| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2017/01886/И |
| Дугаар | 210/ма2018/00793 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 210/ма2018/00793
Б-Туса ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б-Туса ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Таван трейд ХХК, Д.Чимэдцэрэн, Р.Ганзориг нарт холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 280 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Хатанбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд
Хариуцагч нарын өмгөөлөгч: Л.Хатанбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарны 06-ны өдөр Б-Туса ХХК түүнийг төлөөлж Б.Баатартулга, П.Амарсайхан, Таван трейд ХХК-тай түүнийг төлөөлж Р.Ганзориг, Д.Чимидцэрэн харилцан тохиролцож Гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон П.Амарсайхан нарын хөрөнгөөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээг байгуулж хөрөнгө оруулагч тал буюу Б-Туса ХХК-ийн хөрөнгө оруулсан 500 000 000 төгрөгийг Таван трейд ХХК нь 2011 онд багтаан барагдуулахаар тохиролцсон. Гэвч дээрх гэрээтэй холбоотойгоор талууд харилцан тохиролцож, Б-Туса ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Нефтийн 1-р гудамжны 08 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 928,3 метр квадрат талбайтай (блокоор өрж шавардсан, дээшээгээ гүйцэд бус 4 ханатай, шалгүй, хаалгагүй, дээвэргүй буюу дутуу гүйцэтгэлтэй 1 давхар) үл хөддөх эд хөрөнгөд 500 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний үр дүнд тус үл хөдлөх хөрөнгийн дутуу гүйцэтгэлтэй хэсгийг гүйцээж, үл хөдлөх эд хөрөнгө дотор бүрэн угсрагдсан Гипсэн хавтангийн үйлдвэрийг барьж дуусгасан, мөн үйлдвэрлэл явуулахад шаардагдах түүхий эд болон 60 тонн гипс, 2 төрлийн нийт 30 тонн цаас, 3 тонн цардуул, цавуу болон хөөсрүүлэгч зэргийг худалдан авсныг баталгаажуулж 2011 оны 12 дугаар сарны 29-ний өдөр хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээг байгуулсан.
Хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний дагуу Таван трейд ХХК нь гэрээний төлбөрийг барагдуулж дуустал үйлдвэрийн барилга, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд материалыг ашиглах хэрэглэх, зарцуулах, эрхгүйгээр хадгалж, хамгаалж байхаар тохиролцсон ч гэрээний үүргээ зөрчиж үйлдвэрийн обьектыг Таван трейд ХХК-ийн өмчлөлд бүртгүүлсэн бөгөөд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан тайлбартаа энэ нь гэрээний үүрэг зөрчсөн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх гэрээний дагуу Таван трейд ХХК нь Б-Туса ХХК-нд гэрээний төлбөр болох 500 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн ч одоогоор 220 000 000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймд гэрээний үлдэгдэл төлбөр болох 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон н.Амарсайхан нарын хөрөнгөөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээ, энэхүү гэрээтэй холбогдуулан 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 280 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ганзориг, Д.Чимэдцэрэн нар нь гипсэн хавтангийн үйлдвэрийн төсөл боловсруулж түүнийгээ иргэн Б.Баатартулга, П.Амарсайхан нарт танилцуулж хамтран ажиллах санал тавьсан. Улмаар тэд бидний саналыг хүлээн авсан бөгөөд ингэхдээ хамтын ажиллагааг илэрхийлсэн ямар нэгэн гэрээ хэлцлийг бичгээр байгуулаагүй. Өөрөөр хэлбэл бидний хамтын ажиллагаа Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заасны дагуу аман хэлцлийн гэрээ хэрэгжиж эхэлсэн. Ингэхдээ нэгдмэл ашиг сонирхолтой хоёр тал байна гэж үзэн Р.Ганзориг, Д.Чимэдцэрэн нар нь нэг тал буюу төслийн 50 хувийг, Б.Баатартулга, П.Амарсайхан нар нь дангаар нэг тал буюу төслийн 50 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон. Талууд өөрсдийн оруулах хураамж, хувийг дараах байдлаар гаргахаар тохиролцсон бөгөөд бидний хувьд /Р.Ганзориг, Д.Чимэдцэрэн/ төсөл хэрэгжүүлэх үйлдвэрийн газар, дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байрыг гаргах, харин нөгөө тал /Б.Баатартулга, П.Амарсайхан/ нь уг үйлдвэрийн байрыг барьж дуусгах, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон. Улмаар талууд өөрийн оруулах хөрөнгөө өөр өөрсдийн эзэмшилд байх хуулийн этгээдээр буюу бидний хувьд "Таван Трейд" ХХК-ийн эзэмшил газар, уг газар дээрх дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байрыг гаргасан бол нөгөө тал буюу иргэн Б.Баатартулга, П.Амарсайхан нар нь өөрийн эзэмшлийн "Б-Туса" ХХК-иар дамжуулан өөрсдийн оруулах хувийг гаргахаар болсон. Тохиролцооны хүрээнд талууд хувь, хөрөнгөө гаргасан бөгөөд "Тавантрейд" ХХК /Р.Ганзориг, Д.Чимэдцэрэн/-ийн хувьд дээр дурьдсан төсөлд шаардагдах газар, дутуу гүйцэтгэлтэй үйлдвэрийн байр, мөн нэмээд уг барилгыг барьж гүйцэтгэхэд шаардагдах зарим нэр төрлийн барилгын материал, ажиллах хүчний зардлыг хариуцан гаргасан. Харин нөгөө тал маань барилгын гүйцэтгэлд шаардагдаж байсан дээврийн материал, түүний үнэ, тээврийн зардал зэргийг төлж, хамтран үйлдвэрийн барилгаа бүрэн ашиглалтанд оруулсан бөгөөд энэ хугацаанд мөн тоног төхөөрөмжийнхөө сонголтыг хамтран хийж, тоног төхөөрөмжөө оруулж ирэн угсарч, суурилуулснаар үйлдвэр ашиглалтанд орж 2011 оны 09 дүгээр сард анхны туршилтын үйлдвэрлэлээ явуулсан.
Туршилтын үйлдвэрлэл эхлэхэд технологийн горим тоног төхөөрөмжийн чанар, түүхий эдийн тээвэрлэлт зэрэгтэй холбоотой зарим нэг хүндрэлүүд гарч эхэлсэн бөгөөд уг хүндрэлтэй асуудлуудаас шалтгаалж хамтрагч талуудын хоорондох үл ойлголцол улам даамжирч цаашид хамтрах ажиллахад ихээхэн хүндрэлтэй болсон тул "Б-Туса" ХХК нь хамтын ажиллагаанаас гарч, хамтын ажиллагаа бүрэн дуусгавар болсон.
Хамтын ажиллагаанаас "Б-Туса" ХХК гарч, бид "Тавантрейд" ХХК үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон. "Б-Туса" ХХК нь тоног төхөөрөмж нийлүүлэгч талтай байгуулсан худалдааны гэрээний дагуу өөрт гэрээгээр олгогдсон эрх болох нийлүүлэгч талаас тоног төхөөрөмжийн эцсийн туршилт тохируулгыг бүрэн хийлгэж "түлхүүр гардаж авах" эрх, үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь уг гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэгч талд төлөх ёстой сүүлийн 5 хувийн төлбөрийг Б-Туса" ХХК-иас нийлүүлэгчид төлөөгүй байдал харагддаг. Үүнээс шалтгаалж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 100 хувь бүрэн ажиллагаанд орж чадалгүй хамтын ажиллагаа дуусгавар болж үйлдвэр ч туршилтын үйлдвэрлэлийн зарим нэг доголдлоо засварлаж чадалгүй зогсонги байдалтай хоцорсон. Өнөөг хүртэл уг үйлдвэр огт ажиллаагүй. 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн болон 2011 оны 12 дугаарын 29-ний өдрийн гэрээнүүдэд хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо "Б-Туса" ХХК-ийн саналыг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг 500 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэ үед "Б-Туса" ХХК-иас хөрөнгө оруулалтаа бүрэн баталгаажуулсан төлбөрийн баримт, тэдгээрийг нотлох баримтуудыг бидэнд ирүүлээгүй. Өөрөөр 2017 оны 04 сар хүртэл бидний хамтран хэрэгжүүлсэн төсөлд "Б-Туса" ХХК-иас яг хэдий хэмжээний бодит мөнгөн хөрөнгө зарцуулсныг мэдэж чадаагүй буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлд 58.3.2-т заасан хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн байж болзошгүй нөхцөл байдалд тэдгээр гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байгаа юм.
Мөн "Б-Туса" ХХК-ийн хөрөнгө гэж тооцогдсон зарим хөрөнгө /үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг, тоног төхөөрөмж гэх мэт/-ийг 2011 оны 12 дугаар 29-ний өдрийн гэрээгээр "Тавантрейд" ХХК-д тодорхой болзол нөхцлөөр худалдах, шилжүүлэх болсон байдаг. Гэтэл уг гэрээ наториатаар гэрчлэгдээгүй байгаа нь давхар хууль зөрчигдсөн байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасныг баримтлан хариуцагч Тавантрейд ХХК болон Д.Чимэдцэрэн нараас 280 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-Туса ХХК-д олгож, хариуцагч Р.Ганзоригт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тавантрейд ХХК, Д.Чимэдцэрэн нараас улсын тэмдэгтийн хураамж 1 557 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-Туса ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т "хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн. Нэхэмжлэгч тал хөрөнгө оруулагчийн хувьд ихэнх, дийлэнх санхүүжилтийг өөрсдийн зүгээс бие даан гаргаж байсан тул хариуцагч талын хувьд гэрээг байгуулах үед хөрөнгө оруулалтын бодит хэмжээг мэдэх боломжгүй байсан ба нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээнээс гарахдаа нөхөн төлбөрийн хэмжээг өөрсдөө 500 000 000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр төлөх явцад танилцуулсан санхүүгийн баримтаар тэдний талаас зарцуулсан хөрөнгийн хэмжээ нь илт бага байсан гэдгийг хожим мэдсэн байдаг. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар зохигч талууд гипсэн хавтан үйлдвэр барих явцад бий болсон алдагдал бол 500 000 000 төгрөг гэж нэхэмжлэгч тал өөрсдөө тодорхойлсон тул энэхүү хуулийн заалтын дагуу бол нэхэмжлэгч тал болон хариуцагч тал 500 000 000 төгрөгийг хамтран хариуцах ёстой буюу 250 000 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх ёстой бөгөөд үүнээс 220 000 000 төгрөгийг 2013 онд төлчихсөн байгаа билээ. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасны дагуу хамтын үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч талын доголдолтой тоног төхөөрөмж хятадуудаас худалдаж авсан бизнесийн эрсдэл, алдаа бурууг шууд бүхэлд нь хариуцагч талд тохож, хамруулж болохгүй билээ. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний 1.9 заалтанд хөрөнгийн хувь хэмжээ, ногдох хэсгийг 50/50 хувиар тогтоосон байдаг. Хамтран ажиллах гэрээ, хэлцэлтэй холбоотой үйл явдлын болж өнгөрсөн нөхцөл байдал, нэхэмжлэлийн үнийн дүн ба санхүүгийн нотлох баримтын зөрүү, эргэлзээтэй байдал болон хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 000 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Б-Туса ХХК нь хариуцагч Таван трейд ХХК, Р.Ганзориг, Д.Чимэдцэрэн нарт холбогдуулан хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээний үлдэгдэл төлбөр 280 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн талаар шинэ гэрээ байгуулагдсан, эсхүл өмнөх ажиллах гэрээний үргэлжлэл хэлцэл хийгдсэн, хариуцлага хүлээх хэмжээний талаар маргаантай байна.
Талууд 2011 оны 2 сард нэг талаас дуусаагүй барилга, газар, үйлдвэрийн төсөл, нөгөө талаас мөнгөн хөрөнгөөр хамтарч гипсэн хавтангийн үйлдвэр барьж ажиллуулж ашиг олох гэсэн зорилгоор амаар харилцан тохирч гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, ...оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээ, хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээ /хх 17-22/ зэргээр тогтоогдсон. Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг тодорхойлж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүргийн талаар дүгнэлт хийсэн нь зөв байна.
Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 11 сарын 06-ны өдрийн Гипсэн хавтангийн шинэ үйлдвэр болон дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг иргэн Б.Баатартулга болон П.Амарсайхан нарын хөрөнгөөр 100% гүйцэтгэлтэйгээр барьж дуусгасныг баталсан болон оруулсан хөрөнгийг буцаан төлөх тухай гэрээ, уг гэрээг шинэчилсэн 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрийн гэрээ-нүүд авагдсан байх ба хамтран ажилласан ажил үүргээ буюу гэрээгээ дүгнэж гэрээнээс гарах, дуусгавар болох талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д зааснаар гэрээг цуцалсан гэж үзнэ. /хх 15/
Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасны дагуу талуудын хооронд хэлцэл хийгдэж 500 000 000 төгрөгийн өр төлбөрийг хариуцагч талаас нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон 2011 оны 11 сарын 06, 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэлцлүүдийг 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн талаарх албан бичгийг хариуцагч талд хүргүүлсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан бичгээр байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч талыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. /хх15-22/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Хэрэгт хамтран ажиллах гэрээг дүгнэж талуудын хооронд байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ, уг гэрээгээр 500 000 000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 220 000 000 төгрөгийг Таван трейд ХХК-иас гэрээний нөгөө тал болох н.Баатартулгад төлсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргаж байсан талаар талууд маргаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь зөв байна. /хх 56/
Иймд шүүх нэхэмжлэгч Б-Туса ХХК, хариуцагч Таван трейд ХХК, Д.Чимэдцэрэн нарын хооронд байгуулагдсан 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр талуудын хамтран ажиллах үйл ажиллагаа, түүнд оруулах хөрөнгийн хувь, хувьцааны талаарх аман тохиролцоог бичгээр нөхөн баталгаажуулсан, улмаар хамтран ажиллах гэрээнээс гарах, оруулсан хөрөнгийг буцаан өгөх асуудлыг харилцан тохиролцож, нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалтын хэмжээг 500 000 000 төгрөг гэж талууд тогтоосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 479 дүгээр зүйлийн 479.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж хариуцагч Таван трейд ХХК, Д.Чимэдцэрэн нараас гэрээний үлдэгдэл төлбөр болох 280 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Р.Ганзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Таван трейд ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 557 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Д.ЦОГТСАЙХАН