Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/54

 

                                       Э.*******д холбогдох

                                                                эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Буянхишиг хөтөлж,

Прокурор Р.Мягмардорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******

Шүүгдэгч Э.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, П.Баасанжав, Ч.Отгонжаргал нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/245 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.*******д холбогдох эрүүгийн дугаартай, 175/2024/0256/Э индекстэй, 5 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *****хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, **** дугаар баг, **** дугаар хэсэг, ***** тоотод оршин сууж байсан одоо Улаанбаатар хот, ****** дүүрэг, **** хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:)

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багт байрлах блокон хашааны үйлдвэрийн хашаан дотор төрсөн ах Э.*******ыг “архи ууж, гэрт өмдөндөө шээлээ” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газар нь цохиж, зодсоны улмаас гавал тархины битүү гэмтэл, тархины цус харвалт, тархи няцралт бүхий гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.Ариунтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6.2, 6.10, 6.14, 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагч Н.*******д урьд авсан барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн захирамжид залруулга оруулсан бөгөөд 2025/ШЗ/245 дугаартай шүүгчийн захирамждаа:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/Ш3/245 дугаартай Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт: "Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх" гэж бичигдсэнийг "Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх…" гэж өөрчлөлтийг оруулж залруулж, шүүгчийн захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээж, энэхүү шүүгчийн захирамжид оролцогч нар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №09 дугаартай эсэргүүцэлдээ:

...Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/245 захирамжаар “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зав тодорхойлж томилох, хууль ёсны төлөөлөгчид хуульд заасан эрхийг эдлүүлэх, шүүх хуралдаанд гэрч Г.*******, Б.*******, Ц.*******, Б.******* нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтад зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол шийдвэрлэх, хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авч прокурорт буцааж шийдвэрлэснийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна Үүнд:

 1. Тус аймаг дахь давж заалдах шатны шүүхээс 2025 оны 2 дугаар сарын 11- ний өдрийн 16 дугаартай магадлалаар амь хохирогч Э.*******ын төрсөн дүү Э.*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, амь хохирогчийн төрсөн хүүхдүүд болох А.*******, А.******* нарын хууль ёсны төлөөлөгч Н.г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож эдгээр оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг эдлүүлсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүхээс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосноор хэрэгт Н. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих этгээдүүдийг заавал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний үндсэн дээр нөхөн гүйцэтгэх ажиллагаа биш байх ба анхан шатны шүүх нь хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжтой байна.

2.Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Э.*******д холбогдох хэргийг хянан хэлэлцэж тус аймаг дахь анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.

Гэтэл шүүх хэргийг дахин шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлж, улмаар 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хэргийг хэлэлцэж, шүүгчийн 245 дугаартай захирамжаар эрүүгийн дугаартай хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, хуулиар хориглосон хэм хэмжээг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн ба хэргийг хэлэлцэн, прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь заалтыг "Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээнд нийцээгүй байх ба урьд анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад шүүгдэгчийг яллагдагч болгон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан шүүгчийн ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Н.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/245 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Прокурорын эсэргүүцэл үндэслэл муутай байна. Нэгт талийгаачийн үхлийн шалтгаан нь талийгаач эмнэлэгт нас барсан бөгөөд мэс заслын ажиллагаа сайн хийгдсэн амь насыг аврах боломжтой гэсэн учраас тухайн хүсэлтийг гаргасан. Хэргийг прокурорт буцаасан нь зүйтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2-т зааснаар хэргийг прокурорт буцаасан захирамжид дээд шатны эсэргүүцэл бичнэ гэсэн зүйл байхгүй. Энэ хэргийг өмнө нь давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд хохирогчийг оролцуулаагүй байна гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал биелүүлэх ёстой учраас хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу Э.******* нь хэргийн оролцогч болоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэргийн жинхэнэ хохирогч нас барсан. Энэ нас барсан хүний эрх ашгийг хамгаалах ёстой учраас Прокурорын эсэргүүцэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан гэдгийг тогтоочихсон. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2025 оны 04 дүгээр сарын 10-ны 410 дугаартай захирамж үндэслэлтэй байна. Прокурорын маргаад байгаа заалт бол хэргийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан. Хохирогчийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хоногийн хугацаагаар завсарлаж, хэргийг буцааж  шийдвэрлэх боломжтой гэж прокурорын зүгээс маргаад байна. Давж заалдах шатны шүүхээс хохирогчийг оролцуулаагүй учраас шүүх рүү хэргийг буцаасан. Нэгэнт өмнөх шүүх хуралдаанаар, гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогчийн эрх ашгийг хамгаалах талаар хуульд тусгасан. Мөн хуулийн 6.14.15-д нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн учраас хэргийг мөрдөн байцаалт явуулах шаардлагатай байна. Шинээр оролцож байгаа хэргийн хувьд холбогдох ажиллагааг хийх шаардлагатай болохоос биш. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр, захирамж хоёр нь өөр өөр гардаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурор ажлын 5 хоногт гомдол гаргасан. Дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан нь хуулиар эрх хэмжээг нь олгоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нарынхаа саналыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж байж би эрхээ эдлэх боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн зүгээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийг буцаахгүйгээр хуульд заасны дагуу 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Мөн өмнө нь шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1  дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн анхан шатны шүүгчийн захирамж нь өмгөөлөгч нарын зарим хүсэлтийг хангаж хэргийг буцаасан. Гэхдээ ямар ажиллагаа хийх талаар дурдаагүй учир прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.*******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.*******д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан барьцаа авах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Яллагдагч Э.*******д холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2025/ШЗ/234 тоот захирамжийг гаргажээ.

Захирамжид яллагдагчид холбогдох хэрэгтэй шүүгч танилцаад хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгч яллагдагчийн эрх хязгаарлагдсан болон дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн хоёр агуулгыг тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцсэн хууль зөрчөөгүй байна. 

Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ДШМ/16 тоот магадлалаар дээрх хэргийн анхан шатны шүүх хуралдаан хохирогчгүйгээр хянан шийдвэрлэгдсэн талаар дурьдаж, өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгох гол үндэслэл болсон бөгөөд энэхүү хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээдүүдэд эрх үүргийг эдлүүлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хуульд нийцнэ.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: үүнд өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг, хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно гэж  тодорхойлсон байхад дээрхи хуульд зааснаар хохирогчийг тогтоогоогүй, хохирогчийн хуульд заасан эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад эдлүүлээгүй, хүний эрхийг хаасан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.

Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх юм.

5.Давж заалдах шатны шүүх амь хохирогч Э.*******ын төрсөн дүү Э.*******ыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, амь хохирогчийн төрсөн хүүхдүүд болох А.******* (14 настай), А.******* (12 настай) нарын хууль ёсны төлөөлөгч Н.г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  шүүх хуралдааныг явуулсан ба эдгээр оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх үүргийг эдлүүлсний  эцэст хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрхийг хязгаарласан зөрчлийг арилгуулсны эцэст гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч Захирамжийн мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгүүлэх ажиллагааны 2 дугаарт “...шүүх хуралдаанд дуудах гэрч Г.*******, Б.*******, Ц.*******, Б.******* нарыг гэрчээр оролцуулах” гэж заасан нь ойлгомжгүй хэзээ зарлагдах ямар хуралдаанд оролцуулах гэж байгаа нь тодорхойгүй байх тул энэ ажиллагааг гүйцэтгэх шаардлагагүй, түүнчлэн 4 дүгээрт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авч” гэж мөн ямар ажиллагааг хэрхэн хийх шаардлагатай болсныг тодорхой заагаагүй хэт ерөнхий дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа болсон байх бөгөөд дээрх 2 агуулга бүхий заалтыг хангаж ажиллагаа явуулах шаардлагагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил нь процессын алдаанд хамаардаг ба хуульд заасан оролцогчдын эдлэх эрх, үүрэг нь Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөний зарчмуудад суурилагдсан байдгийг дурьдах нь зүйтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, шүүх хуралдааны товын талаархи санал, шүүх хуралдаанд оролцогчдыг дуудах, шүүх хуралдааныг хаалттай явуулах санал,  нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах санал гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д  “Шүүх  хуралдааны   явцад   нотлох   баримтаар   тогтоогдсон   хэргийн   нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж, 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж, 7-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон тохиолдолд шүүх хуралдааныг энэ хуульд заасан журмаар эхнээс нь явуулна. Энэ зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан шийдвэрт гомдол гаргахгүй” гэж тус тус заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн яллагдагчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, дээрх хуулийн заалтын дагуу ажиллагааг явуулахаар хэргийг Прокурорт шилжүүлж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

7.Иймд Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шүүгчийн захирамжид заасан агуулгаас 2 болон 4 дүгээрт заасан ажиллагааг нөхөн гүйцэтгэх тухай асуудлыг хасаж байгаа боловч шүүгчийн захирамжийн тогтоох хэсэгт өөрчлөлт орохгүй болохыг дурьдаж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/245 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,  2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЗ/245 дугаартай шүүгчийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

3.Магадлал хүчин төгөлдөр болтол Э.*******д урьд авсан барьцаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                         

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.ДАВААРЕНЧИН

                        ШҮҮГЧ                                   З.ТӨМӨРХҮҮ

                           ШҮҮГЧ                                   Б.ЭРДЭНЭХИШИГ