| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431002710232 |
| Дугаар | 2025/ДШМ/43 |
| Огноо | 2025-04-25 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/43
Т.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж /томилолтоор/
Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхтайван даргалж, шийдвэрлэн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Т.*******т холбогдох эрүүгийн 2431002710232 дугаартай, 316/2025/0018/Э/208/2025/0029 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт гийн *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, ****эгтэй, **** настай, яс үндэс дөрвөд, ****** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ***** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын **** баг ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:)
Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Могойн гол гэх газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 17,631,780 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Т.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч овгийн гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 32,794,964 төгрөгийг тэнссэн хугацаанд 2 жилийн хугацаанд бүрэн төлж дуусгах, гэмт хэргийн улмаас сүйтгэгдсэн 1,2 га талбайд нөхөн сэргээлт хийхийг тус тус үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй, буюу зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Т.*******ын эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 3ил-131 маркийн 06-98 СБА улсын дагууртай тээврийн хэрэгсэл нэг, 4.500.000 төгрөгийн үнэ бүхий 30 скрүүбэр алт угаагч усан буу нэг, 2.500.000 төгрөгийн үнэ бүхий дизель генератор нэгийг, мөн хэрэгт хураагдаж тус бүр нь 19.000.000 төгрөг, 18.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн / хх - 63-75 тал /, Hyuindai Robex 3000 LC-7 маркийн, ******* *******, ************** улсын дугаартай 2 ширхэг экскаваторын үнэ болох нийт 37.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.*******аас гаргуулж улсын орлого болгож, битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Тоёота ланд крузер 100 маркийн 89-19 СЭҮ улсын дугаартай автомашин нэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Т.*******т буцаан олгож, битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар Т.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан нийт 50.426.744 төгрөгийн хохирлоос 17.631.780 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн ажлын зардал 7.882.931 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдаж, хохирлын үлдэгдэл төлбөр 32.794.964 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Hyuindai Robex 3000 LC-7 маркийн, ******* *******, ************** улсын дугаартай 2 ширхэг экскаваторыг түүний хууль ёсны эзэмшигч Н.*******, Б.******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, эд зүйл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,
Шүүгдэгч Т.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичиж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт бөгөөд 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан.
Мөн хуулийн 6.7 дугаар зүйл 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан бөгөөд энэ нь мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан ялын санкцид тохироогүй.
Харин мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд хэрэглэх буюу дээрх 6.7 дугаар зүйлээс харилцан ялгамжтай зохицуулалт юм.
Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалттай давхардуулан хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тэнсэж шийдвэрлэсэн хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг зөвтгүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл гаргалаа.
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын тэнсэж шийдвэрлэсэн хэсэгт хууль хэрэглээний талаар зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ:
Шүүхийн зүгээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг давхар хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиололд хэрэглэх буюу дээрх 6.7 дугаар зүйлээс ялгаатай юм. Анхан шатны шүүхээс дээрх 2 зүйл ангийг давхардуулан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-г хэрэглэе гэж бодоход уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 1-5 жилийн хорих ялтай учраас хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийг биш 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг барих байсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын гаргасан эсэргүүцэлд хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Т.*******т холбогдох эрүүгийн 2431002710232 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Могойн гол гэх газарт техник хэрэгсэл ашиглан 7 хэсэг ухаш бүхий 12351.8 мкв, 4537.5 мкуб эзэлхүүнтэй нийт 1.2 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 17,631,780 төгрөгийн шууд хохирол, шууд бус 50.426.744 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
-гэрч Б.*******ын “.. Би 2024 оны 06 сарын үеэр зарын дагуу ******* гэдэг хүнтэй холбогдож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газарт ирж эксковатор барьсан. Би дандаа өдрийн цагаар ******* ахын зааж өгсөн газарт ух гэсэн шороог ухдаг байсан. ...Намайг ирснээс хойш бороо орсноос бусад өдөр байнга ажиллаж байсан. Алтны шороо угаасан угаалга өдөр бүр 7-8 цаг ажилласан...” гэсэн мэдүүлэг,
-гэрч Ц.*******ын “...Дарханаас ******* ах тосож аваад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол гэх газарт ...усан бууны шлакуудыг зөөж ерөнхийдөө туслах ажил хийдэг байсан. ******* ах өдөрт угаасан шорооноос ялгасан алттай шороогоо өөрөө авдаг байсан,уг ажилд нь тусладаг байсан...” гэсэн мэдүүлэг,
-гэрч С.*******ын “...Би *******тай Могойн гол гэх газарт хамт очиж 1 эксковатор янзалж өгсөн...” гэсэн мэдүүлэг,
“Эко инженеринг” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай дүгнэлт, “Хөрөнгө эстимэйт үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/56 дугаартай дүгнэлт, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/30, дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал, жуучлалын газрын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 01/29-01/068/31дугаартай акт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
3.Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.*******ын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан шууд хохирлоо төлсөн, шууд бус хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэлийг түүний өмчлөгч нарт олгож, техникийн үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах талаар хийсэн дүгнэлтүүдийг нь буруутгах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тохиолдолд хэрэглэх хуулийн зохицуулалт бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд хэрэглэх өөр хоорондоо ялгамжтай зохицуулалтыг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хамт хэрэглэсэн нь хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.
4.Анхан шатны шүүх нь хэдийгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүхээс энэхүү алдааг зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
Тэнсэх нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасан хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй байх нөхцөлт эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгахаа илэрхийлсэн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хуулийн зохицуулалт нийцнэ.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт зохих өөрчлөлт оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“2.Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэлийг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН