| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429000880135 |
| Дугаар | 2025/ДШМ/41 |
| Огноо | 2025-06-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/41
М.*******-*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн /цахимаар/,
Хохирогч Д.******* /цахим/,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* /цахим/
Иргэний хариуцагч Б.******* /цахим/,
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг /цахим/
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, иргэний хариуцагч “************** *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* нарын гаргасан гомдлуудыг үндэслэн М.*******-*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын -ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн сумын 1-р багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн автозамын 30 дахь км-т улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.9 дугээр зуйлд заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг зөрчиж, - улсын дугаартай -7 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Д.*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.*******-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч овогт ийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан’’ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдэж,
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “************** *******” ХХК-аас 39,635,160.09 төгрөгийг, иргэний хариуцагч Б.*******гээс 39,635,160.09 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ ” ХХК-д олгож,
Иргэний хариуцагч “************** *******” ХХК, иргэний хариуцагч Б.******* нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.*******-*******оос өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “************** *******” ХХК-аас 37,712,644.4 төгрөгийг, иргэний хариуцагч Б.*******гээс 37,712,644.4 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.*******од олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******-*******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******-*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч М.*******-******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа. Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг ажил олгогч нь төлж барагдуулахаар шүүхийн тогтоолд заасан. Шүүгдэгч М.*******-очир нь хувийн байдлын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон, тодорхой хугацаа буюу улирал тутам Улсын төв эмнэлэгт эмчийн, үзлэгт орж эмчилгээ сувилал хийлгэдэг тул Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх боломжгүй байна. Учир нь эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, зохих байгууллагын зөвшөөрөл авах боломжгүй, өөр орон нутагт явах гэнэтийн асуудал үе үе гардаг болно.
Шүүгдэгч М.*******-*******ын хувийн байдлыг харгалзан үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/23 шийтгэх тогтоолыг шүүгдэгч М.*******-*******т эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2,700,000 нэгжтэй төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргах нь: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02-р сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч М.*******-*******т эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолын 2-р заалтад өөрчлөлт оруулж, торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч “************** *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
1. Шүүхийн хурлын хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгч " ” ХХК-ны төлөөлөгч Б. "...Бидний зүгээс тухайн үед олж байсан орлогоо дунджаар нь бодоод зургаан сараар буюу 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 сар гэж тооцож 70 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. ...2024 оны 10 дугаар сараас хойш тус машин бол дунджаар 13 сая төгрөгийн орлого олсон ...Ингээд зургаан сараар хязгаарлаад 79,271,320 төгрөгийг нэхэмжилж байна" гэж мэдүүлсэн боловч тухайн олох ёстой байсан бодит орлогоо нотлох ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох ямар ч боломжгүй нь тодорхой байхад анхан шатны шүүхээс иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас 39,635,160.09 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч " " ХХК-д олгох илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл " " ХХК нь 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 сарын хооронд 79,271,320 төгрөгийн орлого олох ёстой байсан, эсэх тодорхойгүй, нотолсон ямар ч баримт байхгүй байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Учир нь нүүрс тээврийн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өдөр бүр өсөж, буурч байдаг тухайн үеийн нөхцөл байдал, нүүрс тээвэрлэлтийн явцаас шалтгаалан тухайн сарын ашиг орлого нь тодорхойлогддог. Урьдчилсан байдлаар "энэ сард тэдэн төгрөгийн ашиг олно" гэж тодорхойлох ямар ч боломж байдаггүй юм.
Тухайлбал 2025 он гараад нүүрсний үнэ 30 хувь буурч, нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсолтын байдалд орсон, компаниуд болон жолооч нар ямар ч орлого байхгүй байгааг Монгол улсын иргэн бур хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр бүр сонсож, мэдэж байгаа.
Мөн " " ХХК нь 79,271,320 төгрөгийн орлогоо нэхэмжлэхдээ цэвэр ашиг юм уу, нийт олох ёстой орлого нь юм уу? Үүнээс жолооч нарын цалин хөлс бусад зардал зэрэг гарах ёстой зардлаа хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй, нотлох ямар ч байхгүй байна
Дээрх 79,271,320 төгрөг дотор хохирогч Д.*******ын олох ёстой байсан орлого буюу цалин гэх 54,598,187.93 төгрөг багтсан эсэх нь тодорхойгүй ба давхардуулж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь " " ХХК нь дээрх орлогоо нотлоогүй, нүүрс нийлүүлэх компанитай хийсэн гэрээ болон график задаргаа, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
2. Анхан шатны шүүх "...хохирогч Д.******* олох ёстой орлого буюу цалин хөлсөнд 54,598,187.93 төгрөгийг иргэний хариуцагч нараас буюу хувь тэнцүүлэн ...иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас 27,299,093.96 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******од олгох илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна
Учир нь тухайн хүний эрүүл мэндийн байдлаас бус, олон улсын зах зээлд нүүрсний үнэ өсөж, буурч байгаа цаг үеийн нөхцөл байдал болон нүүрс худалдан авалт, нийлүүлэлт, тээвэрлэлтээс хамаарч нүүрс тээврийн компани болон нүүрс тээврийн жолооч нар цалин, орлого олдог ба ашиг орлогыг урьдчилан тодорхойлох ямар ч боломжгүй, зах зээлийн бизнесийн үйл ажиллагаа юм.
Зарим тохиолдолд хэдэн сараар нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсож, нүүрс тээврийн компани болон жолооч нар цалин орлогогүй болдог.
Гэтэл анхан шатны шүүхээс "хохирогч Д.******* цалин хөлсөнд 54,598,187.93 төгрөг олох байсан байна" гэж таамаглах байдлаар илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна
3. Сэтгэцэд учирсан хор уршгийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдээр төлүүлэхээр хуульд тодорхой заасан байхад анхан шатны шүүхээс "...сэтгэцэд учирсан хор уршгийн 15,173,400 төгрөгийг хувь тэнцүүлэн "************** *******" ХХК-аас 7,5,700 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******од олгохоор шийдвэрлэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй" гэж заасан байна
Өөрөөр хэлбэл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж, гэмтсэн бол "тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан бодит хохирлыг төлөх үүрэгтэй” гэж хуульд тодорхой заасан ба тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг төлөх ямар ч хуулийн заалт байхгүй байхад анхан шатны шүүхээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тээврийн хэрэгслийг эзэмшигчээр хувь тэнцүүлэн төлүүлэх хууль бус шийдвэр гаргасан байна.
Анхан шатны шүүх хуульд заагаагүй зүйлийг сайдын тушаал болон журмаар шийдвэрлэж, хуулийг биш журмыг хууль зүйн үндэслэл болгосон нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Учир нь Улсын дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолд "сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясгалангүй болох ...хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно" гэж заасан ба энэ нь хууль зүйн хувьд гэм хорын хохирлоос өөр ойлголт буюу сэтгэцийн хор уршгийг иргэний хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй.
Иймд " " ХХК нь 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 сарын хооронд 79,271,320 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэж дүгнээд иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас 39,635,160.09 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч "Сундэр " ХХК-д олгох, хохирогч Д.*******ын олох ёстой байсан орлого буюу цалин хөлс болох 54,598,187.93 төгрөгийн 2,729,093.96 төгрөгийг иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгох, хохирогч Д.*******ын Сэтгэцэд учирсан хор уршгийн 15,173,400 төгрөгийн 7,5,700 төгрөгийг "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгохоор заасан дээрх хэсгүүд буюу нийт 74,520,993.05 төгрөгийг "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох гэсэн хэсгийг нь хүчингүй болгуулах гомдлыг гаргаж байна гэжээ.
Хохирогч Д.*******ын өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэний хариуцагч “******* ******* *******’’ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ын гомдлын агуулгад гаргах тайлбар няцаалт.
Шүүхээс хохирогчийн олох ёстой байсан цалин орлогыг зов тодорхойлж 54,598,187.93 төгрөгийг хууль зүйн үндэслэлтэйгээр тооцож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан “таамаглах байдлаар илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх үндэслэл тогтоогдохгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү...
Учир нь миний үйлчлүүлэгч хохирогч Д.******* нь 2023 оны 11 сарын 02-ны өдрөөс эхлэн зам тээврийн осол гарсан гэх 2024 оны 02 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд “ Ложистик” ХХК-д хүнд даацын авто машины жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан үйл баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. /ХХ-1-р хавтас168 талд ажилд авсан тушаал, 169-170 талд ажлын байрны тодорхойлолт, 171-174 талд хөдөлмөрийн гэрээ/ Хохирогч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй... гэж хуульд заасан.
Хохирогч талаас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг тодорхойлоход шаардлагатай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас гадна, тухайн ажилтны цалингийн карт буюу хүснэгт нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсантай холбоотойгоор авсан тэтгэмжийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Миний үйлчлүүлэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сард 1,600,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сард 8,300,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 8,794,808.40 төгрөгийн цалин авсан болох нь жолоочийн цалингийн мэдээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/2 дугаар тушаалын хавсралтад зааснаар сүүлийн 3 сарын цалин болох 2024 оны 02 сарын цалин 1,600,000 төгрөг, 2024 оны 01 сарын цалин хөлс 8,300,000 төгрөг, 2023 оны 12 сарын цалин хөлс 8,794,808.40 төгрөгийн нийлбэр дүн 18,694,808.40 төгрөг, үүнийг 3 сард хуваахад нэг сарын дундаж цалин хөлс 6,2,602.80 төгрөг.
Дээрх 6,2,602.80 төгрөгийг 2024 оны 03 сараас 2025 оны 01 сарын -ний хүртэлх 11 сараар үржүүлэхэд 68,547,630.80 төгрөг бөгөөд үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн 7,882,977.54 төгрөгийг, мөн ХХОАТ-ын 6,066,5.33 төгрөгийг хасаад гарт олгох мөнгөн дүн 54,598,187.93 төгрөгийг олох ёстой байсан цалин хөлс гэж үзэн хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.
Харин дундаж цалин хөлсийг тодорхойлоход, зах зээлийн нүүрсний үнэ өсөх буурах, нүүрсний худалдан авалт ихсэх, багасах, нийлүүлэлт, тээвэрлэлт зэрэг гадны хүчин зүйлүүд ямар ч хамааралгүй, тусдаа асуудал болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нь давж заалдах гомдлын тайлбар: Хэрэг маргаан хэлэлцэгдэх өдөр буюу 2025 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******-******* нь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй, эхнэр маань группт байдаг, бага насны 3 хүүхэдтэй талаараа мэдүүлдэг. Иймд шүүхээс түүний цалин орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хэмжээнд зорчих эрх хязгаарлах ялыг өөрчлөх эсэх нь шүүхийн асуудал юм.
Иймд хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 205/ШЦТ/23 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэгдүгээрт шүүгдэгчийн буюу М.*******-*******ын өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол дээр нь дараах тайлбарыг хэлье. Энэ гомдлыг гаргахдаа үр хүүхдүүд нь гадуур дотуур явдаг гэдэг байдлаар, өөрөөр хэлбэл эмнэлэг, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар явах шаардлагатай учраас торгох ялаар сольж өгнө үү гэсэн гомдол гаргажээ гэж би ойлголоо. Зорчих эрх хязгаарлах ял гэдэг зүйл чинь тэр хүний эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх эрхийг нь огт хязгаарладаггүй. Энэ тохиолдолд тухайн хүн шаардлагатай эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ авах тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага буюу шийдвэр гүйцэтгэгчдээ хэлээд, ажил явдал гарлаа, ийм эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай байна гэдэг хүсэлтээ тавиад, тухайн хүсэлтийг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ял эдлүүлэх ажиллагаанд нь хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурортоо уламжлаад, үүнийх нь дагуу тухайн зорчих эрх хязгаарлах ялтны явах маршрутыг өөрчлөн тогтоож болдог. Огт хэрэгжиж болохгүй зүйл биш. Хүний амьдрал баялаг учраас энэ бүхнийг зохицуулчихсан байдаг. Өөрөөр хэлбэл ажил явдал гарч болно. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч болно. Ийм тохиолдолд хяналт тавьж байгаа прокурортоо мэдэгдээд тухайн зорчих маршрутаа ч өөрчлүүлэх ийм боломжтой байдаг гэдгийг тайлбарлаж хэлье.
Дараа нь “******* ******* *******” ХХК-тай холбоотой түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж байгаа гомдолтой холбогдуулаад дараах тайлбаруудыг хэлмээр байна. Монгол Улсын зам тээврийн сайдын 3 дугаартай тушаалаар улс хоорондын байнгын ачаа тээврийн си зөвшөөрөл төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах журам гэж байдаг. Энэ журамд аж ахуйн нэгж, тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд гээд 2.2 дугаар зүйл дээр нь заагаад өгчихсөн. Мөн журмын 2.2.4-т жолооч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж Тээврийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллана гээд заасан байдаг. Авто тээврийн тухай хууль дээр юу гэж заачихсан байдаг юм бэ гэхээр Авто тээврийн тухай хуулийн 10.дугаар зүйлийн 10.2.7-д авто тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын зөвшөөрөгдсөн байр, зогсоол талбайтай байхыг шаарддаг. Үүнээс үзэхэд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь тээвэр хийнэ гэдэг чинь Монгол Улсын хууль дүрэм журмаараа зохицуулаад өгчихсөн юм. Үүнтэй холбогдуулаад шүүх юу гэж хэлэх юм бэ гэхээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс, эд зүйл эвдэрч, устаж, гэмтсэн нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн байдаг. Үүний дагуу шүүх шийдвэрлэсэн. Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн гэм хор гэдэг чинь хүний эрүүл мэндийн сэтгэцийн эрүүл мэнд биш юм уу, сэтгэцэд учирч байгаа хор уршиг гэдэг чинь хүний сэтгэцийн эрүүл мэнд, хүний эрүүл мэндэд учирсан хор хохирол гэж тооцно гэж би ойлгоод байна. Ялгаа байхгүй. Хүний эрүүл мэнд. Сэтгэцийнх болохоороо хүний эрүүл мэнд биш болчихдог. Бие махбодод учирсан, эрүүл мэндэд учирсан хохирол нь хохирол болчихдог гэсэн ойлголт байхгүй гэж би бодож байна. Ялгаа байхгүй. Сэтгэц гэдэг чинь хүний эрүүл мэнд шүү дээ. Тэгэхээр хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг Авто тээврийн тухай хууль болон зам тээврийн хөгжлийн сайдын гаргасан тушаалаар баталсан дүрэм журмаараа тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцах л ёстой. Тухайн аж ахуйн нэгж нь хариуцлагатай байх, тээврийн хэрэгслийн зам тээврийн аюулгүй байдлыг хангах, энэ бүх үүрэг, хариуцлагыг хууль, дүрэм, журмаараа зохицуулаад өгчихсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хууль гэх мэтчилэн энэ олон хуулиудыг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж чадаагүй. Хууль, дүрэм, журам гэж байгаагүй байсан бол хэн дуртай иргэн нь машин худалдаж аваад, нүүрс тээвэрлээд явах нь яасан юм бэ? тэгэх боломжгүй. Үүнийг чинь Зөвшөөрлийн тухай хуулиараа зохицуулаад зөвшөөрлийг нь олгоод, ямар хүнд, ямар аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгодог юм. Энэ бүгдийг нь хууль, дүрэм, журмын дагуу зохицуулсан учраас энэ үүргийнх нь дагуу шүүх шийдсэн гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: М.*******-******* нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байгаа. Оногдуулж байгаа ял шийтгэлийн хувьд өөрчилж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байгаагийн учир шалтгаан нь юу вэ гэхээр нэгдүгээрт М.*******-******* нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, байнгын эмчилгээ сувилгаанд явдаг. Гэртээ гурван нялх хүүхэдтэй. Ингэхээрээ бүтэн жилийн хугацаанд Арвайхээрээс гарахгүй байх боломжгүй. Гарцаагүй тодорхой хугацаагаар шинжилгээ судалгаандаа орж байдаг. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж, сольж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна. Хоёрдугаарт нэгэнт давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг учраас хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын тооцоог анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хийгээгүй. Зөвхөн мэдүүлэгт дурдсан тоонуудыг тэр чигт нь хохирол гэж үзсэн байгаад дүгнэлт хийж өгнө үү. Өөр зүйлгүй гэв.
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлоо дэмжин оролцож байна. Учир нь юу вэ гэвэл нэгдүгээрт “ ” ХК-ийн ирээдүйд олох ёстой байсан орлого гэдэг мөнгөн дүнг нэхэмжилсэн байдаг. Энэ мөнгөн дүнг нэхэмжлэхдээ зөвхөн “ ” ХК-ийн нэг талын нотлох баримттай буюу өөр бусад харилцагч байгууллага байдаг юм уу, эдийн засгийн ямар нэгэн тооцоо судалгаагүй, нэг талын нотлох баримтыг оруулж ирсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн “ ” ХК-ийн нэхэмжилсэн мөнгөн дүн дотор манай олох ёстой байсан орлого буюу 08 сарын хугацаанд олох ёстой байсан орлого гэж нэхэмжилсэн байдаг. Гэтэл хохирогч Д.******* нь 54,598,187 төгрөгийг миний 08 сарын хугацаанд олох байсан цалин гэж нэхэмжилсэн байдаг. Гэтэл орлого гэдэг чинь нэг өөр тусдаа ойлголт, ашиг гэдэг чинь бас нэг тусдаа ойлголт. Тэгэхээр орлого дотор нь урсгал зардал буюу бензин, тос, засвар үйлчилгээний мөнгө, жолоочийн зардал гэдэг нь багтаад явж байдаг. Үүнийгээ ялгаж, салгаж дурдаагүй байна. Тэгэхээр хохирлыг давхардуулан нэхэмжилж байна гэж үзсэн. Мөн сэтгэцэд учирсан сэтгэл санааны хор уршгийг тогтоохдоо ямар нэгэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжээчийн дүгнэлтэд үндэслэн сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байна. Тэгэхээр нэхэмжилж байгаа 15,173,400 төгрөгийг бид нар “******* ******* *******” ХХК болон Б.*******тэй хувь тэнцүүлж хувааж төлүүлэхээр болсон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байдалтай оролцож байна. Давж заалдах журмаар гаргасан гомдлынхоо шаардлагыг дэмжин оролцож байна гэв.
Иргэний хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ шүүх хурал дээр “ ” ХХК-ийн ирээдүйд орох орлогыг нэхэмжилсэн давж заалдах шатны шүүхэд гаргасан саналыг дэмжихгүй оролцож байна. Яагаад гэхээр би энэ дээр хэдэн баримт хэлье. “Эрдэнэс таван толгой” уурхайгаас бүх хилийн ачилтын төлөвлөгөөг компани болгоноор нь харах боломжтой байдаг. Энэ талаар “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн сайт дээр нь байдаг. Тэгэхээр “ ” ХХК-ийн 79,000,000 төгрөгийн олох ёстой байсан орлогыг би яг ямар үндэслэл, шалтгаанаар ингэж тооцоолсон бэ гэдгийг асуугаад энэ дээр ганц нэг тооцоо хийхэд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 08 дугаар сарын -ний өдрийг дуустал энэ бүгд ил тод байгаа. “ ” ХХК нийтдээ 16 машинаар 482 рейс буюу тухайн сардаа нэг машин аравхан рейс хийсэн байдаг. Тэгэхээр нэг машин дунджаар 07 дугаар сарын хугацаанд 1.7 буюу нэг рейс хийсэн байгаа. Яг энэ нөхцөл байдал одоогийн ачилт, нүүрс тээврийн зах зээлийн ханшаас гол бүх ачилтын мэдээ гээд бүх юм нь тодорхой байгаа. Тэгэхээр энэ мэдээгээр “ ” ХХК-ийн нэг машин сард нэг уртын рейс хийсэн байгаа. Гэтэл ямар үндэслэлээр сарын 13,000,000 төгрөг гээд 6 сарын хугацаатай нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбар саналдаа: Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэлийн асуудал дээр өөрчлөлт оруулах хэд хэдэн үндэслэл харагдаж байна. Нэгдүгээрт шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үнэн зөв байх зарчим шаардлага, үндэслэлийг хангаагүй. Яагаад гэхээр юу юуг үндэслээд олгох байсан орлогыг тодорхойлоод байгаа юм гэдэг асуудал нь тодорхой биш. Үнэхээр ойлгомжгүй. Олон дахин уншлаа ч гэсэн сайн ойлгогдохгүй, дүгнэлт их муутай шийтгэх тогтоол байна. Хоёрдугаарт тухайн аж ахуйн нэгж буюу “ ” ХХК-ийн олох байсан орлогыг тодорхойлоод байгаа нийтэд илэрхий баримт буюу сая Б.******* яриад байгаагаар интернэт сайт руу ороход тухайн үед нэг рейс хэдээр явдаг байсан гээд тухайн компанийн мэдээллүүд болон рейсийн тоо нь тодорхой харагддаг. Үүнээс үзэхэд орлого үнэхээр тодорхойгүй. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, компанийн олох байсан орлогыг тодорхойлохдоо юугаар тодорхойлох вэ гэдэг дээр санхүүгийн баримт, санхүүгийн тайлан, тушаасан байдал, аудитын байгууллагаар баталгаажсан тухайн жилийн орлого зэрэг нь байхгүй. Зөвхөн “ ” ХХК-ийн өөрсдийнх нь тодорхойлж ярьж байгаагаар энэ орлогыг тодорхойлон оруулж ирсэн нь буруу учраас үүнийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, өөрөөр хэлбэл “******* ******* *******” ХХК болон иргэний хариуцагч Б.******* нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл харагдаж байна. Нөгөө талаар хохирогч Д.*******ын олох байсан орлого дээр ганцхан тодорхойлох гол эрх зүйн баримт бичиг нь орлогын албан татвар төлсөн байдал байдаг. Энэ нь тодорхойгүй байгаа учраас олох байсан орлогыг эрүүгийн хэрэгтэй хамтран шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт сэтгэцэд учирсан хохирол холбогдлын хувьд хүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 25 дугаар тогтоолоор тухайн үедээ хүснэгтээр гаргана гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг тодорхой заасан боловч Улсын Дээд шүүх нь өөрөө буцаагаад үүнийг заавал Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжилгээний байгууллагаар тодорхойлуулах шаардлагатай гэж заасан. Үүний дагуу заавал шүүх шинжилгээний байгууллагаар тодорхойлогдож, сэтгэцэд учирсан хохирлыг гаргаж байгаа учраас эрүүгийн хэрэгт гэм хорын хохирлуудыг шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас Б.*******д холбогдсон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эцэст нь хэлэхэд шийтгэх тогтоол нь үнэхээр ойлгомжгүй харагддаг. Тийм учраас өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Хохирогч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ ослын улмаас нурууныхаа арван хоёрдугаар үе, шаант ясныхаа толгой, дунд чөмгийнхөө үенд хадаас хадуулсан. Тэгээд хохирлынхоо нөхөн төлбөр, цалин, нийгмийн даатгалынхаа олгогдоно гэсэн хэмжээгээр би нэхэмжилсэн. “******* ******* *******” ХХК-ийн яриад байгаа “ ” ХХК-ийн нэхэмжлэлд минийх хамаарахгүй. Тусдаа шүү гэж хэлье. Нийгмийн даатгалынхаа шимтгэлээр бодуулж гаргасан. Энэ төлбөрийг анхан шатны шүүхээс шийдвэрлэж өгсөн нь үндэслэлтэй. Миний хувьд оновчтой шийдвэр болсон гэж бодож байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Өөр зүйлгүй гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд хохирогч Д.*******ын өмгөөлөгчөөр 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажилласан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Дараах байдлаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд тайлбар өгье. Нэгдүгээрт “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгчөөс гаргасан гомдлын агуулга нь хохирол төлбөрийн асуудал тодорхойгүй байна. Ялангуяа Д.*******ын олох ёстой байсан орлого гэдэг нь таамаглал байдлаар, хууль зүйн үндэслэлгүй шүүхийн шийтгэх тогтоол гаргасан гэдэг агуулгаар гомдлоо гаргасан байна. Үүнд дараах байдлаар няцаалтыг өгье. Миний үйлчлүүлэгч хэрэг гарах цаг хугацаанд “ ” ХХК-ийн тээврийн жолоочоор ажилласан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл, ажилд авсан тушаал зэрэг баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогддог. 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхлээгүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас хүндэвтэр гэмтэл аваад хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байдаг. 60 хувиар алдсан талаарх баримт хэргийн хүрээнд авагдсан. Ингээд өмгөөлөгчийн зүгээс хэрэгт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаас гадна тухайн ажилтны цалингийн карт буюу хүснэгт, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа түр алдсантай холбоотойгоор авсан тэтгэмжийн баримт зэргийг хэрэгт гаргаж өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай тушаалын хавсралтад зааснаар бодолтыг бодсон байгаа. Ингээд 2023 оны 12 дугаар сар, 2024 оны 1, 2 дугаар сарын цалингийн нийлбэр 8,794,808 төгрөг байдаг. Үүнийг 3 сард хуваах тул дундаж цалин 6,2,602 төгрөг байдаг. Үүнээс үндэслээд миний үйлчлүүлэгч цалингүй байсан 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарын -ний өдрийг хүртэл 11 сар цалин орлогогүй байгаа гээд үзэхэд 68,747,630 төгрөг гардаг. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэлийн 7,882,977 төгрөгийг хасаад, мөн хувь хүний орлогын албан татварын 6,066,456 төгрөгийг хасаад тогтоолгох мөнгөн дүн нь 54,598,187 төгрөг гэж хууль зүйн үндэслэлтэй бодолтыг гаргасан. Хохирогчийн зүгээс эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирол, олох ёстой байсан орлого гэдэг байдлаар нийтдээ 75,425,288 төгрөгийг нэхэмжилж орсон. Сая иргэний хариуцагч ярьж байна. Сэтгэл санааны хохирлыг маягтаар гаргасан байгаа гэж байна. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр оролцогч нар болон талуудаас энэхүү маягтыг зөвшөөрөөгүй. Маягт дээр маргаж байна гэдэг агуулгаар хэн ч, юу ч яриагүй. Өмнө ч гэсэн энэ маягтын талаар зэрэглэлийг ийм байдлаар тогтоогджээ гэдэг байдлаар оролцогч нараас ямар нэгэн гомдлууд гараагүй. Нэгэнт талууд маргаагүй. Давж заалдах шатны шүүх дээр ийм асуудлыг ярьж байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан байгаа баримт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлье. Зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэдэг агуулгаар давж заалдах гомдлоо гаргасан байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байгаа. Мэдээж өмгөөлөгчид өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж гомдол гаргах эрх нь байгаа. Энэхүү ял шийтгэлийг өөрчлөх эсэх асуудал нь давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд бүрэн дүүрэн олгогдсон учраас шүүх бүрэлдэхүүн өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд надад тусгайлсан гаргах санал байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, иргэний хариуцагч “************** *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* нарын гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч М.*******-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх шүүгдэгч М.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан’’ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн эс зөвшөөрч “Шүүгдэгч М.*******-******* нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа, хувийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг,
Иргэний хариуцагч “************** *******” ХХК-ийн төлөөлөгч Г.******* нь “ " ХХК нь 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 сарын хооронд 79,271,320 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэж дүгнээд иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас 39,635,160.09 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч " " ХХК-д олгох, хохирогч Д.*******ын олох ёстой байсан орлого буюу цалин хөлс болох 54,598,187.93 төгрөгийн 27.299.093.96 төгрөгийг иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгох, хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн 15,173,400 төгрөгийн 7,5,700 төгрөгийг "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгохоор заасныг хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.*******-******* нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн сумын 1-р багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн автозамын 30 дахь км-т улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг зөрчиж, - улсын дугаартай -7 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Д.*******ын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.******* /1-р хавтаст хэргийн 20-22, 24-25 дахь тал/, гэрч Н.Эрдэнэбаатар /1-р хавтаст хэргийн 44 дэх тал/ нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 121 дугаартай “1. Д.*******ын биед зүүн дунд чөмөг, зүүн шаант ясны толгой хэсгийн далд хугарал, зүүн шилбэнд шарх, зүүн чих, зүүн шилбэнд цус хуралт, цээж, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Д.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Д.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 53-54 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын нэмэлтээр шинжээч томилсон 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаартай 1. Д.*******ын биед цээжний 12-р нугалам, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн хугарал, зүүн дунд чөмөг, шаант ясны далд хугарал, зүүн шилбэнд шарх, зүүн чих, зүүн шилбэнд цус хуралт, цээж, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 58-61 дэх тал/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.*******-*******ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай зүгээс “******* ******* *******” ХХК-ийг иргэний хариуцагчаар яагаад татсан бэ гэхээр тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тухайн компани байгаа. Бидний зүгээс тухайн үед олж байсан орлогоо дунджаар нь бодоод зургаан сараар буюу 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар гэж тооцож 70 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Өнөөдөр ч нэхэмжлэлийн шаардлагаа нэмээгүй... гэх тайлбар /2-р хавтаст хэргийн 182-р хуудас/ гаргасан байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн “шүүгдэгч М.*******-*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 2,700,000 нэгжтэй төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбогдуулан торгох ялыг биелүүлэх үндэслэл, боломж нөхцөлийн талаарх нотлох баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “************** *******” ХХК-ийн төлөөлөгч Г.*******ын “ " ХХК нь 2024 оны 02 дугаар сараас 2024 оны 08 сарын хооронд 79,271,320 төгрөгийн ашиг олох ёстой байсан гэж дүгнээд иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас 39,635,160.09 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч " " ХХК-д олгох, хохирогч Д.*******ын олох ёстой байсан орлого буюу цалин хөлс болох 54,598,187.93 төгрөгийн 27.299.093.96 төгрөгийг иргэний хариуцагч "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгох, хохирогч Д.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийн 15,173,400 төгрөгийн 7,5,700 төгрөгийг "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч Д.*******од олгохоор заасан дээрх хэсгүүд буюу нийт 74,520,993.05 төгрөгийг "************** *******" ХХК-аас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох гэсэн хэсгийг нь хүчингүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулжээ.
Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилснаас гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн -ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгасан байна.
Иймд анхан шатны шүүх дээрх хууль, журамд заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шүүх шинжилгээний ажиллагаа хийгээгүй байхад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг өөрийн санаачилгаар тогтоож, улмаар иргэний хариуцагчид хариуцуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй Иргэний хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, холбогдох заалтыг хүчингүй болгож, энэ талаарх шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсны дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Түүнчлэн иргэний хариуцагчийн “ нүүрс тээврийн үйл ажиллагаа нь олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өдөр бүр өсөж, буурч байдаг тухайн үеийн нөхцөл байдал, нүүрс тээвэрлэлтийн явцаас шалтгаалан тухайн сарын ашиг орлого нь тодорхойлогддог. Урьдчилсан байдлаар "энэ сард тэдэн төгрөгийн ашиг олно" гэж тодорхойлох ямар ч боломж байдаггүй юм. Тухайлбал 2025 он гараад нүүрсний үнэ 30 хувь буурч, нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсолтын байдалд орсон, компаниуд болон жолооч нар ямар ч орлого байхгүй байгааг Монгол улсын иргэн бур хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өдөр бүр сонсож, мэдэж байгаа. " " ХХК нь 79,271,320 төгрөгийн орлогоо нэхэмжлэхдээ цэвэр ашиг юм уу, нийт олох ёстой орлого нь юм уу? Үүнээс жолооч нарын цалин хөлс бусад зардал зэрэг гарах ёстой зардлаа хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй, нотлох ямар ч байхгүй байна.
" " ХХК нь дээрх орлогоо нотлоогүй, нүүрс нийлүүлэх компанитай хийсэн гэрээ болон график задаргаа, эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгчийн шүүх хуралд амаар гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Хохирогч Д.******* цалин хөлсөнд 54,598,187.93 төгрөг олох байсан байна" гэж таамаглах байдлаар илтэд хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэх давж заалдах гомдлын агуулга үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлсний дараа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч М.*******-*******т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн хавсралтад: гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хэсэгт хохирогчид 5,180,604 төгрөг, иргэний нэхэмжлэгчид машины эвдрэлийн үнэ 125,677 төгрөг гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг тодорхойлсон байх боловч анхан шатны шүүх хуралдаанаар энэхүү хохирол, хор уршгийг хэлэлцээгүй төдийгүй иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б. “Бид ******* ******* ******* ХХК-д холбогдуулж иргэний нэхэмжлэл гаргасан.
Иргэний нэхэмжлэлийн шаардлагын тухайд “ ” ХХК-ийн - улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл нь 2022 оноос хойш тогтмол си зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж компанид дунджаар 13 сая төгрөгийн орлого оруулдаг байсан. Тэгэхээр ирээдүйд олох байсан орлогын нөхөн төлбөрийг нэхэмжилж оролцоно.
Даатгалын нөхөн төлбөрийг бид даатгалын гэрээтэй байсан даатгалын компаниас гаргуулах шаардлага гаргаад шүүхэд тусдаа өгсөн байгаа.” гэх тайлбарыг гаргасан нь анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.
Үүнээс дүгнэхэд шүүгдэгч М.*******-*******т холбогдох эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудал нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж байгаа гэх үндэслэл тогтоогдож байгаа нь хуульд нийцэхгүйг дурдах нь зүйтэй.
Иймд иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.*******ын давж заалдах гомдлыг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын 4, 6 дугаар заалтыг хүчингүй болгож,
5 дахь заалтад “Иргэний хариуцагч “************** *******” ХХК, иргэний хариуцагч Б.******* нар нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч М.*******-*******оос өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэснийг “Иргэний нэхэмжлэгч " " ХХК, хохирогч Д.*******, иргэний хариуцагч “************** *******” ХХК, иргэний хариуцагч Б.******* нар нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж нэмэлт оруулан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч Г.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч М.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА