Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 600

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,                                            

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Д.Мөнхбат, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дамдингийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1811019070685 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамж 1128 Б тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тэнсэж суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НЭ 93061531 / Боржигон овогт Дамдингийн Мөнхбат нь:

 

Болсон хэргийн талаар:

Д.М нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадна иргэн Г.Сэргэлэнгийн "Самсунг галакси эс-6" маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                            

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 6-7 /

Хохирогч Н.Сэргэлэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар сургуулийн зүүн урд талын зам дагуу байрлах байрны булан дээр өөрийн эзэмшлийн 90415050 дугаартай "Самсунг галакси эс-6" маркийн гар утсаар эхнэртэйгээ ярьж байх үед араас 39 орчим насны дундаж нуруутай улаан өнгийн кепгин малгайтай, усан цэнхэр өнгийн подболк, бараан өнгийн өмд өмссөн, махлагдуу, бор царайтай үл таних эрэгтэй хүн миний араас ирээд баруун гарнаас утас шүүрээд байрны араар тойроод зугтаасан. Араас нь хөөгөөд гүйцээгүй ба тэр залуу ганцаараа явж байсан гэжээ. / хх 8-11 /

 

Эд зүйлийн үнэлгээ / хх 18 /

 

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх 31-32 /

 

Хаан банкны орлогын мэдүүлэг / хх 42 /

 

Шүүгдэгч Д.Мөнхбатыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36-39 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 22 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.  Аав хагалгаанд орох гэж байгаа учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны гадна иргэн Г.Сэргэлэнгийн "Самсунг галакси эс-6" маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:…2018 оны 07 дугаар сарын     01-ний өдөр 12 цагийн орчим "Самсунг галакси эс-6" маркийн гар утсаар эхнэртэйгээ ярьж байх үед араас 39 орчим насны дундаж нуруутай улаан өнгийн кепгин малгайтай, усан цэнхэр өнгийн подболк, бараан өнгийн өмд өмссөн, махлагдуу, бор царайтай үл таних эрэгтэй хүн миний араас ирээд баруун гарнаас утас шүүрээд байрны араар тойроод зугтаасан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Н.Сэргэлэнгийн мэдүүлэг / хх 8-11 /, …Эд зүйлийн үнэлгээ / хх 18 /, Үзлэг хийсэн тухай тэмдэглэл / 31-32 /, …Хаан банкны орлогын мэдүүлэг / хх 42 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Мөнхбат нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

                                                     

1.  Боржигон овогт Дамдингийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дамдингийн Мөнхбатыг 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Д.Мөнхбатын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурьдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбатад тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдсан эд хөрөнгүй болохыг дурьдсугай.

 

8. Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАТЖАРГАЛ