Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00031

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, дээрхи гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонтой холбогдуулан ******* ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ******* ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн *******д даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Оюунтуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь Ижилманлай ХХК-тай орон сууц барих тухай гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 10 айлын 6 давхар орон сууцнаас тус бүр нь 132 м2 талбай бүхий дотоод засал чимэглэл хийгээгүй 2 орон сууцыг авто машины зогсоолын хамт 554.400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000192755 тоот, 000192758 тоот улсын бүртгэлийн гэрчилгээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон болно. ******* ХХК болон иргэн ******* нар нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 5/001-14 тоот орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 502 тоот орон сууцыг түрээслэх, түрээсийн төлбөрт сарын 1100 ам.доллар, 201, 501 тоот орон сууцуудын хэрэглээний зардал, СӨХ, харуул хамгаалалт, авто машины зогсоолын төлбөрт сарын 500 ам.доллар, нийт 1600 ам.долларыг сар бүр төлөхөөр гэрээ байгуулсан байна.Дээрх гэрээний хугацаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5/001-14 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 502 тоот орон сууцны түрээсийн төлбөрийг 1200 ам.доллар, 201, 501 тоот орон сууцуудын хэрэглээний зардал гэх төлбөрийг 800 ам.доллар болгож тус тус нэмэгдүүлэн, сар бүр 2000 ам.доллар түрээслүүлэгчид төлөх, гэрээний үргэлжлэх хугацааг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатайгаар байгуулсан байна. Энэхуү гэрээ хэрэгжиж байх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 502 тоот орон сууцыг ******* ХХК-д худалдаж, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, Ү-2101018338 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг манай компани авсан болно. Мөн дээрх гэрээнүүдэд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцуудын нэг сарын хэрэглээний төлбөрт тус бүр 400 ам.доллар, нийт 1200 ам.доллар төлөхөөр гэрээ байгуулсан байна. Дээрх төлбөр нь зах зээлийн үнээс хэт өндөр, улсаас тогтоосон жишиг төлбөрөөс хэд дахин давсан байх бөгөөд уг төлбөрийг орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу авч байх тул уг гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цуцлах мэдэгдлийг иргэн *******д хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Иймд дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахтай холбогдуулан ******* ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, ******* ХХК-ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн *******д даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шгаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний харилцаа нь талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгдэн байгууллагддаг бөгөөд гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч талыг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, гэрээ байгуулахыг тулгасан зүйл байхгүй, тэгш эрхийн болоод чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэгэнт хүчин төгөлдөр гэрээ тул түүнээс үүсэн гарах хохирол төлөх тухай үндэслэлгүй юм. Гэрээ байгуулахыг шүүх хариуцагч талд даалгах гэсэн шаарлага нь иргэний эрх зүйн гэрээний эрх зүйн ерөнхий зарчимыг зөрчсөн зүйл байхгүй тул зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тус тус тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирол гаргуулах, мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар хорооллын 5-р байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг иргэн *******д даалгахыг хүссэн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 149 324 төгрөг нөхөн төлүүлж төрийн санд оруулж, хариуцагч *******гээс 112 460 төгрөг гаргуулан ******* ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Оюунтуяа нар давж заалдсан гомдолдоо:

******* ХХК-ийн зүгээс тус компанийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 111/574 тоот апбан бичиг болон түүний хавсраптаар иргэн *******д түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний 7 ширхэг төлбөрийн даалгаврыг нотариатаар гэрчлүүлэн шүүхэд хүргүүлсэн ба 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дүгээр төлбөрийн даалгавраар 2014/01 /03-ны 5/001-14 тоот түрээсийн гэрээгээр 2013 оны 07 сарын 01 -нээс 2013 оны 12 сарын 31-ний хүртэлх хугацааны хөлсийг шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай төлбөрийн даапгавар, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дүгээр төлбөрийн даалгавраар 2014/01/03-ны 5/001 -14-тоот түрээсийн гэрээгээр 2014 оны 01 сарын 01-нээс 2014 оны 07 сарын 01-ний хүртэлх хугацааны хөлсийг шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай төлбөрийн даапгавар тус тус хүргүүлсэн байх бөгөөд үүнээс хойшхи хугацаанд буюу 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 649, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 176 тоот, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 545 тоот, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 49 тоот, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 753 тоот төлбөрийн даалгавраар шилжүүлсэн мөнгөн дүн нь хүчин төгөлдөр бусад тооцсон хэлцэлийн дагуу шилжүүлсэн төлбөр болох нь илэрхий байхад хэдэн төгрөгийн хохирол учирсныг нотлоогүй, энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Хэдийгээр ******* ХХК-ийн зүгээс хүчин төгөлдөр бусад тооцсон гэрээнүүдийн үнийн дүнг нарийвчлан тодорхойлон хүргүүлээгүй ч нийт учирсан хохирлын талаар шүүхэд өгсөн нэмэлт тайлбарт илүү тодорхой дурдсан боловч шүүх өөрөө гэрээний үнийн дүнг гэрээ тус бүрээр нарийвчлан тодорхойлсон атлаа шийдвэрийн удаах хэсэгт гэрээний үнийн дүн тодорхойгүй гэж ойлгомжгүй шийдвэрлэжээ. ******* ХХК-ийн зүгээс уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн боловч шүүх уг нотлох баримтуудыг хүлээн авахаас татгалзсан нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүх 2014 оны 06 дугаар сарын 25, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон боловч уг гэрээнүүдээс учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг үнийн дүн тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атал шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрээний үнийн дүнг тодорхойлж, угдүнгээстооцон улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч болон хариуцагчид хуваарилан хариуцуулсан нь ойлгомжгүй бөгөөд шийдвэрийн өмнө хэсэгт дурдсантай зөрчилдөж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ нь хэдийгээр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нэртэйгээр байгуулагдсан байх боловч хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшинг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ гэсэн нь шүүх талууд түрээсийн гэрээ байгуулах журмыг зөрчсөн боловч үр дагаврыг тодорхойлохдоо уг гэрээг орон сууц хөлслөх гэрээ гэж үзэж, орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаар зөвлөмжид дурдахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бол түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар шууд зохицуулсан. Гэтэл шүүх түрээсийн гэрээ байгуулах дээрх журмыг зөрчсөн боловч үр дагаврыг тодорхойлохдоо уг гэрээг эд хөрөнгө хөлслөх гэж гэж үзэж, эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх үндсэн нөхцөл нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх явдал юм. Шүүх хуульд заасан энэ агуулгыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Үүнээс гадна хүчин төгөлдөр бус түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэх нь түрээсийн гэрээний холбогдох зохицуулалтыг үгүйсгэсэн, хууль хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно гэж тайлбарласан байна. Иймд ******* ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг нэмэлтүүдийн хамт хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу гэрээнээс учирсан хохирлыг иргэн *******гээс гаргуулахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани хариуцагч *******д холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, тус компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, тус сумын Уурхайчин багийн 3 дугаар хороололын 5 дугаар байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Цэрэнханд хариуцагч гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн, тулгасан зүйл байхгүй, талууд тэгш эрх, чөлөөт байдлын үндсэн дээр гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул хохирол төлөх үндэслэл байхгүй гэх тайлбар хийж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХКомпани шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаас учирсан хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хохирлын хэмжээг тодорхойлох боломжгүй байх тул улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх ба шүүх уг хүсэлтийг хүлээн авч хангаж улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу шүүхийн шийдвэр гартал хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 01 сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны шатанд хохирол нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээ тодорхойлж хариуцагчаас хохирол 112.871.040 төгрөг гаргуулах, 5 дугаар байрны 201, 501, 502 тоот орон сууцны хэрэглээний зардлыг зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлэхэд шүүх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруусныг хүлээн авахаас татгалзах тухай №1333 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ХХКомпани нь хариуцагч *******тэй 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г нэг жилийн хугацаатай, сарын төлбөр сард 1600 доллар, төлбөрийг 6 сараар урьдчилан төлүүлэхээр байгуулсан ба 2014 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нэмэлт-ийг тус тус байгуулсан ба дээрх гэрээнүүдийг эсхүл аль гэрээг хүчингүй төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлага тодорхой, нэхэмжлэлийн үнэ тодорхой бус хохирлын хэмжээг мөнгөн үнийн дүнгээр тооцоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Орон сууц түрээслэх түрээслүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хохирол гаргуулах, зах зээлийн жишиг үнээр тооцон гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц түрээслэх түрээслүүлэх нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, Б.Оюунтуяа нарын гаргасан ...анхан шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 142/ШШ2018/00015 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722.305 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ