Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 573

 

                                    

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Хохирогч С.Батнайрамдал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт С.Э-д холбогдох эрүүгийн 1811014340461 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Ч овогт С.Э, Монгол Улсын иргэн, 1977 оны  3 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, октябрь 4 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 5 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /.

  Шүүгдэгч С овогтой Э нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харъяа эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдах явцдаа иргэн С.Батнайрамдалтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Э-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...Намайг эрүүлжүүлэхэд ороход нэг настайвтар хүн байсан санагдаж байна. Тэгтэл бид хоёр дээр нэмэгдэж орж ирсэн залуу агсам тавиад байсан юм. Тэгээд нэг сэргэсэн чинь би тэр залууг алгадаад цохиод байснаа санаж байна ...Би С.Батнайрамдалын биед хүнд зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-50-51х/,

Шүүгдэгч С.Э-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч С.Батнайрамдалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Тэгтэл хашаа байшингийн эзэн хүрч ирээд байшин суллаж өг гэж хэрүүл маргаан үүссэн. Тэгтэл удалгүй цагдаа нар ирээд намайг аваад 111 рүү аваачсан юм. Эрүүлжүүлэх байранд ирээд эмч нар үзээд цагдаа нар нь ор гэж хэлэхээр нь би та нар надаас юм асууна гэж авчирсан биз дээ гээд маргалдаж байсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь намайг камераас гаргаад цагдаа нар түргэн дуудаж байсан. Миний биеийн байдал одоо зүгээр болсон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, харин эмчилгээний зардлаа нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хх-10-12х/,

Хохирогч С.Батнайрамдалаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би дотуур цус алдалттай сар гаран эмнэлгээр явсан. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлчихвэл өөр гомдол байхгүй” гэв.

 Гэрч Т.Отгонбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи ууж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан шалтгаанаар албадан саатуулах баривчлах байранд хүргэгдэн ирсэн. Би 7 номерын өрөөнд саатуулагдсан ба надтай хамт нэг хүн өрөөнд байсан. Намайг анх ороход биеийн тамирын канттай өмдтэй, улаан фудволктай залуу цаашаа хараад унтаж байсан. Удалгүй миний араас бас нэг залуу орж ирээд гурвуулаа болсон. Тэгтэл сүүлд орж ирсэн залуу нэлээн согтуу элдвийн юм яриад байсан, тэгтэл унтаж байсан залуу босч ирээд уг залууг алгадаж зодоод өшиглөөд гэдсэн дээр нь дэвссэн юм. Тэгээд би хаалга нүдэн цагдаа дуудсан юм ...” гэх мэдүүлэг /хх-20-22х/,

Гэрч Ш.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...С.Батнайрамдал ирэхдээ согтуу агсам тавьсан байдалтай ирсэн бөгөөд тавьсан шаардлагыг байнга эсэргүүцэж байсан. Тэгэхээр нь хүчээр 7 дугаар өрөөнд оруулсан. Тэгээд үргэлжлүүлээд ажлаа хийж байхад зодоон болоод байна гэхээр нь яваад очтол а/а Дэмбэрэлдорж түрүүлж ороод хаалга онгойлгоод орсон байсан. Намайг харахад С.Батнайрамдал уруул нь язарсан байдалтай уруул нь цус болчихсон паарны наад булан дэрлээд хэвтэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-26х/,

Гэрч П.Дэмбэрэлдоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энхболдыг 7 дугаар өрөөнд оруулсан. Тэгтэл 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс С.Батнайрамдал нь анх ирэхдээ агсам тавьсан цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан юм. Тэгээд Батнайрамдалыг 7 дугаар өрөөнд оруулаад 10 орчим минут болж байтал саатуулах өрөөний хаалга нүдэхээр камер хартал Батнайрамдалыг зодож байхаар нь гүйж очоод хаалга онгойлгосон юм. Намайг очих анх хаалга онгойлгоход Батнайрамдал паарны булан дэрлээд хэвтчихсэн Энхболд цаана нь зогсож байсан ...жижүүрийн эмч үзлэг хийж авахад биед ил харагдах гэмтэл байгаагүй баруун нүдэн дээр хуучин шарх байсан ...” гэх мэдүүлэг /хх-28х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6297 тоот дүгнэлтэнд:

“1. С.Батнайрамдалын биед хэвлийн битүү гэмтэл, сэмжний задрал, цус алдалт /1400-1500 мл/, 2 шүдний сулрал, доод уруулд цус хуралт, зулгаралт, баруун нүдний дээд зовхи, дагз, зүүн чихний дэлбэн, баруун мөр, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-34х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8х/,

Шүүгдэгч С.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-54х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-58-64х зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С овогтой Э нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харъяа эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулагдах явцдаа иргэн С.Батнайрамдалтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Мөн шүүгдэгч С.Э-оос хохирогч С.Батнайрамдалд учруулсан гэм хорын хохирлын 502174 төгрөгийг гаргуулан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плашийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь 76 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-од оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ын цагдан хоригдсон нийт 76 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.  

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-оос 502174 төгрөгийг гаргуулан хохирогч С.Батнайрамдалд олгосугай.                                                                                             

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг плашийг хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Ё.ЦОГТЗАНДАН