| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2432001080007 |
| Дугаар | 2025/ДШМ/49 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Хишигсувд |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/49
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Б.Хишигсувд /цахим/
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Ганболд /цахим/ нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр П.*******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овгийн *******ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ******* хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ******* баг, ******* гудамжны ****** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай (РД: )
Яллагдагч П.******* нь 2023 оны 11 дугаар сарын 04-ний өдөр хохирогч С.*******өөс 10,700,000 төгрөгийг зээлж авахдаа 25-19 УНЦ улсын дугаартай, “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг “Финрүүт Инвестмент” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний барьцаанд байгаа бодит байдлыг нуух замаар өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгө гэж итгүүлэн хохирогч С.*******т уг тээврийн хэрэгслийг барьцаалбар болгон өгч, 10.700.000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: П.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч П.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурдан,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №04 дугаартай прокурорын эсэргүүцэлдээ:
...Шүүгчийн захирамжийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнөх шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа бөгөөд тухайн шатанд яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэл, яллах дүгнэлтийн хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явагдах журамтай.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх 17 асуудлыг хуульчилсан ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, үнэлж, дүгнэх нь эрхийг олгоогүй байна.
Гэтэл анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдэх 17 асуудлаас холбогдох ямар заалтыг зөрчсөн эсэх, мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, хэрхэн зөрчсөн эсэхийг огт дурдахгүйгээр хохирогч С.*******ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд буюу мэдүүлгийн нотлох баримтын агуулгыг үнэлж, хохирлыг эргэлзээтэй байна гэж дүгнэлт хийж захирамждаа "хохирогч С.*******, яллагдагч П.******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах, Б.*******, Н.******* нараас гэрчээр мэдүүлэг авах ажиллагааг хийлгэхээр дурдсан" нь нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй байна.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.
Хавтас хэрэгт авагдсан хохирогч С.*******, гэрч М.*******, С.******* нарын мэдүүлэг, П.*******ийн эзэмшлийн Хаан банкны 5156259799 тоот дансны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэлх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-р тал/, "Финрүүт Инвестмент" ББСБ-н 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 46/2-1457 дугаартай албан бичгийн хавсралтад заасан мэдэгдэл, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 48-56-р тал/ зэрэг нотлох баримтуудаар яллагдагч П.******* нь бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч "Залилах" гэмт хэргийн шинжийг хангасан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, мөн дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хохирогч С.******* мэдүүлэгтээ “...анх 9,000,000 төгрөг авахад энэ хоёр хүн байгаагүй. Тэгэхээр энэ хоёр хүнийг гэрчээр асуух шаардлагагүй гэж бодож байна. Тиймээс хэргийг шүүхэд шилжүүлж өгнө үү” гэж мэдүүлдэг. Гэтэл уг мэдүүлгийг шүүх үнэлэхгүйгээр Б.*******, Ө.******* нарыг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч мэтээр ойлгож, дээрх этгээдүүдээс гэрчээр мэдүүлэг авхуулахаар яллагдагч П.*******өөс гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ" гэж хуульчилсан бөгөөд дээрх Б.*******, Ө.******* нарыг тухайн цаг хугацаанд хохирогчтой хамт байгаагүй, хэргийн үйл баримтын талаар ач холбогдол бүхий мэдүүлэг өгөх этгээд биш юм.
Харин хавтаст хэрэгт авагдсан гэрч болох М.*******, С.******* нар нь тухайн үйл баримтыг мэдэх, тухайн цаг хугацаанд хамт байсан гэрчүүд бөгөөд дээрх этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тогтоож, мэдүүлэг авсан. Дээрх үйл баримтыг прокуророос нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн болно.
3. Мөн шүүхээс хохирлын хэмжээг бүрэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан зарчимд нийцэхгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагчийн нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно" гэж тус тус хуульчилсан байна.
Гэтэл яллагдагч С.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******, Ө.******* нарыг гэрчээр мэдүүлэг авах болон хохирогч С.*******тэй нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг Мөрдөх байгууллага, Прокурорын байгууллагад гаргаж байгаагүй атлаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад "энэ талаар мөрдөгчид удаа дараа мэдэгдсэн боловч мөрдөгч нэг талыг барьж нотлох баримт цуглуулсан" гэж буруутгаж мэдүүлсэн нь үндэслэлгүй байх ба хэлэлцүүлгийн явцад яллагдагч С.*******өөс "хохирогчтой нүүрэлдүүлж мэдүүлэг авах" тухай хүсэлтийг бусад оролцогч /хохирогч/ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байхад шүүгч нүүрэлдүүлж мэдүүлэг авхуулахаар прокурорт даалгаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна гэж үзэж байна.
4. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал:
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон...” гэсэн нь хуульд байхгүй зүйл, заалт хэрэглэсэн, мөн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/Ш3/65 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид "улсын яллагч Б.Хишигсувд" гэж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх ямар үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй талаар шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалт, хэрхэн зөрчигдсөнийг, мөн уг ажиллагааг ямар баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зэрэг хуулийн зорилтыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад дээрх заалтыг зөрчин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/Ш3/65 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Яллагдагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхээс манай хүсэлтийг үндэслэл бүхий байна гэж үзэж хэргийг прокурорт буцаасан. Мөн ямар нэгэн байдлаар хэргийн нотлох баримтыг шинжлэн судлаагүй. Мөн Прокуророос шилжүүлсэн хэргийг хүрээнд шийдвэрлэх ёстой гэж байгаа нь зөв боловч хэргийг хэлэлцэж эхлээгүй учраас эсэргүүцэл бичих үндэслэл болохгүй. ...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр П.*******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас П.*******өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
2.Яллагдагч П.*******өд холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 63 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ.
Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
5.Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/65 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн бөгөөд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан агуулгад давж заалдах шатны шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/65 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2.Яллагдагч П.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ