| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0123/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\139 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\139
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч*******, *******н, *******д холбогдох эрүүгийн 1818002310149 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* *******н *******, 1971 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сумын *******тоотод оршин суух, “*******” СӨХ-д үйлчлэгч ажилтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
-Дархан- Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 26-аас 27-ны шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 9 дүгээр байрны баруун талын автотээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн*******ын ******* улсын дугаартай Хьюндай грейс загварын автотээврийн хэрэгсэл доторхи эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475 000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 9 дүгээр байрны баруун талын автотээврийн хэрэгслийн зогсоол дээр байрлуулж тавьсан иргэн*******ын ******* улсын дугаартай Hyundai маркийн Grace загварын суудлын микробус тээврийн хэрэгсэл дотроос 475 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ы өгсөн: 2018 оны 3-р сарын 26-27-нд шилжих шөнө 23 цагийн үед Дархан зочид буудлын хойд талын хогийн савнаас архи пивоны шилний үлдэгдэл уучихаад буцаад гэрлүүгээ явж байхад Шинэ хорооллын 9-р байрны гадаа машины зогсоол дээр микробусын хажуугаар нь өнгөрч яваад цонхоор нь харсан чинь дотор нь хүүхдийн унадаг дугуй харагдсан. Тэгэхээр нь би цонхыг нь татаад үзсэн чинь гүйдэг цонх нь онгойсон. Тэгэхээр нь цонхоор нь гараа оруулаад гүйдэг хаалгыг нь онгойлгож машин дотор нь ороод хүүхдийн цагаан өнгийн унадаг дугуй, ногоон цүнх, хуучин куртикны хар өнгөтэй дотор, саарал өнгийн хайрцагтай түлхүүрний ком зэрэг эд зүйлийг аваад Шинэ хорооллын 12-р байрны 2-р орцны подвальд авч очиж нуугаад гэртээ орж унтсан. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цүнхтэй машины түлхүүр багаж, дугуй хийлэгч зэргийг нь авч гараад Олон улсын худалдааны төвийн гадна очоод танихгүй таксины жолоочид бүгдийг нь нийлүүлээд 6000 төгрөгөөр зараад мөнгөөр нь 1 шил архи аваад уучихсан бусад эд зүйл нь надад байсныг цагдаад хүлээлгэж өгсөн байгаа гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч*******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 26-ны орой 20 цаг хүртэл хүүхдээ унадаг дугуйгаар тоглуулж байгаад гэрийнхээ хажуугийн зогсоолд байрлуулсан байсан өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай микро автобусанд хүүхдийнхээ унадаг дугуйг хийгээд гэртээ орсон. Ингээд маргааш нь өглөө нь буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 10:20 цагт машин дээрээ ирээд харахад хаалга цонх нь бүрэн бүтэн байсан бөгөөд жолооч талын хаалга нь түгжээгүй, машин дотор байсан хүүхдийн дугуй, автомат дугуй хийлэгч, автомашины түлхүүрийн ком, дорцовны ком, бахь, отвёртка, тоормосны ялтас, өндгөн тулгуур, цэргийн аранз, куртикны дотор зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд би цагдаад хандсан гэх мэдүүлэг /хх 16/,
Капитал зууч ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 202 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх 25-26/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 14/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 475 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх 25-26/ тогтоогдож байх бөгөөд хавтаст хэргийн 66-р хуудсанд авагдсан хохирогч*******ын "алдагдсан зүйлээ авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй" гэсэн тайлбараар шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд Дархан- Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж тэнсэж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар /хх 38, 40-42/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй хэдий ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлбөрийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч******* *******н *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн 1 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар шүүгдэгч *******ы тэнссэн 1 жилийн хугацаанд бүртгэлийг хөтөлж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ