Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 592

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Т.З, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.З, У овогт Н.М, Б Б.Б нарт холбогдох эрүүгийн 1811009650321 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Б овогт Т.З, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42 дугаар гудамжны 592 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд: 2008 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 156А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:............... /.

  Шүүгдэгч У овогт Н.М, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33 гудамжны 496 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХГ84121339/.

  Шүүгдэгч Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, 1983 оны 2 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 34 дүгээр гудамжны 464 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урд: 2001 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 364 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулсан хорих тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:.................. /.

Шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нар бүлэглэн /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 33 дугаар гудамжны 455 тоотод байрлах хохирогч Ш.Энх-Амгалангийн дугуй засварын газарт хууль бусаар нэвтэрч, Тоёота креста маркийн 74-20 УБС улсын дугаартай автомашин ашиглаж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн компрессорыг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.З-гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…2018 оны 3 сарын 24-ний өдрийн 12 цагийн үед Мөнх-Од, Буянбаатар бид гурав манай гэрт уулзаад хамт гэрээс гараад Мөнх-Одын 74-20 УБС улсын дугаартай машинд Мөнх-Од бид хоёр нэг шил 0.5 литрийн архи хувааж уугаад Буянбаатараар машин бариулсан. Тэгээд бид гурав гадуур явж байсан бөгөөд нэг мэдсэн чинь шөнө 02:00 цаг болж байсан. Тэгээд манай гэрийн ойролцоо байдаг дугуй засвараас хулгай хийх санаатай би хашааны доогуур нь шургаж ороод хойд хаалгыг нь татаж онгойлгоод орсон. Тэр үед компрессор нь гинжтэй байсан болохоор шургуулганаас түлхүүр хайж байгаад олсон ба дараа нь гинжийг нь тайлаад урд хаалгаар нь чирж гаргаад Буянбаатар машинтай ирээд бид хоёр дамжлаад машины арын суудалд хийгээд хөдөлсөн. Тэгээд тэр компрессороо Мөнх-Одын хашаанд тавиад маргааш нь өглөө нь би Аюуш гэдэг танил ахдаа 150.000 төгрөгөөр зараад тус бүрдээ 50.000 төгрөгөөр хувааж авсан. Буянбаатар бид хоёр тухайн дугуй засвараас компрессор хулгайлж байх үед Мөнх-Од машины урд суудал унтаж байсан ...” гэх мэдүүлэг /хх-93-95х/,

Шүүгдэгч Т.З-гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Н.М-оос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 24-ний өдөр өөрийн найз Занданхүү, Буянбаатар нартай Занданхүүгийн гэрт уулзсан. Тэгээд бид гурав хамт гараад миний 74-20 УБС улсын дугаартай Креста маркийн машинтай дэнжийн мянга орчим явсан. Тухайн үед Занданхүү бид хоёр нэг шил 0.5 литрийн Сархад нэртэй архи хувааж уусан ба Буянбаатар архи ууддаггүй болохоор машин бариад явж байсан. Би урд талын суудал дээр сууж байсан ба Занданхүү ар талын суудал дээр явж байсан. Тэгээд би архи нэг их ууж чаддаггүй амархан согтдог болохоор унтаад өгсөн байсан ба намайг тэр хоёр гэр лүү оруулж байсан талаар санаж байна. Тэгээд маргааш манай гэрт Занданхүү, Буянбаатар нар ирсэн бөгөөд манай хашаанд нэг компрессор үлдээсэн тэрийгээ нэг ахдаа зарсан. Тэгээд Буянбаатар бид хоёрт тус бүр 50.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-96-98х/,

Шүүгдэгч Н.М-оос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...хулгай хийх санааг Занданхүү гаргасан юм. Занданхүү зогсож бай гэхээр нь зогссон чинь дэнжийн мянгад дугуй засварт нэг зүйл байгаа гээд л тийшээ орчихсон. Тэгээд би гаргаж ирсэн компрессорыг нь дамжлаад машины арын суудал дээр хийсэн ...Занданхүү Мөнх-Од хоёр тухайн үед нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. Би архи уугаагүй бөгөөд Мөнх-Од тухайн үед согтоод миний хажуу талын суудал дээр унтаж байсан. Тэр өдрийн маргааш нь Занданхүү бид хоёр Мөнх-Одын гэрт нь очоод Занданхүү нэг хүн дагуулж ирээд тэр хүнд 150.000 төгрөгөөр зарсан ...” гэх мэдүүлэг /хх-100-101х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ш.Энх-Амгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө манай дугуй засварын газарт хулгайч орчихсон байсан. Дугуй засварын хий хурааж, хий шахдаг 2 цилиндртэй компрессор хулгайд алдагдсан ...би дугуй засварт байсан тамхи авах гээд түлхүүрдээд ороход зүгээр байсан ...2018 оны 3 дугаар сарын 25-ны өглөө гэртээ 08 цаг болж байхад гал түлчихээд дугуй засвараа нээх гээд очсон чинь гадна талын цоож нь байхгүй байсан. Дотор нь яваад орсон чинь жижиг цонх онгорхой гадна дотно 2 хаалга онгорхой байдалтай байсан. Тэгээд нэг юм хоосон санагдаад байхаар нь харсан чинь компрессор байхгүй болчихсон байсан. Дугуй задалдаг том машинтайгаа компрессоороо гинжлээд монгол цоожоор цоожилчихсон байсан ...гаднах өнгө нь чернилэн хөх өнгөтэй, доод тал нь дриллийн зүлгүүрээр хас тэмдэг хийсэн байгаа ...Манай гэрийн ойролцоо креста маркийн машинтай хүн байдаг юм. Тэр хүнийг сэжиглэж байна, Тольт Од дэлгүүрийн ойролцоо гэр нь байдаг хүн байгаа юм ...Би хүлээн авсан компрессороо шалгаж үзсэн бөгөөд хэвийн үйл ажиллагаатай байна ...” гэх мэдүүлэг /хх-41-45х/,

Гэрч С.Аюушаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Занданхүү гэх хүнийг танина. Гэхдээ Дук гэдэг хочоор мэддэг юм. Одоогоос 2-3 жилийн өмнө нохой худалдан авч байсан. Дук одоо хүртэл нохой зардаг. Надад Дук 2018 оны 3 дугаар сарын сүүлээр нэг компрессор байна өөрөө хэрэглэж байсан болохоор одоо хэрэггүй болсон. Та 150.000 төгрөгөөр авчих гэхээр нь би зөвшөөрөөд Дэнжийн 1000-д нэг айлд очоод авсан ...” гэх мэдүүлэг /хх-61-62х/,

Хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг болсон гэх газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 33-455 тоотод байх дугуй засварын блокон байранд өргөрөг N47.93930 Е106.89710 огтлолцол дээр ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан хар төв замын хажууд ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашаатай айлын хашааны гол хэсэгт төв замын хажууд барьсан хүрэн бор өнгийн хаалгатай шавран гадаргуутай блокон 3*4м хэмжээтэй “Дугуй засвар” гэсэн хаягтай 41 цонхтой байр байв. Уг байрны вакум цонхны салхивч онгорхой байх ба уг цонхны түгжээ төмөр бага зэрэг дотогш далийсан байсан ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19х/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-29х/,

Дамно ХХК-ны үнэлгээний тайлан “...компероссер 600.000 төгрөг ...” /хх-85-86х/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-138х/,  

Шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-106-108х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-124-126х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-102-104х/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-128-132х/, 136-137х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 24-нөөс 25-ны шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 33 дугаар гудамжны 455 тоотод байрлах хохирогч Ш.Энх-Амгалангийн дугуй засварын газарт хууль бусаар нэвтэрч, Тоёота креста маркийн 74-20 УБС улсын дугаартай автомашин ашиглаж, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн компрессорыг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Мыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.З, Б.Б, Н.М нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарыг санаатай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзсан бөгөөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжилсэн Тоёота креста маркийн 74-20 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг чөлөөлж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.З, У овогт Н.М, Б овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн хүн байнга амьдрах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Т.З-г 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Н.М-ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Быг 1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нарт тус тус оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

           4. Шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор хэрэгт /хх-38х/ Тоёота креста маркийн 74-20 УБС улсын дугаартай автомашин битүүмжилснийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалсугай.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.З, Н.М, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Ё.ЦОГТЗАНДАН