Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Гансүх, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Ялтан Б.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

          Хохирогч Ц.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Баярсайханд холбогдох эрүүгийн 2016 2400 0229 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баяуд овгийн Бямбаагийн Баярсайхан, 1982 оны 11 дүгээр сарын 7-нд өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг гудамж, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ82110771/,

 

Б.Баярсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун урд замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.3 дахь хэсэгт  жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эрдэнэбаатарыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Б.Баярсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баярсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сар хорих ял шийтгэж, Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Баярсайхан нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Баярсайханы №460548 дугаартай BCDE ангиллын жолоочийн үнэмлэхийг Замын Цагдаагийн газрын Мэргэжил техник хяналтын хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгаж, Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгаж, Б.Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Эрдэнэбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд доорх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянан Б.Баярсайханд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлж өгнө үү. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд зайлшгүй шаардлагатай эм тарианы мөнгө, мөн одоо түнхний хагалгаа, тархины нөхөөсний хагалгаа зэргийг яаралтай хийлгэх шаардлагатай байгаа. Б.Баярсайхан нь хөнгөн ял авахын тулд заль мэх ашиглан хохирогч намайг согтуу байхад ирж цаанаасаа бичиж бэлдэж ирсэн бичигтэй цаасан дээр надаас гуйж байгаад гарын үсэг зуруулсан. Уг бичгийг би уншиж үзэлгүй, түүний сайхан үгэнд итгэсэн юм. Гэтэл дараа нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 4-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр очиж шийтгэх тогтоолыг авахад шийтгэх тогтоолд “Б.Баярсайхан нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 2.150.000 төгрөг өгсөн. Мөн “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай автомашиныг хохирогчийн нэр дээр шилжүүлж өгсөн” гэж хэлсэн байна. Гэтэл миний бие цаашид эмчилгээ болон тархины нөхөөсний хагалгаа, түнхний хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд маш ихээр шаналан тарчилж, зовж байгаа ба өвчнөө намдаахын тул байнга хүчтэй эм, тариа хэрэглэж байна. Эм, тарианд намдахгүй болохоор нь архи ууж өвчнөө түр мартдаг. Миний биед учирсан гэм хор арилаагүй. Автомашиныг надад хүлээлгэж өгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгсөн гэдэг нь худлаа. Уг тээврийн хэрэгслийг Б.Баярсайхан нь “Хаан” банкинд өөрөө барьцаанд тавиад мөнгө авсан байдаг. Одоо болтол зээлээ төлөөгүй тул уг автомашин нь банкны мэдэлд байгаа. Б.Баярсайхан нь шүүх хуралдаан болсноос хойш утсаа авахгүй, биднээс зугтаад уулзахгүй, ар гэрийнхэнтэйгээ үгсэн хуйвалдаж, хэл амаар доромжлон “явдаг газраар нь яваарай” гэх мэтээр намайг илт басамжлан доромжилсоор байна. Миний бие уг осол гарахаас өмнө эрүүл саруул биетэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Осолд орсноос хойш эрүүл мэнд, сэтгэл санаа, бие эрхтнээрээ бүрэн хохирсон. Би түрээсийн байранд амьдардаг. Осолд орсноос хойш байрны түрээсийн мөнгө болон эмчилгээний зардал байхгүй айлд амьдарч байна. Б.Баярсайханд маш их гомдолтой байна. Миний бие Б.Баярсайханаас биетээр мөн аваагүй...” гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч  Ч.Шүрэнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүх цугларсан нотлох баримтыг бүх талаас нь бодит байдлаар хянаж үзэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл шүүх нь энэ үүргээ хэрэгжүүлэхгүй зөвхөн шүүгдэгчийн шүүхэд мэдүүлсэн “Хохирогч Ц.Эрдэнэбаатарт 2.150.000 төгрөгийн хохирол, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий “Приус” загварын машин өгсөн” гэсэн мэдүүлгийг, мөн Ц.Эрдэнэбаатарын “2.150.000 төгрөгийн эмчилгээний зардал, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий “Приус” загварын машиныг хүлээж авсан цаашид гомдол саналгүй” гэсэн баримтыг тулгуурлан Б.Баярсайханыг бусдад төлөх өр төлбөргүй гэж үзэн шийтгэх тогтоолоо гаргасан. Гэтэл “Приус” загварын автомашины бодит өмчлөгч нь “Хаан” банк юм. Иймд гэм хор арилаагүй байгаа учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв...”

Хохирогч Ц.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...: Би Ч.Шүрэнцэцэг өмгөөлөгчтэй санал нэг байна. Нотариатаар гэрчилсэн баримтыг шүүх үнэлснийг яагаад буруутгаж байна вэ гэвэл тухайн үед шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр Ц.Эрдэнэбаатар ганцаараа мэдүүлэг өгөх чадваргүй гэдгийг нотолсон. Ц.Эрдэнэбаатарын “ах нь чиний хоёр гурван хүүхэдтэй, ажилгүй байдлыг чинь ойлгож байна” гэж Б.Баярсайханд хэлснийг далимдуулан Б.Баярсайхан нь хохирогчийг архи уусан, шарталтын байдалтай байхад нь хууран мэхэлж энэ гарын үсгийг зуруулж авсан байдаг. Ц.Эрдэнэбаатар нь сар болгон Гэмтэл согогийн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх ёстой. Гэтэл мөнгөгүйн улмаас энэ эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа. Иймд группт орж чадахгүй байгаа. Б.Баярсайхан нь одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. Ц.Эрдэнэбаатарт ирээдүйд учрах хохирлыг Б.Баярсайханаас гаргуулах хүсэлтэй байна...” гэв.

 

Ялтан Б.Баярсайхан  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ц.Эрдэнэбаатартай тохиролцож өөрт байсан ганц эд хөрөнгө болох машинаа өгсөн. Ц.Эрдэнэбаатарыг эрүүл саруул байхад нь нотариат орж хохирол төлсөн баримтыг баталгаажуулсан...” гэв.

 

Ялтан Б.Баярсайханы өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй зөв зүйтэй гарсан. Нотариатын баталгаатай гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан учир ялтан оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

                                                                                                                              

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хавтаст хэргийн 98-100 дугаар талд “Орон сууцны зээлийн гэрээ”, 112-116 дугаар талд “Хаан банк”-ны 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 05087/147 тоот албан бичиг, 117-120 дугаар талд 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн БГ-1006 тоот барьцааны гэрээ, 121-122 дугаар талд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ФД/703/13 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 148 дугаар талд тээврийн хэрэгслийн лавлагаа, 186 дугаар талд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Ц.Эрдэнэбаатарын “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэж бичсэн хүсэлт зэрэг баримтууд авагджээ.

 

Ялтан Б.Баярсайханы гэм хорын хохиролд өгсөн “Тоёота Приус” загварын 70-93 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн БГ-1006 тоот барьцааны гэрээгээр “Хаан банк”-ны эзэмшилд шилжсэн, тухайн тээврийн хэрэгсэл нь хохирогч Ц.Эрдэнэбаатарын нэр дээр шилжээгүйгээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол арилаагүй байна.

 

          Түүнчлэн хохирогч Ц.Эрдэнэбаатарын гаргасан “…Миний бие уг осол гарахаас өмнө эрүүл саруул биетэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Осолд орсноос хойш эрүүл мэнд, сэтгэл санаа, бие эрхтэнээрээ бүрэн хохирсон. Би түрээсийн байранд амьдардаг. Осолд орсноос хойш байрны түрээсийн мөнгө болон эмчилгээний зардал байхгүйгээс айлд амьдарч байна. Б.Баярсайханд маш их гомдолтой байна. Миний бие Б.Баярсайханаас биетээр мөнгө аваагүй…” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

 

          Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Б.Баярсайхан нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал сайжраагүй, гэм хор арилаагүй байхад гэм буруутай эдгээдэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

          2. Хэрэг шүүхэд очтол Б.Баярсайханд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ