Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/44

 

                           О.*******, Я.******* нарт холбогдох

                                     эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,

Прокурор Б.Хишигсувд /цахим/

Хохирогч Б.*******гийн өмгөөлөгч Б.Билгүүн /цахим/

Хохирогч Ч.*******ын өмгөөлөгч А.Мөнхбат  /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбаатар нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч Ч.*******ын гомдлоор О.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, 149/2022/0119/Э индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын *******, Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, халх, ****** боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл****** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******баг, ****** тоотод оршин суух хаягтай, урьд

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: )

овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ***** настай, ****эгтэй, халх, ****** боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ****** дугаар баг, ******* гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: )

Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийг үйлдэх талаар Я.*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах "*******" хотхоны ******* тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилж, хохирогч Ч.*******д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.******* нь гэмт хэргийг үйлдэх талаар О.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах "*******" хотхоны ******* тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан улмаар тэтгэврийн зээлээ хааж, ашиг олон залилж, хохирогч Ч.*******д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: О.*******, Я.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

овогт ын *******, овогт ын ******* нарыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч О.*******ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Я.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч О.*******д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.******* нь 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я. ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.*******д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг О.*******д тайлбарлаж,

Шүүгдэгч О.*******, Я.******* нараас гэм хорын хохирол 55,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Нарангийн №102 тоотод оршин суух, хохирогч /РД: *******, Утас: *******/ ******* овогт ын *******д олгож, Иргэний нэхэмжлэгч А.*******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах "*******" хотхоны **** тоот байрыг хэвээр үлдээж, хохирогч Б.******* нь байрыг худалдан авч засан сайжруулахтай холбогдон гарсан болон бусад нэмэлт зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 55,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор төлж барагдуулах үүргийг шүүгдэгч О.*******, Я.******* нарт хүлээлгэж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.*******, Я.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд, хилийн хориг тавигдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба …Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Халин, Я.******* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүх О.******* Я.******* нараас гэм хорын хохирол 55 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ч.*******д олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь 1 өрөө 23,6 м.кв талбайтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын “*******” хотхонд байрлалтай байр нь зах зээлийн үнэлгээгээр 34,220,000 мянган төгpөгөөp тогтоогдсон. Нөгөө талаар Я.******* Ч.******* нар нь 20 сая төгрөгөөр худалдан авахаар анхнаасаа тохиролцсон байхад шууд 55 сая төгрөг гэж шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт О.******* Я.*******д 25 сая төгрөгөөр худалдсан учраас О.*******аас 25 сая төгрөг гаргуулж хохирогч Ч.*******д олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

ын *******ыг бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутайд тооцож 500 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсанд гомдолтой байна.

Учир нь Я.******* энэ хэрэгт охинтойгоо хамтран бусдыг залилсан гэх ямар ч нотлох баримт байхгүй харин ч охин О.*******аадаа хууртагдан өөрөө шүүхийн хаалга татаж ял авсандаа гомдолтой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрвөл түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3-т гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу О.******* л ганцаараа хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэж байна.

Иймээс дээрх заалтуудыг удирдлага болгон Я.*******ыг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр ялыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Ч.******* нь давж заалдах гомдолдоо:

...Миний хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 3 удаа шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх 2 удаа шийдвэрлэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж, Улсын Дээд Шүүх 2 удаа хэлэлцэхээс татгалзаж буцаалаа. /Эрүүгийн хэргээс өмнө тухайн орон сууц худалдах үйл баримттай хамааралтай О.*******д холбогдох хэргийг иргэний журмаар анхан шатны шүүх 2 удаа шийдсэн байдаг/ Ингээд Иргэний журмаар, Эрүүгийн журмаар гээд анхан шатны шүүх нийтдээ 5 удаа энэ хэргийг шийдлээ.

Энэ олон хэрэг шийдвэрлэх үйл ажиллагааны явцад цаг хугацаа, хөрөнгө мөнгө, бүхий л итгэл найдвар, сэтгэл санаа бусад байдлаар хохирч байна. Анхан шатны шүүх өмнө нь тухайн хэргийг 2 удаа шийдэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******ы №******* тоот байрыг Ч.******* миний биед олгохоор шийдвэрлэж байсан боловч Давж заалдах шатны шүүхээс Д.*******г хохирогчоор тогтоогоогүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх үндэслэлүүдээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах, мөн нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэх зэргээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Дахин анхан шатны шүүх 3 дахь удаагаа тус хэргийг шийдвэрлэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******ы №******* тоот байрыг Ч.******* миний биед олгохоор бус 55, 000,000 төгрөгийг О.*******, Я.******* нараас гаргуулж надад олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт нэг л хүн өнөөдрийг хүртэл хохирч байна. Хууль тогтоогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ... гэж хуульчилсан.

Би огтоос Д.******* нь яаж хохирсон, ямар бодит хохирол учирсныг ойлгохгүй байгаа. Харин хямд үнээр байр аваад ажил албан тушаалтай холбоотой олж авсан мэдээллээ ашиглаж цааш бусдад борлуулж ашиг хонжоо олж, бусдыг хуурч хохироосон үйлдэл байна.

Миний бие Д.*******г хохирогч гэж үзэхгүй байна. Учир нь Д.******* нь О.*******аас тухайн байрыг 25,000,000 төгрөгөөр худалдан аваад цааш нь мөн иргэний нэхэмжлэгч гээд байгаа А.*******д 28,000,000 төгрөгөөр худалдан борлуулж дундаас нь ашиг олсон, мөн худалдаж авсан мөнгөө буцаагаад авчаад байхад Д.*******г хохирогчоор тогтоож байгааг огт ойлгохгүй байна. Өнөөдрийн байдлаар Д.******* харин хохирогч биш Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад ажилладаг давуу байдал, мэдээлэлд ойр хамаарлаа ашиглан харин ч А.*******г хуурч мэхлэн байрыг дахин зарж ашиг хонжоо олсон байгааг хууль хяналтын байгууллагынхан яагаад олж харахгүй байгааг гайхаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №94 дугаартай захирамжаар Ч.*******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******ы **** тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөх, Ч.******* нь О.*******д 12,800,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж одоог хүртэл хуулийн хүчин төгөлдөр байгаа, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай гэж хохирогч миний бие үзэж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж дүгнэхдээ хэргийн бодит байдал, хохирогчийн гаргасан хүсэлт, тайлбар, гэр бүл, хувийн байдал, иргэний өмчлөх эрх, өмчийн чөлөөтэй халдашгүй байдал зэргийг харгалзан үзээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн боловч буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж дээрх гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийн үнэн зөв, бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/20 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, *******ы №******* тоот байрыг Ч.******* миний биед олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч Ч.*******ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 94 дугаартай захирамж хүчинтэй байгаа бөгөөд тухайн захирамжийг ямар нэгэн байдлаар хүчингүй болгоогүй. Мөн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийг даалгах тухай захирамж хүчинтэй байгаа. Мөн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нар оролцоод “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу байраа буцаан авмаар байна, мөнгө авахгүй” гэсэн тайлбараа гаргасан. Шүүхийн зүгээс ямар баримтыг үндэслэсэн нь мэдэгдэхгүй, үнэлгээ хийгээгүй атлаа 55,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ залилангийн хэргээс болж хохирогч амьдрал ахуйгаараа хохирчихсон учраас тухайн байрыг хохирогчид олгуулахаар гаргасан гомдлоо дэмжиж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...шүүгдэгч О.*******, Я.******* нараас гэм хорын хохирол 55,000,000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулаар шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. ...Я.*******, Ч.******* нар анхнаасаа 20,000,000 төгрөгөөр зарна гэж тохиролцсоны дагуу Я.*******ын зүгээс Ч.*******д 14,000,000 төгрөг өгсөн. Үлдсэн 6,000,000 төгрөгийг “Ч.*******д өгөөрэй” гээд О.*******д өгсөн. Гэтэл О.******* тухайн мөнгийг Ч.*******д өгөөгүй, үрсэн байсан. Ингээд энэ 6,000,000 төгрөгийн асуудлаар Ч.******* нь шүүхэд нэхэмжлэл гараад явж байх хугацаанд О.******* нь ээжээсээ итгэмжлэл аваад, Ч.*******д хэлэлгүйгээр тухайн байрыг 25,000,000 төгрөгөөр Б.*******д зарсан. Б.******* нь тухайн байрыг худалдан аваад 28,000,000 төгрөгөөр н.Одончимэг гэх хүнд зарсан. Тэгэхээр өнөөдрийн маргааны үндсэн гол хүн нь О.******* байхад Я.*******аас 55,000,000 төгрөгийг талыг нь гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Тиймээс энэ хэрэгт Я.******* нь хамтран оролцоогүй учраас Я.*******д холбогдох хэсгийг хасаж өгнө үү гэжээ.

Хохирогч Б.*******гийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлсэн. Хамгийн гол нь Я.*******ын зүгээс тухайн байрны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, төлөх ёстой гэдгээ мэдсээр байж уг байрыг худалдсан. н.******* гэх хүний хувьд уг байрыг гэрээгээ хийгээд, мөнгөө төлөөд албан ёсоор худалдан авсан бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгө нь мөн байхад уг байрыг нь Ч.*******д олгох ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Хохирол төлбөрийн тухайд 34 сая төгрөгөөр тухайн байрыг худалдан авах боломжгүй гэдгийг шүүх харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1-т заасан эрүүгийн хариуцлагын зорилгодоо нийцүүлэн, одоогийн ханшийг харгалзан үзээд Ч.*******ын эрх ашгийг бүрэн хангасан шийдвэр гаргасан байна. Мөн шүүгдэгч нарын зүгээс гаргасан гомдлын үндэслэлийг огт ойлгохгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...хохирлын хэмжээ 55,000,000 төгрөг байна гэж маргаад байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлд дурдахгүй байхаар хуульчилсан байна. Оролцогч нарын тайлбар мэдүүлгийг үндэслээд тухайн байрны зах зээлийн үнэлгээгээр тогтоож хохирогчийн хохирсон эрх ашгийг сэргээсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч Ч.*******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Маргаан бүхий байрыг анх 20.000.000 төгрөгөөр авч байсан, цааш нь 25,000,000 төгрөгөөр зарсан байхад юунд үндэслэсэн нь тодорхойгүйгээр 55,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ******* охин *******тай үгсэн нэгдэж гэмт хэрэг үйлдээгүй тул үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, *******аас 25,000,000 төгрөг гаргуулан Ч.******* олгож өгнө үү” гэх,

Хохирогч Ч.*******ын зүгээс гаргасан “....Маргаан бүхий байрыг 55,000,000 төгрөгөөр үнэлж уг мөнгийг надад олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, байраа авах шаардлагатай байна...” гэх гомдлуудыг хянан үзэж гомдлуудыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

3.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгч нарт оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно.

4.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газраас шүүгдэгч О.*******, Я.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар буюу шүүгдэгч О.******* нь гэмт хэргийг үйлдэх талаар Я.*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах "*******" хотхоны ******* тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан залилж, хохирогч Ч.*******д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Я.******* нь гэмт хэргийг үйлдэх талаар О.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Ч.*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багт байрлах "*******" хотхоны ******* тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулан улмаар тэтгэврийн зээлээ хааж, ашиг олон залилж, хохирогч Ч.*******д 34,220,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

5.Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Я.*******д 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.*******д 01 жилийн хорих ял оногдуулсан боловч бага насны 3 хүүхэдтэй, бага хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг, өрх толгойлсон эх зэргийг харгалзан 01 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д өсвөр насны шүүгдэгч гэж бичсэн нь ойлгомжгүй уг тогтоолыг биелүүлэхэд эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор нөхцөл байдлуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, маргаан бүхий байрыг иргэний нэхэмжлэгч А.*******д олгохоор шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүй, өөрөөр хэлбэл хохирогч Ч.*******д маргаан бүхий байрыг яагаад олгох боломжгүй гэж үзсэн эсэх, уг байрыг ямар үндэслэлээр иргэний нэхэмжлэгч А.*******д олгож байгаа эсэх, ямар тооцоо судалгаа, үнэлгээний тайланд үндэслэн хохирогч Ч.*******д 55,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн эсэх эсхүл эдгээр нөхцөлийг үгүйсгэж буй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсны улмаас шүүгдэгч хохирогч нарт эргэлзээ бүхий нөхцөлийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчмууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, оролцогчдын хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалаагүй, зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.

6.Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч Ч.*******ын гомдлыг тус тус хангах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолын 8 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 55,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн дотор төлж барагдуулах үүргийг шүүгдэгч О.*******, Я.******* нарт хүлээлгэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Я.*******д оногдуулсан эрүүгийн хариуцлага давхардсан нь шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэх үндэслэл болдог болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2,  39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.4, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 2.Шүүгдэгч нарын өмгөөлөгч болон хохирогч Ч.*******ын гомдлыг тус тус хангасугай.

 3.Шүүгдэгч нарт магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

    

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ