| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2431003200318 |
| Дугаар | 2025/ДШМ/58 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/58
эрүүгийн хэргийн тухай
С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Б******* хөтөлж,
Прокурор А.Э*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.А*******
Иргэний хариуцагч П.Б*******
Шүүгдэгч О.Ц*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г*******, Т.С*******, Э.Б******* нарыг оролцуулан,
С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.А даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор О.Ц*******ад холбогдох эрүүгийн *********** дугаартай, ************ индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт Оын Ц*******, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “** зоогийн газар”-т тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Д аймаг, С сумын Мын *-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ЗК*********)
Шүүгдэгч О.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С****** аймгийн А сумын * дугаар баг “” нэртэй газарт **-** УБП улсын дугаартай “Лексус-РХ” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.
10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж,
хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх
нөхцөлийг хангана;
27/г тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 4 настай Б.Эыг дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
С****** аймгийн Прокурорын газраас: О.Ц*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ургийн овогт Оын Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь заалтад тус тус заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ц*******ын ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ц*******ад оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгчийн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс амь хохирогчийн оршуулгын зардалд 26,272,000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар гаргаж өгснөөс нийт 30,000,000 /гучин сая/ төгрөгийг шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нар хувь тэнцүүлэн гаргаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******д олгосон болохыг дурьдан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А268, А/275 хамтарсан тушаалын хавсралт, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 3.3-д заасны дагуу хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасны дагуу 150х660,000=99,000,000 (ерэн есөн сая) төгрөгийг шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснээс 3,728,000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 95,272,000 /ерэн таван сая хоёр зуун далан хоёр мянга/-н төгрөгийг шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******д олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж,
Энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Шүүгдэгч О.Ц*******ад 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд :
... Болсон үйл баримт болон холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар миний үйлчлүүлэгч О.Ц******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд маргаагүй, үнэн зөвөөр хэлж мэдүүлж ирсэн.
Хэрэг учрал болсон өдөр О.Ц******* нь П.Б*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гол, ус гаталгах зорилготой жолоодсон, мөн “” гэх нэртэй газрын машин зогсоол дээр машинаа байрлуулж, газар үзээд буцаж явахаар ухрах үйлдэл хийхдээ осол гаргасан, бага насны охиныг машины ард ирж суусныг мэдээгүй харах боломжгүй байсан. О.Ц*******аас шалтгаалаагүй хэд хэдэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж болохоор байна.
О.Ц******* нь осол болсон даруйд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж, болж өнгөрсөн үйл баримтанд өөртөө дүгнэлт хийж, гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа ба хохирогчид учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж байгаа хохирлыг иргэний хариуцагчийн хамтаар төлж барагдуулж, шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулахаар хичээж, шүүхээс оногдуулсан ял шийтгэлд хүндэтгэлтэй хандаж байгаа болно.
О.Ц******* анх удаа тохиолдлын шинжтэй болгоомжгүй төрөлд хамаарахгүй гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр зохих байгууллагад мэдэгдсэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэж буй хохирлыг өөрийнхөө чадах хүртлээ төлж барагдуулж байгаа, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл мөн хуулийн 7.1-д зааснаар зааснаар яльт хөнгөрүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Өмгөөлөгч Э.Б******* миний бие давж заалдах шүүхийн шатнаас энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч О.Ц*******ын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос 3 /гурван/ жилийн хугацаанд хорих ял оногдуулсан хэсгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял бодон шүүгдэгчийн гэм буруугийн хувьд маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчсөн талаар:
Шүүгдэгч О.Ц******* нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ тухайн үед Д надад энд олон хүүхдүүд байна шүү сайн камер, толио хараарай гэж хэлэхээр нь би камер, хоёр толио харж шалгаад ухарсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Дгийн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ойр орчимд олон жоохон хүүхэд байна шүү гэхэд би камераараа харсан” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч П.Б*******гийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “би машины урд буюу жолоочийн эсрэг талд суусан” гэх мэдүүлэг, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Ц******* бид хоёр ухрахын камер харах үед хэн нэгэн байгаагүй боловч ухарсан чинь гэнэт л хүмүүс орилолдоод яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөгч Г.Рийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...О.Ц******* нарсан дотроос гарч ирээд Приус-41, Грандмарк 2 загварын тээврийн хэрэгслүүдийн араар гарч тойроод өөрийн **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн араар гарч бичлэгийн 01:09 минутад тээврийн хэрэгслийн жолооны ард суув..”, ‘\..амь хохирогч Б.Э цагаан өнгийн Гранд Марк 2 загварын тээврийн хэрэгслийн ард очиж зогсож байгаад хөдөлгөөн үйлдэж 00:25 секундэд **-** УБП улсын дугаартай Лексус загварын улаан өнгийн тээврийн хэрэгслийн ард очиж зогсож байгаад тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйн харалдаа явган суув”... гэх тэмдэглэл зэрэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн байна.
Дээрх баримтуудыг өмгөөлөгчийн зүгээс дүгнэн үзвэл мөрдөгчийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд О.Ц******* тээврийн хэрэгслийн араар тойрч жолооны ард сууж байгаа нь шүүгдэгч хөдөлгөөн эхлэхээс өмнө хөдөлгөөнд саад болохуйц нөхцөл байдал бий болсон эсэх талаар өөрийн биеэр шалгасан гэж дүгнэж байна.
Тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд иргэний хариуцагч П.Б******* сууж байсан талаар өөрөө мэдүүлдэг бөгөөд хөдөлгөөн эхлэхийн өмнө камерыг О.Ц*******тай цуг харж байсан талаар мэдүүлдэг. Мөн О.Ц*******ад гэрч Н.Д толь, камераа харахыг сануулдаг бөгөөд камераа харж байна гэх мэдүүлгийг хэн аль нь мэдүүлдэг.
Иймээс шүүгдэгчийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэхийг огтоос биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хөдөлгөөн эхлэхээс өмнө осол үүсгэхгүй байх арга хэмжээг тодорхой хэмжээнд авч байсныг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харж болохоор байна.
Гэсэн хэдий ч О.Ц*******ын хохирол учруулсан үйлдэл гарцаагүй байх бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Давж заалдах шатны шүүхийг дээрх нөхцөлд дүгнэлт хийж харгалзан үзэхийг хүсэж байна.
Хоёр. Хохирогчийн асран хамгаалагчийн буруутай үйлдлийн талаар:
Гэрч Б.Сгийн 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Тэр үед нас барсан хүүхдийн аав нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Лын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “..Даваадорж, Банзрагч бид гурав зогсоолын дэргэд нарсан дунд байрлах ширээ сд хүмүүсийг хүлээж байгаад босохоор нь зөрж суугаад Хараа нэртэй 0.5 литрийн хараа задалж хундаглаад тус тус татчихаад байж байсан чинь хүмүүс орилолдоод яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Шинжээч С.Сын 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 171 дугаартай шинжээчид тавьсан асуултад “..Амь хохирогч Б.Э болон түүний асран хамгаалагч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а-д 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх хариулт,
Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байх бөгөөд энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн болон түүний асран хамгаалагч нарын буруутай үйлдэл байгааг гэдгийг дурдах нь зүйтэй бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Мөн нөгөө талаараа 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “...зогсоолын ертөнцийн зүгээр урд талд “Р” буюу зогсоолын тэмдэглэгээтэй...” гэсэн байх бөгөөд **-** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасны дагуу “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.178 буюу 6.129 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана” гэснийг зөрчөөгүй бөгөөд энэхүү нөхцөлийг мөн шүүхээс харгалзаж үзэхийг хүсэж байна.
Гурав. Хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 26,272,000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаар өгснөөс шүүгдэгч болон иргэний хариуцагч нарын зүгээс 30,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Дээр дурдсан 30,000,000 төгрөгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О*******ийн сэтгэцэд учирсан хохирол төлбөл зохих 99,000,000 төгрөгөөс 3,728,000 төгрөгийг хасаж 95,272,000 төгрөгийг О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зохилтой талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурджээ.
О.Ц*******ын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэргийг анхан шатны журмаар хэлэлцэж дууссанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн нь баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч О.Ц******* болон иргэний хариуцагч П.Б******* нар нь хохирогчийн төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын мөнгийг гүйцэт төлөхөө илэрхийлсээр байгаа юм.
Дүгнэлт. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын” нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлсэн, цаашид гэмт хэргийн улмаас гарах бүх г хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг тус тус ял үлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн хэмээн дурджээ.
Иймд, өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөлүүдийг нийтэд нь дүгнэн үзвэл шүүгдэгчийг Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг огтоос биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хөдөлгөөн эхлэхээс өмнө осол үүсгэхгүй байх арга хэмжээг тодорхой хэмжээнд авч байсан байна гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх нь энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч болон хохирогчийн асран хамгаалагчийн буруутай үйлдэлд дүгнэлт өгөөгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэлгүй орхигдуулсан байна гэж үзэж байна.
Энэхүү нөхцөлүүдийг давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхэд анхаарч үзэхийг хүсэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэх зохицуулалт байгаа бөгөөд өмгөөлөгчийн зүгээс энэхүү зохицуулалтад хамааруулан үзэх бүрэн боломжтой гэж дүгнэж байна.
Мөн шүүгдэгч О.Ц******* нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ахин 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн үлдэгдэл төлбөрийг гүйцээж төлөхөө илэрхийлсээр байгааг давж заалдах шатны шүүхээс ахин харгалзаж үзэхийг хүсэж байна.
Иймд, өмгөөлөгч Э.Б******* миний гаргасан гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэн миний үйлчлүүлэгч О.Ц*******ад оногдуулсан 3 /Гурван/ жилийн хорих ялыг хөнгөрүүлж эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.С******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Нэг. Үйл баримтын тухайд:
Шүүгдэгч О.Ц******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Мөн шүүгдэгч нь гэм буруутай үйлдэл хийсэндээ маш ихээр гэмшиж буйгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үед хэлж, гэмшиж ирсэн байна. Гэвч шүүгдэгч О.Ц******* нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хэдий нь дээрх гэм буруутай үйлдлийг хүсэж хийгээгүй.
Ямар нэгэн алах зорилготой эсхүл дайрах зорилготой ухрах үйлдэл хийгээгүй нь субьектив талын шинжээрээ тухайн хүүхдийг алах санаа зорилгогүй байсныг илтгэн харуулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд гэм буруугийн холимог хэлбэрийг заасан. Гэм буруугийн холимог хэлбэр гэдэг нь санаатай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болгоомжгүй үйлдэл хохирол, хор уршигт хүрснийг хэлнэ. Шүүгдэгчийн жолоодох эрхгүй байж жолооны ард сууж, жолоо барьж байгаа үйлдэл нь санаатай боловч хүрэх үр дүн нь хүнийг алах, дайрах гэсэн санаа зорилго байгаагүй. Мөн ухрах үйлдлийг эхлэхдээ хүүхдийг дайрах санаа агуулаагүй бөгөөд жолооны ард сууж өмнө машины эргэн тойрныг шалгаж үзэхэд хүүхэд байгаагүй /хяналтын камерын бичлэгээс харагдана/ тул хүүхэд байхгүй байх хэмээн хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандсан гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн холимог шинж байдал, оногдуулах ялын төрөл хэмжээг тусгайлан заасан тул болгоомжгүйгээр, хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандаж энэхүү гэм хэргийн үйлдсэн гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймд шүүгдэгч шууд болон шууд бус санаагаар тус гэм хэргийг үйлдээгүй бөгөөд хохирогчийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйлдэл байгааг давж заалдах шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
Хоёр. Хууль хэрэглээний тухайд
2.1.Сэтгэл санааны хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон тухайд
Юуны өмнө шүүгдэгч О.Ц******* нь хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ч нөхөн төлсөөр байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд шүүгдэгч сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор хэдий маргаангүй ч анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирлыг тогтоохдоо хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг знэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, 27.10 дугаар зүйлд заасан (Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-т заасан гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүхийг энэ талаар хийж өгөөсэй гэж хүсэж байна.
2.2. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой байсан тухайд
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон ялыг сонгон оногдуулах нь шүүхийн үүрэг билээ.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч О.Ц*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх боломжтой мөн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээг авч өгөөч гэж байна.
“Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд” гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн хөдөлмөр, сурлага, иргэний болон олон нийтийн үүрэгт хандах хандлага, ажил, амьдралын хүрээн дэх зан төлөв, зуршил, нас, хедөлмөрийн чадвар, биеийн эрүүл мэнд, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, амьдралын түвшин, ажил амьдралын дадлага туршлага, ял шийтгэл, шагнал урамшил зэрэг нөхцөл байдлыг хамааруулан ойлгоно.
“...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ц*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл учруулаагүй, хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгч байсан, аав ээж 3 дүүгийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзаж үзээгүй байх бөгөөд хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэх боломжтой байсан гэж үзэж байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд аль болох хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэж ял эдлэх үйл явцад хяналт тавих, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ойлгуулах, ажил хөдөлмөр эрхлүүлэн, учирсан хохирлыг бүрэн төлүүлэх тэнсэх албадлагын арга хэмжээний нэг зорилго билээ.
Мөн энэрэнгүй ёсны зарчим нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэхийн зэрэгцээ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны болон материаллаг хохирлыг нөхөн төлүүлж Учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой билээ. Гэмт хэрэгтэн идэвхгүйгээр шийтгэл хүлээхээе идэвхтэйгээр хохирлоо төлөх нь чухал билээ. Түүнчлэн учруулсан гэм хороо арилгасан тохиолдолд гэмт хэргийн нийгмийн аюул үгүйсгэгдэх буюу багасаж түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын арга хэмжээ хөнгөрөх учиртай.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуилагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гарах болсон шалтгаан, сэдэлт, гэмт санаа зоригоо хэрэгжүүлсэн арга, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо. нийгэм, иргэдэд учруулсан хохирлын хэмжээ, түүнийгээ арилгасан байдал, гэм буруугаа ойлгосон байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, хэргийн бодит байдлыг тогтооход хүндрэл бэрхшээл учруулаагүй, хэргийн талаар үнэн зөв тогтвортой мэдүүлэг өгч байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөр ялаар буюу зорчих эрхийг хязгаарлах солих, эсхүл хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү хэмээн хүсэж байна. Шүүгдэгч нь тэнсэх эсхүл хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд ажил хөдөлмөр эрхлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохиролд төлөх төлбөрийг төлөх нөхцөл илүүтэй бүрдэхийг Давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна гэв.
Шүүгдэгч О.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас энэхүү гэмт хэргийг үйлдэж хүний амь хохироосондоо маш их гэмшиж, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Уучлаарай гэв.
Иргэний хариуцагч О.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэхээр ийм харамсалтай зүйл болсонд хохирогчийн ар гэр аав ээжээс уучлалт гуйж байна. Миний зүгээс жолоогоо шилжүүлснээс болоод өнөөдрийн ийм зүйл болсонд маш их харамсалтай байна. Шүүгдэгчийг хохироос бусдаар шийтгэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогоос 10 сарын өмнө өөрийн бага охиноо алдсан. Тухайн үед миний дунд охин над руу залгаад ухарч байгаад машинд дайруулсан болохоор нь ухарч байгаа машин юм чинь гайгүй мөргүүлсэн юм уу гэж бодож байсан. Гэтэл шүүгдэгч жолоодох эрхгүй болохоор мэдэхгүй байсан учраас ахин урагшилж дайрсан. Мөн шүүгдэгчид жолоогоо шилжүүлсэн хүн ч мөн адил буруутай. Шүүгдэгч хэрвээ гэм буруугаа хүлээж байсан бол яагаад ийм олон өмгөөлөгчтэй ирээд ийм өөр өөр тайлбар гаргаад байгааг гайхаж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн талын зүгээс замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж байгаа нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа гэсэн үг юм. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг нэг бол төлнө гээд нэг бол төлөхгүй шинжээчийн дүгнэлт гаргана гээд байна. Нэгдүгээрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй бөгөөд 2 удаа хохирогчийг дайрсан. Үүнээс болж 5 настай хүүхэд нас барсан. Мөн хохирогчийн ээжийн хувьд 4 дэх хүүхдээ алдаад дээр нь тэтгэвэрт гарахын тулд ахин 5 жил ажиллах хэрэгтэй болох жишээний үр дагавартай байна. Мөн шүүгдэгч талын зүгээс гомдлын 2 дахь хэсгийг дурдаагүй ч дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс болж бага насны хохирогчийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 3 жилийн хорих ял өгсөн нь үндэслэлтэй байна. Хохирол хор уршигтай холбоотойгоор Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтад зааснаар Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин хэмжээгээр нэмэгдүүлж хохирлыг арилгахаар гаргана гэж заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хуулийн зүйл заалтыг тогтоосон болохоос биш хохирогч нас барсан тохиолдолд түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ямарваа нэгэн байдлаар дүгнэлт гаргуулна гэсэн тайлбар биш юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Эрүүгийн хариуцлагатай холбоотой тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр О.Ц*******ад холбогдох эрүүгийн 2431003200318 дугаартай хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
2.Шүүгдэгч О.Ц******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр С****** аймгийн А сумын 3 дугаар баг “” нэртэй газарт **-** УБП улсын дугаартай “Лексус-РХ” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
С****** аймгийн Прокурорын газраас О.Ц*******ын үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зам тээврийн осол гаргаж хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тус тусад нь давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед улсын яллагчаас ялын саналаа тухайн зүйл хэсэгт тус тусад нь гэм буруутайд тооцох талаар саналаа гаргажээ.
3.Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Ц*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь заалтад тус тус заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ц*******ын ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурван/ жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон бол тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан байна.
Гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнийг өөртөө агуулсан нэг гэмт хэргийн ердийн болон хүндрүүлсэн бүрэлдэхүүнээр шүүгдэгч О.Ц*******ад холбогдох хэргийг давхардуулан зүйлчлэх шаардлагагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 3 дахь заалтыг баримтлан ял шийтгэл оногдуулсан мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг эрүүгийн хэрэгтэй хамтран шийдвэрлэх ёстой боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад уг хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно.
Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3-т “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг ойлгохоор хуульчилж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийж, дүгнэлт гаргахаар зохицуулжээ.
Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүйгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийг үндэслэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
5.Иймд шүүх дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн гэм буруу хэргийн үйл баримтад шүүхээс дүгнэлт хийгээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулах боломжгүй тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч О.Ц*******ад магадлал хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3.Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН