Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 125/2017/0043/З |
Дугаар | 221/МА2018/0162 |
Огноо | 2018-03-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2018/0162
2018 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2018/0162 | Улаанбаатар хот |
Я.А-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Я.А-ийг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэртэй, Я.А-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасныг тус тус баримтлан Я.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Я.А-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө, оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2150 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1 дэх заалтын дагуу нэхэмжлэгч Я.А-ийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх захиалгыг Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчийг цахим хуудсанд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор биеэр очоогүй гэж томилохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргасан.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Г нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд ажлын 18 хоногийн ээлжийн амралттай байсан бөгөөд энэ хугацаанд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Тамгын газрын даргын үүргийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Бя.Ганболд түр орлон гүйцэтгэж байсан. Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Я.А-ийг төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэж, уг шийдвэрийг мөн өдрөө цахим сайтад байршуулжээ. Үүнээс хойш 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Я.А нь шалгарсан ажлын байранд томилогдохоор ирээгүй, томилох эрх бүхий субъекттэй 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Тамгийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргатай уулзаагүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлтээр нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.
Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.А-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 129 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар дэс түшмэл ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад Я.А нь нийт 88 оноогоор нэгдүгээрт бүртгэгдэж, уг тушаалын 2 дахь заалтаар нэхэмжлэгчийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлого, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө, оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “Төрийн албаны зөвлөлийн 129 дүгээр тогтоол гарснаас хойш уг албан тушаалд томилуулахаар удаа дараа очсон боловч уулзаж чадаагүй” гэж, хариуцагчаас “Я.А нь төрийн жинхэнэ албанд анх орох нөөцөд бүртгэснээс хойш 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд уг ажлын байранд томилогдохоор ирээгүй, томилох эрх бүхий субъект надтай уулзаагүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “... төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”, 17.6-д “мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж тус тус заасан байхад мэргэшлийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, Төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэнийг зохих албан тушаалд нь томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүй Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтад нийцээгүй, хууль бус талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас хасагдсанд тооцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан мэргэжилтний ажлын байрны сул орон тоог нөхөх захиалгыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2/2150 дугаар албан бичгээр тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлжээ.
Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтаас Я.А-ийг хасаагүй болох нь Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1031, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1265 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ховд аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд Я.А-ийг нөөцийн жагсаалтаас хасуулах хүсэлт гаргасныг маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгчийг томилохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргасан гэж үзэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.2.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн шийдвэр тус зөвлөлийн цахим санд тавигдсанаас хойш 1 сарын дотор тухайн албан тушаалд томилогдохоор ажлын байран дээрээ очсон болох нь холбогдох баримтуудаар нотлогдох бөгөөд хариуцагчтай уулзах боломжгүй байсан нь тухайн өдрүүдэд амралтын өдрүүд таарсан мөн хариуцагч ээлжийн амралттай байсан зэрэг нөхцөлүүд нөлөөлсөн байх тул нэхэмжлэгчийг томилох эрх бүхий албан тушаалтантай Төрийн албаны зөвлөлийн шийдвэр цахим санд буюу 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор уулзаагүй хэмээн буруутгах үндэслэлгүй.
Я.А-ийн хувьд дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу томилох эрх бүхий албан тушаалтантай очиж уулзах үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргатай уулзаагүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах, хангах үндэсгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА