Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00005

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00005

 

 

 

 

Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02719 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Даваасүрэн тус Сууц өмчлөгчдийн холбооны даргаар 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр томилогдон ажилд орсон бөгөөд ажилдаа, алдаа дутагдал гаргалгүй ажилласаар ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны үйлчлэгч н.Галтмаагийн өгсөн СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах Зөвлөлийн Хурлын тэмдэглэл, тогтоолтой танилцахад Сууц өмчлөгчдийн холбооны төсөв хүрэлцэхгүй байгаа тул орон тоог цомхтгохоор дурдсан байсан. Орон тоо цомхтгосон атлаа түүний оронд үйлчлэгч н.Галтмааг ажиллуулж байгаа нь тушаал үндэслэлгүй болохыг нотолж байна. Эрхэлсэн ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад эзгүй хойгуур нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байгаа. Төсөв хүрэлцэхгүй байгаа тул орон тоо цомхтгосон гэж тогтоолд дурдсан байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан заалтад хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж зааснаар мэдэгдэл өгөөгүй. Цомхтгосон гэх боловч зөрчил гаргасан гэж тайлбар гаргадаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай Удирдах зөвлөл гэрээ байгуулах, гэрээг дүгнэх үүрэгтэй Хяналтын зөвлөлтэй байх ёстой. Гэрээ байгуулаагүй, гэрээ дүгнэж байгаагүй байж гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 950 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Даваасүрэн нь тэтгэвэрт гарсан хүн бөгөөд тухайн үеийн Удирдах Зөвлөлийн дарга И.Ишган 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ямар нэг тушаал, Удирдах Зөвлөлийн хурлын тогтоол, шийдвэргүйгээр Сууц өмчлөгчдийн холбооны даргын ажилд авсан ба хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, хагас жил, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлангаа хуулийн хугацаанд гаргаж өгч байгаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан Удирдах Зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тогтоол, шийдвэр байхгүй, үйлдээгүй болохоо Удирдах Зөвлөлийн дарга И.Ишган, Удирдах Зөвлөлийн ХЗ-ийн дарга н.Оюундэлгэр, Удирдах Зөвлөлийн гишүүд С.Хандсүрэн, н.Бадамханд, н.Отгонцэцэг, н.Төмөр нар 2016 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Удирдах Зөвлөлийн хурал дээр нотолсон. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийг хуурамч баримт бүрдүүлэн залилан мэхэлж, хууль зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөгдсөн тогтоолыг Б.Даваасүрэнд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гардуулсан. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаа хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Шүүх энэ хэргийн хариуцагч нь Ж.Сонинбаяр мөн эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрх хэмжээ нь Удирдах зөвлөлийн даргад байхгүй. Ж.Сонинбаяр нь хэргийн хариуцагч байх боломжгүй, эрх зүйн субъект биш юм. Удирдах зөвлөл Б.Даваасүрэнтэй гэрээ байгуулах ёстой боловч байгуулаагүй. Хөлсөөр ажиллаж байсан байх гэж бодож байна гэжээ.

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т заасныг баримтлан СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярт холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай Б.Даваасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулинд Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох чөлөөлөх эрх хэмжээ нь Удирдах зөвлөлд байхаар хуульчилсан гэтэл энэхүү хэрэгт хариуцагчаар Ж.Сонинбаярыг татсан нь үндэслэлгүй бөгөөд Ж.Сонинбаяр нь энэ хэргийн хариуцагч байх боломжгүй юм. Мөн маргаан бүхий Б.Даваасүрэнг ажлаас чөлөөлсөн тогтоол нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гарсан бөгөөд тогтоолыг Б.Даваасүрэн нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардаж авсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Үүнээс нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа буюу 30 хоногийг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Шүүхээс хэргийг хянаад хариуцагчийн гаргасан үндэслэл, тайлбараас хариуцагчид холбогдох хэсэгт Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрх хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйл 10.8.2-т заасан удирдах зөвлөл эдэлнэ. Нэхэмжлэгч Б.Даваасүрэнг орон тооны цомхтголоор чөлөөлсөн гэх СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолд Удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаяр гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тогтоол нь асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримт бичиг байдаг учир түүнийг нэг хүний шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Удирдах зөвлөлийн дарга нь тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий, удирдах зөвлөлийг төлөөлөх эрхтэй этгээд мөн боловч гаргасан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах үүрэггүй нэгэн болно. гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй боловч хөдөлмөрийн тухай хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаан дээр ямарваа нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь хариуцагч СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрх хэмжээ удирдах зөвлөлийн даргад байхгүй учир Ж.Сонинбаяр нь хэргийн хариуцагч байх боломжгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбараар Б.Даваасүрэн нь СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд сарын 350 000 төгрөгийн цалин хөлс авч ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. /Х.х 12, 53-р хуудас/

Б.Даваасүрэн нь СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол гарснаар гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, тухайн тогтоолыг үндэслэлгүй гэж үзэж, Удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярыг хариуцагчаар тодорхойлон шүүхэд ханджээ. /х.х 1-2-р хуудас/

Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх эрх хэмжээг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар удирдах зөвлөл эдэлнэ гэж заасан.

СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны тухайд Удирдах зөвлөл нь орон сууцны байшинд байнга оршин суудаг насанд хүрсэн бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Нэхэмжлэгч Б.Даваасүрэнг орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн гэх СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол нь дээрх бүрэлдэхүүний хамтран хэлэлцэж, шийдвэрлэж гаргасан баримт бичиг учир түүнийг нэг хүний шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно. /х.х- 24, 25-р хуудас/

Удирдах зөвлөлийн дарга нь тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих эрх бүхий этгээд мөн боловч гаргасан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах үүрэггүй, Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдолд хариуцагч байх боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Б.Даваасүрэнгийн СБ-21 Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Ж.Сонинбаярт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан зохицуулалт уг маргаанд хамааралгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад СБ-21 СӨХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ