Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 115

 

Ж.Б , Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Ж.Б , Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч  өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ийг  “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.Б ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг  10 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Ж.Б ийг 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Д.М-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б ийн цагдан хоригдсон 53 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч, торгох ялын хэмжээг 205 000 төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийнцагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-оос 4 209 300 төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Жадамбаагийн” гэснийг “...Жадамбын” гэж,

6 дахь заалтын “...117 хоногийг” гэснийг “...124 хоногийг” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Д.М-ийн цагдан хоригдсон 47 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдар гаргасан гомдолдоо“...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. ...Шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч Д.М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа болон санаа зорилго, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсвэл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэлээс болж нас барсан гэсэн зүйлүүдээр ялгаатай байдаг.  

Хохирогч Д.Г, гэрч Ч.Т /хх-106-107/, Д.М /1хх-69/, Д.Ш /1хх-79-80/, Э.Ц /1хх-111-113/ нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд гэрч Ц нь талийгаач Ч.С-г хэзээ гэмтсэн талаар мэдсээр байж худлаа ярьж байгааг удаа дараа шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эдгээр гэрчийн мэдүүлгүүдийг үнэлэхэд талийгаач Ч.С нь шууд нас бараагүй, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний 26 дугаар дүгнэлтэд “Ч.С-т хэрэг болсон гэх цаг хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлснээр амь насыг аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байтал үүнийг хэрэглээгүй.

Мөн шүүгдэгч Д.М-ийн мэдүүлгээс харахад амь хохирогч Ч.С-с 250 000 төгрөг авсан эсэхийг асуухаар очсон болохоос биш, ямар нэгэн алах зорилготой очоогүй нь субъектив талын шинжээрээ хүнийг алах санаа зорилгогүй байсныг илтгэн харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэм буруугийн холимог хэлбэрийг заасан. Гэм буруугийн холимог хэлбэр гэдэг нь санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүй үйлдэл хохирол, хор уршигт хүрснийг хэлнэ. Шүүгдэгчийн амь хохирогчийг цохиж байгаа үйлдэл нь санаатай боловч хүрэх үр дүн нь хүнийг алах гэсэн санаа зорилго байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн холимог шинж байдал, оногдуулах ялын төрөл хэмжээг тусгайлан заасан. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэхээр байтал Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарт хуульд заасан хэмжээнд ял оногдуулсан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.Б , Д.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хоёр шатны шүүх Д.М-ийг  2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ....тоотод Ч.С-ийн толгой хэсэгт нь гараараа цохиж тархины хатуу хальсан доорх цус хуралт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт гэмтэл учруулж, хохирогч уг гэмтлийн улмаас үхсэн,  

Ж.Б  нь согтуурсан үедээ, дээрх газар, цаг хугацаанд Д.М-той хамт байхдаа Ч.С-ийн цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн сэргээн тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хийсэн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх Д.М-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 10 жил хорих ял,

шүүгдэгч Ж.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 1 000 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил гарсныг батлах, Ж.Б , Д.М нарын хэргийн шийдвэрт эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. 

Хэргийн тогтоогдсон нөхцөл байдал болон хохирогч, гэрч, шинжээч, яллагдагч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт харьцуулсан дүгнэлт хийхэд, амь хохирогч Ч.С амь насаа алдах тухайн цаг хугацаа, орон зайд Д.М-, Ж.Б  нартай хамт байсан бөгөөд Ж.Б  нь амь хохирогчийн эрх чөлөөний эсрэг чиглэсэн үйлдэл хийж, түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь,

Д.М нь Ч.С-г өөрийнхөө мөнгийг авсан гэж ойлгож мөнгөө нэхэн түүний толгой руу нь гараараа удаа дараа цохиж, уг цохилтын улмаас Ч.Сосорпүрэв нь тархины хатуу хальсан доорх цус хурсан хүнд гэмтэл авч нас барсан нь шүүгдэгч тус бүрийн үйлдэл, учруулсан хохиролтойгоо шууд шалтгаант холбоотой, гэм буруу нь тус тус хангалттай тогтоогдсон байна.

Ж.Б  нь Д.М-ийнүйлдэлд хамжих, туслах, зохион байгуулах,  хатгах, улмаар Д.М-той дээрх үйлдлийг хийх талаар урьдчилан тохиролцсон, үйлдлээрээ санаатай нэгдсэн буюу “Хүнийг алах” гэмт хэрэгт хамтран оролцсон сэтгэл санааны болон үйлдлийн нэгдмэл шинж тогтоогдоогүй, харин тус тусдаа өөрсдийн хүсэл зоригоор үйлдэл хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр өөр гэмт хэргийн хохирол, хор уршгийг бие даан учруулжээ.

Шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдар нь “...Гэрч Ц нь талийгаачийг хэзээ гэмтсэн талаар мэдсээр байж худлаа мэдүүлж байгааг шалгуулах, М-ийн үйлдэлд “Хүнийг алах” санаа зорилго байгаагүй тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх байсан” гэж үйл баримт болоод хууль хэрэглээний талаар гомдол гаргасан байна.

Хүнийг алах гэмт хэргийг гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцдог бөгөөд үхэлд шууд хүргэсэн, эсхүл хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

“Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах”, “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан өөр бусад хүндрэл үүсч, тэрхүү өөр хүндрэлийн улмаас нас барсан нөхцлүүдээр ялгагддаг.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон үйл баримтаас дүгнэхэд, Д.М нь хохирогчийн толгойн тус газарт нь гараараа удаа дараа цохиход хохирогчийн бие махбодод үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаварын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.

Түүнчлэн Д.М-ийн санаатай, хууль бус үйлдэлтэй холбоотойгоор хохирогч Ч.С-ийн тархиндаа авсан гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан нь хангалттай тогтоогдсон тул Д.М-ид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Д.М-, Ж.Б  нарт холбогдох хэрэгт шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин шалгуулах үндэслэл бүхий нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ... эрхгүй” хэмээн тодорхойлсон байдгийг сануулах нь зүйтэй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд л хяналтын шатны шүүхээс уг шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээтэй бөгөөд энэ хэрэгт тийм нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ийн өмгөөлөгч Ч.Алдарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР