| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0523/э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оч,
Улсын яллагч Т.Эрдэнэбат,
Шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Р.Г-т холбогдох эрүүгийн 1711010760514 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Б овогт Р.Г, Монгол Улсын иргэн, 1975 оны 6 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 13-258 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.
Шүүгдэгч Р.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Норжмаагийн шигтгээг нь солиулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 6.7 гр жинтэй 583 сорьцтой 469.000 төгрөгийн үнэтэй монетон бөгжийг Сайн нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 265.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Г-өөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны намар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Урт цагаан дээр байрлах Угалзат дархан ХХК-ний байранд ажлаа хийгээд сууж байхад Норжмаа гэх настай эмэгтэй нөхөртэйгээ хамт ирээд монетон бөгжний шигтгээ хийлгэх гэсэн юм гээд бөгжөө үзүүлсэн. Тэгээд би бөгжийг үзээд 2 хоногийн хугацаатай хийж өгөхөөр тохироод бүтэн бөгж байсан болохоор граммыг нь үзэхгүйгээр рубин шигтгээ, ажлын 30.000 төгрөгийн хөлс авч үлдсэн. Тэгээд ажилгүй болчихоод гэрт байж байгаад гэрт хоол, унд, түлээ түлшний мөнгөгүй болчихсон болохоор Норжмаа гэх хүнээс авсан бөгжөө Ботаник дээр байдаг Сайн ломбарданд 260.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан” гэх мэдүүлэг /хх-32-33х/,
Шүүгдэгч Р.Г-өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Надад бөгж өгсөний дараа 3 хоногийн дараа ажлаасаа гарсан. Тэгээд би ажил хийх багажгүй болсон. Бөгжийг буцааж аваад өгнө гэсэн үүднээс ломбарданд тавьсан” гэв.
Хохирогч Б.Норжмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр урт цагаанд байрлах “Угалзат дархан” гэх газарт очсон. Тэнд ажилладаг залууд бөгжнийхөө шигтгээг тогтоолгохоор ажлын хөлс 30.000 төгрөгийг бөгжтэйгээ хамт өгсөн. Би тухайн үед өглөө 10 цагт тэнд очсон бөгөөд бөгжөө хүлээж сууж байгаад авчихъя гэтэл дархан Гантөмөр гэдэг залуу таны бөгж ажиллагаа ихтэй, та 98112832 дугаарт залгаж байгаад өдөр 14 цаг гээд ирээд авчих гэж хэлсэн. Ингээд би үдээс хойш түүний өгсөн дугаар луу залгаж асуутал арай болоогүй байна, 16 цагт ярь гэсэн. 16 цагт дахин утсаар ярихад өнөөдөр амжихгүй нь маргааш би хийж дуусчихаад өөрөө тань луу утасдаад хэлчихье гэсэн. Гэтэл маргааш нь над руу утсаар яриагүй, нөгөөдөр нь ч ярихгүй болохоор залгатал өөдөөс би бэлэн болгоод тань луу ярина гээд мессэж бичээд байсан. 10 дугаар сарын 4-ний үеэс Гантөмөр гэх залуу утсаа салгаад тэр чигтээ сураггүй алга болсон. Ажил дээр нь явж очоод сураглатал түүнийг 7-8 жил тэр газраа дарханы ажил хийж сууж байгаа, одоогоор хөдөө явчихсан байгаа, хүн зальдаад байхаар хүн биш гэхээр нь би тайвшраад хэд хоног хүлээсэн боловч над руу огт яриагүй. Ингээд 10 сарын 10-ны үеэр дахиж ажил дээр нь очтол тэндээсээ гарсан байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. 96622832 дугаарын утаснаас над руу таны юмыг маргааш өгнө, нөгөөдөр өгнө, удаахгүй гээд байнга мессэж бичдэг, залгахаар утсаа огт авдаггүй юм. Миний бөгжийг алга болгочихсон юм уу, яасан юм гэдгийг нь би хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-24-25х/,
Гэрч Б.Гантөмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баянзүрх дүүргийн Ботаникт байрлах 8 дугаар салбар дээр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Равдан овогтой Гантөмөр зузаан зууван тойрсон хээтэй, улаан өнгөтэй, шигтгээ унасан орос 5.6 граммтай монетон бөгжийг 265.000 төгрөгийн барьцаанд 30 хоногийн хугацаатай 6% хүүтэй барьцаалсан бөгөөд 2018 оны 01 сарын 11-ний өдөр сунгалт хийлгэсэн байна. Түүнээс хойш ямар нэг төлбөр хийгээгүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Р.Гт мэдэгдэж 8 дугаар салбараас хураагдаж Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах төв салбар дээр ирсэн байна. Гантөмөр нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ирж дахин зээлийн гэрээ байгуулж сунгалт хийгдсэн байна. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хохирлын 299.280 төгрөгөө хүлээн авсан учир ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-29х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-30х/,
Шүүгдэгч Р.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-35х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-38х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Р.Г нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч А.Норжмаагийн шигтгээг нь солиулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 6.7 гр жинтэй 583 сорьцтой 469.000 төгрөгийн үнэтэй монетон бөгжийг Сайн нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 265.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж завшсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Р.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Г нь хохирогч А.Норжмаад учруулсан гэм хорын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Р.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-ийг 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН