Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02561

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/02561

 

 

 

 

Т.Банзрагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03119 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Банзрагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Батсуурь, Ц.Ганзориг нарт холбогдох

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Батсуурь нь Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нартай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 5463 дугаар захирамжийг зөрчиж иргэн Ц.Ганзоригтой маргааны зүйл болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 дугаар байр, 144 тоот хоёр өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийсэн байна. Уг байртай холбогдолтой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэст нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээн дээр үндэслэн тус шүүхийн шүүгчийн 5463 дугаар захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан билээ. Дээрх шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээгээр иргэн Г.Батсуурь нь бусдад маргаантай байгаа байрыг худалдах эрхгүй бөгөөд зээлийн мөнгийг буцааж өгөх талаар зээлийн дүн болон хугацааг тусгайд нь бичгээр харилцан тохиролцож, гэрээг хүчин төгөлдөр болсон үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хадгалуулах, Г.Батсуурь байрыг зарах, зээлийн барьцаанд тавихгүй байх, Г.Батсуурь нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохирсон ба шүүх уг гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Гэтэл иргэн Г.Батсуурь нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эвлэрлийн гэрээнд заасан зээлийг хэрхэн төлөх талаархи хэлцлийг байгуулахаас зайлсхийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хүлээлгэн өгөөгүй ба бусдад байрыг зарахгүй гэсэн үүргээ үл биелүүлэн Ц.Ганзоригт байрыг худалдан борлуулсан байна. Бид өөрийн эрхээ зөрчигдсөнөө иргэн Ц.Ганзоригийн нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба энэхүү нэхэмжлэлийн агуулга, тэдгээрийн хооронд хийсэн хэлцэлд орон сууцыг хэтэрхий бага үнээр үнэлсэн байгаа байдал нь Г.Батсуурь нь Ц.Ганзоригтой хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийснийг нотолж байна гэж үзэж байна. Г.Батсуурь нь шүүхийн удаа дараагийн шийдвэрийг мэдсэн атлаа өөрт нь хуулиар олгогдоогүй эрхийг эдлэн бусдад худалдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар Г.Батсуурь, Ц.Ганзориг нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг худалдах-худалдах авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар нь Г.Батсуурь болон Г.Эрдэнэтогтох нар дээр ирж уг байр нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн өрөнд хураалгасан, одоо зарагдах гэж байгаа учраас яаралтай мөнгө хэрэгтэй гээд 1 сарын дараа төлнө гэж тохиролцож, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр дундын өмчлөлийн байрны гэрчилгээг шилжүүлэн өгөөд мөнгө авсан. Хэрвээ мөнгөө төлөөгүй нөхцөлд байрыг минь аваарай, зарсан ч болно гэж болзол тавьж гэрээ, хэлцэл хийсэн. Байр болон автомашинаа хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлчихээд нэг ч төгрөг төлөөгүй ба байрыг өгөхгүй өнөөдрийг хүртэл 3 жил намайг хохироож байна. 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/00761 дүгээр шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 70 095 169 төгрөгийг Т.Банзрагчаас Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох нарт олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас нийт 70 095 169 төгрөгийн төлбөрийн өрөнд хариуцагч Т.Банзрагч нь төлбөрийн огт чадваргүй учир 57 000 000 төгрөгөөр уг байр нь 2 удаа дуудлага худалдаанд орж, зарагдаагүй болохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн санал болгох комиссын хурлын 154 тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54.2, Иргэний Хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Т.Банзрагч надад өгөх ёстой 70 095 169 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 26-р хороо Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот орон сууцыг Г.Эрдэнэтогтох, Г.Батсуурь нарт шилжүүлэхээр шийдвэрлэж иргэн Ц.Ганзоригт зарсан нь үнэн. Одоогоос 2 жилийн өмнө бэлэглэлийн гэрээгээр ирсэн тул Д.Ганбат хүчингүй гэж маргах ямар ч үндэслэлгүй юм. 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийсэн эвлэрлийн гэрээний дагуу эвлэрлийг баталсан 101/ШШ2016/05463 тоот шүүхийн захирамжид мөнгөө төлбөл уг байрыг зарахгүй, төлөөгүй нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаараа өрөө барагдуулья гэж тохирсон. Уг захирамж нь Иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр эсгэсэн халхавчилсан гэдэг заалтаар маргасныг эвлэрүүлсэн болохоос урьд гарсан 71 000 000 төгрөг гаргуулах 761 дугаар шийдвэрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагааг хаах талаар нэг ч үг үсэг ороогүй бөгөөд 761 тоот шийдвэртэй хамаагүй, уг шийдвэрийг гүйцэтгэж, төлбөр авагч Г.Батсуурь.Г.Эрдэнэтогтоход уг байраар үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцож төлбөр барагдсан гэж миний бие ойлгосон. Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын нь 101/ШШ2017/00556 тоот шүүхийн шийдвэрээр худалдан борлуулах эрхгүй гэж маргаж байгаа боловч 101/ШШ2017/00556 тоот шүүхийн шийдвэр нь Т.Банзрагчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийн дагуу ноцтой гомдоосон асуудлаар маргаад гомдоосон гэх үндэслэлгүй гэж бүхэлд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр болохоос Г.Батсуурийг худалдан борлуулах талаар маргалдаагүй бөгөөд худалдах эрхгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй болно. Г.Батсуурь, Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарын маргааныг шийдсэн шийдвэрүүд хүчинтэй болчихсон хойно буюу асуудал шийдэгдсэний дараа уг байрыг Ц.Ганзориг нь худалдаж авсан тул, Ганзоригт огт хамаагүй асуудал. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас дуудлага худалдаагаар зарагдаагүй тул төлбөрт нь тооцож миний нэрлүү шилжүүлж худалдан борлуулах эрхийг нь олгосон байсан учраас Г.Батсуурь нь хууль ёсны дагуу худалдсан. Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан 101/ШШ2017/02054 дугаар шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 дугаар магадлалаар Ц.Ганзоргийг хууль ёсны өмчлөгч мөн ба Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлүүлэх шийдвэр гарсан. Иймээс дээрх үндэслэлээр Г.Батсуур нь нэхэмжлэлийн хариуцагч биш тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ганбат нь хэргийн оролцогч биш, урьд нь хэргийн оролцогч Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарыг төлөөлж байсан энэ хэрэгт огт холбогдолгүй хүн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Мөн урьд гарсан шүүхийн шийдвэр, захримжуудийг үндэслэл болгож иргэн Д.Ганбат нь иргэний хуулийн 56 зүйлд заасан дүр эсгэсэн гэрээ тул хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ. Гэтэл эдгээр хүмүүс маргалдаж урьд нь шүүхээс гарсан шийдвэрүүдэд миний бие огт оролцоогүй. Мөн дээрх маргаанууд шийдвэрлэгдэж дуусаад Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас дуудлага худалдаагаар зарагдаагүй тул төлбөрт нь тооцож худалдан борлуулах эрхийг нь олгосон байсан учраас би хууль ёсны дагуу худалдаж авсан. Иймээс хэрвээ хариуцагчаар татвал намайг биш, зарж болох эрхийг олгосноор нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг хариуцагчаар татах нь зүйтэй. Баянзүрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан 101/ШШ2017/02054 дуугаар шийдвэр, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 1775 дугаар магадлалаар намайг хууль ёсны өмчлөгч мөн ба Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарыг уг байрнаас албадан чөлөөлсүгэй гэсэн миний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрүүд гарсан. Дээрх гурван нотолгоогоор би энэ хэргийн хариуцагч биш тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Яг ижилхэн нэхэмжлэлээр урьд гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад буюу анхан шатны шүүх, нийслэлийн шүүх дээр шийдэгдсэн хэргийг дахин анхан шатны шүүх дээр яг ижил нэхэмжлэлээр хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Иймд иргэний хэрэг үүсгэснийг дээрх хуулийн заалтын дагуу нягтлан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан, хариуцагч Г.Батсуурь, Ц.Ганзориг нарт холбогдох, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг худалдах-худалдах авах тухай 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Банзрагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Маргааны зүйл болох байртай холбоотой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Г.Дуламсүрэн, Т.Банзрагч болон Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох нарын Эвлэрлийн гэрээ, үүнд дээр үндэслэн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хааж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2263 тоот албан бичгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн эрхийг сэргээсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дээрх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2263 дугаар албан бичгээс үзэхэд, барьцааны зүйлийг албадан дуудлага худалдаагаар худалдах талаар заасан Иргэний хуулийн 159 дүгээр 159.1 дэх заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн дүгнэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дуудлага худалдааг хууль бусаар явуулсан гэх ямар нэг нэхэмжлэлийн шаардлага тавиагүй байхад шүүгч Б.Ундраа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ дуудлага худалдаатай холбож асуудлыг шийдвэрлэснийг буруу гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Банзрагч нь хариуцагч Г.Батсуурь, Ц.Ганзориг нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан болно.

Хариуцагч Г.Батсуурь, Ц.Ганзориг нар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууцыг 55 000 000 төгрөгөөр худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ./хх-60/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжаар баталсан 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр талууд зээлийг төлүүлэх тусгай гэрээ байгуулах, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хадгалуулах, уг орон сууцыг бусдад худалдахгүй, барьцаалахгүй байх, Г.Батсуурь нь зээл төлж дууссан өдөр уг орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгч Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. Энэхүү гэрээг хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж шүүх үзэж зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Талуудын дээрх гэрээгээр тохиролцсон үүрэг биелэгдээгүй, өөрөөр хэлбэл, Т.Банзрагч нь зээлийн мөнгийг төлөөгүй, Г.Батсуурь нь орон сууцны гэрчилгээг Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын нэр дээр шилжүүлээгүй бөгөөд харин үл хөдлөх хөрөнгийг Ц.Ганзоригт худалджээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны материал болох 2016 оны 09 сарын 16-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/309 дугаар тогтоол, /хх64/ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 154 дугаартай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч Т.Банзрагч үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх талаар санал болгох комиссын хурлын протокол, /хх-67-70/ 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /хх-71/ Т.Банзрагч, Д.Ганбат нарын баталгаа, /хх-72,73/ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, /хх-76/ зэрэг баримтаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 байр 144 тоот хоёр өрөө орон сууц нь төлбөр төлөгч Т.Банзрагчийн төлбөрт тооцож төлбөр авагч Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох нарт шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шилжүүлэн авсан эд хөрөнгийг Г.Батсуурь нь Ц.Ганзоригт худалдсан хэлцэл хийсэн байх тул түүнийг өмчлөгчийн зөвшөөрөл аваагүй гэж буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн Г.Батсуурь Ц.Ганзориг нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хувьд Г.Батсуурь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлтэй өмчлөгч байгаа тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Ц.Ганзориг нь улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэх эрхтэй. Хэргийн баримтаар хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй учраас Г.Батсуурь Ц.Ганзориг нарын хооронд үүссэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ