Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2018\ШЦТ\133

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,  *******ийн *******д холбогдох эрүүгийн 1818000520065 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* *******ийн *******, 1991 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 10, эцэг, эх, ах, дүү, охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод  эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот хашаанд байх зуны байшинд өөрийн тээж байсан 40-41 долоо хоногтой, эм хүйсийн, 4100 грамм жинтэй нярайг төрмөгц сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас нимгэн гялгар уутаар толгой болон цээж хэсгийг битүүлэн ороож амьсгалын хурц дутагдалд оруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоот хашаанд байх зуны байшинд өөрийн тээж байсан 40-41 долоо хоногтой, эм хүйсийн, 4100 грамм жинтэй нярайг төрмөгц сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас нимгэн гялгар уутаар толгой болон цээж хэсгийг битүүлэн ороож амьсгалын хурц дутагдалд оруулж алсан болох нь

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

           

   Шүүгдэгч *******: Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би мөрдөн байцаалтын шатанд нэг удаа мэдүүлэг өгсөн. Хийсэн үйлдлээ ярихад хэцүү байдаг. Тийм учраас мэдүүлэг өгмөөргүй байна гэв.

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:      

            Шүүгдэгч *******ын өгсөн: Би 2011-2015 оны хооронд Дархан-Уул аймгийн Дархан Дээд сургуулийг нийгмийн ажилтан мэргэжлээр суралцан төгссөн. 2013 онд оюутан байхдаа би охин *******гийн эцэг болох *******тай танилцан үерхэж 2015 оны 8-р сард охин маань төрсөн. Охиныгоо 1 сар гарантай байхад охины маань эцэг ******* гэрлүүгээ яваад ирээгүй, охин бид хоёроос холбоогоо тасалсан. Ингээд би сургууль төгссөн ч ажилд орж чадаагүй эцэг, эхтэйгээ хамт амьдарч охиноо өсгөсөн. Одоо хүртэл би ажил хийгээгүй аав ээжийнхээ гэрт охиныхоо хамт эцэг, эхээрээ тэжээлгүүлж амьдарч байгаа. 2017 оны 4 дүгээр сарын эхээр би урьд нь таньдаг байсан ******* гэх залуутай нэг удаа бэлгийн харилцаанд орж жирэмсэн болсон. ******* өөрөө эхнэр хүүхэдтэй учраас би түүнд жирэмсэн болсноо хэлж чадаагүй. Үүнээс хойш би *******той харилцаагүй байгаа. Би өөрийгөө жирэмсэн гэдгээ 2 сартай байхдаа мэдсэн. Учир нь би урьд нь нэг хүүхэд төрүүлсэн учраас андашгүй сарын тэмдэг маань ирэхгүй 2 сар орчим болсон учраас мэдсэн. Ингээд би өөрийгөө жирэмсэн болсныг гэрийнхэндээ буюу эцэг, эх, дүү нартаа хэлж чадаагүй. Үр хөндүүлье гэхээр би өөрөө ажил огт хийдэггүй мөнгө байхгүй учраас үр хөндүүлж чадаагүй, жирэмсний хяналтанд огт ороогүй, эмчид нэг удаа ч үзүүлээгүй. Хяналтанд орохгүй анхнаасаа би энэ хүүхдийг төрүүлэхгүй гэж бодож байсан. Учир нь миний эцэг, эх хоёулаа 60 нлээд дөхсөн настай, ам бүл 11, манайд ажил хийдэг хүн байхгүй, 11 хүн жижиг монгол гэрт амьдардаг. Аав маань хувийн машинаараа таксинд явж өдөрт хоолны мөнгө олдог, ээж маань хувийн нарийн боовны цехэд зуурагч хийдэг авдаг цалин нь бага амьдралд арай гэж хүрдэг тул амьдрал хэцүү учраас ахин нэг ам бүл нэмээд яахав гэж бодсон. Миний гэдэс томрох, ураг том сартай болох тусам л надад одоо яахав гэсэн бодол төрж нууж байгаад төрөөд ургийг ямар ч байсан нэг газар мэдэгдэхгүй аваачиж орхино, эсхүл гэрийнхэндээ хэлээд хүүхдийг төрүүлээд эрсдэлгүй төрчихвөл хүнд хүүхдээ өргүүлчихдэг ч юм болов уу гэж олон талаас нь бодох болсон. Төрөх хугацаа дөхөх тусам надад айдас түгшүүр нэмэгдэж байсан. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл гэрийнхэн маань намайг яагаад гэдсээ баадагнасан юм гэхээр нь би жирэмсэн гэдгээ хэлж чадахгүй гэдэс дүүрээд байна гэдэс өвдөөд байна гэх зэргээр худал хэлдэг байсан. Би жирэмсэн гэдгээ гэрийнхэндээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ гэдсээ даавуугаар баадагнаж боодог, сул загвартай цамц футболка өмсдөг байсан учраас манай гэрийнхэн мэдээгүй байх. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл миний биеийн байдал зүгээр байсан ба энэ өдөр би өглөө эрт гэрээсээ гарч Дархан сумын 3-р багийн төв орж охиныхоо цалинтай эхийн материалыг бүрдүүлж өгчихөөд гэртээ 13 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд 14 цагийн орчим гэдэс базлаад төрөх үед өгдөг дуншилт өгөөд эхэлсэн. Тэгээд гэрийнхэндээ хэлж чадаагүй би хэвтэж байсан. Тэгээд манай гэрийн томчуул буюу эцэг, эх, дүү ******* нар 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэд нарт би төрөх гээд дуншаад байгаагаа ч хэлж чадаагүй, бие зовиуртай байсан. Ээжийг надаас бие чинь өвдөөд байгаа юм уу гэж асуухаар нь би ханиад хүрсэн халуураад байна гэж хэлсэн. Тэгээд миний өвдөлтийн хугацаа ойртоод төрөх нэлээд дөхөөд ирснийг би өөрөө мэдрээд байн байн гэрээс гарсан. Тэгтэл манайхан чи яагаад байгаа юм гэхээр нь өтгөн хатчихсан байна гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн алдад байх гэж бодож байна хашаандаа гэрийнхээ урд байх хогийн цэгийн орчим намайг дүлээд сууж байхад хүүхдийн толгой гараад ирэхэд дүлж байгаад толгой хавиас нь татахад хүүхэд гулгаж газарт толгой хэсгээрээ шүргэсэн. Тэгээд ахиад дүлтэл ихэс нь бололтой бөөрөнхий бүхэл зүйл гарч ирсэн. Энэ үед буюу хүүхэд маань төрснийхөө дараа хөдөлж байсан учраас амьд төрснийг нь би мэдсэн. Ингээд би хүйг нь гараараа таслаад, хүүхдээ ихэсийнх нь хамт аваад гэрийнхээ хойд талд байдаг хүн амьдардаггүй зуны байшин руу ороод тэнд байсан гялгар уутаар хүүхдийнхээ нүүр биеийг нь ороож тэнд байсан цүнхтэй хувцасны араар тавьчихаад байшингаас гарч хаалгыг нь хаагаад гэрлүүгээ алхаж яваад нэг мэдсэн ухаан балартаад хөл дээрээ явж чадахгүй болоод унасан. Тэгээд нэг мэдсэн би эмнэлэгт сэрсэн. Хүүхэд маань хугацаа нь гүйцээд дуншилт өвдөлт өгөөд төрсөн. Би нүүр ам биеийг нь гялгар уутаар боогоод халаалтгүй, хүйтэн хүн амьдардаггүй зуны байшиндаа хийж орхисон. Миний буруу. Төрүүлсэн хүүхдийнхээ амь насыг хохироосон муухай зүйл хийснээ би ойлгож гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг төлөөлж хүүхдийн эрхийн улсын байцаагч Б.Гүндэгмаагийн өгсөн: Тус хэргийг харж үзээгүй учраас хэргийн талаар надад мэдүүлэх зүйл байхгүй байна. Талийгаач нярайг төлөөлж хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд тус хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү гэх мэдүүлэг /хх 19/,

            Гэрч *******ын өгсөн: Би гадуур өөрийн эзэмшлийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксинд явж байгаад 16 цагийн үед эхнэр *******ийг ажлаас нь буухаар нь замаас нь тосож аваад гэртээ харьсан. Тэгээд гэртээ харьтал манай охин ******* орон дээрээ миний бие жаахан тавгүй байна гэж хэлээд хэвтэж байсан. Тэгэхээр нь бие чинь яасан юм бэ халуураад ханиад хүрсэн юм уу гээд халууны эм уучихгүй юу гэхэд халууны эм уучихаад хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр дүү******* нар хоол хийгээд ******* орон дээр хэвтэж байгаад бие засах гэж байгаа бололтой гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаа ариун цэврийн цаас аваад буцаад гарсан. Тэгээд орж ирээд дахиад ариун цэврийн цаас аваад дахиад гараад явсан. Тэгээд би бие засах гээд гартал манай хашаан дотор байдаг хог хаядаг нүхний тэнд гэрэл тусах шиг болсон тэгэхээр хартал манай охин ******* байхаар нь миний хүү яасан бэ гэж тодруулж асуухад миний өтгөн хатсан юм шиг байна гарахгүй байна та санаа зоволтгүй гэртээ орж бай гэж надад хэлсэн. Тэгээд ******* орж ирэхгүй 20-30 орчим минут болохоор нь миний санаа зовоод эхнэртээ ******* орж ирэлгүй удчихлаа чи гараад үз гэж хэлтэл манай эхнэр гараад *******аа гэж 2-3 удаа дуудаад манай эхнэр ороод ирсэн. Тэгээд эхнэр хэлэхдээ гадаа алга байна хойшоо дүү *******ын гэр лүү орсон байх гэж хэлэхээр нь тухайн үед тийм л юм байх гэж бодоод гэртээ байж байсан. Тэгээд 30 орчим минутын дараа дүү ******* нь манай гэрт орж ирэхээр нь эгч ******* чинь танайд байна уу гэж асуухад манайд огт орж ирээгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид гэрээс гараад *******аа гэж дуудаад хайсан чинь манай гэрийн ард байх зуны байшингаас гараад ирсэн. Тэгээд гэртээ ороод *******ыг харсан чинь бие нь нилээн тавгүй байдалтай байхаар нь би өтгөн нь хатаад гарахгүй түгжрэл үүссэн юм болов уу гэж бодоод эмнэлэг аваад явъя гэхэд ******* хэрэггүй гэхээр нь юу яриад байгаа юм түгжрэл үүсээд амь насанд чинь аюултай явахгүй бол болохгүй гэж хэлсэн. ...эхнэр маань ******* жирэмсэн байсан байна хүүхэд нь зулбасан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм яахаараа жирэмсэн байдаг юм гэж хэлэхэд эхнэр маань ******* зуны байшингаас гарч ирсэн тэнд зулбасан хүүхэд нь байж магад чи үзээдэхээ гэж хэлэхээр нь зуныхаа байшин руу ороод гэрэл тусгаад үзтэл хойморь хэсгийн шалан дээр цус болчихсон байхаар нь хайрцагтай юмнуудыг хөдөлгөөд хартал зулбачихсан хүүхэд гарч ирсэн. Тэгэхээр нь би гарч гүйгээд гэртээ орж эхнэр лүүгээ залгаад зуны байшин дотор зулбасан хүүхэд байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 21/,

            Гэрч  Ш.*******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа 18 цагийн орчим тараад нөхрийн хамт Дархан сумын*******тоотод байх гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд охин *******ын бие нь өвдсөн бололтой нэг л зовиуртай байдалтай гэрийнхээ баруун талын орон дээр сууж байсан. Тэгэхээр нь би *******аас яасан бие чинь гайгүй юу гэхэд гайгүй гээд байсан. ******* надад ээжээ би ханиад хүрсэн бололтой, халуурах гээд байх шиг байна гэхээр нь би халууны эм уухгүй юу ханиад хүрсэн юм байгаа биз гэсэн. Тэгсэн удалгүй ******* ойр ойрхон гэрээс 00-н цаас аваад гүйж гараад байхаар нь яасан бэ чи яагаад байн байн гарч гүйгээд байгаа юм гэхэд ******* ээжээ миний өтгөн хатсан юм шиг байна, өтгөн гарахгүй байна, санаа зоволтгүй гэсэн. Тэгэхээр нь би нээрээ л тийм юм байх гэж бодсон. Тухайн үед манай гэрт нөхөр *******, хүргэн хүү*******, охин*******, *******, хүү *******, зээ охин ******* нар байсан. Бид нар /*******аас бусад нь/ хөзөр тоглоод байж байтал ******* гэрээс гараад буцаж орж ирэхгүй 30 орчим минут болохоор нь нөхөр ******* гэрээс *******ыг яачихсан юм бол гээд гарсан. Тэгсэн удалгүй нөхөр гэртээ буцаж орж ирсэн. Орж ирэхдээ нөхөр *******ын өтгөн нь хатаад байна гээд гадаа сууж байна намайг ор ор гээд байна гэж хэлсэн. Тэгээд ахин хөзөр тоглоод бас 30 орчим минут болсон. Тэгтэл ******* гэрт орж ирэхгүй байхаар нь санаа зовоод гартал ******* гэрийн урд байх хашаан доторх хог хийдэг нүхний тэнд дээл өмсчихсөн сууж байсан. Тэгэхээр нь би *******аа миний охин яасан гайгүй юу яагаад гадаа ийм удаан суугаад байна гэхэд ******* ээжээ та санаа зоволтгүй, миний өтгөн хатчихаад гарахгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би нээрээ л тийм байх гэж бодоод миний охин одоо орж ирээд бөгснийхөө амсарт ургамлын тос түрхээд дүл гэсэн чинь за ээжээ гэсэн. Тэгээд би бие засчихаад гэрлүүгээ түрүүлээд яваад орсон. Тэгтэл хүргэн, охин хоёр үүнээс 10 орчим минутын дараа гэрээс гарч хойд талын хашаанд байх өөрсдийнхөө байшинд гал түлнэ гээд гарсан. Тэгээд 10 орчим минут болоод орж ирэхдээ ******* ээжээ аниа байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яачихваа гээд *******ын хамтаар гэрээс гартал гадаа ******* байхгүй байхаар нь бие засахаар сууж байсан хогийн тэнд очоод гар чийдэнгийн гэрэл тусгаад хартал газарт нэлээд их цус гоожчихсон байсан. Тэгээд ******* бид 2 гэрээс нимгэн хувцастай гарч ирсэн байсан тул гэр рүү буцаж ороод гадуур хувцсаа өмсөөд хашаанд *******ыг хайтал гэрийн үүдний амбаарын тэнд ******* ганцаараа өвдгөн дээрээ сөхрөөд сууж байхаар нь ээжийн охин яасан бэ гэхэд *******ын ухаан нь балартаад бие нь муу байгаа бололтой байсан. Тэгээд хартал хөлийг нь дагаад цус гарсан байхаар нь жирэмсэн байж байгаад дутуу төрсөн юм болов уу гэж бодоод *******ыг гэрт оруулаад хувцсыг нь солиулаад нөхрийнхөө машиныг хүргэнээрээ бариулаад *******ыг аваад шууд Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр иртэл хүлээн авахын хүн та төрөх тасаг руу оч гэхээр нь би охиноо аваад төрөх дээр очсон. Төрөхийн жижүүр эмч *******ыг үзээд, дээрээс бууж ирээд надаас ураг нь хаачсан юм гэхээр нь би гайхаад дутуу төрсөн юм уу гэхэд эмч нь намайг загнаад -охин чинь нэлээд том сартай жирэмсэн байсан байна, та чинь охиноо харж байхад яадаг юм гээд байхаар нь гэртээ байсан нөхөрлүүгээ утсаар яриад чи наад хавиараа ураг байна уу үзээч ******* нэлээд том сартай жирэмсэн байсан гэж байна гэсэн. Тэгсэн удалгүй нөхөр над руу утсаар яриад зуны байшинд нэлээд том ураг байна гэсэн. Тэгэхээр нь би сандраад утсаа тасалсан. Удалгүй төрөх дээр цагдаа нар ирсэн. Ингээд манайх руу цагдаа нар намайг аваад явсан гэх мэдүүлэг /хх 24-25/,

            Гэрч У.*******ын өгсөн: Би нөхрийнхөө хамтаар Дархан сумын*******тоот аавынхаас хойш тусдаа амьдардаг. Өнөөдөр би орой 20 цагийн алдад аавындаа ортол ******* эгч гэрийн баруун талын орон дээр бие нь өвдөөд байгаа бололтой нэг л зовиуртай хэвтэж байсан. Яасан гээд асуутал аниа өөрөө ханиад хүрсэн халуураад байна гээд байсан. Тэгээд би удаагүй гарч яваад өөрийнхөө гэрт ирсэн. Тэгээд би аавынд 21 цагийн алдад дахин ортол ******* эгч орон дээрээ хэвтэж л байсан. Тэгээд би эцэг, эх, дүүгийнхээ хамт хөзөр тоглоод байж байхад 22 цагийн үед ******* эгч орон дээр хэвтэж байснаа ойр ойрхон гадагшаа гараад буцаж орж ирээд байсан. Яасан бэ гэхээр аниа өтгөн хатаад байна гээд байсан. Тэгээд бид нар хөзөр тоглоод байж байхад аниа нэг гарч яваад орж ирэхгүй нэлээд удсан. Тэгээд аав араас нь гараад буцаж орж ирээд *******ын өтгөн нь хатаад байна гээд гадаа суугаад байна гэсэн. Үүнээс хойш аниа бас нэлээд удаан гэртээ орж ирээгүй. Тэгсэн ээж араас нь гарсан. Ээж гэртээ буцаж орж ирээд *******ын өтгөн нь хатаад байна гэнээ гэсэн. Тэгээд би өөрийнхөө гэрлүү очиж гал түлээд аавынд эргэж орж ирэхэд хашаанд аниа байхгүй байхаар нь гэртээ орсон байх гэж бодоод аавынд ортол аниа байхгүй байхаар нь би аниа байхгүй байна гэж хэлсэн. Би хашаандаа аниаг дуудтал чимээ өгөхгүй байхаар нь би буцаж орж ирж хэлсэн. Тэгээд ээж гараад би араас нь гартал аниа аавын гэрийн хойно байдаг зуны байшингийн тэндээс гарч ирсэн байсан. Тэгтэл аниа толгой эргээд байна гээд муужраад унахаар нь аваад гэрт орохдоо гэрт байсан эрэгтэй хүмүүсийг гаргасан. Тэгээд хартал аниагийн өмссөн хар саарал дотроо хиймэл үстэй дээлний дотор хормой, бандааш зэрэг нь цус болчихсон болохоор нь ээж эмнэлэг авч явъя гээд манай нөхрөөр аавын машиныг бариулаад ээж бид 2 аниаг аваад Нэгдсэн эмнэлэг дээр ирж хүлээн авахад үзүүлэхэд төрөх тасагт үзүүл гэсэн. Ингээд төрөх тасагт үзүүлтэл эмч нь үзээд бууж ирэхдээ аниаг нэлээд олон сартай жирэмсэн байсан байна хүүхэд нь яасан гээд ээжээс асуусан. Ээж аав руу утасдаад наагуур чинь хүүхэд байна уу үз ******* жирэмсэн байсан гэж байна  гэсэн. Тэгээд удалгүй цагдаа нар эмнэлэг дээр ирээд ээжийг аваад гэр лүү явсан. Ойрын үед би Дарханд байгаагүй, Хөвсгөлд байж байгаад Дарханд ирээд 10 гаран хонож байна. Аниаг жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан. Гэдэс нь жоохон томорсон юм шиг надад харагдахаар нь яасан юм гэхэд аниа таргалаад байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 31-32/,

            Гэрч *******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 08-ны оройн 16 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний оройн 08 цаг хүртэл би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасагт ээлжийн ажилтай байсан. Энэ хугацаанд буюу 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 00:05 цагийн орчим иргэн ******* нь манай Амаржих тасагт цус алдсан байдалтай хүргэгдэн ирсэн. Түүний биед тусгайлан үзлэг хийхэд *******ын артерийн даралт 80/50, хярзангийн 2 дугаар зэргийн урагдалтай, цус алдалт ихтэй байсан. Умай ёроолын өндөр нь хүйснээс доош 2 хуруу сулавтар, умай хүзүү хэлбэршсэн, гар дагаж цус гарч байсан, хярзангийн урагдлыг оёж цус тогтоох арга хэмжээ авч холбогдох шинжилгээг хийсэн. Дээрх байдал нь эх гүйцэт тээсэн нярайг төрүүлсэн, төрсний дараах байдлыг илтгэж байгаа юм. Ингээд *******аас өөрөөс нь болсон явдлын талаар асуумж авахад ******* нь өгүүлэхдээ 2 дахь жирэмслэлт, 2 дахь төрөлт, жирэмсний хяналтанд огт ороогүй, сарын тэмдэгийг хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ирсэн гэсэн боловч тодорхой сайн хэлж мэдэхгүй байна гэж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж дуншиж өвдсөн гэсэн. ******* нь тухайн үедээ гэртээ төрсөн хүүхдээ ихэсийн хамт гарахад нь гэртээ үлдээгээд ирсэн гэсэн. Ингээд *******д үзүүлэх ёстой яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээд түүний ар гэрийнхэнтэй уулзахад ээж нь гэх намхан бор хүүхэн *******ыг жирэмсэн байсныг огт мэдээгүй гэж хэлээд сандраад гэртээ байгаа хүн рүүгээ утсаар яриад наанаа хүүхэд нь байна уу үзээдэх гээд байсан. Ингээд манай тасгаас цагдаа руу дуудлага өгөөд хэсэг хугацааны дараа Цагдаагийн ажилтнууд *******ын ургийг авч эмнэлэг дээр ирсэн. Ураг нь нас барсан байдалтай байсан. Манай тасгийн хүлээн авахын нярайн жин дээр нярайн цогцсыг жинлээд, ихэсийг мөн хэмжээд хүйн урт бусад шаардлагатай хэмжээсүүдийг хэмжсэн. ******* нь цус их алдсан байсныг эс тооцвол ухаан санаа нь саруул асуусан асуултанд бүрэн бодитой хариулж байсан гэх мэдүүлэг /хх 38/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

“1.Нярай эхээс төрөхдөө амьтай төрсөн.

  2.Нярайн цогцост баруун, зүүн хацар, хамар, зүүн чихний ар хэсэг, доод эрүү, баруун бугалганд зулгаралт, баруун шууны цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

  3.Дээрх гэмтэл нь мохоо зүйл буюу хумсны нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

  4.Дээрх гэмтэл нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтэл болно.

  5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  6.Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй.

  7.Талийгаач нярай гүйцэт тээгдэн төрсөн. Энэ задлан шинжилгээний гадна, дотор үзлэгийн хэсэгт хийгдсэн үзлэг болон гистологийн шинжилгээ дэх ихэсийн хөгжил гүйцсэн зэргээр тогтоогдоно.

  8.Дээрх нярай нь гүйцэт бөгөөд 40-41 долоо хоногтой байх боломжтой.

  9.Талийгаачийн хувьд төрсөн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй бөгөөд төрөөд 2-3 цаг өнгөрсөн байх боломжтой.

 10.Талийгаачийн биед ихэсийн архаг дутагдал, уушигны завсрын эдийн үрэвсэл бүхий архаг хууч өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй.

 11.Нярайд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.

 12.Ургийн ихэст гарсан гистологийн шинжилгээгээр ихэсийн хөгжил гүйцсэн, цэлмэн хооронд болон децидуал эдэд гиалинжилттай. Децидуал эдэд голомтлог шохойжилттой буюу ихэсийн архаг дуталтай байсан байна.

 13.Нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зориудаар үхэлд хүргэсэн буюу ам, хамар дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн шинж болох уушиг, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний зовхины цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний зовхины цэгчилсэн цус харвалт, хошногны нүхнээс зунгаг гарсан байдал, тархины хаван, дотор эрхтэний цус дүүрэлт, уушигны цулцангийн жигд бус авчилт, тэлэлт зэрэг шинж тэмдгээр илэрч байна.

 14.Нярайн цогцосноос авсан ходоодны агууламжийн хэмжээ маш бага тул шинжилгээнд хүрэлцээгүй. Ураг зулбуулах эм хэрэглэсэн эсэх нь урагт хийгдсэн шинжилгээгээр илрэхгүй.

 15.Нярай нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.

 16.Нярай нь 1-р бүлгийн цустай байна.” гэжээ /хх 47-50/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1860, 2656 дугаартай дүгнэлтэд:

 

"1.ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллериар ******* нь нярайн биологийн эх байх боломжтой байна.

2.******* нь нярайн биологийн эх байх магадлал 99.99% байна.

3.ДНХ-ийн тогтоцыг тогтоосон учир бүлгийн харьяалал тогтох шаардлагагүй болно" гэжээ /хх 112/,  

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №13/18 дугаартай магадлагаанд:

 

"1.Магадлуулагч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй эрүүл байсан болно. Болсон үйл явдлыг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай.

2.Магадлуулагч ******* нь сэтгэцийн өвчингүй эрүүл, эмнэлгийн байнгын хяналтад байдаггүй болно.

3.Магадлуулагч ******* нь сэтгэцийн өвчингүй эрүүл учир албадан эмчилгээ шаардлагагүй.

4.Магадлуулагч ******* нь сэтгэцийн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно" гэжээ /хх 71/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, нярайн цогцсыг ороосон гэх 40х80 см хэмжээтэй хоёр давхар тунгалаг өнгийн нимгэн 1 ширхэг уутыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 11/, цогцосны гадна хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-44/, төрөхөөр хэвтэгсдийн бүртгэл /хх 52-53/, нярайн түүх /хх 54-55/, төрөлтийн түүх, гэрийн төрөлтийн мэдээлэх хуудас /хх 56-59/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т заасан "сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-т "шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн ...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно" заасны дагуу шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах санал оруулсныг

Шүүгдэгч ******* нь тохиолдлын бэлгийн харьцаанаас хүсээгүй жирэмсэлсэн, түүний мэдүүлгээр ам бүл 10, эцэг, эх, ах, дүү, бага насны охины хамт амьдардаг, эцэг нь таксинд явж  орлого олдог өрхийн өөр орлогогүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдал нь түүнийг нярай хүүхдээ алахад хүргэсэн байх үндэслэлтэй.

 

Гэсэн хэдий ч гэмт хэргийн объект нь шинэ төрсөн, нярай хүүхдийн амьд явах эрх бөгөөд Монгол улсын нэгдэн орсон Олон улсын хүүхдийн эрхийн тухай конвенцийн 7 дугаар зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд 5.1-т "хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол улсын харьяат байх эрхтэй", Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т "хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй", 5.3-т "хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх эрхтэй" гэж заасан.      

 

            Шүүгдэгч *******ын хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүнд: Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.02.09-ний өдрийн 06 дугаартай шинжээчийн дүгнэлт “1.Нярай эхээс төрөхдөө амьтай төрсөн. 2.Нярайн цогцост баруун, зүүн хацар, хамар, зүүн чихний ар хэсэг, доод эрүү, баруун бугалганд зулгаралт, баруун шууны цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйл буюу хумсны нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 7.Талийгаач нярай гүйцэт тээгдэн төрсөн. Энэ задлан шинжилгээний гадна, дотор үзлэгийн хэсэгт хийгдсэн үзлэг болон гистологийн шинжилгээ дэх ихэсийн хөгжил гүйцсэн зэргээр тогтоогдоно. ...13.Нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зориудаар үхэлд хүргэсэн буюу ам, хамар дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн шинж болох уушиг, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний зовхины цэгчилсэн цус харвалт, зүүн нүдний зовхины цэгчилсэн цус харвалт, хошногны нүхнээс зунгаг гарсан байдал, тархины хаван, дотор эрхтэний цус дүүрэлт, уушигны цулцангийн жигд бус авчилт, тэлэлт зэрэг шинж тэмдгээр илэрч байна. ...15.Нярай нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ” /хх 47-50/, гэрч *******ийн өгсөн "Түүний биед тусгайлан үзлэг хийхэд *******ын артерийн даралт 80/50, хярзангийн 2 дугаар зэргийн урагдалтай, цус алдалт ихтэй байсан. Умай ёроолын өндөр нь хүйснээс доош 2 хуруу сулавтар, умай хүзүү хэлбэршсэн, гар дагаж цус гарч байсан, хярзангийн урагдлыг оёж цус тогтоох арга хэмжээ авч холбогдох шинжилгээг хийсэн. Дээрх байдал нь эх гүйцэт тээсэн нярайг төрүүлсэн, төрсний дараах байдлыг илтгэж байгаа юм" гэх мэдүүлэг /хх 38/, шүүгдэгч *******ын өгсөн: "Ингээд би хүйг нь гараараа таслаад, хүүхдээ ихэсийнх нь хамт аваад гэрийнхээ хойд талд байдаг хүн амьдардаггүй зуны байшин руу ороод тэнд байсан гялгар уутаар хүүхдийнхээ нүүр биеийг нь ороож тэнд байсан цүнхтэй хувцасны араар тавьчихаад байшингаас гарч хаалгыг нь хаасан. Хүүхэд маань хугацаа нь гүйцээд дуншилт өвдөлт өгөөд төрсөн. ...эмчийн хяналтанд орохгүй анхнаасаа би энэ хүүхдийг төрүүлэхгүй гэж бодож байсан" гэх мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийн түүнд оногдуулсан 1 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсхүл тэнсэх боломжгүй гэж шүүх үзсэн.  

            Шүүгдэгч ******* нь 2015 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн 2 нас 8 сартай охинтой болох нь хавтаст хэргийн 84-р хуудсанд авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд охин А.*******д Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.9, 25.10, 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасны дагуу асран хамгаалалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Асран хамгаалалт тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад даалгах нь зүйтэй байна.

 

Мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор хураан авсан шүүгдэгчийн нярайн цогцсыг ороосон гэх 40х80 см хэмжээтэй хоёр давхар тунгалаг өнгийн нимгэн 1 ширхэг уутыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  

            хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байхдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.   

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

           

            5.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 25.9, 25.10, 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар шүүгдэгч *******ын 2 нас 8 сартай охин А.******* /РД:ТЮ15281561/-д асран хамгаалалт тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад даалгасугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40х80 см хэмжээтэй  2 давхар тунгалаг, нимгэн гялгар уут 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ