| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0125/Э |
| Дугаар | 2018\ШЦТ\141 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018\ШЦТ\141
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *******, *******ын *******д холбогдох эрүүгийн 1818001840140 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******ын *******, 1979 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *******регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг******* өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эцэг А.*******тай маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн *******тоотод өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эцэг А.*******тай маргалдан зодож эрүүл мэндэд нь “хуйх, зүүн хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ы өгсөн: 2018 оны 3 сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад 13 цагийн орчим гэрээсээ гараад өөрийн амьдардаг гудамжны үзүүрт зогсож байтал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр Өлөнт гэх газар хамт гар аргаар алт ухаж байсан *******, ******* 2-той тааралдаад тэр хоёр дөнгөж сая алтнаас ирлээ гээд Ойчдод байрлах дэлгүүрээс архи аваад бид 3 гудамжны үзүүрт зогсож байгаад нөгөө архиа хувааж уусан. Дараа нь *******, ******* хоёр дэлгүүрээс дахин нэг нэг шил 0.75 литрийн архи авч уугаад нилээн согтсон. Тэгээд гэртээ хариад хоол хийх гээд мах хэрчиж байгаад аавтайгаа маргалдаад аав А.*******ын баруун шанаа орчим нь нэг удаа алгадаад унах үед нь хөл дээр нь гишгичих шиг болсон чинь аав босоод гэрээс гарсан.Тэр үед би гэрт үүдэнд байсан алхыг аваад араас нь 5 орчим минутын дараа гараад маргалдаж байгаад явчихсан. Нэг ухаан ороход гудамжинд нүцгэн явж байсан. Тэгээд буцаад гэртээ хариад хоносон. Би архи уухаараа их шуналтай уудаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Ингэхдээ ар гэртээ агсам тавьж хэрүүл маргаан хийдэг. Би аавдаа муухай зан гаргасандаа маш их гэмшиж байна. Одоо дахиж архи уухгүй. АА сургалтад явж байгаа, их юм ойлгож байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч *******ын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би Шарын гол сумын *******тоот гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад Хайрхан багт амьдардаг Баатар гээд найзынхаа гэрт очсон чинь намайг ирсэн гээд 500 граммын архи гаргаж өгөөд бид 2 хувааж уугаад хэсэг юм ярьж сууж байгаад гэртээ харисан. Тэгээд гэртээ орсон чинь манай хүү ******* мах гаргачихсан хэрчээд байж байхаар нь хоолны мах их байна гэж хэлсэн чинь уурлаад таньд ямар хамаатай юм гэж хэлээд миний хацар шанаа руу 1 удаа цохиод газар унасан чинь 2 удаа өшиглөсөн. Мөн хажууд байсан жижиг сандлаар цохих гээд далайхаар нь би босоод гэрээс гараад явсан чинь араас алх барьж гарч ирээд миний хөлийн булчин хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд хашаагаар гараад явахаар нь би цагдаад мэдэгдсэн. Би тухайн үед уурандаа сумын хамтарсан багийн гишүүдэд хандаад аюулын зэргийн үнэлгээ болон нөхцөл байдлын үнэлгээг тухайн үед гомдсондоо байнга зодож дарамталдаг, архи уух бүртээ агсан согтуу тавьдаг гэх зэргээр үнэлгээ хийлгэсэн. Манай хүү ******* үнэндээ тийм биш гэрийн ажил төрөл хийхдээ сайн үг дуу цөөнтэй хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч *******ийн өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим манай төрсөн дүү ******* нэлээд согтуу орж ирээд хоол хийх гээд мах хөшиглөж байтал аав *******ыг чи ийм их мах хөгшиглөж яах гээд байгаа юм гээд хэлсэн чинь ******* уурлаад та нар намайг ад үзлээ гээд аавын шанаа руу нь нэг удаа цохисон чинь аав газар уначихсан чинь сууж байсан сандлаараа толгой руу нь ахиад цохисон. Тэгсэн чинь аав чи муу намайг барахгүй шүү гэсэн чинь ******* нүүрс хагалдаг алхаар аавын хөл рүү нь цохисон тэр үед гаднаас хажуу айлын ******* гэдэг хүүхэн орж ирээд *******ыг чи яагаад аавыгаа зодоод байгаа юм бэ гэсэн чинь ******* чамд хамаагүй гэж хэлээд гараад явчихсан. Тэгээд аавын хөл нь гишгэж чадахгүй байхаар нь эмнэлэг, цагдаа дуудаад байж байтал эмнэлгийн машин ирээд аавыг аваад явсан гэх мэдүүлэг /хх 17/,
Гэрч Л.*******гын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байж байгаад 00 орох санаатай алхаад явж байсан чинь манай ар талын айлын ******* гуай аллаа гээд орилоод байхаар нь би яваад орсон чинь ******* гуай газар шалан дээр хэвтчихсэн, хажууд нь охин ******* нь зогсчихсон тэдний хүү ******* хажуудаа заазуур тавьчихсан, гартаа алх барьчихсан ******* гуайн хөл рүү цохиж байсан. Тэгэхээр нь би болиоч ээ чи яагаад хөгшин хүн зодоод байгаа юм бэ гэсэн чинь яадаг юм чамд ямар хамаатай юм алсан ч яадаг юм гэдсээ харамлаад хоол хийлгэхгүй байна гээд цохиж байсан зүйлээ тэндээ хаяаад гадуур хувцсаа өмсөөд гарахдаа орой орж ирээд алнаа пизда минь гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд би ******* гуайг босгох гэхэд хөл болохгүй байна гээд босож чадахгүй байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд ******* гуайг аваад явсан. Заримдаа ээж Түмэндэмбэрэл нь орилоод, ******* хашхираад байгаа чимээ сонсогддог. ******* архи уугаагүй үедээ сүрхий ажилтай, архи уухаараа агсам тавиад байдаг юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх 19/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаартай дүгнэлт:
“1.А.*******ын биед хуйх, зүүн хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.А.*******т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 23/, аюулын зэргийн үнэлгээ /хх 7-8/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 9-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч А.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй “ гэх мэдүүлгээр /хх 15/ шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 30 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг А.*******ыг зодож эрүүл мэндэд нь "хуйх, зүүн хөлийн шилбэний зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ