Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 560

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Н.Булганчимэг,

Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н.Т-т холбогдох эрүүгийн 1811016000589 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт Н.Т, Монгол Улсын иргэн, 1960 оны 4 сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нефтийн диспечир мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, нөхрийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 86-1267 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /.

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул 2 худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч Р.Зоригоогийн картнаас мөнгө авч өгөхдөө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Т-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Намайг АТМ дээр очих үед мөнгөө алдсан гээд байгаа залуу миний урд зогсож байсан. Тэгээд тэр залуу картнаас мөнгөө аваад дараа нь би картнаасаа 10.000 төгрөгөө аваад явах гэтэл нөгөө залуу дахиж над дээр ирээд үлдэгдэл шалгаад өгөөч гэсэн. Би тэр хүний картыг авахдаа өөрийнхөө карттай сольсон. Тэгээд АТМ руу өөрийнхөө картыг авахдаа өөрийнхөө карттай сольсон. АТМ руу өөрийнхөө картыг тэр хүнд мэдэгдэхгүйгээр хийгээд нууц кодоо хий гэж хэлсэн. Тэр хүн нууц код хийхэд буруу гэж гарсан. Дараа нь АТМ-ээс картаа аваад тэр хүнд өгөөд явуулсан. Авсан мөнгөө гэрийнхээ ойр зуурын юманд зарсан ...” гэх мэдүүлэг /хх-23-24х/,

Шүүгдэгч Н.Т-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Р.Зоригоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би харуул хамгаалалтын газарт хамгаалагч хийдэг юм. Надад Хаан банкны ямар нэгэн данс болон виза карт байдаггүй юм. Би өөрийн төрсөн эгч Р.Оюунчимэгийн Хаан банкны 5032645334 дугаартай дансаар цалингаа авдаг юм. Би эгчийнхээ дансаар цалингаа аваад картыг өөртөө байлгаж байдаг юм. Надад 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мөнгө хэрэг болоод Нарантуул 2 худалдааны төв дотор байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө авах гээд АТМ оочерлосон. Би өөрөө АТМ-ээс мөнгө авч мэддэггүй юм. Тухайн үед миний мөнгө авах ээлж ирэхэд би АТМ дотор зогсож байсан үл таних эмэгтэйгээс картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйгаад тухайн үед картнаасаа 50.000 төгрөг авахуулсан. Тэр эмэгтэй миний мөнгөнөөс авч өгчихөөд надад миний мөнгө авахуулсан картыг өгөхдөө өөр хүний карт өгсөн байсан. Би тухайн өдрөөс хойш картнаасаа ямар нэгэн мөнгө авах шаардлага гараагүй байж байгаад 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хэрэг болоод картнаас мөнгө авах гэсэн болохгүй байсан. Гайхаад харсан өөр хүний ашиглаж байсан Хаан банкны ногоон өнгийн адилхан карт өгсөн байсан. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 5 удаа 330.500 төгрөгийг маань авсан байсан. Цагдаагийн байгууллагад тэр эмэгтэй ирсний дараа хүртэл харахад мөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-12-16х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11х/,

5032645334 дугаартай Рэгдэл овогтой Оюунчимэгийн Хаан банкны дансны хуулга “...2018/5/24-нд 20.000 төгрөг, 200.000 төгрөг, 2018/5/28-нд 10.500 төгрөг, 100.000 төгрөг, 20.000 төгрөг ...” /хх-37х/,

Шүүгдэгч Н.Т-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-29х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Н.Т нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарантуул 2 худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч Р.Зоригоогийн картнаас мөнгө авч өгөхдөө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 2018 оны 5 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд 350.500 төгрөгийг хууль бусаар авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын картнаас мөнгө авч өгөхдөө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Р.Зоригоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...хохирлын мөнгөө бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хх-32х/-ийг гаргасан байх тул шүүгдэгч Н.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Н.Т-т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн ба энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Т нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын картнаас мөнгө авч өгөхдөө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар картыг өөрийн картаар сольж уг картнаас 350.500 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгчийг оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ё.ЦОГТЗАНДАН