Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/52

 

      Ө.*******т холбогдох

                эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,

Прокурор Б.Урангоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ө.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 316/2025/0087/Э/208/2025/0043 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, *** настай, ***эгтэй, **** боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, мод бэлтгэх үйлдвэрт ажилладаг, ам бүл ****** хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ******** дугаар баг, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД: *******)

Шүүгдэгч Ө.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 16 цаг 40 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн хэсэгт "Тоёота приус 20” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 4,68 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ө.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан,

 Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №14 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагааp хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх эрх хасах ялыг...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хязгаарлах ялыг хэзээнээс эхлэн тооцох эсэхийг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгчийн согтолтын зэрэг өндөр байсан ба хэргийг шүүгдэгчийн хүслээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор тайлбар гаргахад, өмнөх шийтгэврийн шийтгэл дууссанаас хойш эрх хасах ял шийтгэх байсан учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ө.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Прокурорын газраас шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон  шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ө.******* нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/1352 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилээр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгоны төвийн хэсэгт  ******* ******* улсын дугаартай Тоёота приүс 20 загварын тээврийн хэрэгслийг 4.68 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрх бүхий албан тушаалтны үйлдсэн тэмдэглэл, цагдаагийн ахлагч Т.Төмөрсүхийн бичсэн “...Ө.******* нь 4.65% ийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан” гэх илтгэх хуудас /хх-ийн 02-04 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.*******ын өгсөн: “....Тэгээд тэндээс гараад бид хоёр Хайгуулчин буудалд ороод 5010 граммын Соёрхол нэртэй архи, 1 литрийн Жак нэртэй вискийг хамт хувааж уусан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дугаар тал/, 

Согтолтын хувийг гэрэл зургаар харуулсан тухай баримт /хх-ийн 04 дугаар тал/,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар, зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 31-43 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 дугаар тал/ зэрэг шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.   

4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар түүнд хуульд заасан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон  байна.

5.Дээд шатны прокуророос гаргасан “...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс эрх хасах ялыг биелүүлэх хугацааг хэзээнээс эхлэн тооцож хэрэглэх талаар нэмж оруулах” талаар гаргасан эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хэзээнээс хэрхэн тооцох талаар шийтгэх тогтоолд заалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа  гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтыг:

“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.*******т оногдуулсан 01 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцож, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

         ДАРГАЛАГЧ,

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                   ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ