Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 044

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Ногооннуур сумын 9 дүгээр багийн оршин суугч А.Арыстанаас, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргад холбогдуулан гаргасанНогооннуур сумын Сонгуулийн нэгдсэн хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоол,Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/156 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах,2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан сонгуулийн үр дүнгээр Цагааннуур тосгоны захирагчаар сонгогдсонд тооцсон тогтоол гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Арыстан шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие А.Арыстан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон Цагааннуур тосгоны захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, 29-ний өдөр явагдсан сонгуульд 50+1% хүрээгүй шалтгаанаар, 12 дугаар сарын 03-нд дахин явагдсан сонгуульд тухайн үед хууль бус үйл ажиллагаа явагдаж, миний бие Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Түүнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Эрүүгийн хэрэг шийдэх хүртэл захиргааны хэргийг түдгэлзүүлсэн юм. Цаашдаа энэ хэргийг Д.Есболаттай зөвшилцсөний үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/156 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг татаж авч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Арыстан нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ногооннуур сумын Сонгуулийн нэгдсэн хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр тогтоол,Ногооннуур сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн б/156 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах,2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр явагдсан сонгуулийн үр дүнгээр Цагааннуур тосгоны захирагчаар сонгогдсонд тооцсон тогтоол гаргахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, А.Арыстаны нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ