| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0535/э |
| Дугаар | 559 |
| Огноо | 2018-07-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч М.Н, Х.Ө, тэдгээрийн өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.Н, Б овогт Х.Ө нарт холбогдох эрүүгийн 1711008160243 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч М овогт М.Н, Монгол Улсын иргэн, 1961 оны 12 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Болорын Ундраа ХХК-ний захирал ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 44/6 тоот байрны 37 тоотод оршин суух хаягтай,
урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............../,
2. Шүүгдэгч Б овогт Х.Ө, Монгол Улсын иргэн, 1994 оны 5 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Цагаан чоно харуул хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 44/6 байрны 37 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп виллаж 200-218 тоотод түр оршин суух,
урьд: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 14-.ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:................ /.
Шүүгдэгч М.Н, Х.Ө нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрийн хугацаанд хохирогч Г.Саранцогт, Л.Хүрэлсүх нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож БНСУ-ын виз гаргаж өгнө гэж тус бүр 2.500.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Н-гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…тэр өдөр манай хүү Өлзийзаяа машин аваад явчихсан юм. Тэгээд Саранцогт, Хүрэлсүх нараас мөнгө авах байсан болохоор баруун 4 замын тэнд очоод мөнгө авчих гэж хэлээд утасных нь дугаарыг өгсөн. Тэгээд 500.000 төгрөгөө аваад орой гэртээ ирээд надад өгсөн …” гэх мэдүүлэг /хх-161х/,
Шүүгдэгч М.Н-гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Визний материал бүрдүүлж, нийгмийн даатгал бөглөж, Хаан банкны баталгаа гаргаж өгнө гэсэн зарын дагуу би Батхишигтэй холбогдсон. Найдвартай юу гэж асуухад найдвартай гэж хэлсэн. Тэгэхээр нь би телевизид зар өгөхөд хоёр хүүхэд холбогдсон. Ингээд материал болон мөнгийг нь авч Батхишигт өгөхөд нийгмийн даатгал болон Хаан банкны тамгатай материалыг надад өгсөн. Тамга дарсан материалыг Батхишиг надад өгөөд та нөгөө хүмүүст энэ материалыг өгөхдөө хэрвээ материалыг элчин авбал мөнгийг чинь буцааж өгөхгүй. Харин материалыг чинь авахгүй буцвал мөнгийг буцааж өгнө. Визийг бид нар мэдэхгүй, элчин мэддэг бид нар зөвхөн материал бүрдүүлж өгдөг гэж хэлээрэй гэж хэлсний дагуу хэлсэн. Тэгээд хохирогч нар материалаа элчинд өгсөн. Элчин материалыг маань авсан гэж надад хэлсэн. Сар гаруй хугацааны дараа над руу хохирогч нар залгаж хуурамч материал бүрдүүлснээс болж хар даруулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батхишигт хэлэхэд анхнаас нь би хуурамч материал гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь одоо мөнгийг нь яах уу гэж Батхишигээс асуухад сар гаруй хугацааны дараа хохирогч нарын мөнгийг хийсэн. Би хохирогч нарт хэлэх гэсэн боловч утсаа алга болгоод холбогдож чадахгүй байж байгаад 8 сард холбогдож 9 сард цагдаагийн байгууллага дээр очсон” гэв.
Шүүгдэгч Х.Ө-гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны хавар санагдаж байна, яг он сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Манай ээж над руу миний 99248067 дугаар луу залгаад тухайн үед би машиныг нь аваад явчихсан байсан болохоор машин аваад ирэх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь ажил дуусах болоогүй байна гэхэд ээж намайг Баруун 4 замын тэндээс хүнээс мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэгээд ээж надад уулзах хүний утасны дугаарыг хэлээд залгаад Баруун 4-н замын Элба-гын ойролцоо 2 эрэгтэй хүн байсан. Тэр хоёрт би манай ээж мөнгө аваад ирээрэй гэж хэлсэн юмаа гэхэд тэр хоёрын нэг нь 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө өгөхдөө баримт хийж өгөөгүй …” гэх мэдүүлэг /хх-160х/,
Шүүгдэгч Х.Ө-гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед би ээжийн машиныг аваад гадуур явж байсан. Гэтэл ээж над руу залгаж ирэх болж байна уу гэхээр нь ажилтай байна гэж хэлсэн. Тэгтэл надад нэг утасны дугаар өгсөн. Холбогдоод мөнгө авчих гэж хэлсэн. Тэгээд тухайн дугаар руу нь залгаж Элба төвийн тэнд уулзаж 500.000 төгрөгийг авч орой нь ээжид өгсөн” гэв.
Хохирогч Г.Саранцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны цагаан сарын дараа найз Хүрэлсүх над руу залгаад мөнгө асуугаад өөрөө Солонгос улс руу гаргаж өгөх хүн байна аа би зарын дагуу хараад утсаар холбогдоод ярьсан гэж хэлэхээр нь би бас сонирхоод Наранхүү гэж хүний утсаар залгаж ярихад өөрийгөө Солонгосын элчин сайдын газарт ажилладаг найдвартай хүн байгаа асуудалгүй виз гаргаж өгнө гэж хэлэхээр нь итгэсэн юм. Наранхүү өөрөө хэлэхдээ 2.500.000 төгрөгөөр виз гаргаж өгнө гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Наранхүү, Батхүү нартай уулзаад виз мэдүүлэхэд шаардлагатай мөнгө гэж хэлээд 500.000 төгрөгийг бэлнээр авсан. Батхүүд нь гардуулж үйлдсэн. Ямар нэг мөнгө өгсөн, авсан баримт үйлдээгүй. Гэрээ байгуулаагүй. Тухайн үед Батхүү гэдэг хүнийг өөртэй нь хамт ажилладаг хүн гэж хэлж байсан. Дараа нь гээд эхлээд 3 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Кабинетийн орчим байдаг Хаан банкинд очоод өөрийнхөө данснаас Наранхүүгийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш өөрийнхөө бичиг баримтыг бүрдүүлээд Солонгосын элчин сайдын газарт өгөхөд виз гараагүй түдгэлзсэн. Виз гараагүй талаар Наранхүүд хэлэхэд найдвартай гаргаж өгнө өө, элчинд ажилладаг хүнтэй ярьж хэлье гээд залгаж асуух болгонд тэр хүнийгээ гадагшаа ажилтай явсан, хөдөө явсан гэж хэлээд хойшлуулдаг байсан. Эхлээд 500.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэцэг төвийн хойд талд Батхүүд бэлнээр өгсөн. Наранхүү хамт байгаагүй. Батхүүд мөнгөө өгчих гэж хэлсэн. Дараа нь үлдсэн 2 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хаан банкинд Наранхүүгийн данс руу шилжүүлсэн. Батхүүг өөрийнхөө ажилтан гэж хэлж байсан …” гэх мэдүүлэг /хх-11х/,
Хохирогч Л.Хүрэлсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2017 оны цагаан сарын баярын хэд хоногийн дараа зурагтаар Найдвартай зараар “Найдвартай Солонгос улс руу гаргаж өгнө” гээд утасны дугаар, өөрийнхөө нэрийг буюу Наран гэж гэж бичсэн дансны дугаараа бичсэн байсан. Үүний дагуу маргааш нь Наранхүү гэдэг хүний 99993096 дугаарын утас руу залгаад Солонгос руу виз гаргаж өгөх талаар ярихад зөвшөөрөөд 2.500.000 төгрөгийг гаргаж өгнө гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр урьдчилгаа 500.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд тэр дороо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Хаан банкинд очоод өөрийнхөө данснаасаа Наран гэх хүний Хаан банкны 5749316961 дугаарын данс руу мөнгө шилжүүлсэн. Наранхүү гэх хүнтэй утсаар холбогдож ярихад өөр явах хүн байгаа юу, хэлээрэй гэж хэлсний дагуу би өөрийн найз Саранцогтод дамжуулж хэлэхэд зөвшөөрөөд бас виз гаргуулахаар болсон. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дахиад Наранхүүгийн данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Наранхүүтэй уулзахад Батхүү гэдэг хүнтэй хамт байсан ба Солонгосын элчин сайдын газарт очоод Саранцогт бид хоёрыг визээ хамт мэдүүлчих гэж хэлээд Элчин дотор танидаг хүн байгаа болохоор зүгээрээ визээ мэдүүлчих, хэлчихсэн байгаа, найдвартай гэж хэлсэн. Батхүү хэлэхдээ өөртэй нь хамт ажилладаг гэж хэлж байсан. Тэгтэл хоног хугацаандаа визний хариу гараагүй болохоор Наранхүүд хэлэхэд ямар учиртай юм бэ? гарах ёстой доо гэж хэлээд өдийг хүрч байна. Өнөөдрийг хүртэл авсан мөнгөө өгөлгүй виз гараагүй байна. Мөн гадаад паспортыг авчихаад өгөөгүй байна. Утсаар холбогдох болгонд эхэндээ мөнгөө өгье гэж байгаад сүүлдээ чадахгүй гэж уурладаг, эсвэл утсаа авахгүй тасалдаг болсон. Би нийт 2.500.000 төгрөг өгсөн. Эхлээд 500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Дараагийн 2 сая төгрөгийг ч гэсэн дансаар өгсөн. Наранхүүтэй утсаар яриад Батхүү гээд ажилтан байгаа 99248067 дугаарын утас руу залгаад урьдчилгаа мөнгөө өгчихөөрэй гэхээр нь тэр дугаар луу нь залгахад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо ЭЛБА төвийн орчим Саранцогт бид хоёр явж уулзсан. Тэгэхэд тэр залуу өөрийгөө Батхүү гэдэг Наранхүүгийн ажилтан байгаа юм. Манай байгууллага жуулчлалын байгууллага байгаа юм олон жил хүмүүсийг Солонгос руу найдвартай гаргадаг гэж хэлсэн. Жуулчлалын байгууллага нь элчин сайдын газарт бүгд танилтай гэх зэргээр итгэл төрүүлсэн …” гэх мэдүүлэг /хх-13, 8х/,
Гэрч Х.Батхишигээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Наранхүү гэх эмэгтэй 2 залууг Солонгос улс руу явах виз гаргуулах хэрэгтэй байна гэхээр нь аяллын чиглэлээр гаргуулах боломжтой гэсэн. Үүний дагуу виз гаргуулъя гээд надад тэр 2 хүний гадаад паспортыг Наранхүү авч ирээд маргааш нь Наранхүү нь миний Хаан банкны 5003520838 дугаартай данс руу 2.200.000 төгрөгийг өгсөн. Хэд хоногийн дараа Наранхүү гэх эмэгтэй манай ажил дээр ирээд нөгөө 2 залуугийн бичиг баримтыг аваад явсан. Хүрэлсүх, Саранцогт нарын виз мэдүүлэхэд бүрдүүлсэн материал болон гадаад паспортыг хамт өгсөн …” гэх мэдүүлэг /хх-87, 152х/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-70-71х/,
Шүүгдэгч М.Н, Х.Ө нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25, 101х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26х, 102х/,
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-105-111х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Н, Х.Ө нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 7-13-ны өдрийн хугацаанд хохирогч Г.Саранцогт, Л.Хүрэлсүх нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож БНСУ-ын виз гаргаж өгнө гэж тус бүр 2.500.000 төгрөгийг залилан авсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Н, Х.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нарт учруулсан гэм хорын хохирлыг барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Ө-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Ө нь 8 хоног цагдан хоригдсон хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М.Н, Б овогт Х.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Өд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Х.Ө нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Ө нь 8 хоног цагдан хоригдсон хоногтой, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Х.Ө нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН