Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0129

 

2018 оны 02 сарын 22 өдөр   

  Дугаар 221/МА2018/0129

Улаанбаатар хот

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                        захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг тус тус үндэслэн “С” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933,76 гектар бүхий Х201509072576 дугаартай талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Ц.Х давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд төрийн захиргааны байгууллагын өргөдөл бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд төрийн захиргааны байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй буюу татгалзсан тухай мэдэгдэх гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргах бүрэн эрхийг олгосон байдаг. Гэтэл шүүх шийдвэртээ “...19.6-д дэмжсэн хариу өгсөн бол... өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ”, “...дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болохыг мэдэгдсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах боломжгүй...” гэжээ. Шүүх нэхэмжлэгчээс захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр хариуцагчийн дээд шатны байгууллагад гаргасан гомдлын хариуд өгсөн албан бичгийг мэдэгдсэн гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримт, тайлбаруудыг цаг хугацааны хувьд дүгнэж үзвэл 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө захиргааны байгууллага өргөдлийг шийдвэрлэхээр сонсох ажиллагаа явуулсан хэдий ч нэхэмжлэгчийн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй тогтоогдоод зогсохгүй шүүхийн маргаантай байгаа учир шийдвэрлээгүй гэсэн үндэслэлгүй тайлбар өгч байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын тайлбартай уялдуулан авч үзвэл “хуульд заагдаагүй үндэслэлээр татгалзсан хариу өгөхийг хориглосон агуулгатай зохицуулалт” гэж ойлгож болох бөгөөд төрийн захиргааны байгууллага Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналыг хуульд үндэслэсэн эсэхийг үл хамаарч даган биелүүлэх үүргийг хүлээгээгүй байна. Хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж эрх олгогдоогүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай. Ашигт малтмалын газрын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааварт “дэмжихгүй” гэсэн татгалзсан хариу нь хууль зүйн үндэслэлгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах тухай тусгасан байдаг ба шүүх нотлох баримт шинжлэн судлахдаа тухайн заалтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр судалсан. Өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг цаг хугацааны хувьд дэс дараалуулан үнэн зөв үнэлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж шийдвэр гаргасан. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д заасныг үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь тус хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамааралтай болохоос тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргагчид хамааралгүй билээ. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

“С” ХХК нь Төв аймгийн Баян сумын нутаг Урд холбоо нэртэй 933,76 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасныг хариуцагч кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж уг талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 6/7216 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгийн хавсралтаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзэж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай дэмжихгүй саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлжээ.

“С” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Төв аймгийн Баян сумын нутаг, Урд холбоо нэртэй 933,76 гектар бүхий Х201509072576 дугаартай талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Төв аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хүлээн авсан, дэмжээгүй санал ирсэн тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгч, тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...Аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь заалтыг хангахгүй байсан тул нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” хэмээн тус тус тайлбарлаж, маргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчээс захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр хариуцагчийн дээд шатны байгууллагад гаргасан гомдлын хариуд өгсөн албан бичгийг мэдэгдсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй юм...” гэж дурдсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах ба захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны актын нэг шинж эс үйлдэхүйг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор хуульчилжээ.

“С” ХХК нь “...аймгийн Засаг даргын саналыг хянаж үзэж, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргуулах” тухай өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/1, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 17/01 дүгээр албан бичгээр тус тус гаргасныг хариуцагч хянан үзээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7/494 дүгээр албан бичгээр “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхгүй ба энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих, эсэх санал нь тухайн тусгай зөвшөөрөл олгоход тавигддаг үндсэн нөхцөл, шаардлагуудын нэг болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.5, 19.6 дахь хэсэгт зохицуулсан ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс аймгийн Засаг даргын саналыг хүлээн авснаас хойш шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдлээс болж шүүх нэхэмжлэгч компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн анхан шатны шүүх Төв аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт бөгөөд уг саналын хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн эсэхийг тухайн аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянах, үнэлж, дүгнэх эрхгүй талаар зөв тайлбарласан тул нэхэмжлэгчийн “...Хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, эрх олгогдоогүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх уг маргаанд хамааралгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу бөгөөд энэ талаарх “С” ХХК-ийн гомдол үндэслэлтэй ч уг үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШШ2017/0879 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 64 дүгээр зүйлийн 64.1-т заасныг тус тус үндэслэн...” гэснийг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д заасныг үндэслэн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

          ШҮҮГЧ                                                                     Ц.САЙХАНТУЯА