| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331001950133 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-05-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., 24.2.3., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
Ш.*******, “******* *******” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,
Прокурор Р.Мягмардорж
Цагаатгагдсан этгээд Ш.*******
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/72 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ш.*******, “******* *******” ХХК-д тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0154/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
овогт гийн *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ****настай, ****эгтэй, ****** боловсролтой, ***** мэргэжилтэй, “******* Шугам” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл ****** хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, ***** дүүрэг, **** хороо, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ),
2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Фермерийн аж ахуй эрхлэх, Газар тариалан эрхлэх, Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Барилгын засвар, засал чимэглэл чиглэлээр үйл явуулах чиглэлээр байгуулагдаж, Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 18 дугаар гудамж, 3826 тоотод байрлах хаягтай, Улсын бүртгэлийн 9011387006 дугаартай, регистрийн 5664268 дугаартай, “******* Шугам” Хариуцлагатай хувьцаат компани
Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
Шүүгдэгч “******* Шугам” ХХК нь 023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар, “**************” ХХК-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч овогт гийн *******, “******* Шугам” ХХК нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт гийн *******, “******* Шугам” ХХК нарыг цагаатгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai Р290LС-7 маркийн экскаватор, 1,050,000 төгрөгийн үнэлгээ бүхий тос гаргагч дизель генератор, 3,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаагч автомат усан бууг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь буцаан олгож,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэх Монгол банканд хадгалагдаж байгаа 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг Ш.*******т буцаан олгож,
Шүүгдэгч Ш.*******, “******* Шугам” ХХК нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ цагаатгах тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Р.Мягмардорж 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №08 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
... Шүүхийн цагаатгах тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгчийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:
1.Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэлийн 1 дүгээр заалтын хувьд: Ш.******* нь “******* *******” ХХК-ний 100 хувь эзэмшдэг бөгөөд “**************” ХХК нь 2021 онд “Монлед” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “2021 онд “Монлид трэйд” ХХК болон “**************” ХХК нарын харилцан байгуулсан гэрээ, М.*******, Б.******* нарын мэдүүлэг болон бусад баримтуудаар тогтоогддог.
Гэвч “**************” ХХК нь 2022 он болон 2023 онд “Монлед” ХХК-тай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөлгүй байсан болох нь:
Монгол улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/1874 дугаартай албан бичиг,
Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10/1867 дугаартай албан бичиг,
Гэрч Б.Энхбатын “..******* ******* ХХК-ний холбогдох ажилтнууд манай компанийн эбэл шороог угаасныг би мэдэхгүй байна. ******* ******* ХХК-ийн захирал ******* түүний ажилтан Мөнгөн гэх хүмүүст эбэл шороо угаа гэж огт хэлээгүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч М.*******ын “...үйл ажиллагаа явуулж эхлэх үед манай компани нь өөрсдийн техник төхөөрөмж, хүн хүч дутмаг байсан тул өөрсдийн зөвшөөрөлтэй талбай дээрээ “******* *******” ХХК-ийг гэрээгээр ажиллуулж ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэхдээ 2021 оны 8 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын сүүл хүртэл олборлолт явуулаад нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Гэрээнд бол 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хамтран ажиллахаар байсан боловч хүйтэн болоод буусан. Ашиглал явуулах болон нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тусгаагүй ба олборлолт хийсэн талбайг эсхүл түүнтэй адил хэмжээний талбайг нөхөн сэргээнэ гэж тусгасан боловч “******* *******” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг дутуу хийгээд буусан. Ингээд 2021 онд хамтран ажиллах хугацаа дуусаад манай захирал ******* нь “******* *******” ХХК-тай хамтран ажиллахаар нөхөн сэргээлт дутуу хийх, манай компанид ашиг муу байгаа зэрэг дутагдалтай талууд байгаа тул дахин гэрээг сунгахгүй гээд 2022 онд “******* *******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин “******* *******” ХХК нь 2022 онд манай компанийн 2021 оны үлдэгдэл нөхөн сэргээлтийг хийх нэрээр ирж бас л дутуу нөхөн сэргээлт хийсэн. Тэгээд 2023 оны зун манай компани 2021 оны дутуу нөхөн сэргээлтийн ажлыг дахин хийх нэрээр Өлөнт гэх газарт манай компани ашиглалтын талбайгаас гадуур олборлолт явуулсан байна лээ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.
Мөн хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх газарт тодорхой техник хэрэгсэл оруулан үйл ажиллагаа явуулж байсан болох нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс “Ш.******* болон “******* *******” ХХК-ний хууль бус ашиглалтын улмаас өртөгдсөн гэх газрын солбилцлоор 2018 онд ухагдсан нэг ухаш байсан болох нь тогтоогдож 2023 онд дахин ухсан бол ямар нэгэн өөрчлөлт орох учиртай тул улсын яллагчийн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэсэн яллах дүгнэлт үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн ба нэг ухагдсан талбайг дахин ухагдахад заавал хэлбэрийн хувьд өөрчлөгдөх ёстой гэж дүгнэж буй нь өрөөсгөл ойлголт юм.
Анхан шатны шүүхээс “улсын яллагчийн энэ төрлийн гэмт хэрэгт газрын хэвлийд халдсан гэдгээр хязгаарлахгүй, эрэл хайгуул явуулсан нь хамаарна гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч шүүгдэгч Ш.******* болон “******* Шугам” ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан эрүүгийн хуулиар хориглосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэдийгээр 1,183,352 төгрөгийн үнэлгээ бүхий 6.6295 грамм алтыг хураан авсан боловч тусгай зөвшөөрөлгүйгээр хориглосон газраас ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт боловсруулалт, ашиглалт явуулж гаргаж авсан бөгөөд энэ нь "Монлид" ХХК-н өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд үүссэн үүсмэл орд болох нь, гааль буудаж гаргаж авсан болохыг доорх гэрчүүд мэдүүлгээр мэдүүлжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Үүнд:
“******* *******” ХХК нь 2022 он болон 2023 онд “Монлид” ХХК-тай хамтран нөхөн сэргээлтийн ажил хийх болон ашигт малтмал олборлох ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба “******* *******” ХХК-нь өөрөө ямар нэгэн нөхөн сэргээлт хийх болон ашигт малтмал олборлох чиглэлийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
“******* *******” ХХК-нь “Монлид” ХХК-ний ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулж 6.6295 грамм алт гаргаж авсан нь хууль ёсны гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй ба хэргийн газрын үзлэгээр хийгдсэн хууль бусаар ашиглалтад өртсөн талбай болон үүсмэл орд болох эфль, гааль буудаж гаргаж байсан газрын талбайн солбилцлын цэгүүд нь “Монлид трейд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбай биш болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн 10/4011 дугаартай албан бичгээр “Монлид трэйд” ХХК-ний М\/-020575 тусгай зөвшөөрөлтэй ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтад заагдсан солбилцлуудтай таарахгүй байх ба мөн Ашигт малтмал тосны газрын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 10/3346 дугаартай албан бичгээр уг эвдрэлд орсон талбай нь хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна гэсэн албан бичиг зэргээр “******* *******” ХХК нь 2023 онд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл огт байхгүй мөн “Монлид трэйд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулсан гэдэг нь үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүхээс огт анхааралгүй ямар нотлох баримтаар “Монлид трэйд” ХХК-ний тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайгаас алт олборлосон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Мөн тухайн хэргийн газрын үзлэгээр халдлагад өртсөн газар болон алт угаах төхөөрөмжийн хажууд байсан овоолготой шороог алт угаах төхөөрөмж рүү хийж угааж байсан талаар гэрч Э.н “Нөхөн сэргээлт хийж байсан талбайд байсан шороог алт угаагч төхөөрөмжөөр угаасан. Алт угаагч төхөөрөмжийн хажуу талд байсан овоолготой шороог алт угаагч төхөөрөмж рүү хийж буудсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байгааг анхаарч үзээгүй байна.
Шүүгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаарх дүгнэлтийн эхэн хэсэгт анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоног хойшилсон хугацаанд даалгасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хангалтгүй байна гэж дүгнэсэн атлаа яг ямар ажиллагаа дутуу хийгдсэн талаар дурдаагүй 60 хоногийн хойшилсон хугацаанд нэмэлтээр хийх 5 ажиллагаа шүүгчийн захирамжид дурдсан ба шүүгчийн захирамжид даалгасан бүх ажиллагаа бүрэн хийгдсэн байдаг.
Хэргийн газрын үзлэг хийхэд хөндлөнгийн гэрч болон “******* *******” ХХК-ний төлөөлөл оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хууль зөрчсөн алдаа гэж шүүх дүгнэсэн ба хэргийн газрын үзлэгт тухайн үед “******* *******” ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байсан ажилтан Ш.ийг оролцуулан хэргийн газрын үзлэг хийсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заавал хөндлөнгийн гэрч оролцуулна гэсэн зохицуулалтгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэргэжилтэн Ц.*******ийг томилсон нь хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага’ нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал И.******* нь тухайн байгууллагын мэргэжилтэн Ц.*******ийг томилж мөрдөгч нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
“Эко инженеринг” ХХК хэргийн газар дээр биечлэн очоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагддаг гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн ба хэрэгт авагдсан “Эко инженеринг” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №21 дугаартай дүгнэлтээр шинжээч Б.Баясгалан нь хэргийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эвдэгдсэн газарт дроноор хэмжилт, судалгаа хийж өөрийн биеэр очиж дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байхад үндэслэлгүйгээр биечлэн очиж дүгнэлт гаргаагүй гэж дүгнэсэн байна.
Хэрэв зөвхөн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, зөрүүтэй байснаар шүүгдэгчийн гэм буруу, хэргийн бодит үнэн үгүйсгэгдэхгүй ба заавал дүгнэлтийг үндэслэхгүйгээр шүүгдэгч Ш.*******, “******* *******” ХХК-ний хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 6.6 грамм алт олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдэл, үйл баримтад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой.
Мөн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “...Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй” гэж зааж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай” гэснийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Сэлэнгэ аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Цагаадсан этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Ш.*******ыг хэд хэдэн үндэслэлээр хууль бусаар алт олборлосон гэж буруутгаж байгааг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. “*******” ХХК болон “******* *******” ХХК нар нь 2021-2022 онд гэрээ байгуулсан байсан. н.******* гэх хүн гадаадад байдаг учраас гэрээнд гарын үсэг зураагүй бөгөөд 2021-2022 оны гэрээг дүгнэж дуусгавар болгоогүй. Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Ялбагийн хөндийг техникийн нөхөн сэргээлтийн ажилд хариуцагч нар нь туслан гүйцэтгэгчээр оролцсон. Тухайн цаг хугацаанд “*******” ХХК-ийн ажилчид болон Ш.*******ын ажилчид байсан бөгөөд тухайн газар Ш.******* байгаагүй. Мөн хариуцагч нарыг “*******” ХХК-ийн газраас өөр газарт газар ухсан гэж нэг ч гэрч мэдүүлдэггүй. Прокурорын зүгээс “*******” ХХК-ийн давхацгүй газарт ухаш ухан газрын хэвлийд халдсан гэж буруутгадаг ч шинжээчийн дүгнэлт маш өөр гарсан. Ш.******* ажилчдаасаа асуухад тухайн газрыг ухаагүй гэж хэлдэг. Манай зүгээс тэр газрыг ухаагүй, мэдэхгүй. Олборлолт хийх газар нь нөхөн сэргээлт хийх газартай давхцаж байсан учраас үлдэгдэл ажлаа дуусгахаар очсон учраас “*******” ХХК болон “******* *******” ХХК-ийн тоног төхөөрөмж тэнд байсан. “*******” ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний агуулга нь “*******” ХХК нь техникийн нөхөн сэргээлтийг хийхдээ тухайн газраас шороог нь гаргаж угаагаад буцаад хийхдээ гардаг зардлыг тусгасан. Тэгэхээр энэ нь хууль бус газар дээр хийсэн зүйл биш юм, давхцалтай зүйлийг нь нотолсон зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр “2018 онд энэ ухашийг ухсан байсан байна” гээд доошоо болон хажуу тийшээ хэр ухсан талаар юу ч дурдаагүй байхад прокурор зүгээс тийм л байх, тэгсэн байх ёстой гэсэн тайлбарыг хэлж байна. Хариуцагчийн зүгээс өөрийн гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ нотлох үүрэггүй ч мэдүүлэг болон баримтаар нотолсон. Ингээд “*******” ХХК-ийн эзэмшил газраас тухайн 1 ширхэг ухаш газар нь 500 хүрэхгүй метр зайд байдаг. Иймд цагаатгах тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ш.*******, “******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Прокуророос шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан;
Шүүгдэгч “******* *******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймаг, Ерөө сум, 2 дугаар баг, “Өлөнт” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэрэгт буюу шүүгдэгч Ш.*******, “******* *******” ХХК нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хүлээн авч тэднийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…”, мөн зүйлийн 1.2-т ”дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол..” гэсэн хуулийн заалтуудыг анхаарч үзээгүй, харилцан зөрүүтэй баримтуудад шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байна.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
-Шүүгдэгч Ш.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Өлөнт гэх газарт 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан алт олох зорилгоор ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулсан, дээрх үйл ажиллагааг ******* ******* ХХК-ий нэрийн өмнөөс тус тус явуулсан эсэхэд дүгнэлт хийхдээ:
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 315 тоот захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн
-Гэрч М.*******, яллагдагч Ш.******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт М.*******ын өгсөн: “....2023 онд ******* ******* ХХК тай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, хамтран ажиллагаагүй” гэх /2-р хх-ийн 30-32 тал/,
-Гэрч А.*******ын “...2022 онд хамтран ажиллах талаар аман байдлаар ярилцаж байсан, харин ямар нэгэн байдлаар төлбөр тооцоо хийгдэж, гэрээ байгуулаагүй юм. 2023 онд гэрээ байгуулах талаар аман байдлаар тохиролцох болон гэрээ хийгдээгүй байна” гэх /2-р хх-ийн 35-36 тал/
-Нөхөн сэргээлт болон олборлолтын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 21/05/31 тоот гэрээний хуулбар, /Гэрээ байгуулж буй 2 компаний эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг, тамга тэмдэгтэй/ /2-р хх-ийн 44-49 тал/,
--Нөхөн сэргээлт болон олборлолтын 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21/04/01 тоот гэрээний хуулбар, Гэрээ байгуулж буй 2 компаний нэг болох Монлид ХХК-ий эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгтгүй/, /2-р хх-ийн 50-55 тал/ зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн чанартай баримтуудтай харьцуулан дүгнэж, шүүгдэгч Ш.******* болон ******* ******* ХХК-ийг гэм буруутай эсэхийг тогтоовол зохино.
4.Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/72 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.
3.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ