Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 581

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.И, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баасанжаргал,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Амгалан,

Гэрч Ц.Алимаа, Б.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуурч овогт Банзаагийн Идэрмөнх, Хуурч овогт Даваагийн Болдбаатар нарт холбогдох эрүүгийн 1802001800123 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Шүүгдэгч Х овогт Б.И, Монгол Улсын иргэн, 1974 оны 11 сарын 6-ны өдөр ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд эртний эдлэл худалдаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамжны 760ё тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.

  Шүүгдэгч Хуурч овогт Д.Б, Монгол Улсын иргэн, 1987 оны 6 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул худалдааны төвд эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17 дугаар гудамжны 760е тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................... /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Х овогт Б.И нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул-2” худалдааны төвийн хажуу талд 74-18 УНУ улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашинд ховор амьтны жагсаалтанд багтах хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг тээвэрлэсэн,

Шүүгдэгч Х овогт Д.Б нь 2018 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвд ховор амьтны жагсаалтанд багтах хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг худалдан авсан, мөн 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-760е тоотод хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.И-өөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нарантуул зах дээр эртний эдлэл, шашны эд зүйл худалдан борлуулдаг. Би 2018 оны 02 сарын эхээр хүнээс баавгайн савар худалдаж аваад гэртээ хадгалж байсан. Би өөрөө ходоодны шархтай ба баавгайн савар ходоодонд сайн гээд авсан боловч хэрэглэх зааврыг нь сайн мэдэхгүй байсан тул гэртээ хадгалж байсан ба гэртээ дэмий хадгалж байхаар зарчихъя гээд 2018 оны 03 сарын 28-29-ний үед баавгайн саврыг зарах гээд авч явж байгаад цагдаад баригдсан. Би Болдбаатараас аваагүй, би тухайн үед сандрахдаа Болдбаатараас авсан гээд дүүгийнхээ нэрийг хэлчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-126-127х/,

Шүүгдэгч Б.И-өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би үүнийг зах дээрээс худалдаж авч байсан. 3 дугаар сарын 29-нд зарах гэж байгаад баригдсан. Би дүүгээ хэрэгт татан оролцуулсандаа харамсаж байна” гэв.

Шүүгдэгч Д.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 3 сарын 29-ний өдөр Идэрмөнх ах над руу утсаар яриад баавгайн савар зарж байгаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахыгаа хэрэгт орчих байх гэж санаа зовоод цагдаа дээр ирээд би хүнээс худалдаж аваад ахдаа өгчихсөн юм гээд хэлчихсэн юм. Яг үнэндээ бол би тэр баавгайн саврыг хүнээс аваагүй, би энэ саврыг мэдэхгүй. Би тухайн үед ийм юманд орооцолдоно гэдгийг мэдэхгүй, ахыгаа өмгөөлөх санаатай тэгээд мэдүүлэг өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-116-117х/,

Шүүгдэгч Д.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би ахыгаа өмгөөлөх санаатай мэдүүлэг өгсөн, өөрийгөө хэрэгт холбогдоно гэж бодоогүй” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмонбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Нийслэлийн байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэнгээр 2017 оны 11 сараас хойш ажиллаж байна. Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Тодорхойлолт гэдгийг Байгаль орчны яам болон орон нутгийн байгаль орчны газраас зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ, холбогдох материалыг хэлээд байгаа юм. Монгол Улсын Засгийн 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоож өгсөн. Уг тогтоолд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль нь 7.500.000 төгрөг байна гэж тогтоож өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-35-37х/,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Амгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ан, ургамал хариуцсан мэргэжилтэн Цолмонбаатар нь ээлжийн амралттай байгаа учир би томилолтоор орж байна. Баавгайн эр нь эмээсээ илүү их үнэтэй байдаг. Амьтан хамгаалах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 13.000.000 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.    

Гэрч Ц.Алимаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар гэр бүлийнхэнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

Гэрч Ц.Алимаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ хүүхдүүдийнхээ хамт байж байтал манай нөхөр гаднаас орж ирэхдээ улаан өнгийн ууттай жижиг хэмжээний эд зүйл барьж орж ирсэн. Тус авч орж ирсэн зүйлээ надад хэлэхдээ баавгайн савар гэж хэлсэн ...Тэгээд гэртээ байж байтал нөхөр маань тус баавгайн саврыг хүнд зарахаар 74-18 УНУ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинтай надтай хамт гэрээсээ гараад явж байгаад цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан ...Хүнээс аваад хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,

Гэрч Б.Ариунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үндсэн хуульд зааснаар гэр бүлийнхэнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

Гэрч Б.Ариунтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай нөхөр Д.Б 2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө өөрөө иднэ гээд 1 ширхэг баавгайн сарвуу авчирч байсан. Яг хаанаас хэдэн төгрөгөөр авч байсан гэдгийг нь сайн мэдэхгүй тэр талаар ярьж байгаагүй. 2018 оны 2 дугаар сард авчраад хөргөгчинд хийчихсэн байсан ...Ер нь ходоод нь өвддөг юм, тэгээд идэх гэж авч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-48-50х/,

Шинжлэх ухааны академи Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хүрэн бор өнгийн үстэй, мах мэт зүйл нь Баавгайн овгийн Баавгайн төрөлд хамаарах Хүрэн баавгайн хумс хэсгийг тайрсан хойд хөлийн 1 ширхэг сарвуу мөн болно.

2. Хүрэн баавгай нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

3. Хүрэн баавгайн экологийн эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6.500.000 төгрөг, эм бодгаль 7.500.000  төгрөг байдаг байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн 1 ширхэг сарвуунаас генетикийн дээж аван, ДНХ ялган Ү хромосомын өвөрмөц хэсгийг полимеразын гинжин урвалаар олшруулсаны үндсэн дээр эр, эм тодорхойлдог болно. Ү хромосом нь зөвхөн эр амьтанд олширох бөгөөд эм амьтанд Ү хромосом олширдоггүй буюу байдаггүй. Дээрх генетикийн шинжилгээний үр дүнгээр шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хүрэн баавгайн сарвуу нь эр бодгаль байна” гэжээ /хх-55-56х/,

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл “74-18 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ...4 хаалгануудыг нээлгэж үзэхэд ...уг тээврийн хэрэгслийн дотор зүүн талын хойд хэсгийн суудлын доод талын шал нь дээр 20*10*9 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн гялгар ууттай зүйл байрлуулсан ...Б.Иөөс гялгар ууттай зүйлийг нээлгэж үзэхэд бүхэлдээ хар хүрэн өнгийн үстэй, хумс, хэсгийг жигд тайрсан, ул хэсэгтээ 21 см урттай, улны урд хэсгээр 12 см, хойд хэсгээр 0.9 см хэмжээтэй, сарвуун дээд хэсэг нь 22 см урттай, урд хэсэгтээ 12 см, хойд хэсэгтээ 0.5 см хэмжээтэй, 13 см өндөртэй, шагайн хэсгээр тайрагдсан бор хүрэн өнгийн баавгайн савар мэт зүйл байсныг хураан авсан ...” гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10х/,

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-20х/,

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол “хүрэн баавгайн 1 ширхэг савар” /хх-24х/,

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2011 оны 01 дүгээр 25-ны өдрийн 23 дугаартай тогтоол, тогтоолын 1 дүгээр хавсралт, Амьтны тухай хууль,

Шүүгдэгч иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96, 105х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-94, 102х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-97, 104х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х овогт Б.И нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Нарантуул-2” худалдааны төвийн хажуу талд 74-18 УНУ улсын дугаартай Тоёота кровн маркийн автомашинд ховор амьтны жагсаалтанд багтах хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг тээвэрлэсэн,

Шүүгдэгч Х овогт Д.Б нь 2018 оны 2 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” худалдааны төвд ховор амьтны жагсаалтанд багтах хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг худалдан авсан, мөн 2018 оны 2 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 17-760е тоотод хадгалсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч  Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Быг ховор амьтан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.И, Д.Б нар нь гэм хорын хохиролд 6.500.000 төгрөгийг төлсөн байх ба хор уршгийн зарим хэсэг болох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн харъяа Байгаль орчны газарт олгож, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно” гэсний дагуу шүүгдэгч Б.Иөөс 6.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Баас 6.500.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн баавгайн саврыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуурч овогт Б.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг тээвэрлэсэн гэмт хэргийг,

Хуурч овогт Д.Б-ыг ховор амьтан хүрэн баавгайн түүхий эд болох 1 ширхэг саврыг худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И, Д.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн зарим хэсэг болох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн харъяа Байгаль орчны газарт олгож, 2018 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлж хохирол арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иөөс 6.500.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Баас 6.500.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн баавгайн 1 ширхэг саврыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.И, Д.Б нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ё.ЦОГТЗАНДАН