Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 307/ШШ2025/02028

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 307/2025/02815/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******** байр, ********тоотод оршин суух, Борлууд овогт Баттогтохын ******* /утас *********/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, Боржигон овогт Батболдын ******* /утас ********/-д холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 онд *******тай танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2020 оны 07 сарын 09-нд хүү ******** төрсөн. *******тай гэр бүлийн маргаантай байсан болохоор гэрлэлтээ батлуулаагүй. Өөрийн гэсэн гэр орон, байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 2 настайгаас нь тусдаа амьдарч эхэлсэн. Одоо хүү маань 5 настай. Бидний хүү болох ******** нь одоогоор цэцэрлэгт явдаг. *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие Батболд овогтой ******* нь миний хүү болох *******ын хүүхдийн тэтгэлгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, ********ын төрсний гэрчилгээ, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Амин холбоо өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Дархан сумын 13 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг нэхэмжлэлийн хамт ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нар нь 2019 онд танилцаж, дотно харилцаатай байсан бөгөөд улмаар тэдний дундаас 2020 оны 07 сарын 09-ний өдөр хүү ******** төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

3. Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний ******** дугаартай гэрчилгээгээр хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоож, хүү ********ын эцэг *******аар овоглосон үйл баримт тогтоогдсон болно.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т талууд хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болохоор зохицуулсан бөгөөд хариуцагч ******* нь хүү ********ыг эхийнхэн асрамжид үлдээх болон тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул хүү ********ыг эх *******ын асрамжид үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн хүү  ********ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг *******аас хүүхдийн тэтгэг гаргуулж,  тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг *******, эх ******* нар нь хүүхэд болох ********ыг хэний асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан 2020 оны 07 сарын 09-ний өдөр төрсөн хүү  ********ыг эх *******ын асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 01 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү  ********ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /сурч байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА