, хохирогч ******* овогт *******ын *******д /РД: *******/ олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 13,000,000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхин,

Хохирогч Х.*******гийн 31,197,272 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 14,903,872 төгрөгийн нэхэмжлэл хангагдаж, ажилгүй байсан хугацааны цалин 13,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэхээр хэлэлцэхгүйгээр орхисон, сэтгэцийн хор уршигт 8,573,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 3,293,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болохыг дурьдан,

Хохирогч Х.******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрэгт авагдсан хохирлын баримтыг нэг бүрчлэн хянаж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хуулийн заалтыг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Учир нь хавтаст хэргийн 69-132, 151-196 дугаар хуудаснуудад хохирлын баримт байгаа. Эдгээр баримтуудыг миний бие өөрийн биеэр тооцож үзэхэд прокурорын тооцож гаргасан 472 ширхэг баримт нийт 10,823,872 төгрөгийг нэхэмжилсэн нь тохирч байсан. Үүнээс эмчилгээний зардалд зарцуулсан баримт нь 1,644,631 байсан бусад үлдсэн 9,179,241 төгрөг нь хоол хүнсэнд хэрэглэсэн зардал байна.

Тухайлбал дэлгүүрээс авсан хүнсний зүйл үүнд нь архи дарс пиво ундаа авсан баримт мөн түлээ нүүрс авсан зардал, гар утсаа цэнэглэсэн зардал, мөнгө шилжүүлсэн баримт гэх мэтээр хохирогч өөрийн хэдэн сар хоол хүнсэндээ хэрэглэсэн зардлыг нэхэмжилж байхад шүүд зардал хэмээн тооцож шүүгдэгчээс бүх зардал болох 14,903,872 төгрөгийг гаргасан нь

Нэгдүгээрт шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй.

Хоёрдугаарт Дээд шүүхийн 2009 оны 14 тоот тогтоолын 6.1.3 заасан гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 505, 506 зүйлүүдэд зааснаар хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэсэн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн.

Өмгөөлөгч болон прокурорын тооцсоноор шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1,644,872 төгрөг зарцуулсан энэ зарцуулсан зардлаас нь шүүгдэгчийн өгсөн 2,450,000 төгрөгийг хасаад 805,000 мянган төгрөгийн илүү төлөлт хийсэн байгаа. Тэгэхээр эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Мөн өмгөөлөгчид төлсөн 1,200,000 төгрөгийг гаргасанд гомдолтой байгаа. Үнэн хэрэгтээ энэ хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэдгийг дурьдхан нь зүйтэй.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.

Үүнд: сэтгэцэд учирсан хор уршигт 5,280,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,644,631 төгрөг энэ 2 зардлыг нэмээд 6,924,631 болж байгаа үүнээс *******ийн өгсөн 2,450,000 төгрөгийг хасаад нийт 4,474,631 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас давж заалдах гомдол гаргасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийг санал гомдолгүй болгох үүднээс шийтгэх тогтоолд дурдагдсан 14,910,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн гомдолгүй гэсэн тайлбарыг нотариатаар гэрчлүүлэн, төлбөр төлсөн баримтын хамт хэрэгт өгсөн. Шүүгдэгчийн хийсэн гэмт хэрэг нь хэдийгээр хүнд боловч шүүгдэгчийн зүгээс хийсэн хэрэгтээ асар их гэмшиж байгаа бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь өнөөдрийн байдлаар 86 хоногийн хорих ял эдэлчихсэн бөгөөд 96 хоног үлдсэн. Шүүгдэгч нь вакум цонхны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд “Мандал бадрал” ХХК-тай 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 35,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Тухайн баримтыг хэрэгт гарган өгч болдоггүй учраас тайлбарлаж байна. Тухайн гэрээгээр 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс гэрээний алданги тооцогдож эхлээд байгаа. Захиалагч талаас маш муу талтай гэрээ байгуулсан байна гэж яригдаад байгаа. Мөн шүүгдэгчийн ээж аав нь 80 гарсан өндөр настай, хөдөө амьдардаг, биеийн байдал нь тааруу байгаа. Шүүгдэгчийн зүгээс Зүүнхараа суманд вакум цонхны үйлдвэр нэлээд удаан ажиллуулсан, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг нь торгох, хорих, эрх хязгаарлах ялаас сонгодог учраас дээрх нөхцөл байдлыг харгалзсан үзэж тэнсэх ялаар шийтгэж өгнө үү гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Мөн би улирлын чанартай ажил хийдэг учраас тэнсэж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёс болон гэм буруугийн зарчим, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь дүгнэж ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр М.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатайгаар бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Шүүгдэгч М.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сумын ***** баг, *******ийн **** тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Х.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж зодон түүний биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны 1,2-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалгын ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл, зүүн 2-р хавирга зөрүүтэй, 3,4,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал бүхий гэмтэл учруулж хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 

-Шүүгдэгч М.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Иймд дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг

-Хохирогч Х.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн орой 18-19 цагийн хооронд ******* миний утас руу маш олон удаа байн байн залгаад ахдаа юм дөхүүлээд өгөөч гэж зөндөө гуйсан. Би манай ахын найз юм байна гэж бодоод захисан 2 том савтай Сэнгүр нэртэй пиво дэлгүүрээс аваад гэрт нь очсон. Тэгээд ******* бид хоёр юм ярьж суусан. ...Надтай юм ярьж сууж байхдаа манай ахыг муулж яриад надтай их дээрэнгүй байдлаар харьцахаар нь би явлаа гэхэд гэнэт миний нүүр лүү гараараа цохисон. Бүүр 2-3 удаа дараалж цохисон. Би яаж байна гэхэд яадаг юм гэхээр нь би биеэ хамгаалаад жижиг савтай ахуйн газ шидэхэд *******ийг оносон. Тэгээд ******* намайг чамайг яасан ч яадаг юм гээд үснээс зулгааж шалан дээгүүр чирээд зангидсан гараараа бүх бие рүү цохиж зодсон. Хавирга орчимд хөлөөрөө хэд хэд өшиглөсөн. Цагдаа дуудах гээд гар утсаа гаргаж ирэхэд булааж аваад газарт савж эвдэлчхээд одоо цагдаагаа дууд харъя гэсэн. Бариул хэсгийг нь улаан өнгийн лентээр ороосон мод гаргаж ирээд эхлээд тэр модныхоо үзүүр хэсгээр бие рүү хатгаж өвтгөж байгаад миний биеийн бүх хэсэг рүү тас тас хийтэл чанга цохиход аймар өвдөөд орилоход чамайг алаад алга хийж чадна шүү гэсэн. Ер нь бол би үхэх шахсан үнэхээр айж зовсон. Дэндүү хэрцгий балмад байдлаар цохиж зодож намайг шаналалд оруулж хохироосон. Намайг аллаа амь авраарай гэж зөндөө орилоход огт тоохгүй байсан. ...Нэг цаг гарангын хугацаанд ******* намайг цохиж зодож гэмтээсэн нь үнэн. 10,823,872 төгрөгийг эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилнэ. Ажилгүй байсан 10 сарын хугацааны цалинд 13 сая төгрөг, сэтгэцийн хор уршигт 8,573,400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс зардалд 1,250,000 төгрөг, нийт 33,647,272 төгрөгийг нэхэмжилж байгаагаас *******ийн өгсөн 2,450,000 төгрөгийг хасч тооцоод 31,197,272 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Одоо хүртэл сэтгэл санаагаар шаналж хохирч явна”  гэх мэдүүлэг

-Гэрч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс манай Буйдхан гоо сайхны салонд үсчнээр ажилд орсон. Тухайн үед өдрийн 50,000 төгрөгийн цалингаар цалинжуулж сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан. Х.******* нь 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл манай Буйдхан үсчин гоо сайхны салонд ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-н 106-107-р тал)

-Гэрч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө цагаан сар хийгээд гэр бүлийн хамт Хэрх 4 дүгээр багт найзындаа очиж байж байгаад орой гэр лүүгээ харьсан. Би гэр бүлийн байх машинтайгаа Мандал сум 3 дугаар баг *******ийн гудамж руу ороод явж байхад нэг хар хувцастай согтуу эмэгтэй манай машин руу гараа өргөж зогсоосон. Тэгээд би тухайн эмэгтэйгээс юу болсон ухай асуухад намайг утсаараа нэг яриулаад өгөөч гэж хэлсэн. Тухайн үед би утсаа гаргаж ирээд тухайн эмэгтэйн хэлсэн дугаар руу залгах гэхэд миний утасны нэгж дууссан байсан. Тэгээд би тухайн хар хувцастай согтуу эмэгтэйд надад нэгж байхгүй байна гэж хэлээд машинтайгаа гэр рүүгээ явсан. Улмаар би гэртээ байж байгаад 20-30 минут болж байхад манай хашааны хаалга хүн нүдэх шиг чимээ гарахаар нь гарч хартал гудамжинд таарсан согтуу эмэгтэй би гадаа даараад байна танай гэрт оръё гэж хэлэхээр нь би согтуу хүн гэрт оруулахгүй манайх нялх хүүхэдтэй гадны хүн оруулахгүй гэж хэлсэн. Тэгтэл тухайн согтуу эмэгтэй тэгвэл надад цагдаа дуудаад өг гэж хэлэхээр нь би утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд 20-30 минутын дараа хоёр цагдаа ирээд тухайн эмэгтэйг аваад явсан” гэх мэдүүлэг (2-р хх-н 22-р тал/

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2024 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн № 59 дугаартай “...Х.*******гийн биед зүүн гарын шууны нарийн ясны хугарал, зүүн гарын 5-р хурууны 1,2-р үений хооронд шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын бугалгын ар дээд хэсэг, зүүн дал, нурууны зүүн дунд хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, баруун гуяны урд доод хэсэг, баруун шилбэний дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг өвдөгний гадна хэсэг, зүүн гуяны ар дээд хэсэг, зүүн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн гарын шууны доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”  гэх дүгнэлт /хх-н 22-23-р тал/

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 86 дугаартай: “...Х.*******гийн биед зүүн 2-р хавирга зөрүүтэй, 3,4,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр үүссэн зүүн 2-р хавирга, 3,4,5-р хавирга зөрүүгүй хөндлөн хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Өмнө гаргасан гэмтлийн зэргийн дүгнэлтэд нөлөөлөхгүй болно” гэх дүгнэлт /хх-н 31-32-р тал/

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 1305 дугаартай: “...Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч 3.Амар-Амгалан, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнаран нарын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 594 дугаартай дүгнэлт тухайн үед үндэслэлтэй байна. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Анхбаяр, цагдаагийн ахлах дэслэгч Б.Отгонжаргал нарын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 891 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч Х.*******гийн сэтгэцэд 2024 оны 02 дугаар сарын 13-ны орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-н 209-211-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

4.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй байгаа ба тэрээр давж заалдах гомдлоо хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол, хор уршигтай холбоотойгоор гаргасан боловч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед хохирлоо төлж барагдуулсан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч М.*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч М.*******ийн гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Х.*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

5.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 01 жилийн хорих ял оногдуулах санал гаргасанд үндэслэн 06 сарын хорих ял оногдуулсан нь доорх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

6.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

“2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч М.******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг сайн дураар арилгасан болон түүний хувийн байдлыг харгалзан 06 сарын хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан хязгаарлалтын хүрээг Мандал сумын нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй гэж үзэв. 

7.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/22  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3,8 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч М.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/22  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

     2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч  М.*******д 01 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

     3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч М.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг зөрчвөл зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг өдрөөр тооцож солихыг анхааруулсугай” гэж,

     8 дахь заалтыг:

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-д зааснаар шүүгдэгч М.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 73 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүгдэгч М.******* хохирол хор уршгийн төлбөрт давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад анхан шатны шүүхээс тогтоосон 14,03,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

4.Шүүгдэгч М.*******д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                            

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                       ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ