Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 589

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч М.Очбадрах,

Шүүгдэгч Д.Биндэръяа /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүүд овогт Дашгомбын Биндэръяад холбогдох эрүүгийн 1811011950643 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Бэсүүд овогт Дашгомбын Биндэръяа, Монгол Улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төв хэл судлаач мэргэжилтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Дамдаржаа хийдэд лам ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-10 дугаар гудамжны 885 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗЕ81040715/.

          Шүүгдэгч Д.Биндэръяа нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-383 тоотод иргэн Г.Баярчимэгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Биндэръяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр хохирогчийн гэрт очсон. Би урд нь тэр байрыг түрээслэж амьдарч байсан. Тэгээд тэнд үлдээсэн юмаа авахаар очсон. Очтол хойд талын өрөөнд хүн дугарахаар нь харсан чинь өөр хүмүүс байсан. Тэр үед хохирогч үсээ угааж байсан. Гэтэл үсэрч гарч ирээд нүцгэн байхад харлаа гээд хэл амаар доромжилж цээжрүү цохисон. Тэгэхээр нь би тэсэлгүй алгадчихаад гараад явсан” гэв.

Яллагдагч Д.Биндэръяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би юмаа авъя гэж хэлсэн боловч намайг хулгайч, хэл амаар доромжлоод өөдөөс дайраад байхаар нь тэсэлгүй уурандаа түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

Хохирогч Г.Баярчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 23:00 цагийн орчим найз Мөнхцэцэгийн хамт гэртээ үсээ угаах гээд байж байтал гэнэт гаднаас үл таних нэг эрэгтэй хүн орж ирээд хажуу айлын чинь хүн байна уу, би энд урьд нь амьдарч байсан юмаа, үлдээсэн юмаа авах гэж ирж байна гэхээр нь хажуу айлын хүн байхгүй байна, би таны эд зүйлийг мэдэхгүй учраас өгч явуулахгүй, хүнийг нь ирэхээр уулзаж байгаад авчих гэтэл үгүй ээ би заавал авч байж явна, би яараад байна гэхээр нь би өгч явуулахгүй, хүнийг нь иртэл гадаа хүлээж бай, ирэхээр нь уулзаад эд зүйлээ аваа гэтэл гарахгүй байхаар нь эндээс юм алга болчих юм бол бид хоёрыг авсан гээд бодчихно, ингэхэд би таныг ямар хүн гэдгийг мэдэхгүй, хулгайч ч юм билүү гэтэл чи намайг хулгайч гэлээ гээд 2 муу янхан биеэ үнэлэгч, нохой шээс гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би таныг гарахгүй бол одоо цагдаа дуудлаа гэтэл өөдөөс дуудаач муу 2 пизда минь гээд байхаар нь манай найз доошоо бууж цагдаа дуудах гээд буучихсан байхад миний хамар луу цохичихоод зугтаад гүйгээд гараад явчихсан ...” гэх мэдүүлэг /хх-8х/,

Гэрч Д.Мөнхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...найз Баярчимэг та бид хоёрыг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ, гэрээс гарахгүй бол цагдаа дуудлаа гэтэл тэр цагдаагаа дууд гээд байхаар нь цагдаа дуудахаар доошоо буучихсан нөгөө ах чинь зугтаад гүйсэн, араас нь гүйж очиход мухар буланд байршуулсан 63-19 УНД улсын дугаартай саарал өнгийн дунд гарын жийп машинд суугаад явчихаар нь гэртээ ортол найз Баярчимэгийн нүүрэн тус газар луу нь цохичихоод зугтсан гэж хэлсэн, тэгээд тэр оройдоо Баярчимэгийн хамрыг гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд хамрын яс нь хугарсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-11х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 5084 тоот дүгнэлтэнд:

“1. Баярчимэгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-18х/,

Шүүгдэгч Д.Биндэръяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-37х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Биндэръяа нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын В-383 тоотод иргэн Г.Баярчимэгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Баярчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд 200.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-49-50х/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 6-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Дашгомбын Биндэръяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Биндэръяаг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Биндэръяад оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 6-ны дотор төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Биндэръяа нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Биндэръяа нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид 200.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Биндэръяад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН