Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 603

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Анармаа,                               

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Д.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөвгүүд овогт Дамдинсүрэнгийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 1811020420684 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 5б байр 30 тоотод оршин суух бие эрүүл, ухаан бүрэн                               / РД: ЖЬ 62040274 / Хөвгүүд овогт Дамдинсүрэнгийн Ганбаатар

 

Болсон хэргийн талаар:

Д.Ганбаатар нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 8 дугаар гудамж 128 тоотод Б.Сайнхүүтэй маргалдан улмаар толгойн тус газар нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-8 /

Хохирогч Б.Сайнхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:....Би 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 18:00 цагийн орчим төрсөн ах Энхтөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар гудамжны 95 тоотод яваад ортол найз Ганбаатар гэдэг хүн ирчихсэн 2-лаа архи уусан байдалтай халамцуу байсан. Энхтөр ах манай найзыг гаргаад өгчих гэхээр нь Ганбаатарыг гаръя гэтэл би энд хононо гээд байхаар нь орхиж гараад гэртээ хариад байж байтал 20:00 цагийн орчимд Энхтөр ах надруу утасдаад “Хүрээд ир эхнэр ирчихсэн архи уулаа гээд уурлаад байна. Ганбаатарыг гэрлүү нь дөхүүлээд унаанд суулгаад өгчих. Би танай гэрт очоод хоноё” гэж дуудахаар явж очоод хоёуланг нь дагуулаад гарсан. Тэгсэн Энхтөр ах таягтай байсан болохоор доороос такси аваад ир гэсэн ба энэ үед Ганбаатар надад 20.000 төгрөг гаргаж өгөөд дэлгүүр ороод архи, ундаа аваад зам дээрээс такси бариад ир гэсэн. Ингээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасган 8 дугаар гудамжны 128 тоот манай гэрт ирсэн. Тэгээд дэлгүүрээс авсан 1 шил 0.75 граммын архийг бид 3 хувааж уугаад ярьж хөөрч сууж байгаад  хоёуланд нь ор засч өгөөд бид гурав унтсан. Унтах гээд хэвтэж байхад Энхтөр ах надад Ганбаатарын картыг 80.000 төгрөгтэй өгөөд чи хадгалж бай, өглөө эрүүл болохоор нь өгөөрэй гээд хадгалуулсан. Үүрийн 04:00 цагийн орчимд Ганбаатар сэрээд миний мөнгө алга болсон байна. Чи хулгай хийсэн байна гээд надруу уурлаад байхаар нь надад байгаа өглөө ав гэснээс болж маргаан үүсч Ганбаатар гэрт байсан зуухны урд тосгуур болгож тавьсан байсан хүрзний урд хэсгээр миний толгой хэсэгт 2 удаа цохьсон. Тэгээд би ахыг сэрээгээд цагдаа дуудуулсан гэжээ.  / хх 10-12 /

 

Гэрч Б.Энхтөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хорооллын Теди дотор гар утасны төлбөрөө төлж яваад цэрэгт хамт алба хааж байсан он жав Ганбаатартай тааралдаад жаахан юм ярьж суунгаа нэг шил архи уух уу, гээд Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 7-95 тоот манай гэрт ирээд 0.5 граммын архи хувааж уусан. Тэгээд дахиад нэг шил архи нэмж авч уугаад тэрнээс хойш би нилээн согтсон. Тэгсэн орой манай эхнэр ирээд архи уулаа гээд уурласан юм шиг байна лээ. Ингээд төрсөн дүү Сайнхүүгийн гэр манай арын гудамжинд байдаг болохоор тэдний гэрт Ганбаатар бид хоёр очоод дахин архи авч уусан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн үүрээр Сайнхүү намайг дуудаад бие нэг л болохгүй цус алдаад байна гэхээр нь юу болов гээд хартал Сайнхүү Ганбаатар хоёр хоёулаа босоод суучихсан маргалдаж байсан ба Сайнхүүгийн толгойноос нь цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад Ганбаатар хүрзээр толгой руу нь цохьсон гэхээр нь цагдаа дуудсан. Би Сайнхүүг авч яваад гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд толгойдоо 23 ширхэг оёо тавиулсан гэжээ. / хх 13-14 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8793 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Сайнхүүгийн биед тархи доргилт, хуйх, зүүн сарвуунд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ.                 / хх 18 /

 

Шүүгдэгч Д.Ганбаатарыг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө найз цэрэгт хамт алба хаасан Энхтөрийн ахынд очсон. Тэгээд архи уусны дараа миний халаасанд байсан утас, мөнгө байхгүй байсан учир сэжиглэн маргалдаад Сайнхүүг 2 удаа цохьсон явдал болсон гэв.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь 2018 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зүүн тасганы 8 дугаар гудамж 128 тоотод Б.Сайнхүүтэй маргалдан улмаар түүний толгойн тус газар нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 5-8 /, ... Ганбаатар сэрээд миний мөнгө алга болсон байна. Чи хулгай хийсэн байна гээд надруу уурлаад байхаар нь надад байгаа өглөө ав гэснээс болж маргаан үүсч Ганбаатар гэрт байсан зуухны урд тосгуур болгож тавьсан байсан хүрзний урд хэсгээр миний толгой хэсэгт 2 удаа цохьсон гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Сайнхүүгийн мэдүүлэг / хх 10-12 /, ... Сайнхүү намайг дуудаад бие нэг л болохгүй цус алдаад байна гэхээр нь юу болов гээд хартал Сайнхүү Ганбаатар хоёр  хоёулаа босоод суучихсан маргалдаж байсан ба Сайнхүүгийн толгойноос нь цус гарч байхаар нь юу болсон талаар асуухад Ганбаатар хүрзээр толгойруу нь цохьсон гэхээр нь цагдаа дуудсан гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг / хх 13-14 /, Б.Сайнхүүгийн биед тархи доргилт, хуйх, зүүн сарвуунд шарх, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8793 дугаар дүгнэлт / хх 18 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар  нь хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн / хх 37 / тул төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз нэг ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхээс шүүгдэгч Д.Ганбаатарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Шүүгдэгч Хөвгүүд овогт Дамдинсүрэнгийн Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Дамдинсүрэнгийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ганбаатарт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 7 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Д.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАТЖАРГАЛ