Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 140

 

Л.Ж-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Боловсролын газрын

даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                               Б.Мөнхтуяа

                                                     Д.Мөнхтуяа

                                                     П.Соёл-Эрдэнэ

        Илтгэгч шүүгч:                    Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:       Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Ж намайг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Л.Ж, өмгөөлөгч Г.Б-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Н нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 57 дугаар зүйлийн 57.2.2, 57.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 4,568,120 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 805 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасан үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх “Нийслэлийн Боловсролын газрын дарга, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг Нийслэлийн Засаг даргатай “зөвшилцөн” томилж чөлөөлөхөөр байна. Тэгвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нийслэлийн Боловсролын газрын дарга Нийслэлийн Засаг даргатай бичиг цаасаар зөвшилцөөгүй амаар ярилцсан...” гэсэн тайлбар гаргаж байгаа бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байна.

4. Монгол хэлний их тайлбар тольд “Зөвшилцөх” гэдгийг тодорхой асуудлыг нэгдмэл санаа бодлоор шийдвэрлэх гэж тайлбарласан байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нотлох баримт нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно”, 32.1, 32.2-т зааснаар Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Нийслэлийн Засаг даргаас гаргуулах эсвэл гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Шүүх хуралдааныг дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулна” гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн шүүх үзлэг явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна”, 41.3-д “Хөндлөнгийн гэрчээр хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хүнийг оролцуулна”, 41.4-т “Хөндлөнгийн гэрч түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн. Үзлэгийг шүүгч өөрөө явуулаагүй, туслах нь явуулсан, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан.

6. Давж заалдах шатны шүүх нь “шүүгч үзлэг хийгээгүй, хууль зөрчсөн боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэсэн бөгөөд шүүхээс шударга шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийг Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахиж биелүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэсэн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэсэн нь үндэслэлгүй. Учир нь цэцэрлэгийн эрхлэгч нарыг Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар Нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлдөг, өөрөөр хэлбэл, ажил олгогч нь Нийслэлийн Засаг дарга юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно” гэж хуульчилсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Чөлөө олгох тухай” тушаалаар цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгож байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг хүндлэн сахиж биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь тодорхой байна.

7. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч чөлөө олгох эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/998 дугаар захирамжаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Г-д цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгох эрхийг шилжүүлсэн болохоос дүүргийн Боловсролын хэлтсийн дарга буюу нэхэмжлэгч Л.Ж-д шилжүүлээгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нар нь албан ажлаар гадаадад 2019 оны 05 дугаар сарын 03 болон 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд явсан нь тогтоогддог. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2017 оны А/91 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гадаад улс оронд албан томилолтоор ажиллах журам”-ын 3.1-д “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нь албан томилолт, сургалт, семинар, хурал, чуулган, уулзалт, соёлын арга хэмжээ болон бусад албан ажлаар /цаашид албан томилолт гэх/ гадаад улсад зорчихдоо Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гаргуулж, албан томилолтоор ажиллана” гэж заасан. Гэтэл шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар үнэлж дүгнээгүй.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Өөрөөр хэлбэл, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтоор чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэх болохоос байгууллагын өргөдлийг бүртгэлийн программд оруулах үүргийг хүлээхгүй, өргөдөл гомдол хүлээн авсан ажилтан оруулах үүрэгтэй” гэсэн байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана” гэж,  мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч өргөдлийг шийдвэрлэх биш харьяалах байгууллагад шилжүүлэх ёстой байсан, харин чөлөө олгох эрхийг ажил олгогчоос нэхэмжлэгчид шилжүүлээгүй зэргийг шүүх үнэлж дүгнээгүй.

9. Нэхэмжлэгчийг дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Чөлөө олгох тухай” тушаалыг нөхөж үйлдсэн гэж хариуцагчийн зүгээс маргасан байхад шүүх нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх “...Хүрээ тулга” сургуулийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 19/11 дүгээр албан бичиг, чөлөө хүссэн цэцэрлэгийн эрхлэгч нарын өргөдөл зэрэг материалуудаас үзвэл нэхэмжлэгчийг дур мэдэн чөлөө олгосон гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эрхлэгч нар Монгол Улсад байхгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу Хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа авах хүсэлтийг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх болон мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх хүсэлтийг хангаагүй нотлох баримтыг ач холбогдолтой гэж үзэхээргүй гэсэн нь хэт нэг талыг барьж нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж үзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна.

10. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтыг хариуцагч анхаарч үзээгүй байна гэсэн байх ба хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудаар дээрх зөрчлийн шинж байдлыг анхаарч үзээд шийдвэрлэсэн болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж үзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Маргаан бүхий акт болох Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалд заасан “Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Ж нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, дүүргийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг үүргээ биелүүлээгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан зэрэг зөрчил нь ...тогтоогдсон...” гэх үндэслэл нь бодит байдал дээр үгүйсгэгдэж буй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

13. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан “...нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгч нарт чөлөө олгож байгаа нь хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хуулийг хүндлэн сахиж биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч чөлөө олгох эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

14. Учир нь, Нийслэлийн боловсролын газрын даргаас цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд “...ажлын 3 хүртэлх хоногийн чөлөөг дүүргийн боловсролын хэлтсийн дарга, түүнээс дээш хоногийн чөлөөг Нийслэлийн боловсролын газрын дарга шийдвэр гаргаж олгоно” хэмээн заасан байх бөгөөд хариуцагчийн өөрийнх нь зөвшөөрлөөр байгуулагдсан уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс нэр бүхий цэцэрлэгийн эрхлэгч нарт 3 өдрийн чөлөө олгосныг “хуулийг хүндлэн сахиж биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзэхгүй, иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь цэцэрлэгийн эрхлэгч нарт 3 хүртэл хоногийн чөлөө олгох эрхтэй тул “...шүүх чөлөө олгох тухай тушаалыг нөхөж үйлдсэн эсэх, дур мэдэн чөлөө олгосон эсэх зэргийг шалгаж тогтоогоогүй, хил хамгаалах ерөнхий газраас лавлагаа авах хүсэлтийг хангаагүй…” зэрэг гомдол нь /Тодорхойлох хэсгийн 9/ энэхүү маргааны үйл баримтад ач холбогдолгүй юм.

16. Нэгэнт нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил үгүйсгэгдэж байх тул “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу хариуцагч зөрчлийн шинж байдлыг анхаарч үзээд шийдвэрлэсэн... Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулж үзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй...” гэсэн утгатай хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 10/ үндэслэлгүй.  

17. Түүнчлэн, “...шүүх хуралдааныг дуу, дүрс бичлэгээр баталгаажуулаагүй, үзлэгийг шүүгч өөрөө явуулаагүй, туслах нь явуулсан, хөндлөнгийн гэрч оролцуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын тухайд давж заалдах шатны шүүх хангалттай дүгнэсэн, мөн тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-4-т заасан гомдол нь маргаан бүхий актыг зөвтгөж, шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэхүйц үндэслэл болохгүй юм.

18. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0805 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                         ШҮҮГЧ                                                                 Г.БАНЗРАГЧ