| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2433000920114 |
| Дугаар | 2025/ДШМ/51 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/51
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Н.Бадам
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2025/0018/Э/208/2025/0037 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ****эгтэй, ****настай, ***** боловсролтой, мэргэжилгүй, “Мөнх Цамхаг” ХХК-д мужаан ажилтай, ам бүл *****н хамт, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ******багт орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, (РД:*******)
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Н.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гээс хохирол 12,036,130 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 90,7 килограмм самрыг худалдан борлуулж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгч Н.*******гээс гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулан,
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай эсэргүүцэлдээ:
...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 00 минутад хүлээн авч танилцаад, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдалд тухайн хуулийн зүйл, хэсэг, заалтын тодорхойлон дүгнэж болох хэдий ч шүүгдэгч Н.*******гийн холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тайлбарлаагүй агуулга төдий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох хэсэг” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолоор батлагдсан 2 дугаар хавсралтын 2 дахь хэсгийн 2.1, 2.1.5-д тус тус заасан шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтуудыг зөрчсөн дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил бөгөөд шүүхийн гаргасан зөрчлүүд нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд болно.
Иймд Сэлэнгэ аймгийн сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хуувьд хүндээр тусаж байна. Шүүгдэгчийн хувийн байдал нь хүнд амьжиргааны түвшин доогуур, эхнэр нь хүнд өвчний буюу хорт хавдрын улмаас байнгын асаргаанд байдаг, түүнээс өөр асрах хүнгүй байдаг зэрэг нөхцөл байдал гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн давж заалдах шатны шүүхээс Иргэний хуульд зааснаар хохирлын хэмжээг багасгаж өгнө үү. Прокурорын эсэргүүцлийн хувьд тусгайлсан саналгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Н.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Тодруулбал, прокуророос шүүгдэгч Н.*******г Хуш модны самар бэлтгэх хориотой үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2 дугаар багийн нутаг “Тарвагатайн ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хуш модны самар бэлтгэж, бэлтгэсэн самраа “Киа” маркийн “Бонго” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.*******г зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтын арга хэмжээ тус тус авчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйл 3 дахь хэсэгт Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана:
3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;
3.2.шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл;
3.3.урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга;
3.4.шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл;
3.5.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;
3.6.гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хураах үндэслэл зэргийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан.
3.Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол шаардлагыг хангасан талаар тодорхой дүгнэлт хийгээгүй, хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх хуулийн зохицуулалтаас шүүгдэгчид 3 жилийн хугацааг сонгосон байх ба энэхүү хугацааг яагаад хэрхэн сонгож тогтоосон талаараа огт дүгнэлт хийгээгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох зохицуулалтаас хуульд заасан 2 үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг ямар үндэслэлээр шүүгдэгчид хэрхэн сонгон хэрэглэсэн талаар тодорхойлох хэсэгтээ огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Түүнчлэн тогтоох хэсгийн 6 дахь заалтдаа шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн талаар тайлбарлахдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” гэж хууль буруу хэрэглэсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ”-г тусгах хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН