Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/57

 

                                      Т.М*******д холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Б.Манлайбаатар ерөнхий шүүгч Г.Давааренчин, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж

Прокурор А.Э

Хохирогчийн өмгөөлөгч Р.А

Шүүгдэгч Т.М*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан, 

 

С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлоор Т.М*******д холбогдох эрүүгийн *************** дугаартай, **************** индекстэй, 3 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С******* овогт Т******* М*******,Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр С****** аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ******эгтэй, ** настай, яс үндэс халх, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: МЮ**********)

Шүүгдэгч Т.М******* нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мал хамгаалах сангийн зээлийн үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байсан ************** гэрчилгээний дугаартай, Ү-************** улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар баг ** дугаар хэсэгт орших үйлчилгээний зориулалттай ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, *********** дугаартай У-1************ улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ** дугаар баг Н******* хотхон ** дугаар гудамж *** тоот ** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ******** дугаартай ******* м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаанд байгаа, бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж М. Б*******д "хашаа байшин зарна" гэж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 34,380,000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас: Т.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/40  дугаартай шийтгэх тогтоолоор :

Шүүгдэгч С******* ургийн овогт Т******* М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т******* М*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.М*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Т.М******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хохирогч М.Б******* нь худалдах худалдан авах гэрээнд заасан хашаа, байшин, газрын үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С****** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Прокуророос миний үйлчлүүлэгч Т.М*******ыг амар хялбар аргаар бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, хувийн хэрэгцээ шаардлагаа хангах зорилгоор, шунахай сэдэлтээр, М.Б*******д хашаа байшин зарна гэж үл хөдлөх эд ерөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн үнийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч улмаар тухайн эд хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхийг Г.Б*******д шилжүүлэн өгөх зорилго агуулаагүй, бусдын эзэмших, ашиглах, өмчлөх Взохэд халдаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасныг анхан шатны шүүх зөв гэж дүгнэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагчид мэдэгдэх, түүнээс зөвшөөрөл авах хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 162 дугаар зүйл .Зөвшөөрөл авах, 162.1.1 Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд барьцаалагч, барьцаалуулагч нь харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй, 162.1.1 барьцаалагч нь барьцааны зүйлийг барьцаалах бол барьцаалуулагчаас, 162.1.2 барьцаалуулагч нь барьцааны зүйлийн хувьд гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бол барьцаалагчаас гэсэн заалт нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Иймд барьцааны эд хөрөнгийн талаар нуун дарагдуулсан, бодит байдлыг нуусан, хохирогчийг төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

2,Хохирогч гэх М.Б******* болон Т.М******* нар нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 35 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Гэтэл худалдан авагч буюу М.Б******* нь 34,380,000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон байх ба худалдагч буюу Т.М*******д 680,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөр бүрэн төлөгдөөгүй болохыг хохирогч М.Б******* мэдүүлэгтээ дурьдсан, прокурор ч мөн яллах дүгнэлт, түүний хавсралтандаа дурьдсан байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлөөгүй, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Өмчлөх эрх хэдийд шилжих вэ гэвэл эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр шилжинэ. М.Б*******, Т.М******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд үнийг хэсэгчлэн төлж барагдуулах талаар огт тусгаагүй байх тулүнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 112 дугаар зүйл. Эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих

112.1.талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

112.2.өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийн өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл Т.М*******д шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд “...М.Б******* нь Т.М*******д хашаа байшингийн төлбөр болох үнийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн гүйлгээ буюу 10,100,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байна гэсэн нь худалдан авагч буюу М.Б******* нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг давхар тогтоожээ.

Нэгэнт гэрээнд заасан үнийг худалдан авагч бүрэн төлөөгүй байхад худалдагчийг үүргээ гүйцэтгэж, өмчлөх эрхийг шилжүүлээгүй, улмаар залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

3.2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үеэс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн 'алаар “Мал хамгаалах сан”-аас барьцааны зүйлийн талаар хүсэлт, гомдол, нэхэмжлэл 'аргаж, шийдвэрлүүлсэн асуудал огт байхгүй.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолгүй болохыг нотолж байна.

Эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдагч нь худалдан авагчид шилжүүлсэн тул ТМ******* нь М.Б*******гийн эд хөрөнгө өмчлөх эрхийг залилан мэхэлсэн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй юм. 4.Анхан шатны шүүх өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтэнд огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Т.М*******ын үйлдэл нь хуульд заасан гэмтхэргийн шинжийг хэрхэн яаж хангаж байгаа вэ? Иргэний эрх зүйн харилцаанаас яаж ялгагдаж байна вэ? Хохирогч гэх М.Б******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байхад гэрээний нөгөө талыг яагаад буруутгаж байгаа вэ? гэх мэт олон тодорхойгүй асуултуудыг үлдээсэн.

Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг дахин дахин хуулж бичсэнээс өөрөөр хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан залилах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй гэсэн санаа зорилгыг агуулдгаараа бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

Хохирогч М.Б******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй, Мал хамгаалах сангийн зээл нэрээр шилжүүлэг хийсэн, өөрийн хууль бус үйлдлээ хууль ёсны мэт харагдуулахын тул шүүхээс завсарлага авах хугацаанд үлдэгдэл төлбөрийг Т.М*******ын дансанд шилжүүлсэн зэрэг ноцтой нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх огт анхаарч үзээгүй. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгчийн үйлдэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар үйл баримтыг буруу тогтоосон.

Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруугүй гэж мэтгэлцэж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй байна" гэжээ.

Хавтас хэргийн 59 дэх талд “...гэрээ байгуулах үед М******* нь 24 сая төгрөгийг нь өгчих, уг хашаа байшин нь “Мал үржүүлэх сан”-ийн 14 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа тул барьцаагаа чөлөөлөөд газрын гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авч өгнө, тэгээд үлдэгдэл төлбөрийг нь цувуулж өгч болно, тухайн үед нийт 35 са төгрөгөөр зарна гэж байсан тул 35 сая төгрөгийг цувуулж өгч дуусгасан” гэж 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр С****** аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэндээ маш тодорхой дурьдсан.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5676090331************** дансанд “jijig dund tulult hashaa” гүйлгээний утгатай мөнгийг шилжүүлсэн зэрэг бичгийн баримтуудыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, баримтаар тогтоогдсон үйл баримтыг худал мэдүүлж ирсэн ба анхан шатны шүүхээс бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан хэмээн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг үгүйсгэж байна.

Хохирогч М.Б******* нь маргаан бүхий хашаа байшинг 35 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж мэдүүлдэг боловч худалдан авагчийн үүргээр зохих ёсоор гүйцэтгээгүй буюу 35 сая төгрөг бус 34,380,000 төгрөгийг төлчихөөд худалдагч талыг үүргээ биелүүлээгүй, улмаар” ' залилан мэхэлсэн гэж буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ яллах дүгнэлтээс зөрүүтэй, хохирогч өөрийн буруутай үйлдлийг зөвтгөх гэж шүүхийн шатанд шүүгдэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн нөхцөл байдлыг зөвтгfж ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь шийтгэх тогтоолд “...гэмт хэргийн улмаас хохирогчид яллах дүгнэлтэнд дурьдсанаар 34,380,000 төгрөгийн хохирол учруулсан ба баримтаар 34,780,000 төгрөгийг шилжүүлсэн, шүүхэд хэрэг хянагдах хугацаанд 220,000 төгрөгийг дахин шилжүүлж бүгд шүүгдэгчийн дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна, ... хохирлын үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй”, шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 5-д “...худалдах, худалдан авах гэрээнд заасан хашаа, байшин, газрын үнийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэжээ.

Дээрх үзвэл миний үйлчлүүлэгчийг бусдад хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг нэг мөр тогтоож чадаагүй байна.

Т.М******* нь М.Б*******тай худалдах, худалдан авах гэрээ хийж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг М.Б*******н эзэмшилд шилжүүлснийг өөрийн дураар захиран зарцуулж, хэрэглээний зардлуудаа төлж, хашаанд нь нэмж байшин барьж гэх мэт/ байсан ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй атлаа Т.М*******ыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардсан. Эцэст нь Т.М******* М.Б*******д үл хөдлөх хөрөнгөө, нэмээд түүний үнийг нь төлөөд өөрөө эрүүгийн ял шийтгэлээр шийтгүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэж байгаа эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Иймд Т.М*******ыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хохирогч өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн ************ дугаартай хэргийн хохирогч Б******* нь 2025 оны 02 сарын 19-ны өдрийн 40 дугаартай С****** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний зөрчигдсөн эрхийг сэргээж, надад уг худалдан авсан орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр шийдвэрлэсэнгүй , 2019 онд миний төлсөн мөнгийг буцааж 34.380.000 төгрөг болгож төлүүлж байгаа байдал нь хэргийг бодит байдалтай нийцэхгүй гомдолтой байгаа талаар өмгөөлөгчид хэлсэн учраас гомдол гаргаж байна.

Хохирогчийн хувьд маш их гомдолтой зүйлүүд олон байгаа учраас давж заалдах шатны шүүхийг хэд хэдэн зүйлийг хэргийг хянах үедээ анхаарч өгөөч гэж миний үйлчлүүлэгч гомдолтой байгаагаа илэрхийлж байгааг хүлээн авна уу.

1.       Шүүгдэгч М******* 2019 онд Б*******н худалдан авсан хашаа орон сууцыг зарна гэж зар тавьж , мөн уг хашаа болон грашийн хананд утсаны дугаараа бичсэн байснаар нь холбогдож үнийг асууж хамгийн гол нь мөнгө төлөх хугацаа заахгүй , хувь лизенгээр цувуулж өгч болно гэж хэлсэн учраас 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар Худалдах худалдан авах гэрээг 2019 оны 09 сарын 10-ны өдөр М*******ын дуудсан газар буюу нотариатын газарт ирж албан ёсны гэрээ хийсэн байдаг. Б*******н хувьд С******д амьдраад удаагүй байсан тул хүн сайн танихгүй , цаашилбал М*******ын зааж өгсөн газарт ирсэн тухайгаа мэдүүлдэг. Гэтэл М******* нь Б******* дуудсан , би гадна байсан зөвхөн гарын үсэг зурсан мэтээр худлаа мэдүүлж бусдыг төөрөгдөлд оруулж шүүхийг хууран мэхлэх байдал гаргаж байгаад гомдолтой байна.

2.       М******* нь тухайн үед мөнгөний хэрэгцээ их байна урьдчилгаа хувь лизенгээр худалдах худалдан авах гэрээ хийж болно гэж зөвшөөрсөн учир бид боломжоороо мөнгийг төлсөн. Гэтэл мөнгөө бүрэн гүйцэт өгөөгүй учраас иргэний шүүхээр явах ёстой гэдэг байр суурийг түүний өмгөөлөгч болон М******* нар хэлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хохирогчийн хувьд тохиролцсон худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн мөнгийг бүрэн гүйцэд төлсөн.

3.       Тухайн үед хийсэн гэрээнд уг үл хөдлөх хөрөнгө барьцаалагдаагүй , түрээслэгдээгүй, худалдагдаагүй гэсэн тодотгол бичигдсэн байгаа .Энэ хүнд маш их итгэж байсан. Тэр үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд эх хувиараа байсан Хэргийн 55 талд М*******ын өөрийн гараар бичиж өгсөн Б******* Ш******* нарт гэсэн бичигт ..гэрээнд заасан хугацаа буюу 2021.6.1-ны өдөр мөнгөө өгсөн тул М******* би мөн 1 жилийн дараа буюу 2022 оны б сарын 1-ны дотор гэрчилгээг өгнө гэж бичиж өгсөн байдаг. Үүнээс үзэхэд худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн мөнгө бүрэн дууссан гэдэг нь тогтоогдоно. Хохирогч хувь лизенгээр гэсэн ,гэрээнд ямар нэгэн хугацаа заагаагүй аль болох зээл хөөцөлдөж хурдан хугацаанд төлөхийг зорьж бүх мөнгийг өгсөн.

Ингээд 2022 оны 6 сарын 1-ны гэсэн хугацаа дуусаж М*******тай шинэ зах дээр худалдаа эрхэлж байсан лангуун дээр нь очиж уулзахад за за одоохон гээд мөн оны 7-н сар болтол хүлээж , сүүлдээ худлаа яриа байхаар нь Б******* би Улсын бүртгэлийн газарт очиж гэрчилгээгээ бичүүлж авъя гэж очиход улсын бүртгэгч

1.Үл хөдлөх хөрөнгө худалдсан хүн биеэрээ ирэх шаардлагатай

2.Энэ үл хөдлөх хөрөнгө чинь зээлийн барьцаанд байна гэж хэлсэн ,хаана ямар зээлэнд байна вэ ?гэхэд таньд хэлэхгүй хувь хүний нууцтай холбоотой гэж хэлсэн байдаг.

Энэ талаар М*******д хэлсэн чинь хэнэггүй юу ч болоогүй юм шиг санаа гаргаад байхаар нь цагдаагийн газарт өргөдөл өгсөн талаараа мэдүүлдэг. Ингээд цагдаагийн газраар шалгагдах явцад мал хөгжүүлэх сангийн зээлэнд тавьсан байгааг олж мэдсэн.

Гэтэл одоо биднийг 2020 оны 8 сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийг М*******ын данс руу шилжүүлэхэд түүний өөрийн хэлснээр жижиг дунд зээл төлөлт гэж бичээрэй гэхэд нь хашаа гэдэг үгийг би нэмж бичсэн . Тэгтэл мал хөгжүүлэх сангийн зээлэнд байсныг мэдсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Ямар зээлэнд яаж хэдэн төгрөг авсан зэргийг цагдаагийн газарт өргөдөл өгсөний дараа л мэдсэн шүү дээ. Ер нь би 35 сая төгрөгөөр уг байрыг худалдан авахаар тохирсон. Энэ төлбөрийг бүгдийг төлсөн.

3.Шүүхийн шийтгэх тогтоолд 34.380.000.төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Гэтэл хохирогч миний зүгээс 35 сая төгрөгийг төлсөн. Шүүх яллах дүгнэлтээр шийдвэрлэнэ гэж хохиролыг тооцсон. Миний зүгээс хохиролоо бүрэн төлсөн учраас М*******ын хувьд 2021 оны 6 сард тэр бичгийг төлбөр дуусан гэж бичиж өгсөн . 220.000 төгрөгийн шилжүүлэгээ олдохгүй байсан учраас дахин 220.000 шилжүүлсэн.

4.2019 оны 35 сая төгрөг гэдэг бол хатуу мөнгө байсан. Гэтэл тэр үеийн мөнгийг өнөөдөр 34.380.000 төгрөгийн хохирол төлж байна гэж М*******аас төлж байгаа нь миний амьдралыг оронгоор нь эргүүлж хохироож байна. Би М*******ын мөнгийг төлөхийн тулд зээл авч өгсөн тэр зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлсөн, тэгээд ч одоо мөнгөний ханш ямар хэмжээнд хүрсэн гэдгийг хүн бүхэн ойлгож байгаа шүү дээ.

5.       Мөн би нэгэнт худалдан авсан миний өмч гэж бодож энэ хүнд маш их итгэж бүрэн хэмжээний засвар үйлчилгээ худалдан авсан байрандаа хийсэн .Гэтэл энэ засварт оруулсан мөнгөнүүдээ би яах ёстой юм бэ? хор уршгийг яах гэж байгаа нь тодорхойгүй үлдэж би давхар давхар хохирч байна. Би эдийн засгаараа хохирч , үүнээс болж сэтгэл санааны шанлалд орж нойр хүрэхгүй , эцэстээ орох орон ч үгүй болж байгаад маш их харамсаж байна. м*******ын өмгөөлөгч шүүх хуралдааны үед намайг чи гоншигноод байлгүй байрыг нь суллаж өг гэж доромжилж дарамталсан.

Тухайн үед буюу 2019 онд түүний нөхөр нь хэрэг шалгах явцдаа хүний хөл хугалж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж хохирол төлбөр төлөх зорилгоор намайг хууран мэхэлж байр орон сууцаа зарах нэрийдлээр намайг хуурч, улмаар барьцаанд уг үл хөдлөх хөрөнгийг тавьж мөнгө авсанаа нууж мөнгөнийхээ хэрэгцээг хангасан байдаг. тэгээд асуудлаа дуусангуут худалдсан орон сууцныхаа гэрчилгээг зориуд шилжүүлж өгөхгүй ,авсан мөнгийг нь өгнө гэсэн сэтгэл зорилго тавьж байсан гэдэг нь ойлгогдож байна. Ингэж намайг маш их хохиролд унагааж байна.

Миний хувьд мөнгийг нь төлөөд дуусчихсан өөрийн худалдаж авсан хашаа гэж үзэж мөн л энэ хүнд итгэж ээждээ жижиг байшин барьж өгсөнийг хүртэл хүний хашаанд дураараа байшин барилаа түүнийгээ нураагаад аваад зайлаарай гэж хэлж байгаа нь ямар хүний мөсгүй зан гаргаж байгааг илтгэж байгаа иөдийгүй анханаасаа намайг хуран мэхэлж зориуд ингэж хохироох гэсэн санаа гаргаж байсан гэдэг нь одоо л мэдэгдэж байна.

6.Хэрэг шалгагдах явцад М*******ын ээж Д******* манай эхнэр Ш*******тэй уулзъя гэж утсаар ярьсаны дагуу уулзахад манай охины хийж байгаа үйлдэл үнэхээр хэцүү юм охиноо шорон оронд явуулчихгүй юмсан. Та нар бололцоотой бол тэр мал хөгжүүлэх сангийн зээлийг нь төлөөд хашаа байшингийн гэрчилгээг нь өөрсдийн нэр дээр шилжүүлээд авчих боломж байна уу, би мөнгө төгрөгтэй болохоороо та нарт эргүүлээд мөнгийг нь төлчихье гэж гуйж ирсэнийг нь дагуу нотриатын газар очсон. Тэгсэн тэр итгэмжлэх дээр нь бичиг баримтыг нэр дээрээ шилжүүлж авах өгүүлбэр нь байхгүй байсан тул утсаар хэлээд түүнийг нь нэмүүлэх гэтэл би завгүй байна гэж хэлээд дахьж холбогдоогүй . Гэтэл одоо тэр итгэмжлэхгийг намайг, эхнэрийг минь гуйж бичүүлсэн мэтээр шүүх хуралд дээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юмаа.

Ийм байдлаар хэдий болтол намайг гоочилж худлаа ярьж хохироож, нэр төрд минь халдах хүн бэ үнэхээр гомдолтой байна. Ийм их хэмжээний хохирол учруулаад цаашилбал хор уршиг нь арилаагүй байхад шүүх М*******ын толгойг илж эрхлүүлж байгаа мэтээр 1 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж байгааг хийсэн хэрэгт нь тохирохгүй хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.М******* би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би н.Б******* гэх хүнд 2019 оны 08 дугаар сард хашаа байшингаа 48 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож зарсан юм.

Тухайн үед хашаа байшин маань Мал хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд байлаа, н.Б******* гэдэгхүн урьд нь манай байшингийн шаврыг хийж өгч байсан учир бид биенээтаньдаг байсан. н.Б******* ах өөрт нь бэлэн мөнгө байхгүй байсан учраас өөрийнхөө байшинг зарах, эсвэл банкнаас зээл авч мөнгийг чинь өгнө гэсэн учраас би итгээд нэг ч төгрөг авалгүй байшингаа суллаад байшиндаа оруулсан юм. Мөн оныхоо 10 дугаар сард н.Б******* намайг дуудаад банкнаас зээл авах шаардлагатай бна 35.000.000 төгрөгөөр зээл гарах учраас зээлийн гэрээ хийчих гэж гуйгаад 35.000.000 төгрөгөөр зээлийн гэрээг хийж өглөө. Ингээд байшингийн мөнгийг өгнө гээд өгөлгүй алга болсон. Би тухайн үед нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг байсан учраас аавындаа ирж амьдрах боллоо.

Ингээд 2020 онд манай нөхөр Б. ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт хэрэгт холбогдож Улаанбаатар хотод шалгагдах болов. Би ч хот С****** хоёрын хооронд явж н.Б******* ахтай уулзах, мөнгөө нэхэх завгүй болчихлоо. Тухайн үед энэ хүн хашаа байшингийн мөнгөний зарим хэсгийг бэлэн төлж үлдэгдлийг Мал хөгжүүлэх сангийн зээлэнд төлөхөөр тохиролцсон юм. Ингээд бүтэн 2-3 жилийн хугацаанд надад хэлэхгүй, мэдэгдэхгүйгээр миний дансруу мөнгө шилжүүлдэг болов. Би С******д ирээд хашаа байшин дээрээ очтол хашаан дотор маань шинэ байшин барьчсан байлаа. Би тухайн үед миний мөнгийг өгөхгүй байж яагаад ингэж байгаа юм болоо гэж их гайхдаг байлаа.

Ингээд 2021 оны 07 дугаар сард манай нөхөр Б. ялаа эдэлж суллагдаад гэртээ ирэхэд бид байшингийнхаа мөнгийг бөөнөөр нь авч чадаагүй орон гэрээ бусдад зарсан нэртэй Мал хөгжүүлэх сангийн мөнгөө ч төлүүлээгүй байдалтай байлаа. Улмаар Б., н.Б******* нарын хооронд маргаан, хэрүүл болж би нэг жилийн дараа бичиг баримтыг чинь өгнө гэж тухайн хэрүүл маргааныг намжаах гэж бичиж өглөө.

Гэтэл н.Б*******гийн эхнэр н.Ш******* гэж хүн надтай ямар ч гэрээ хэлцэл хийгээгүй атлаа ээжтэйгээ нийлээд намайг залилан хийсэн гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.

Анх манай ээж Д*******г залилан хийсэн гэж цагдаад өгсөн ба мэдүүлгээсээ буцаж намайг залилан хийсэн гэж цагдаад өгсөн. Би болсон үйл явдлыг үнэнээр нь хэлсэн. Бүтэн 2 жил хэрэг шалгагдаж цагдаагийн байгууллагаас миний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж санал прокурорт хүргүүлж, удаа дараа прокуророос хэргийг хааж шийдвэрлэж байлаа.

 Гэтэл н.Б*******, болон түүний өмгөөлөгчийн зүгээс намайг удаа дараа гүтгэж манай нөхөр цагдаагийн албанаас халагдаад хэдэн жил болсон байхад цагдаад нөлөөлж хэргийг хаалгаж байна гэж гомдлынхоо үндэслэлийг байнга худлаа өөрчилж, хяналтын прокурорын шийдвэрийг хүчингүй болгуулж 2024 онд намайг “зохиомол байдлыг бий болгож бусдыг хуурч мэхэлж бусдын өмчлөх эрхийг залилсан” гэж буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, би өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би н.Б******* гэдэг хүнд нэг ч удаа худлаа хэлээгүй... нэг ч төгрөг аваагүй, орон гэрээ байраа суллаад энэ хүмүүст хашаа байшингаа өгсөн. Намайг худлаа хэлээгүй ... Тухайн байшинг Мал хөгжүүлэх сангийн барьцаанд байсан гэдгийг н.Б******* түүний эхнэр мэдэж байсныг нотлох бичгийн баримт буюу хамгийн анх С****** аймгийн ерөнхий прокурорт гаргасан гомдолдоо болсон үйл явдлын талаар тодорхой бичсэн байдаг, мөн надруу мөнгө шилжүүлэхдээ  “jijig dundiin zeel” йзээлийн төлөлт гээд мөнгө шилжүүлсэн утга дээр бичсэн баримтуудаар н.Б*******, түүний эхнэр энэ байшинг Мал хөгжүүлэх сангийн зээлийн барьцаанд байсан гэдгийг маш сайн мэдэж байсан.

Анхан шатны шүүхээр миний гэм бурууг хоёр удаа хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл видьёо бичлэгт би үнэнийг мэдүүлж байсан уу н.Б******* үнэнийг мэдүүлж байсан уу? гэдэг нь маш тодорхой харагдана.

Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүх хуралдааны явцад байнга худлаа хэлж өмгөөлөгчийн асуултанд хариулж чадахгүй, хариулахаас цааргалж өмгөөлөгчөөрөө үг заалгуулж, дэвтэр дээр хүний бичиж өгсөн зүйлийг харж уншиж байсан нь түүнийг зөв мэдүүлэг өгөх хуулийн зохицуулалт түүнд ямар ч нөлөөгүй үнэхээр том ар тал хамгаалалт байгаа юм байна гэдэг хардах сэтгэл надад төрж байлаа.

Улсын яллагчийн зүгээс намайг зохиомол байдлыг бий болж бусдыг залилж 34.380.000 төгрөгийн эрхэд хохирол учруулсан гэж буруутгасан. Гэтэл шүүх хуралдааны явцад хохирогчийн өмгөөлөгч миний хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр буюу намайг гэрээгээр халхавчилж шунахай сэдэлтээр бусдын мөнгийг авсан, сэтгэл санааны хүнд хохирол учруулсан гэж маш бүдүүлгээр дайрч намайг үнэхээр хүнд байдалд оруулж байсныг дурьдмаар байна. Мөн анхан шатны эхний шүүх хуралдаан дээр улсын яллагч надаас 34.780.000 төгрөгийн эрхийг бичгийг гаргуулж хохирогчид олгуулах тухай санал, хохирогчийн өмгөөлөгч байшингийн гэрчилгээг гаргуулах, хоёр дахь хуралдаан дээр прокурор надаас 35.000.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгч байшингийн гэрчилгээг гаргуулахыг даалгах саналыг тус тус гаргаж байлаа

Гэтэл анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн 34.380.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж уг мөнгийг би 5 хоногийн завсарлагааны хугацаанд төлөв. Миний хашаа байшинг яах талаар огт шийдвэрлэхгүй орхив.

Одоо миний хашаа байшинд хохирогч гэгдэх .н.Б******* нь 6 дахь жилдээ амьдарч тэр хашаанд маань байшин барьж бусдыг амьдруулж амьдралын чанараа сайжруулсаар надад байшин худалдан авна гэж шилжүүлсэн 34.380.000 төгрөгөө ч буцаагаад авчихлаа / надад банкнаас зээл, мөн хуучин амьдарч байсан хашаа байшингаа зарж мөнгийг маань өгнө гэсэн худлаа байсан юм байна лээ, өөрийнхөө амьдарч байсан байшингаа түрээсэлж, надад өгөх мөнгөөрөө миний хашаа байшинд ээждээ байшин барьж өгсөн юм билээ.

Харин би энэ хүнд хашаа байшингаа зарснаас хойш 6 жилийн хугацаанд харваж нас барсан аавынхаа байшинд түр амьдарч байтал аавын маань байшин банкны барьцаанд хураагдаж, өөрийн гэсэн гэр оронгүй, амьдралын нөхцлөөс шалтгаалж гэр бүлээ цуцлуулж бага насны 2 хүүхэдтэй түрээсийн байранд үлдэж 34.380.000 төгрөгийн өртэй, 1.000.000 төгрөгийн ялтай, өрх толгойлсон эмэгтэй болж үлдлээ. Эрхэм давж заалдах шатны шүүгч нар аа, би хэдий яллагдагчаар татагдсан ч гэсэн надад эрх, хүлээх үүрэг байна уу? Байгаа бол миний эрхийг энэ шүүхийн шийдвэрээ зөрчсөн үү, хэргийг үнэхээр шударгаар шийдсэн үү гэдэг дээр дүгнэлт хийж, үнэн бодитой шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өөрийн ээжийн нэр дээр байх байшинг худалдан борлуулах, зээл авах итгэмжлэл хийлгэн барьцаанд тавьж хохирогч нараас мөнгө авч залилсан. Хохирогчийн зүгээс гүйлгээнийхээ утгыг шүүгдэгчээс асууж байгаад гүйлгээний утгаа тавьсан байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Т.М*******ыг  өөрийн өмчлөлийн  үл хөдлөх хөрөнгийг  бусдын барьцаанд байгаа гэдгийг  мэдсээр байж  М. Б*******д "хашаа байшин зарна" гэж 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж худалдан борлуулж, хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Т.М******* нь өөрийн Facbook хаягаар өөрийн төрсөн эх Д.Д*******гийн өмчлөлийн хашаа байшин худалдах зар тавьсан байх ба тухайн зарын дагуу хохирогч М.Б******* хашаа байшинг нь 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.  Тус тохиролцооны дагуу   үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Д******* нь 2019 оны 09 сарын 25-ны өдөр өөрийн нэрийн өмнөөс  үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшин, худалдах, бэлэглэх, төлбөр тооцоо хийх, барьцаанаас чөлөөлүүлэх, Эрхийн бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах зэрэг эд хөрөнгө захиран зарцуулах  эрхийг мөн газрын  эзэмших эрх  шилжүүлэх эрхийг  тус тус өөрийн төрсөн охин  Т.М*******д  итгэмжлэлээр  олгожээ.  / 1-р хх-ийн 45,46/

Т.М******* нь өөрт олгосон итгэмжлэлийг үндэслэн  2019 оны 10 сарын 24-ны өдөр  Д.Д*******гийн  өмчлөлийн  С****** аймаг Сүхбаатар сум *-р баг Н******* хотхон*-р гудамж *** тоот байрлах **мкв  талбайтай  ажилчдын байрны  зориулалтай  гэрчилгээний *************  дугаартай, Улсын бүртгэлийн Y-********* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс  **мкв талбай бүхий хэсгийг 34.000.000 төгрөгөөр, С****** аймаг Сүхбаатар сум *-р баг *-р багт байрлах **мкв  талбайтай  үйлчилгээний зориулалтай   гэрчилгээний ***********  дугаартай, Улсын бүртгэлийн Y-*********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс  43мкв талбай  хэсгийн 1.000.000 төгрөгөөр тус тус М.Б*******д худалдахаар  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай  гэрээнүүдийг, мөн 2019 оны 10 сарын 24-ны өдөр ******* дугаартай гэрчилгээ бүхий С****** аймаг Сүхбаатар сум *-р баг *-р багт байрлалтай  сүү боловсруулах үйлдвэр үйлчилгээний зориулат бүхий ******* мкв талбай бүхий газраас ***** мкв талбайтай өөрийн газар эзэмших эрхийг   М.Б*******гийн эзэмшилд  шилжүүлэхээр тус тус  гэрээг бичгээр байгуулан  нотариатаар гэрчлүүлжээ./ 1-р хх-ийн 43-44/

  Тус гэрээний дагуу Т.М******* нь  үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшинг газрын хамт М.Б*******н эзэмшилд 2019 оны 11 сард бүрэн шилжүүлсэн байх ба  өнөөдрийг хүртэл М.Б*******  эзэмшилд  байгаа бөгөөд М.Б******* нь   хашаа байшин газрын төлбөрт  гэрээний дагуу  төлөх 35,000,000 төгрөгөөс   2019 онд 10.880,000 төгрөг, 2020 онд 13.800,000 төгрөг, 2021 онд 10,100,000 төгрөг, 2025 оны 02 сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус цувуулан  нийт 35,000,000 төгрөгийг  Т.М*******д шилжүүлжээ. / 1-р хх-ийн 51-55, 3-р хх-н 93-99/

Худалдах худалдан авах гэрээ байгуулсаны дараа талуудын хооронд гэрээний үнэ болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой маргаан гарсан  байх ба шүүгдэгч Т.М******* гарсан маргааны талаар  худалдах худалдан авах гэрээг талууд 48.000.000 төгрөг гэж тохирсон худалдсан хашаа байшин нь М.Б*******д худалдахаас өмнө  Мал хамгаалах сангаас авсан зээлийн гэрээний барьцаанд байгаа  тус зээлийн төлбөр 13.000,000 төгрөгийг М.Б******* миний нэрийн өмнөөс төлж дуусгасааар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь өөрийн нэр дээр нь шилжүүлэхээр  тохиролцсон,  гэтэл мал хамгаалах сангийн зээлд төлбөр хийгээгүй талаар зээл төлөх мэдэгдэл ирснээр мэдсэн зээлийг төлөөгүй тул хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлээгүй гэж тайлбарладаг.

Харин хохирогч М.Б******* нь  надад үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа зээлийн барьцаанд байгаа талаар хэлээгүй энэ талаар мэдэх боломжгүй байсан, худалдах худалдах авах гэрээг байгуулахдаа гэрчилгээг эх хувиар нь барьж ирж гэрээ байгуулж намайг хуурч төөрөгдөлд оруулсан, гэрээг 45,000,000 төгрөгөөр байгуулсан гэдэг нь худлаа, түүний өмнөөс зээл төлөх талаар  тохиролцоогүй, гэрчилгээг шилжүүлж авах талаар удаа дараа шаардаж байсан боловч  удахгүй өгнө гэж худлаа хэлж  миний мөнгийг авч залилсан гэж  тайлбарлаж  улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Дээрхи үйл баримт нь Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Б*******н "... Би 2019 оны 10 дугаар сарын үед хашаа байшин авах гээд байж байтал Facbook дээр 35.000,000 төгрөгөөр зарна гэсэн хашаа байшин байсан. Тухайн үед зар дээр ********* гэсэн дугаар байхаар нь залгаж ярьтал М******* гэж хүн байсан бөгөөд би очиж уулзах үед нөхөр ын хамт тухайн байшинд байсан. Би уулзаад авахаар ярилцаад тохироод би 2019 оны 11 дүгээр сард нүүж орсон... би 2022 оны 07 дугаар сарын эхээр М******* дээр очоод ах нь одоо гэрчилгээгээ авъя гэсэн чинь надад манай аав, ээж хоёр байшингаа зарахгүй гэж хэлсэн." гэх мэдүүлэг. /хх-ийн 06, 95-97, 195-196-p 79-80, 2-р хх-ийн 167-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч И.Ш*******гийн... Манай нөхөр 2019 оны 11 дүгээр сарын үед Т.М******* гэх хүнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар багийн нутагт байрлах хашаа байшинг авахаар болоод манай нөхөр уулзаад яваад байсан. Тухайн үед хашаа байшингаа 35,000,000 төгрөг гэж байсан бөгөөд бид нарын хувьд бэлэн мөнгө байгаагүй бөгөөд Голомт банкнаас хашаа байшин худалдан авах зээл авахаар материал өгсөн бөгөөд сар гаран хүлээгээд Голомт банк зээл гаргах боломжгүй гэхээр нь бидний хувьд байгаа мөнгөө буюу 9600,000 төгрөгөө өгсөн. Бид нарын хувьд 9.6 сая төгрөгөө өгөөд хашаа байшин нь сул байсан учир манайх цэвэрлэгээ үйлчилгээ хийгээд орсон. Тухайн үед Т.М******* нөхрийн хамт ирээд бид нарт хүлээлгэн өгсөн. Бид нар 2019 оны 12 дугаар сард орсон бөгөөд анх орохдоо мөнгийг нь хувааж өгнө гэдгээ хэлээд тохироод орсон. Тэгээд он гараад 2020 оны 04 дүгээр сар гэхэд 21,000,000 төгрөг өгсөн байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Д*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Миний өмчлөлийн байшин бөгөөд тухайн үед төслийн зээлийн 13,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан учраас  энэ мөнгийг нь зээлээс чөлөөлөөд  дээрээс нь 35.000.000 төгрөг  өгөхөөр тохирч  М.Б*******тай гэрээ байгуулсан.... М. нь  байшингийн мөнгөө өгөөгүй хэрнээ  хашаанд дахин нэг байшин барьж  эхэлсэн тэгэхээр нь  мөнгөө өгөөгүй байж  байшин бариад байх юм мөнгөө төгрөгөө өгч дуусгаач гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 191-192/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б. Е*******: Миний хувьд  2011-2019 оны хооронд Мал хамгаалах сангийн зээлийн ахлах мэргэжилтэн хийж байгаад  манай байгууллага татан буугдаж Хөдөө  аж ахуйн дэмжих сантай нэгдсэн тул  одоо энэ газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Тухайн зээлийг гаргах үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан  зээлийг олгож байсан.  М******* гэх хүн нь  хоёр үл хөдлөх гэрчилгээ болон нэг газрын гэрчилгээг манайд тавьж  зээл авсан.  Тухайн гэрчилгээний эх хувь манай байгууллага дээр байгаа... Энэ зээлийн хугацаа нь 5 жил бөгөөд 3,6 хувийн хүүтэй олгогдсон. Авсан зээлээ 5 жил хувааж төлж дуусгах ёстой байсан. Гэтэл Т.М******* нь 2018 онд 1700,000 төгрөг ганц удаа хийгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байна. Одоо манайд төлөх үлдэгдэл нь 15,885,560 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаа Зээлээ төлөхгүй байгаа учир Монгол банкны мэдээллийн санд муу зээлдэгчээр орсон байгаа бөгөөд он гараад шүүхэд шилжүүлэхээр байгаа." / 1-р хх-ийн 140-141-р хуудас/  гэсэн мэдүүлэгүүд болон хэрэгт авагдсан  бичгийн баримт болох Зээлийн үлдэгдэл өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, зээлийн гэрээ /хх-ийн 173-181-р хуудас/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 109 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, /2-p xx- ийн 54-56-р хуудас/

М.Б*******н эзэмшлийн Хаан банкны ******* тоот данснаас Т.М*******ын эзэмшлийн Хаан банкны *************** тоот данс, ************ тоот данс руу мөнгө шилжүүлсэн тухай дансны дэлгэрэнгүй хуулга, /хх-ийн 16-21-р хуудас/

Мал хамгаалах сангийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "ЭМААХДХ"-МҮСҮ/2017/44 дугаартай 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, /хх-ийн 73- 73-80-р хуудас/

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т.М*******, М.Б******* нарын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, /хх-ийн 43-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М******* нь гэмт хэрэг үйлдээгүй  хохирогчийг хуурч мэхлээгүй гэж маргаж “ ... гэрээ байгуулахдаа М.Б******* ахад зээлийн барьцаанд байгаа талаар хэлсэн... М.Б******* нь миний өмнөөс зээлийг төлөхөөр тохиролцсон, барьцаанд байгаа талаар хэлсэн энэ байдлаа нууж төөрөгдөлд оруулаагүй  гэж маргадаг. 

Хохирогч М.Б*******н нь  “...Т.М******* үл хөдлөх хөрөнгөө бусдын барьцаанд  байгаа гэдгээ  хэлээгүй,  гэрээ байгуулахдаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь барьж ирсэн тул төөрөгдөл орж  залилсан  гэж тайлбарладаг боловч  гэрч  Б. Е*******  “Миний хувьд  2011-2019 оны хооронд Мал хамгаалах сангийн зээлийн ахлах мэргэжилтэн хийж байгаад  манай байгууллага татан буугдаж Хөдөө  аж ахуйн дэмжих сантай нэгдсэн тул  одоо энэ газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа. Тухайн зээлийг гаргах үед зээлийн болон барьцааны гэрээ байгуулан  зээлийг олгож байсан.  М******* гэх хүн нь  хоёр үл хөдлөх гэрчилгээ болон нэг газрын гэрчилгээг манайд тавьж  зээл авсан.  Тухайн гэрчилгээний эх хувь манай байгууллага дээр байгаа...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Б*******н  эзэмшлийн Хаан банкны  Хаан банкны ************  дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 08 сарын 20-ны өдөр шүүгдэгч Т.М*******ын  Хаан банк дахь ************** тоот дансанд  2,000,000 төгрөгийг / жижиг дунд  төлөлт хашаа / гэсэн утгатайгаар шилжүүлсэн / 3-р хх-ийн 97/  шилжүүлсэн зэрэг  баримтаар шүүгдэг ч Т.М*******ыг худалдаж буй хөрөнгөө бусдын барьцаанд байгаа талаар  хэлэхгүй  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь залилах гэмт хэргийн шинж байхгүй байна.

Мөн шүүгдэгч Т.М*******ын хашаа байшинг худалдан авах  хүсэлтээ М.Б******* нь илэрхийлж улмаар  харилцан тохиролцож гэрээ байгуулсан, улмаар гэрээний дагуу  өмчлөлийн хашаа байшинг М.Б******* нь өнөөдрийг хүртэл  эзэмшилдээ авч ашиглаж байгаа талаар  шүүгдэгч хохирогч нарын хэн аль нь маргаагүй байна.

Дээрх байдлуудаас дүгнэхэд талууд зээлийн гэрээний үндсэн дээр харилцан  хашаа байшин худалдах,  худалдан авахаар тохиролцсон буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үйлдэл, үйл баримт тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд дээрх шинжүүдийг хангаагүй бол залилах гэмт хэрэгт тооцохгүй. 

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Т.М*******ыг  залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.М*******д  холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, түүний өмгөөлөгч М.Гийн  гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Т.М*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,  Т.М*******ыг  цагаатгасугай.

2.Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                         ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН