| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/02046/И |
| Дугаар | 307/ШШ2025/01828 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 307/ШШ2025/01828
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/02046/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ПТЕ ЛТД-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******багт байрлах, Дарханы ******* ******* ХХК-д холбогдох,
557,176 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
... Дарханы ******* ******* ХХК нь манай компанийн нэхэмжлэлд дурдсан bf-202320 болон DMP-bf-20232 тоот 2 гэрээний үлдэгдэл төмрийн хүдрийн баяжмалыг 2025 оны 09 сарын 16-ны өдрийн ачилтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 3,350 тонн болон 3,287.97 тонн төмрийн хүдрийн баяжмалыг нийлүүлж, зөрүү үлдэгдэл мөнгөн дүн болох 11,249.49 доллар /арван нэгэн мянга хоёр зуун дөчин есөн ам доллар дөчин есөн цент/-г 2025 оны 10 сарын 20-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлэн төлсөн. Ийнхүү тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул манай компани нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ПТЕ ЛТД нь хариуцагч Дарханы ******* ******* ТӨХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ПТЕ ЛТД нь Дарханы ******* ******* ХХК-д холбогдуулан анх 458,056 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 99,120 ам.доллароор нэмэгдүүлж, нийт 557,176 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтийнхээ үндэслэлийг ...Дарханы ******* ******* ХХК нь манай компанийн нэхэмжлэлд дурдсан bf-202320 болон DMP-bf-20232 тоот 2 гэрээний үлдэгдэл төмрийн хүдрийн баяжмалыг 2025 оны 09 сарын 16-ны өдрийн ачилтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд 3,350 тонн болон 3,287.97 тонн төмрийн хүдрийн баяжмалыг нийлүүлж, зөрүү үлдэгдэл мөнгөн дүн болох 11,249.49 доллар /арван нэгэн мянга хоёр зуун дөчин есөн ам доллар дөчин есөн цент/-г 2025 оны 10 сарын 20-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлэн төлснөөр нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргажээ.
Тодруулбал, хариуцагч Дарханы ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул нэхэмжлэх зүйлгүй гэх агуулгаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааныг хойшлуулж өгнө гэсэн хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг гаргаж, шүүх маргааныг үргэлжлүүлэн шийдвэрлэх шаардлагагүй болсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү хүсэлтийг хүлээн аваагүй болно.
6. Нэхэмжлэгч И-Коммодитс Монголиа Интеллижент ложистикс ПТЕ ЛТД нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,871,535.9 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, харин хариуцагч Дарханы ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн учир улсын тэмдэгтийн хураамж 9,871,535.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
7. Шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ****** дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* ПТЕ ЛТД-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Дарханы ******* ******* ХХК-д холбогдох 557,176 ам.доллар гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,871,535.9 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дарханы ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 9,871,535.9 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 сарын 18-ны өдрийн ****** дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА