Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 210/ма2018/00823

 

 

 

 

 

 

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02817 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Блюскай кашемир ХХК, Сор ХК болон Сергей Борисович Громовт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 619 721 799 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Насанбуян, Б.Ганбат

Хариуцагч Блюскай кашемир ХХК, Сор ХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Е.Булгансайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Блюскай кашемир ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Голомт банктай ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 600 000 000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/8115006556-1 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж, харилцагчийн үндсэн дансны мэдээллийг нэмж оруулсан. ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ болон эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээ байгуулсан. Блюскай кашемир ХХК нь ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй байгаа тул 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5 548 858 082 төгрөг зээлийн хүүд 1 000 940 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69 922 739 төгрөг, нийт 6 619 721 799 төгрөгийг Блюскай кашемир ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч Блюскай кашемир ХХК нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Блюскай кашемир ХХК, Сор ХК-тай байгуулсан барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн батлан даалтын гэрээний дагуу ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Блюскай кашемир ХХК-ийн төлөөлөгч М.Отгонцэцэгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Булгансайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус зээлийг үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийг хийхэд зарцуулсны үр дүнд үйлдвэр 2016 оны 12 дугаар сард бүрэн ашиглалтад орсон. Бидний зүгээс 2013 онд зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ба 2015 оны хагас жилээс гадаад, дотоод борлуулалт эрс буурсанаас санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Дээрх зээл болон зээлийн хүүг төлөх талаар бидний зүгээс чармайн ажиллаж байгаа ба зээлийн төлөлтийн талаар саналаа Голомт банкинд хүргүүлсэн бөгөөд Голомт банктай харилцан тохиролцож, нийт төлбөрийг төлөх график гаргуулан төлөхийг зөвшөөрч байна.

Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл болох 5 548 858 082 төгрөг зээлийн хүү 687 384 454 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэжээ.

Хариуцагч Сор ХК-ийн төлөөлөгч Е.Булгансайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сор ХК-ийн хувьд Голомт банктай Ипотекийн гэрээ байгуулж, өөрийн компанийн эд хөрөнгийг барьцаалсан. Блюскай кашемир ХХК нь зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Сергей Борисович Громовын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу хариуцагч Блюскай кашемир ХХК нь төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Голомт банкны нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барьцааны зүйл нь зээл, түүний хүүг бүрэн төлж хүрэлцэх бөгөөд үүргийн гүйцэтгэлийн дараалал нь С.Б.Громовын хувьд болоогүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 619 721 799 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БГ/8115006556 дугаар Барьцааны гэрээ-ний зүйл болох гэрээний хавсралт 1, 2-т заасан Блюскай кашемир ХХК-ийн 4 910 272 168 төгрөгийн үнэ бүхий 299 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж. гэрээний хавсралт 3-т заасан зээлийн санхүүжилтээр авах 2 313 281 320 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хуулийн 175дугаарзүйлийн 175.1-д заасныгбаримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ЗБ/8115006556 дугаар Ипотекийн гэрээ-ний зүйл болох Сор ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-206003130 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах. 20315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогын 50 хувиар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1. 231.1.7-д заасныг баримтлан Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Блюскай кашемир ХХК, Сор ХК, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громов нарт холбогдох ...үүргийн гүйцэтгэл нь барьцаа хөрөнгө, батлан даалтын хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовт холбогдох ...батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 31 492 262 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415 229 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 47 901 төгрөг, 253 752 төгрөг, 1 301 166 төгрөг, 47 901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Блюскай кашемир ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 33 256 558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч Голомт банкны зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 1/Зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөр гаргуулах, 2/Зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах, 3/Батлан даалт болон бусад үүргээс хангуулах гэсэн үндсэн 3 агуулгаар тодорхойлсон бөгөөд хариуцагчийн зүгээс ... нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээг цуцлах, бусад төлбөрийг төлөх боломжтой гэсэн агуулга бүхий хариу тайлбарыг тус тус гаргасан.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед огт дурдагдаагүй асуудлууд буюу ... эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж ..., ... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэсэн тайлбаруудыг шүүхийн шийдвэрт нэмж тусган гаргажээ. Мөн хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгохдоо 1/ ... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 619 721 799 төгрөг гаргуулан Голомт банкинд олгох; 2/ ... үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах; 3/ ... батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай болон барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох гэж танилцуулж, сонсгосон атлаа шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гаргахдаа ... Ү-2206003130 тоот үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан орлогын 50 хувиар үүргийн гүйцэтгэлийг хангасугай гэж нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, хэргийн оролцогч нарын зүгээс огт маргаж, мэтгэлцээгүй асуудлыг тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь заалтыг зөрчсөн. Шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрс бичлэгт дээр дурьдсан асуудлууд огт байхгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс огт яригдаагүй асуудлыг тайлбар гаргасан мэтээр шийдвэрт тусгаж нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл болжээ. Шүүхээс хууль зөрчиж, үндэслэлгүйгээр үнэлсэн хэрэгт авагдсан тэрхүү баримт буюу хамтран ажиллах гэрээ (ХХ-26) нь Голомт банк болон Чингис хаан банкны хооронд хийгдсэн гэрээ бөгөөд уг гэрээний барьцааны зүйл гэсэн ойлголт огт байхгүйгээс гадна уг гэрээтэй холбоотой аливаа асуудал нь зөвхөн Голомт банк болон Чингис хаан банкны хооронд асуудал юм. Голомт банк нь Сор ХК-тай байгуулсан ипотекийн гэрээний дагуу барьцаалсан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг гэрээгээр зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээс зээлийн гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг гаргуулах гэрээ байгуулсан болно. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэр бүхий үүргийг огт үүсгээгүй, зөвхөн Чингис хаан банк болон Голомт банкны хооронд үүсэх харилцааг зохицуулсан гэрээг огт үндэслэлгүйгээр үнэлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс батлан даалтын гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу батлан даагчтай байгуулсан бөгөөд зээлдэгчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын үүргийг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон. Зээлдэгчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож барьцаа, батлан даалт гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэлбэрүүдийг гэрээний үндсэн дээр үүсгэсэн бөгөөд үүргийн гүйцэтгэл нь барьцаа хөрөнгөөр хангуулахад хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсэх боломжтой гэж үзэж энэ тохиолдолд батлан даагчийн үүрэг болон бусад хөрөнгөөс хангуулах арга хэлбэрийг шүүхийн шийдвэрт тусгах агуулгаар нэхэмжлэгчийн зүгээс шаардлага гаргасан. Нэг ёсондоо зээлийн гэрээний үүрэгг гаргуулах мөнгөн хөрөнгийг аль нэг арга хэлбэрээр хангуулсан тохиолдолд бусад арга хэлбэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх шаардлагагүй бөгөөд зөвхөн үүргийг хангуулах бүх аргыг тусгах байдлаар шаардлага гаргасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн хэргийн материалд Голомт банкнаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж байгааг зээлдэгч болон батлан даагчид мэдэгдсэн мэдэгдэл авагдсан байхад шүүх ...үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэсэн үүргээ Голомт банк ХХК нь гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж илт буруу дүгнэжээ.

Иймд дээр дурдсан асуудлыг хянан үзэж шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан Сор ХК-ийн өмчлөлийн Ү-2206003130 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0051311 дугээр гэрчилгээтэй, Хан-Уул дуургийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20315.6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогын 50 хувиар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай. гэснийг Сор ХК-ийн өмчлөлийн Ү-2206003130 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20315.6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай. гэж, тогтоох хэсгийн 5 дахь хэсэгт заасан ...ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовт холбогдох ... батлан даалт гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовт холбогдох БД/8115006556 тоот батлан даалт гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж тус тус өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Блюскай кашемир ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Бидний зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээнд заасан үндэслэлийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5 548 858 082 төгрөг, зээлийн хүү 687 384 454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30 619 726 төгрөг нийт 6 266 862 262 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 83 045 828,79 төгрөгөөр, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 269 813 707,88 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нийт 352 859 536,67 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь Голомт банк, Блюскай кашемир ХХК нар нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээг 48 сар буюу 4 жилийн хугацаатай байгуулсан.

Голомт банк нь Блюскай кашемир ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 6 266 862 262,79 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ нь Голомт банк Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу зээлийн гэрээнээс татгалзсан ба нэхэмжлэлийн агуулгад ... зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж ... байгаагаа мэдэгдсэн.

Зээлийн гэрээнээс татгалзсанаар тус банк нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх үүргийг хангуулах буюу зээлийн гэрээний үүрэгт 6 266 862 262 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Мөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно гэж үзэж байна. Иймээс Голомт банк нь зээлийн гэрээг цуцалсан өдрөөр нэхэмжлэлийн шаардлага тавих ба гэрээг цуцалснаас хойш үүсэх зээл, зээлийн хүүгийн тооцоололд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлон, нотлох баримтыг хангалтгүй судалж үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Блюскай кашемир ХХК, Сор ХК, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громов нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 619 721 799 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Блюскай кашемир ХХК ...зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл болох 5 548 858 082 төгрөг, зээлийн хүү 687 384 454 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Сор ХК-иас ...Блюскай кашемир ХХК нь зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэж, хариуцагч Сергей Борисович Громовын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар ...зээлийн гэрээний дагуу Блюскай кашемир ХХК нь зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой, батлан даалтын гэрээний дагуу Сергей Борисович Громовын үүрэг гүйцэтгэх дараалал болоогүй гэж тус тус маргажээ.

Голомт банк ХХК, Блюскай кашемир ХХК-ийн нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ8115006556 дугаар Зээлийн гэрээ-ээр зээлдүүлэгч Голомт банк ХХК нь 5 600 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдэгч Блюскай кашемир ХХК-д зээлдүүлж, гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ. /хх 9-12, 33/ Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болно. /хх 9-12, 33/

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хавсралт 2.5 дахь хэсэгт зээлийн эргэн төлөгдөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй юм.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115006556 дугаар Зээлийн гэрээ-ний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах бөгөөд уг гэрээний 4.2.1-д зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Голомт банк ХХК нь уг гэрээнээс татгалзсаныг хариуцагч Блюскай кашемир ХХК-иас хүлээн зөвшөөрч, маргаагүй тул ЗГ8115006556 дугаар Зээлийн гэрээ-г цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбооотойгоор гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /хх 75-76, 148/ хариуцагч Блюскай кашемир ХХК эс зөвшөөрч нэмэгдүүлэн шаардах эрхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасан. Иймд хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Блюскай кашемир ХХК-иас үндсэн зээл 5 548 858 082 төгрөг, зээлийн хүү 1 000 940 977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69 922 739 төгрөг, нийт 6 619 721 799 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Голомтбанк ХХК, Блюскай кашемир ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан БГ/8115006556 дугаар Барьцааны гэрээ-ээр ЗГ8115006556 тоот Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, хавсралт 1, 2-т заасан Блюскай кашемир ХХК-ийн 4 910 272 168 төгрөгийн үнэ бүхий 299 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж, хавсралт 3-т заасан зээлийн санхүүжилтээр авах 2 313 281 320 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг тоног төхөөрөмжийг барьцаалсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй. /хх 17-21/

Мөн Голомт банк ХХК, Сор ХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан ЗБ/8115006556 дугаар Ипотекийн гэрээ-ээр Голомт банк ХХК болон Блюскай кашемир ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ8115006556 дугаар Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, барьцаалуулагч Сор ХК нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20 315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалагч Голомт банк ХХК-д барьцаалсан талаар талууд маргаагүй.

Дээрх барьцааны хөрөнгө нь Чингис хаан банкны үүрэгт барьцаатай хэвээр байгаа талаар улсын бүртгэлийн лавлагаа авагдсан /хх 167/, Голомт банк ХХК, Чингис хаан банк ХХК, Сор ХК, Блюскай кашемир ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан ХА8115006556 дугаар Эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээ-ний 1.1.5, 1.1.9-д үүргийн гүйцэтгэлийг хангуулах хувь нь Сор ХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206003130 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20 315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг худалдан борлуулсан нийт үнийг зээлдүүлэгч нар 50, 50 хувиар буюу тэнцүү хувааж авна гэж заасныг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогын 50 хувиар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн байна. /хх 26-30, 31/

Голомт банк ХХК, Сергей Борисович Громов нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан БД/8115006556 дугаар Батлан даалтын гэрээ-ээр Голомтбанк ХХК, Блюскай кашемир ХХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ЗГ8115006556 дугаар Зээлийн гэрээ-ний үүрэг гүйцэтгэгчийн нийт 5 600 000 000 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байна. 

Шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасныг баримтлан хариуцагч Блюскай кашемир ХХК нь үүргээ гүйцэтгэх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахааргүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасныг үндэслэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан Голомтбанк ХХК-ийн  нэхэмжлэлтэй, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовд холбогдох, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тогтоосон бөгөөд мөн хуулийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах бусад аргаар үүргийн гүйцэтгэлийг хангах дарааллыг заасан байх тул нэхэмжлэлээс үүргийг болон хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийг хангуулан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлүүлэхтэй холбоотой харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж болох бөгөөд шүүхээс хэргийн оролцогчийн бүх хөрөнгөөр үүргийг хангуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд уг шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 000 төгрөг, хариуцагч Блюскай кашемир ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 922 247 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЦОГТСАЙХАН