Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 047

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Алтанцөгц сумын 2 дугаар багийн оршин суугч Х.Аманханы нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А\169 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Аманхан, түүний өмгөөлөгч Я.Сьезд, С.Алтай, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.Берикболын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Аманханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Айбек нь эрх мэдэл, албан тушаалын байдлыг урвуулан ашиглан, улс төрийн зорилгоор өөрийгөө сумын Засаг даргад нэр дэвшүүлэх үед санал өгсөн Ардчилсан намын гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч А.Харахатын даалгавраар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 83 дугаартай захирамж гарган А.Харахатын төрсөн дүү болох А.Берикболд хууль зүйн үндэслэлгүй өвөлжөөний газрыг дур мэдэн эзэмшүүлсэн байна. А.Берикболд өвөлжөөний эзэмшүүлсэн газар нь Алтанцөгц сумын Битүү Харгантын Дэрстэйн эрэг гэдэг газарт байдаг ба бидний өвөлжөөнөөс 500-600 метрийн зайтай, өөрөөр хэлбэл, манай айлын бэлчээрт гарах замд байдаг юм. Х.Аманхан би сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар захирамжийг хүчингүйд тооцуулахаар Алтанцөгц сумын Засаг дарга М.Нурахметэд гомдол гаргасан учраас Засаг дарга М.Нурахмет нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр захирамжаар сумын Засаг дарга байсан Ш.Айбекийн гаргасан 83 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр захирамжийг хүчингүйд тооцуулахаар А.Берикбол аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан юм. Уг маргаан бүхий актыг шүүхээр хянан шалгах явцад аймгийн Засаг дарга Х.Дармен нь 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А\169 дүгээр захирамжаар маргаан бүхий акт болох Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр захирамжийг хүчингүйд тооцсон байна. Маргаан бүхий эрхийн актыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар ийнхүү хүчингүй болгосон асуудлыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдэж, Х.Аманхан би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр миний гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй гэж албан тоотоор хариу өглөө. Би уг хариуг огт зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нь маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн Х.Аманхан надад мэдэгдэлгүй нууц байдлаар, өөрийн Ардчилсан намын гишүүн А.Берикбол, А.Харахат нарын эрх ашгийг илт хамгаалсан, Алтанцөгц сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.Айбекийн 2015 оны 83 дугаар захирамжийг гаргах болсон эх сурвалжийг гүйцэд судлаагүй, Алтанцөгц сумын Битүү Харгантын Дэрстэйн эрэг гэдэг газарт иргэн А.Берикболд өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай асуудлыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын байгууллагаар хэлэлцүүлээгүй, 2015 онд Алтанцөгц суманд газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй, илт хууль зүйн хууль зүйн үндэслэл муутай захирамж гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Х.Аманхан миний нэхэмжлэлийг нотлох бичиг баримтууд Алтанцөгц сумын иргэн Х.Берикболын нэхэмжлэлтэй, тус сумын Засаг даргад холбогдох Алтанцөгц сумын Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай Захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт авагдсан байгаа юм. Би энэ тухай шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлтээ өмгөөлөгчөөр дамжуулан удахгүй гаргах болно гэдгийг хэлж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А\169 дүгээр захирамжийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Аймгийн Засаг даргын 2016.03.30-ны өдрийн А/169 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. А.Берикболын одоо сууж байгаа газар нь олон малчдын мал хариулах бэлчээр байсан. Тухайн газарт мал услах битүүн бетон савыг түрээсээр өгсөн. Уг газрын доод талд нь мал услах тусгай сав байгаа. Усыг хоолойгоор дамжуулан авч мал усалдаг юм.

Мал услалтын инженерийн шугам барьсан. А.Берикболын эзэмшиж байсан уг газар нь тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүмүүсийн малыг услах, бэлчээх бэлчээрийн газар байсан. Энэ эдэлбэр газраас тус сумын Засаг дарга байсан Ш.Айбекийн 2015.10.16-ны өдрийн 82 дугаар захирамжаар А.Берикболд газарт эзэмших газар олгосон юм. Ингэж газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Энэ хууль бус гарсан шийдвэрийг засаж залруулахыг хүсэж сумын олон хүмүүс сумын Засаг даргад өргөдөл гаргасан.

Засаг дарга уг захирамжийг 83 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Гэтэл аймгийн Засаг дарга А/169 дүгээр захирамжаар сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон. Сумынхаа олон малчдын нэрийн өмнөөс А/169 дүгээр аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

А.Берикболд 83 дугаар захирамж гарч уг газарт тэр өвөлжөө барьж оршин сууснаар сумын иргэдийн мал бэлчээх бэлчээр ашиглах эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна. А.Берикболд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаар авч хэлэлцээгүй. Багийн ИНХ-аас уг асуудлыг хэлэлцээгүй, эзэмшүүлэх тухай шийдвэр гаргаагүй байсан. Багийн ИНХ-аас шийдвэр гаргаагүй байхад сумын Засаг дарга шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Энэ хууль бус 83 дугаар захирамжийг зөвтгөж аймгийн Засаг даргаас А/169 дүгээр захирамж гаргасныг эсэргүүцэж байна.

Тийм учраас шүүхэд уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Аймгийн Засаг даргын 2015 оны А/169 дугаар захирамжтай холбоотой иргэн Х.Аманханы аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Алтанцөгц сумын 3 дугаар багийн иргэн М.Азимхан нь сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн боловч хэрэгжилтийг хангуулахгүй байгаа талаар гомдол ирүүлснийг судалж үзээд уг захирамжийн хэрэгжилтийг хангуулж ажиллах талаар чиглэл хүргүүлсэн.

Гэтэл иргэн А.Берикбол нь дээрхи захирамжийг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр захирамжаар хүчингүй болгосон талаар дахин гомдол ирүүлснийг судалж үзэхэд, Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр захирамжид 2015 оны 83 дугаар захирамж нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгосугай гэсэн боловч ямар хуулийн зүйл, заалтыг зөрчсөн талаар хуулийн үндэслэл дурьдаагүй ба Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д Эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлэх шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-д заасны дагуу шийдвэрлэнэ, 60 дугаар зүйлийн 60.1.1-д газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга хянан шийдвэрлэнэ гэснийг зөрчиж, иргэн А.Берикбол, Л.Нямаа нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан.

Иргэн Х.Аманхан нэхэмжлэлдээ миний өвөлжөөний газраас 500-600 метр зайтай газарт иргэн А.Берикболд газар эзэмшүүлсэн нь хуулийн үндэслэлгүй гэжээ. Гэтэл Монгол Улсын Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 27 дугаар зүйлийн 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэсний дагуу 030200518 нэгж талбарын дугаартай газрын эзэмшигчээр иргэн А.Берикболыг бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай захирамж гаргасан нь хуулийн үндэслэлтэй гэж үзсэн байна. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан байх тул бэлчээрийн маргааны асуудлыг багийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх талаар Алтанцөгц сумын Засаг даргад чиглэл хүргүүлэн ажилласан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Нэхэмжлэгч Х.Аманхан нь манайд энэхүү маргаантай холбоотой гомдол гаргаж байсан. Уг гомдолд нь Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Болатхан хариу өгсөн. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. А.Берикболын нэр дээр гарсан захирамжийг 2016.01.08-ны өдрийн 4 дүгээр захирамжаар хүчингүй болгосон тухай дахин гомдол ирүүлэхээр нь судалж үзээд Алтанцөгц сумын Засаг даргын 4 дүгээр захирамжид 2015 оны 83 дугаар захирамж хуульд нийцээгүй тул хүчингүй болгосугай гэсэн боловч ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн талаарх хуулийн үндэслэлийг дурдаагүй байсан ба энэ нь Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасан эрхийн гэрчилгээгээр газар эзэмших шийдвэрийн талаар үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.1-т заасны дагуу шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн. Мөн 60 дугаар зүйлийн 60.1.1-т ...газар эзэмших талаар иргэн, аж ахуй нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ... гэснийг зөрчсөн тул А.Берикбол, Нямаа нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 04 дүгээр захирамжийг аймгийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон. Нэхэмжлэгч Х.Аманхан нь миний өвөлжөөний газраас 500-600 метрийн зайтай газарт иргэн А.Берикболд газар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байгаа юм байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т ...бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана.. гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т ...Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна... гэж заасны дагуу газар эзэмшигчээр иргэн А.Берикболыг бүртгэж гэрчилгээ олгох тухай захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд 04 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т ...Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ... гэж заасан. Үүний дагуу бэлчээртэй холбоотой маргааны асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэх нь зүйтэй ба энэ тухай манайхаас Алтанцөгц сумын Засаг даргад чиглэл өгч байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Х.Аманханы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ асуудлаар Х.Аманхан удаа дараа шүүхдсэн боловч амжилт олоогүй.

Өөрөөр хэлбэл, Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг Богино төмөрт гэх газарт оршин суудаг Х.Аманханы газар эзэмших болон бэлчээр ашиглах эрхийг Битүү харгантын Дэрстэй эрэг хэмээх газарт өвөлждөг А.Берикболд газар эзэмших 700 м газар олгосноор зөрчигдөөгүй болох нь урьд танай шүүхэд хянагдан шийдвэрлэгдсэн хэргийн материалд болон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар арын 24-ний өдрийн 384 дугаартай шийдвэрээр тус тус тогтоогдсон байгаа юм. Х.Аманханы нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Х.Аманханы газрын тухай асуудал нь сум дундын шүүх болон захиргааны хэргийн шүүхээр дамжаад жил гаруй хугацаа болж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хөгжлийн бэрхшээлтэй А.Берикбол гэдэг иргэний төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд судалж үзэхэд сумын Засаг даргын газар эзэмшүүлэхээр гаргасан захирамжийг дараагийн Засаг дарга нь хүчингүй болгож уг захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосон явцтай байгаа.

Урьд нь захиргааны хэргийн шүүхээр хянагдаж байсан хэргээс хуулбарлан хэлэлцэгдэж буй хэргийн хавтаст авагдсан нотлох баримтууд мөн сум дундын шүүхэд Х.Аманханы А.Берикболын өвөлжөөг албадан нүүлгэх тухай гаргасан гомдлын дагуу шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзэхэд Х.Аманханы газар эзэмших эрх болон бэлчээр ашиглах эрх нь зөрчигдсөн зүйл харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, Харахатын өвөлжөө, Х.Аманханы өвөлжөө хоёр хэр зэрэг зайтай эсэх, энэ нь мал бэлчээхэд нэг нэгэнтээ саад болох эсэх талаар шүүхээс хийсэн хэргийн газрын үзлэг, схем зургаар тодорхой тогтоогдож байгаа юм. Хоёр өвөлжөөний хооронд 1,2 км зай байгаа юм.

Асуудлын гол нь А.Берикболын 100 толгой мал нь Х.Аманханы бэлчээрт бэлчиж газрыг сүйтгэх гэж байгаа асуудалд биш хүмүүсийн хоорондын өш, хонзон, намын үзэл баримтлал зэрэг нөлөөлсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч сая тайлбартаа усан сангийн тухай дурдлаа. Уг усан сан нь социализмын үед баригдсан усан сан байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар буюу үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон, одоо ямар нэгэн байдлаар ашиглах боломжгүй. Өөрөөр хэлбэл, дээр үеийн усан сангийн оронцог байна гэж үзэхээр зүйл байгаа.

Газар эзэмших гэрчилгээ олгохдоо усан сангийн дээд тал гэж уг газрыг тэмдэгт газар болгон ашигладаг л усан сан байдаг юм байна. Тийм учраас усан сангийн асуудлаар маргаан гаргасан тохиолдол байхгүй байгаа. Богино төмөртийн ам гэж нэрлээд усан сангийн дээд талд Дэрстэй эрэг гэсэн хоёр өөр төрлийн нэртэй нэлээн хол газарт байрлах өвөлжөөний мал бэлчээрлэх нь нэг нэгэндээ саад болно гэдэг нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй байгаа. Мал бэлчээрлэх газрын асуудлыг багийн ИНХ-аар шийдвэрлэж үүнийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргана гэсэн ойлголттой зүйл ярьж байна.

Энэ асуудлыг албан ёсоор хуулийн дагуу баталгаажуулсан зохицуулалт байхгүй. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т ...Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана... гэж заасан байгаа. Мал бэлчээрлэх асуудал, бэлчээрийн хуваарилалтын асуудлыг багийн ИНХ шийдвэрлэж зохицуулах учиртай. Шүүх нь таны мал энд бэлчээрлэх ёстой, А.Берикболын мал тэнд бэлчээрлэх ёстой гэж хуваарь гаргаж өгөх үүрэггүй учраас энэ асуудлыг багийн Засаг дарга, сумын Засаг даргад тавьж асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй байх.

Харин хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Аманханы бэлчээрийн газрыг А.Берикболын мал талхлаад устгаж байгаа юм байна гэсэн нотлох баримт байхгүй тул нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Съезд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Аймгийн Засаг даргын 2016.03.30-ны өдрийн А/169 дүгээр захирамж хүчингүй болох ёстой захирамж гэж үзэж байна. Азимханы Берикбол гэдэг хүн 2016.02.24-ний өдөр Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхэд Алтанцөгц сумын Засаг даргын 2016 оны 04 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээр захиргааны хэргийн шүүх захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг шалгаж байгаа явцад 2016.05.13-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Х.Аманханыг татан оролцуулсан.

Энэ захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Захиргааны хэргийн шүүхээр явж байгаа асуудлаар Засаг дарга яагаад захирамжийг хүчингүй болгуулдаг вэ гэдэг асуудал байгаа. Үүнийг хүчингүй болгосноор өнөөдөр захиргааны хэргийн шүүх энэ хэргийг дахин авч хэлэлцэх нөхцөл бүрэлдэн тогтож байна шүү дээ.

Захиргааны хэргийн шүүхээр маргаан явж байгаа үед Засаг дарга захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүсэж Х.Аманхан бас аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан юм. Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга ...2016.03.09-ний өдөр танай сумын 2 дугаар багийн оршин суугч Х.Аманхан аймгийн Засаг даргад бэлчээрийн асуудлаар гомдол ирүүлсэн байна. Иймд дээрх өргөдлийн мөрөөр арга хэмжээ авч Монгол улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т бэлчээр ашиглахтай холбогдуулан гарсан аливаа маргааныг багийн ИНХ-аар хэлэлцүүлнэ зохицуулна гэж заасны дагуу тухайн багийн ИНХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь зүйтэй... гэж М.Нурахмет Засаг даргад хариу өгдөг.

Нэг иргэн ингэж өргөдөл гаргахаар хариу өгдөг, нэг нь өргөдөл гаргахаар шууд хүчингүй болгодог юм. Үүнээс үзэхэд намын үзэл бодлын ялгаа гэдэг асуудал энд явж байгаа. Өвөлжөө байж болно, гэхдээ тэр хүн малтай хүн шүү дээ. Мал нь бэлчээрт бэлчинэ. Тийм учраас энэ асуудал бэлчээрийн асуудлаар явж байгаа юм. Хариуцагч Засаг дарга захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь зүйл заалтыг үндэслэсэн ба дээрх хуулийн зүйл заалт нь доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг дээд шатны Засаг дарга хүчингүй болгож болох тухай зохицуулалт бөгөөд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан маргааныг хянан шийдвэрлэх эрх хэмжээ дээд шатны Засаг даргад хуулиар олгогдоогүй юм.

Иргэн, сумын Засаг дарга хоёрын хоорондох бэлчээртэй холбоотой маргаантай асуудлыг шийдвэрлэх эрхийг аймгийн Засаг даргад хуулиар олгоогүй байгаа шүү дээ. Захирамж гаргахдаа эрх бүхий хүмүүсийг газар дээр нь очиж ажиллуулж, эрх бүхий этгээдийг байлцуулж байж асуудлыг шийдвэрлэсэн бол өнөөдөр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах байсан уу, үгүй юу гэдэг асуудал байна. Аймгийн Засаг дарга бүрэн эрхээ хэтрүүлээд доод шатны Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон нь утга агуулгын хувьд алдаатай тул А/169 дүгээр захирамж хүчингүй болох ёстой.

Засаг дарга эрх хэмжээндээ хамаарахгүй асуудлаар захирамж гаргасан, илт хууль бус байна. А.Берикбол нь хэдийгээр тухайн өвөлжөөнд хашаа барьж байгаа боловч цаана бэлчээрийн маргааныг агуулж байгаа. Бэлчээрийн асуудлыг багийн ИНХ-аар хэлэлцүүлж , Засаг дарга Хуралд өргөн бариад асуудлыг шийдвэрлэх ёстой. Өвөлжөөний асуудлыг ч ингэж шийдвэрлэх ёстой. Гэхдээ 2015 оны сумын ИТХ-ын хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөө батлахдаа энэ асуудлыг хэлэлцээгүй байдаг. Хэлэлцээгүй учраас Засаг дарга дур мэдэн аль нэг хаваржаа, өвөлжөөний зориулалтаар газраас иргэнд газар олгоод байж болохгүй. Хуулийн дагуу гараагүй захирамж учраас уг захирамжийг хүчингүйд тооцох ёстой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий захирамж зөв гарсан уу, буруу гарсан уу гэдэг талаас нь ярьж байгаа. Эхлээд газар эзэмшүүлэх тухай Алтанцөгц сумын Засаг даргын 2016.10.16-ны өдрийн 83 дугаар захирамжид сумын нутаг дэвсгэрээс хуучин эзэмшлийн газраас үргэлжлүүлэн эзэмших буюу шинээр газар эзэмшихийг хүссэн хавсралтад заасан нэр бүхий хоёр иргэнд газар эзэмшүүлсүгэй гэсэн байгаа. Энэхүү захирамжаар газар авсан хүмүүс эрхийнхээ дагуу авсан эсэх нь тодорхой биш байна. Засаг дарга хэн нэгэн этгээдэд дур мэдэн газар эзэмшүүлэх тухай захирамж гаргадаг нь буруу юм. Энэ тухай хуульд хүртэл тодорхой заасан байгаа.Газрын даамал болох Кенесбек нь ээлжийн амралтад байхад нь түүнийг дуудаж энэ хүнд газар эзэмшүүлэх тухай захирамж төлөвлөөд ир гэж үүрэг өгсөн гэж тэрээр гэрчийн мэдүүлэгтээ дурдсан байна.

Хууль бусаар гарсан захирамжийг 04 дүгээр захирамжаар хүчингүй болгосон юм. А/169 дүгээр аймгийн Засаг даргын захирамж хууль бус гарсан юм. Асуудлыг шалгаж тогтоож хянан үзэж байж аймгийн Засаг дарга захирамжаа гаргаагүй учраас уг захирамжийг хууль бус гарсан захирамж гэж үзэж захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох ёстой. Нэхэмжлэгч зөвхөн өөрийнхөө эрх ашгийг биш тэнд байгаа малчид болон ард иргэдийн эрх ашгийг хамгаалж явж байгаа. Тухайн газар бэлчээрийн газар байсан. Бүр дээр үеэс бэлчээрийн газар гэж үзэж тухайн газарт усан сан барьж өгсөн байгаа.

Усан сангаас ус гоожих тэвшийг нь хүртэл гаргаж өгсөн байдаг. Бэлчээрийн газарт бусдад өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хуулийг зөрчиж байгаа зүйл юм. Тэнд байгаа оршин суугчид болон малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа. Иймд аймгийн Засаг даргын А/169 дүгээр захирамжийг хүчингүй тооцож өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийноролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Х.Аманханаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/169 дүгээр захирамжийг[1] хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Алтанцөгц сумын Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай 83 дугаар захирамжаар[2]иргэн А.Берикбол, Д.Нямаа нарт тус тус 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг мөн сумын Засаг дарга өөрөө 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай 04 дүгээр захирамжаар[3] хүчингүй болгосныг аймгийн Засаг дарга маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Х.Аманханаас ... маргаан бүхий акт гарснаар иргэн А.Берикболд газар эзэмших эрх үүсэх ба үүний улмаас бэлчээр ашиглах боломжгүй болно, А.Берикболд эзэмшүүлсэн газрын ойролцоо орших усан санд мал услахад бэрхшээл учирна, мөн нийтийн эдэлбэр газар учраас иргэдийн эрх ашиг зөрчигдөнө гэж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь хууль бус гэж дүгнэлээ. Учир нь,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино... гэж заасан.

Гуравдагч этгээд А.Берикбол нь сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар захирамжаар газар эзэмшсэн нь нэхэмжлэгчийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Х.Аманханд сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 08 дүгээр захирамжаар[4]өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн 700 м2 газар, 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр захирамжаар[5]өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн  700 м2 газар, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58 дугаар захирамжаар[6]хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар тус бүртэй А.Берикболд эзэмшүүлсэн газар давхцаагүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй болох нь хэрэгт авагдсан шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл, үйлдэгдсэн схем зураг зэргээр[7] тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д ...Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан өвөлжөө, хаваржаа, зуслан намаржаа, отрын нөөц нутаг гэсэн ерөнхий хуваарийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгана..., 52.2-д ...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно... гэж тус тус заасан.

Маргаан бүхий газрыг бэлчээрийн зориулалтаар хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч Х.Аманханд ашиглуулах талаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас хэлэлцэгдээгүй, санал гараагүй, сумын Засаг дарга гэрээний дагуу ашиглуулах тухай шийдвэр гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Т.Оюуны тодорхойлолт[8] зэргээр батлагдаж байна.

Түүнчлэн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-дэх хэсэгт ...бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар...-ыг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана... гэж заасан тул А.Берикболд эзэмшүүлсэн газрыг төрийн зохих байгууллагаас бэлчээрийн зориулалтаар бусдад ашиглуулах тухай шийдвэр гараагүй, 2015 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаагүй болох нь хэрэгт авагдсан сумын Алтанцөгц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1-01-13 дугаар албан бичиг[9], иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 041/02-12 дүгээр албан бичгээр[10] тус тус тогтоогджээ.

Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...Нийтийн эдэлбэр газарт хот, тосгон, суурины гудамж,талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна... гэж заасан бөгөөд гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн Алтанцөгц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Дэрстэй эрэг хэмээх газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэрийн газар гэж тайлбарласан нь үндэслэлгүй, мөн мал усалдаг гэх усан сан нь маргаан бүхий газраас 192 м зайд байрладаг болох нь газрын үзлэгээр батлагдаж байна.

Дээрх байдлаар маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул ... Х.Берикболд эзэмшүүлсэн газрыг бусдад эзэмшүүлэх талаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй... гэж маргасан нэхэмжлэгчийн, ... бэлчээрийн асуудлаас гарсан маргааныг шийдвэрлэх эрх хэмжээ аймгийн Засаг даргад байхгүй... гэж маргасан түүний өмгөөлөгчийн үндэслэлүүд нь уг захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд иргэдийн бэлчээр ашиглах эрх зөрчигдөж байна гэж тайлбарласан боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлд зөвхөн Х.Аманхан өөрөө гарын үсэг зурсан, түүнд бусдыг төлөөлөх итгэмжлэл байхгүй тул маргаан бүхий актын улмаас бусад иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Аманханаас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/169 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 


[1] Хэргийн 20 дугаар хуудас

[2] Хэргийн 31,32 дугаар хуудас

[3] Хэргийн 33 дугаар хуудас

[4] Хэргийн 91 дүгээр хуудас

[5] Хэргийн 94 дүгээр хуудас

[6] Хэргийн 96 дугаар хуудас

[7] Хэргийн 108, 109 дүгээр хуудас

[8] Хэргийн 153 дугаар хуудас

[9] Хэргийн 130 дугаар хуудас

[10] Хэргийн 107 дугаар хуудас