Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/47

 

                                  Ф.*******д холбогдох
                                   эрүүгийн хэргийн тухай


Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Хохирогчийн өмгөөлөгч Д.Даваахүү /цахим/
Шүүгдэгч Ф.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан,  
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ф.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0129/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.


******* ******* ******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, математикийн багш мэргэжилтэй, ****** ажилтай, ам бүл ****** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум **** баг, *****гудамж **** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй, (РД:)


Шүүгдэгч Ф.******* нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймаг Шаамар сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” нэртэй амралтын газрын хоолны зааланд М.*******ий эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 


Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ф.*******д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 


Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгон, 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ф.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, 
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч М.******* нь цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэх бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, 
Шүүгдэгч Ф.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдан, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.


Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:  
Миний бие Ф.******* нь Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.24-ний өдрийн 2024/ШЦТ/224 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь иргэн О.******* болон түүний хүү ******* нарыг санаатай зодож гэмтээгээгүй учир хянаж шийдвэрлэж өгнө үү гээд шүүх хуралдаанд өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж оролцов. 


Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүгдэгч нь *******д холбогдох хэрэгт өмгөөлөгчтэй оролцож байсан ч шүүх хуралдаанд өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй оролцсон. Миний зүгээс сүүлд мэдсэн бөгөөд хэргийг боломжийн хугацаанд судлаад доор үндэслэлээр гомдол гаргасан. Учир нь шүүх шинжилгээтэй холбоотой асуудлыг тогтоож мөрдөн шалгах ажиллагааг ахин явуулах хэрэгтэй. Шүүгдэгчийн зүгээс хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл өнөөдрийн хэргийн хувьд ******* болон шүүгдэгч нар нь эмнэлэгт үзүүлэн тухайн баримтаа хэн хэн авсан. Тухайн яаралтай хуудсыг үндэслэн Дархан аймаг болон Сэлэнгийн шинжилгээний газраас дүгнэлт гаргасан. Тэгэхээр яагаад өөр аймгийн шинжилгээний байгууллага хийж байгааг хардаж байна. Мөн *******ий яаралтай хуудас нь хэргийн 35-36 дугаар талд байгаа бөгөөд шүүгдэгчийн яаралтай тусламжийн баримтууд нь хэрэгт 3 удаа авагдсан байгаа бөгөөд өөр байгаад байгаа. ...анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох боломжтой баримтыг шинжлэн судлаагүй байна. ... Шүүгдэгчийн хэд хэдэн хүнд гэмт хэрэг учруулсан байдлыг тус тусад нь шалгаж байгаа нь ахин ял хүлээх нөхцөл үүсээд байна. ...Тиймээс хэргийг тус тусад нь шалгасан байж болох ч нэгтгэж яллах дүгнэлт үйлдээгүй нөхцөл үүсээд байна. ...Шүүхийн шийтгэх тогтоол гаргахаас өмнө үйлдсэн бүх хэргийг нэгтгэх хүсэлттэй байна. Хэргийг тус тусад нь шалгаж болох ч хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх нь хуульд заасан үндэслэлтэй байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн эмнэлгийн баримт цаанаа цахим санд бүргүүлсэн эсэх нь хохирогчтой холбоогүй. Тиймээс мөрдөгч эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэв.


Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 
Анхан шатны шүүх хуралдаанд Шүүгдэгч нь өмгөөлөгч байлцуулахгүйгээр өөрөө шүүх хуралдаанд орно гэсэн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хориглосон зүйл байхгүй. Мөн хүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг заавал шинжээчийн байгууллагаар тогтооно гэсний дагуу шинжээч томилсон. Тухайн ажиллагаа нь хуулийн дагуу. Хэргийг нэгтгэх болон тусгаарлах асуудалд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх хэргийг нэгтгэх зохицуулалт байхгүй учраас хуулийг ноцтой зөрсөн гэх үндэслэл байхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн зүгээс торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ф.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч ******* ******* ******* овогт ******* *******ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.


2.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Гэвч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр гаргаж ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 466/1029 дугаар бүхий албан бичиг, өмгөөлөгч З.Хүрэлсүхийн Цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтэст гаргасан “Нотлох баримт шалгуулах хүсэлт” 2 хуудас, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 04 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 06 тоот прокурорын тогтоолууд /нийт 8 хуудас/ баримтуудыг ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэж, 
Мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2-д “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус зааснаар дээрх шүүгдэгч Ф.*******д холбогдуулан шалгасан бусад хэргийн шийдвэрлэлтүүд өөрөөр хэлбэл нэгтгэсэн тусгаарласан хэргүүдийн талаарх баримтууд энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж буй ******* дугаар хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй баримтууд боловч дээрх баримтуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Ф.*******д холбогдуулан шалгасан бусад хэргүүд нь хэрхэн шийдвэрлэгдсэн байдлыг тодруулах нь энэ хэргийн шийдвэрлэлт, ял шийтгэл оногдуулах, шийдвэрийн биелэлтэд ач холбогдолтой, түүний эрх зүйн байдалд нөлөөлнө гэж үзсэн. 


3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ. 
Иймд тус хэргийн шүүгдэгч Ф.*******д холбогдуулан үүсгэсэн ******* дугаартай хэргийг аль хэрэгт нэгтгэсэн, эсхүл тусгаарласан, эсхүл хэрэгсэхгүй болгосон эсэхийг тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.   


4.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ. 
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын бусад агуулга болон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай. 
2.Шүүгдэгч Ф.*******д магадлал хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                             
         ДАРГАЛАГЧ,
         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН 

                            ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР 
                                   
                            ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ