Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 577

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Т.Эрдэнэбат,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 1811015590547 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч М овогт Т.Б, Монгол Улсын иргэн, 1976 оны  4 сарын 19-ний өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1105 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урд: 2005 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2009 оны 6 дугаар сарын 18-ны Чингэлтэй дүүргийн шүүхийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:............. /.

  Шүүгдэгч Т.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4 дүгээр гудамжны 37 тоот хаягт оршин суух хохирогч Н.Ганбаатарын байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг Самсунг галакси эс-7 эдже загварын гар утсыг авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б-өөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”...Тэр үед нь би хашааг нь даваад буцаж ороод байшингийн зүүн талын вакум цонхны салхивчийг нь гараараа түлхээд онгойлгосон. Онгойсон салхивчаар байшин руу ороод сервантнаас нь хоёр ширхэг мөнгөн аягийг нь аваад буцаад гарах гэхэд гал тогооны өрөөний ширээн дээр гар утас харагдахаар нь аваад гарсан. Тэр айлын хашааг давах гэж байхад ногоон өнгийн даавуун тор өлгөөтэй байхаар нь түүнд нь хоёр мөнгөн аягаа хийгээд бариад явсан. Тэгээд зүүн тийшээ 32-ын тойрог руу гараад такси бариад Хүчит шонхор захын дэргэд орхисон машин руугаа явсан. Хүчит шонхор захын дэргэд таксинаас буугаад өөрийн машиндаа суугаад Нарантуул 1 зах руу орсон. Нарантуул 1 захын орон нутгийн унаа зогсдог хэсэгт очоод мөнгөн аяга тэр орчмоор явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд хоёр мөнгөн аяга, гар утсаа нийтэд нь 200.000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Шүүгдэгч Т.Б-өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 5 сарын 22-ны өдөр 11 цагийн үед шиг санаж байна, гэртээ байж байхад манай хашааны урд талаас нэг эрэгтэй хашаа даваад ороод ирэхээр нь ямар учиртай хүн хашаа давдаг юм гэж бодоод байшингаасаа гараад хөөе чи яагаад хашаа давдаг юм, ямар учиртай хүн бэ гэхэд тэр эрэгтэй надад хандаад би урд талын чинь Хятад компанийн ажилчин байна, манай захирал танай хашаа байшинг авмаар байна гэсэн та одоо надтай хамт ороод уулзах уу гэсэн. Манай урд талын гудамжинд 3 давхар шинэ барилга баригдсан учир би Хятад компани барьсан юм байна гэж бодсон. Тэгээд монгол хүн байна орж цай уу гэж хэлээд гэртээ оруулаад цай хийж өгсөн. Цай ууж байх үедээ тэр эрэгтэй хоёулаа гарах уу, даруйхан уулзахгүй бол захирал ажилтай гарах гэж байгаа гэж хэлсэн. Би тэр эрэгтэй хүлээж бай би хувцсаа солиодохъё гэж хэлээд хувцсаа солиод гараад ирэхэд нөгөө эрэгтэй яараад байна ингээд давчих уу гээд урд хашааг даваад цаашаа буухад нь би тэгье гээд мөн араас нь очоод хашаагаа даваад гудамж руу гарахад нөгөө эрэгтэй харагдахгүй болсон. Тэгээд би тэр эрэгтэйг мөн урд талын хашаагаа давчихаж гэж бодоод урд талын шинэ барилгатай хашааг араас нь даваад орсон. Тэр хашаа руу орсон чинь хашааны урд талд хоёр эрэгтэй хашааны хаалга янзалж байхаар нь захирал чинь байна уу гэхэд та граж ороод асуу гэхэд нь тэр байшингийн граж руу ороход нэг эрэгтэй байхаар нь захирал чинь байна уу гэж асуухад байхгүй гэсэн. Би гэнэт буруу боллоо гэж бодоод буцаад хоёр хашаа даваад ороод ирэхэд манай байшингийн зүүн тийшээ харсан гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой байсан. Байшиндаа ороод харахад ширээн дээр байсан миний Самсунг эс 7 гар утас, гал тогооны өрөөний баруун хананд байх сервантны дээд талд хийсэн байсан 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-23х/,

 Гэрч Д.Хоролсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...32-ын автобусны буудал орчимд явж байтал үл таних эрэгтэй хүн гар өргөсөн. Би тэр хүнийг суулгаад Хүчит шонхор захын урд зүг рүү харсан хаалганы замын урд талд ирэхэд тэр энд зогсоолд зогсчих гэсэн. Тэр хүн буусныхаа дараа 2-3 минут болоод харагдахгүй болохоор нь би машинаасаа буугаад хартал Хүчит шонхор захын урд зүг рүү харсан хаалганы эсрэг талын гудамжинд байх блокон хашааны зүүн талд нв шахаад зогсоосон байсан цагаан машиныг онгойлгоод дотроос нь юм авах шиг болсон. Тэгээд над дээр ирээд 2000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-27-28х/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-9х/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-18х/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч М.Даваадоржийн гаргасан 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №06/377 Гарын мөрийн адилтгалын шинжилгээний дүгнэлт /хх-32-34х/,

Шүүгдэгч Т.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/,м оршин суух хаягийн тодорхойлолт /хх-39х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-44-47х зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 4 дүгээр гудамжны 37 тоот хаягт оршин суух хохирогч Н.Ганбаатарын байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг Самсунг галакси эс-7 эдже загварын гар утсыг авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын байнга амьдрах орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Т.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтов.

Хохирогч Н.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...эд зүйлийн үнэлгээгээр учирсан хохирлыг надад хүлээлгэж өглөө. Би учирсан хохирлоо барагдуулж авсан учир гомдолгүй ...” гэсэн /хх-23х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын байнга амьдрах орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-өд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

          4. Шүүгдэгч Т.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                                                          

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Ё.ЦОГТЗАНДАН